Хэвлэх DOC Татаж авах

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Аудитын тухай хуулийн 17, 26 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй: 1/ 17 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэг: "5. Аудитын үйл ажиллагаа явуулах лиценз авах хүсэлт гаргахад мэргэшсэн нягтлан бодогч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: 1/ мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар; 2/ хуульд заасан бусад баримт бичиг. 6. Аудитын үйл ажиллагаа явуулах лиценз олгоход дараахь нөхцөлийг харгалзана: 1/ мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх; 2/ аудитын сургалтанд хамрагдсан байх; 3/ өмнө нь аудитын үйл ажиллагаа эрхэлж байхдаа мэргэжлийн болон ёс зүйн алдаа, дутагдал гаргаагүй байх. 7. Мэргэжлийн зөвлөл дараахь тохиолдолд аудитын үйл ажиллагаа явуулах лицензийг хүчингүй болгоно: 1/ Монгол Улсын хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөнөөс мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нь хассан; 2/ аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтанд тэнцээгүй; 3/ хуульд заасан бусад тохиолдол. 8. Аудиторын үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг 14 хоногийн дотор Мэргэжлийн зөвлөл шалгаж, саналаа санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлан шийдвэрлүүлнэ." 2/ 26 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг: "3. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө аудитын байгууллагууд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 4. Аудитын байгууллагын үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтэс, Мэргэжлийн зөвлөл 14 хоногийн дотор хамтран шалгаж, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлан шийдвэрлүүлнэ." 2 дугаар зүйл. Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1. Мэргэшсэн нягтлан бодогч санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Мэргэжлийн зөвлөлөөс лицензи авснаар аудитын үйл ажиллагаа явуулах эрх эдэлнэ." 3 дугаар зүйл. Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 1, 2, 14 дүгээр зүйлийн 1, 2, 19 дүгээр зүйлийн 6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 3, 26 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 1, 2, 32 дугаар зүйлийн 3, 6, 9 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Сангийн сайд" гэснийг "санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн", 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Сангийн яам" гэснийг "санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ