МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
 2010 оны 12 сарын 09 өдөр                                                                     Төрийн ордон, Улаанбаатар хот
 
 
  БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн дараахь  зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
 
1/5 дугаар зүйл:
 
“5 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт
 
Ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.”
 
2/6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
 
“1.Ургамал ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:
 
 
 
Төлбөр ногдох байгалийн ургамал
 
Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн
засгийн үнэлгээний хувь
доод
дээд
1.Нэн ховор
25
30
2.Ховор
 15
20
З.Элбэг
5
10
    ”
            3/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:
 
     “1/төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, ургамал ашигласны төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”
 
2 дугаар зүйл.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “бэлнээр сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд, эсхүл бэлэн бусаар сум, дүүргийн төсөвт тус тус” гэснийг “сум, дүүргийн  төсөвт” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бэлнээр хураасан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна” гэснийг “төлбөрийг бэлнээр хураан авахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын “бэлэн болон бэлэн бусаар төсөвт оруулсан” гэснийг “ургамал ашигласны” гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын “Улсын татварын ерөнхий газарт” гэснийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, мөн хэсгийн 4 дэх заалт, 5 дахь хэсгийн “Улсын татварын ерөнхий газар” гэснийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж  тус тус өөрчилсүгэй.
 
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Байгалын ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
 
 
 
 
 
 
 
                        МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                      Н.ЭНХБОЛД