Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн дөрөвдүгээр
 хавсралт.
 
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛГЭДЭЛ, ПРОКУРОРЫН ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
            1.1.Монгол Улсын прокурорын байгууллага, прокурор нь хууль ёс, төрөө дээдлэн хүндлэгч, шударга үнэнийг эрнэмлэгч улс, нийгэм, иргэнийг аливаа гэмт явдлаас хамгаалан тэмцэгч гэсэн агуулгыг илэрхийлсэн бэлгэдэл, энгэрийн тэмдэгтэй байна.
 
Хоёр. Прокурорын байгууллагын бэлэгдлийн загвар
 
            2.1. Прокурорын байгууллагын бэлэгдэл нь дугуй хүрээтэй, бамбайн дээд хэсэгт сэлэмний бариулыг, доод хэсэгт сэлэмний үзүүрийг цухуйлган байрлуулж, төв хэсэгт төрийн соёмбыг товойлгож, дээд хүрээг нь тойруулан Монгол Улсын прокурор гэсэн үгсийг товойлгосон бичээстэй байна. Бэлэгдлийг алтан шаргал металлаар хийнэ.
 
Гурав. Прокурорын энгэрийн тэмдэгийн загвар
 
            3.1. Прокурорын энгэрийн тэмдэг нь Монгол Улсын прокурорын байгууллагын бэлгэдлийн агууллагыг тусгасан байна.
            3.2. Энгэрийн тэмдэг дээр хөх өнгөтэй сэлмийг бамбайн дээд хэсэгт бариулыг нь, доод хэсэгт үзүүрийг нь цухуйлган байрлуулна. Бамбай нь давхар хүрээтэй, дугуй хэлбэртэй төвгөр байна.Бамбайн хүрээний доод хэсгийн гуравны хоёрын алтан шар өнгөн дээр 5 товруутай, бамбайн доод хэсгийн гуравны нэгийн цагаан өнгөн дээр шар өнгөөр Прокурор гэсэн бичээс байна. Баибайн төв хэсгийн хөх өнгөн дээр алтан үсэгтэй соёмбыг товойлгон байрлуулж, бамбайн доод хэсгийг алдрын навчаар хагас хүрээлсэн байна.
            3.3. Энгэрийн тэмдэг нь хувийн дугаартай байна.
 
Дөрөв. Прокурорын байгууллагын бэлгэдлийг хэрэглэх журам
 
            4.1.Прокурорын байгууллагын бэлгэдлийн эх загварыг гоёмсог, үзэмжтэй үйлдэж, Улсын ерөнхий прокурорын албан тасалгаанд байнга байрлуулна.
            4.2. Прокурорын байгууллагын бэлгэдлийн хуулбар хувийг бүх шатны ахлах прокурорын ажлын өрөө, прокурорын зөвлөлийн хурлын танхимд байрлуулах бөгөөд прокурорын шуурхай ажлын автомашин, прокурорын гүйцэтгэх болон техникийн ажилтны үнэмлэх дээр дүрслэн хэрэглэнэ.
 
Тав. Прокурорын энгэрийн тэмдгийг хэрэглэх журам
 
            5.1. Бүх шатны прокурор албан үүргээ гүйцэтгэж байх үедээ прокурорын энгэрийн тэмдгийг зүүнэ.
            5.2. Прокурорын энгэрийн тэмдгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
            5.3. Прокурорын энгэрийн тэмдгийг үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий прокурорт нэн даруй мэдэгднэ. Энэ  тухай Улсын ерөнхий прокурор шийдвэр гаргаж уг тэмдгийг хүчингүйд тооцно.
            5.4. Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 43, 44 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр прокурорыг ажлаас чөлөөлсан, халсан тохиолдолд түүний энгэрийн тэмдгийг хурааж авна.
            5.5. улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газар нь прокурорын энгэрийн тэмдгийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, прокурорын энгэрийн тэмдэг олгосон тухай хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
 
 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР