МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалт:

“4.1.23.“бичил уурхай” гэж Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгосон ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг.”

2/11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалт:

“11.1.23.энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.”

3/12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт:

“12.1.5.Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.”

4/66 дугаар зүйлийн 66.1.9 дахь заалт:

“66.1.9.бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг зөрчсөн иргэнийг 100000-300000 хүртэл, албан тушаалтныг 500000-1000000 хүртэл, хуулийн этгээдийг 1000000-2000000 хүртэл төгрөгөөр торгох.”.

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.2.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.”.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “11.1.22” гэснийг “11.1.23” гэж, “7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр” гэснийг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ