МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот


АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.5 дахь хэсэг нэмсүгэй:

“12.5.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн бүсэд мөрдөх журмыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

“3.1.2.“агаарын бохирдол” гэж агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохыг;”

2/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:

“3.1.5.“агаар бохирдуулах бодис” гэж утаа, тортог, тоос, хог хаягдлын улмаас агаарыг бохирдуулж, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хийн хольц, тоосонцорыг;”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.






МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ