МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 10 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот



АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ан агнуурын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг:

“2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”

2/21 дүгээр зүйл:

“21 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

21.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

21.1.1.“агнуурын бүс нутаг” гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий ан амьтны байршил, тархац нутгийг;

21.1.2.“агнуурын амьтны сүргийн бүтэц” гэж сүрэг дэх ан амьтдын нас, хүйсийн харьцааг;

21.1.3.“ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, дүгнэлтийг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ан агнах, барих зөвшөөрөл олгоход үндэслэл болох баримт бичгийг;

21.1.4.“агнуурын нөөцийг хамгаалах” гэж ан амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр агнуурын нөөцийг зүй зохистой ашиглах, байгалийн гамшиг, түймэр, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, агнуурын амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг;

21.1.5.“агнуурын амьтныг өсгөн үржүүлэх” гэж ан амьтныг зохих журмын дагуу эзэмшилдээ авч, батлагдсан технологи, норм, нормативын дагуу тэжээврээр үржүүлэх замаар үр төлийг бойжуулан өсгөхийг;

21.1.6.“ангийн буу” гэж хийц, үзэмж, загвараараа байлдааны зэвсгээс ялгаатай, замагтай бууны хүхээнд 5-аас дээшгүй, өөрөө цэнэглэгдэгч (хагас автомат) бууны хүхээнд 4-өөс дээшгүй сумны багтаамжтай галт зэвсгийг;

21.1.7.“спорт (трофейн) агнуур” гэж анчин ан агнах, барих хэрэгцээгээ хангах зорилгоор ан амьтны эд, эрхтнийг үзүүлэлтийн хувьд сонголт болголгүй агнах, барих үйлийг;

21.1.8.“олзворын ан” гэж ан амьтны илүү үзүүлэлт бүхий эд, эрхтнийг авах зорилгоор тусгай төлбөр төлж агнах, барих үйлийг;

21.1.9.“агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч гэсэн тархац, нөөц, хэвийн өсөлт үржилт, амьдрах орчин нөхцөл нь хомсдсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 31.2, 31.3-д заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг.”

3/3 дугаар зүйлийн 3.5-3.7 дахь хэсэг:

“3.5.Энэ хуулийн 3.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд 1 жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.

3.6.Энэ хуулийн 3.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна.

3.7.Иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа энэ хуулийн 31.3.5-д заасан технологи, норм, нормативын дагуу агнуурын амьтныг тэжээврээр үржүүлж болно.”

4/31 дүгээр зүйл:

“31 дүгээр зүйл.Ан агнуурын талаар төрийн болон нутгийн өөрөө
удирдах байгууллагын бүрэн эрх

31.1.Ан агнуурын талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
31.1.2.агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

31.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.2.Ан агнуурын талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.2.1.агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

31.2.2.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

31.2.3.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

31.2.4.энэ хуулийн 4.3-т заасан байгууллагын ажиллах журмыг батлах;
31.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.3.Ан агнуурын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.ан агнуурын ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

31.3.2.агнуурын нөөц бүхий аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, уг менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.3.агнуурын амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, батлуулах;

31.3.4.экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох;

31.3.5.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар технологи, норм, нормативыг батлах;

31.3.6.агнуурын нөөцийн өөрчлөлтөд хяналт шинжилгээ хийх, ан агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

31.3.7.ан агнуурын чиглэлээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ан агнуурын менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах;

31.3.8.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

31.3.9.судалгаа, шинжилгээ, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор энэ хуулийн 13.1-13.6-д заасан хугацааг харгалзахгүйгээр ан амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох.

31.4.Ан агнуурын талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.4.1.энэ хуулийн 3.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;
31.4.2.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

31.4.4.агнуурын амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.4.5.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авах;

31.4.6.агнуурын нөөцийн талаархи мэдээ, тайланг энэ хуулийн 31.3-т заасан эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

31.4.7.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг агнуурын амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

31.4.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.5.Ан агнуурын талаар аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, хэлтэс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.5.1.агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох санал боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх;

31.5.2.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.5.3.энэ хуулийн 31.3.2-т заасан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.5.4.орон нутаг дахь агнуурын амьтныг хамгаалах чиглэлийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах;

31.5.5.харьяалах нутаг дэвсгэртээ ан агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах.”

5/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:

“8.3.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 8.2-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгож болно.”

6/121 дүгээр зүйл:

“121 дүгээр зүйл. Иргэн, нөхөрлөл, ан агнуурын мэргэжлийн болон
төрийн бус байгууллагыг агнуурын нөөцийг
хамгаалахад оролцуулах

121.1.Ан агнах зөвшөөрөл бүхий иргэн агналт хийхдээ дараахь шаардлагыг хангасан байна:

121.1.1.ан амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх;

121.1.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан агнуурын амьтан агнах, барих хугацааг чанд мөрдөх;

121.1.3.ан амьтан агнах, барихдаа энэ хуулийн 14 дүгээр зүйлээр хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй байх;

121.1.4.агнах амьтан нь тухайн сум, дүүргийн агнуурын бүс нутгаас тухайн жилд агнахаар зөвшөөрөгдсөн амьтдын тоо хязгаарт багтаж байх;

121.1.5.агналт хийх агнуурын бүс нутгаа сум, дүүргийн байгаль хамгаалагчаар заалгасан байх;

121.1.6.агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж, усанд нь буцааж тавих.

121.2.Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.2.1.гэрээний үндсэн дээр хамгаалахаар хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших давуу эрхтэй;

121.2.2.агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311.3-т заасан журмыг мөрдөж ажиллах.

121.3.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.3.1.агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл, агнуур зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах;

121.3.2.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр мэргэжлийн дүгнэлт гаргах;

121.3.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

121.3.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

121.3.5.Амьтны аймгийн тухай хуулийн 22.4-т заасны дагуу агнуурын байршил нутагт халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх.

121.4.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.4.1.ан агнуурын тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

121.4.2.ан агнуурын талаархи саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Хурал, Засаг даргад уламжлах;

121.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

121.4.4.ан агнуурын тухай мэдлэг, ангийн нөөцийг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах.

121.5.Төрийн захиргааны төв байгууллага агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.2-т заасны дагуу агнуурын нөөцийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.”

7/14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх заалт:

“14.1.9.гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлах.”

8/15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалт:

“15.1.13.агнахыг хориглосон ан амьтны арьс шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтнийг худалдах, худалдан авах.”

9/16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалт:

“16.1.8.хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчиж ан амьтныг агнах, барих зөвшөөрөл олгосон, эсхүл ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах гэрчилгээ олгосон албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”

10/18 дугаар зүйл:

“18 дугаар зүйл.Агнуурын нөөцөд учруулсан хохирлыг
нөхөн төлүүлэх

18.1.Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас агнуурын нөөцөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

18.2.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.

18.3.Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна.

18.4.Нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.”

2 дугаар зүйл.Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх заалтын “улсын төсөв” гэсний өмнө “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн 4.1-д заасны дагуу” гэж, мөн зүйлийн 4.5.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.6 дахь заалтын “аж ахуйн нэгж” гэсний өмнө “нөхөрлөл,” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “дээд хязгаарыг” гэсний дараа “, энэ хуулийн 31.3.3, 31.5.1-д заасан” гэж, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “бусад” гэсний дараа “агнуурын” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “Агнуурын амьтныг” гэсний дараа “тусгай зориулалтаар” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “хуваарилалтыг” гэсний дараа “цагдаагийн төв байгууллага” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “урхи тавих,” гэсний өмнө “хавх,” гэж, мөн зүйлийн 14.1.5 дахь заалтын “автотээврийн хэрэгслээр хөөх” гэсний дараа “, гэрэлтүүлэх” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтын “15.1.7,” гэсний дараа “15.1.8,” гэж, мөн зүйлийн 16.1.5 дахь заалтын “14.1.8,” гэсний дараа “14.1.9,” гэж, “15.1.10” гэсний дараа “, 15.1.13” гэж тус тус нэмсүгэй.”

3 дугаар зүйл. Ан агнуурын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.3-3.4 дэх хэсэг:

“3.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 31.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.

3.4.Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно.“

2/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:

“4.2.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон энэ хуулийн 31.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна.”

3/11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг:

“11.1.Тусгай төлбөр төлсөн Монгол Улсын болон гадаадын иргэнд энэ хуулийн 6.2.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.”

4/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

“12.2.Ангийн буу, сумыг захиалах, худалдах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага хянаж, зохион байгуулна.”

5/13 дугаар зүйл:

“13 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа

13.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:

13.1.1.бор гөрөөс, цагаан зээр, гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.1.2.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрнэ, мануул, хотны үен, цагаан үен, чандага, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл;

13.1.3.зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.1.4.заарт хархыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;

13.1.5.доргыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл.

13.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:

13.2.1.хөтүү, ятуу, хахилга, ногтруу, хур сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр, 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

13.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.6.зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.8.энэ хуулийн 13.2.3-13.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

13.3.Тусгай зориулалтаар агнуурын ховор амьтныг агнах, барихыг хориглох хугацааг энэ хуулийн 13.6-13.7-д заасны дагуу тогтооно.

13.4.Судалгаа, шинжилгээ, халдварт өвчнийг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 13.1-13.3-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.

13.5.Энэ хуулийн 13.1-13.4-т зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

13.6.Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:
13.6.1.угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

13.6.2.тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

13.6.3.хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.6.4.халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

13.7.Амьтны аймгийн тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:

13.7.1.аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.2.хар сүүлтийн зээрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;

13.7.3.халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.5.цармын бүргэдийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

13.7.6.тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.”

6/16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт:

“16.1.7.зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”

4 дүгээр зүйл.Ан агнуурын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “зохистой” гэснийг “тогтвортой” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “газар нутгийн агнуурын амьтны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх үндэслэл” гэснийг “агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг” гэж, мөн зүйлийн 4.4 дэх хэсгийн “4 жил” гэснийг “5 жил” гэж, мөн зүйлийн 4.5.2 дахь заалтын ”байршил” гэснийг “агнуурын бүс” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Холбогдох” гэснийг “Ан агнах ёс жаяг, хорио цээр, холбогдох” гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “байгаль орчны улсын байцаагч” гэснийг “байгаль хамгаалагч” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “6.1-д” гэснийг “121.1-д” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтын “тусгай төлбөр төлж” гэснийг “спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.11 дэх заалтын “30х30” гэснийг “50х50” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын “5000-10000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “50000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 16.1.2 дахь заалтын “15.10-т” гэснийг “121.1.6, 15.1.2-т” гэж, “1000-5000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний“ гэж, “50000-75000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 16.1.3 дахь заалтын “2000-5000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, “10000-60000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, “50000-100000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 16.1.4 дэх заалтын “10000-15000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний“ гэж, “75000-100000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 16.1.5 дахь заалтын “10000-20000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “75000-150000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 16.1.6 дахь заалтын “10000-25000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “100000-200000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн дугаарыг “8.4” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ан агнуурын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “тул загас 2,” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтын “ховор” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтын “агнуурын байршил” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Ан агнуурын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.







МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ