Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

 “2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.”

2/22 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.”

3/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

“2/авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн “16” гэснийг “19” гэж, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын “6 долоо хоногийн” гэснийг “6 сарын” гэж, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг “3-4” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 15 дугаар зүйлийн “/сургуульд суралцаж байгаа бол 19 нас/” гэснийг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “сүүлийн” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД