Хэвлэх DOC Татаж авах

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дараахь зүйл, хэсэгт дор дурдсан агуулгатай хэсэг, заалт, өгүүлбэр нэмсүгэй: 1/ 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8 дахь заалт: "3.1.5. "үнэлгээний шинжилгээ" гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг; 3.1.6."шинжээч" гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг; 3.1.7. "үнэлгээний мэргэжилтэн" гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг; 3.1.8. "төсөл захиалагч" гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг." 2/ 4.6.4 дэх заалт: "4.6.4. холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг буцаах." 3/ 4.7-ийг 2 дахь өгүүлбэр: "Шаардлагатай бол үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан оролцуулж болно." 4/ 4.8 дахь хэсэг: "4.8. Шаардлагатай бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 4.6-д заасан хугацааг сунгаж болно." 5/ 5.4.10 дахь заалт: "5.4.10. нөхөн сэргээлтийн төсөл." 6/ 6.5, 6.6 дахь хэсэг: "6.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 6.4-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ. 6.6. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална". 7/ 7.4, 7.5, 7.6 дахь хэсэг: "7.4.Үнэлгээний шинжилгээ хийх журам, үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 7.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан байгууллага түүнийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна. 7.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна." 8/ 9.12 дахь хэсэг: "9.12. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний мэргэжилтэнд байгаль орчны үнэлгээ хийх эрх олгох буюу хүчингүй болгоно." 9/ 11.1.3 дахь заалт: "11.1.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол төслийг үргэлжлүүлэх эсэх талаархи дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих." 10/ 12.2.4 дэх заалт: "12.2.4. өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох." 2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 4.2 дахь хэсэг: "4.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна." 2/ 6.2, 6.3 дахь хэсэг: "6.2. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална. 6.3. Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана. Ашигт малтмалтай холбогдсон төслийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын баталгааг ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулна." 3/ 7.2, 7.3 дахь хэсэг: "7.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийлгэнэ. Шаардлагатайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хугацааг сунгаж болно. Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ шаардлагатай бол байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно. 7.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ." 4/ 9.2.2 дахь заалт "9.2.2.үнэлгээний мэргэжилтний тодорхойлолт." 5/ 9.11 дэх хэсэг: "9.11. Эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол түүнд захиргааны хариуцлага ногдуулах буюу үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгоно. Үнэлгээний мэргэжилтэн үнэлгээг хангалтгүй гүйцэтгэсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн мэргэжилтний эрхийг 2 хүртэл жилийн хугацаагаар хасч болно." 3 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.3-т "хуулийн этгээдийг" гэсний өмнө "иргэн,", 4.4-т "техник-эдийн засгийн үндэслэл" гэсний дараа "технологийн шийдэл", 5.4.2-т "төслийн" гэсний дараа "болон технологийн", 5.4.9-д "төслийн" гэсний өмнө "төсөл хэрэгжих газрын соёлт давхарга,", 6.1.2-т "хэлбэр" гэсний дараа "шаардагдах хөрөнгө, зардал,", 8.1-д "байгаль орчинд хохирол "гэсний дараа "учруулж байгаа болон", 9 дүгээр зүйлийн гарчигт "эрх олгох" гэсний дараа "хүчингүй болгох", 10 дугаар зүйлийн гарчиг болон 10.1-д "төсөл" гэсний дараа "захиалагч" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.1-д "хийлгэнэ" гэснийг "хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана", 5.4.8.-д "иргэдийн санал" гэснийг "иргэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал", 5.6-д "хоёр талын байгуулсан" гэснийг "төсөл захиалагч эрх бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан", 5.7-д "үнэлгээний ажилд оролцсон мэргэжилтнүүдийн" гэснийг "үнэлгээний мэргэжилтний", 7 дугаар зүйлийн гарчигт "үнэлгээний дүгнэлт" гэснийг "үнэлгээний шинжилгээ" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ