Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2005 оны
260 дугаар захирамжийн хавсралт
 
 
ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад оршино.
1.2.Журмын үйлчлэх хүрээ нь Булган аймгийн нутаг дэвсгэр дээр оршиж үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төсөвт байгууллагууд, тэдгээрийн ажилтан, албан хаагчдаас олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
 
Хоёр. Олон нийтийн эргүүлийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Олон нийтийн эргүүл гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага, албан хаагчдыг Цагдаагийн хэлтсийн хэв журам/жижүүр/-ийн алба мэргэжлийн удирдлагаар хангана.
2.2.Журмын хэрэгжилтэнд Цагдаагийн хэлтэс хяналт тавих бөгөөд сар бүрийн сүүлчийн 7 хоногийн удирдах ажилтны шуурхай цуглаан дээр тухайн сард олон нийтийн эргүүлийг хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээлэл хийнэ.
2.3.Олон нийтийн эргүүлийг долоо хоног бүрийн Баасан гарагт 19.00-22.00 цаг хүртэл, Бямба, Ням гарагуудад 14.00-19.00 цаг хүртэл хугацаанд тогтмол гүйцэтгэнэ.
           
Гурав. Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг
3.1.Олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нарт ажлын 2-3 өдрийн өмнө мэдэгдэж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх техниз, хүн, хүчний бэлтгэл хангуулах чиглэл өгнө.
3.2.Олон нийтийн эргүүлээр гүйцэтгүүлэх ажлын чиглэлийг өгч, эргүүлийн үүрэг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг, нөхцлөөр ханган эргүүлд гарсан болон буусан хугацааг жижүүрийн тэмдэглэлд тусгана.
3.3.Сар бүрийн сүүлийн долоо хоногийн 14.00 цагийн шуурхай цуглаан дээр захирамжийн хэрэгжилт, олон нийтийн эргүүлийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
3.4.Энэхүү журмын дагуу олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгээгүй, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байгууллага, иргэдэд арга хэмжээ авахуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж, аймгийн Засаг даргад оруулна.
 
Дөрөв.Олон нийтийн эргүүл гүйцэтгэгчийн эрх, үүрэг
4.1.Бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх
4.2.Журамд заасан хугацаанд Цагдаагийн хэлтсийн хэв журам/жижүүр/-ийн албаны удирдлага дор ажиллаж, энэ журмын 5 дугаар зүйлд заасан ажил үүрэг гүйцэтгэнэ.
4.3.Нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах эрхтэй
4.4.Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих эрхтэй
4.5.Гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах
 
Тав.Олон нийтийн эргүүл гүйцэтгэгчийн ажлын чиглэл
5.1.Обеъктуудын харуул, манааны сонор сэрэмжийн байдалд хяналт тавьж, зөвлөх, ноцтой зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх
5.2.Архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй цэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг хянах, зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх
5.3.РС тоглоомын газар болон компьютер тоглоомын газруудын цагийн хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавих
5.4.Хэв журмын зөрчил, хулгайлах, танхайрах гэмт хэрэг, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа газартаа хяналт тавьж, сэжигтэй зүйлийн талаар Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх
5.5.Гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэгдсэн газарт цагдаагийн ажилтныг хүрэлцэн иртэл ул мөр хамгаалах
5.6.Овор ихтэй бараа авч яваа буюу сэжигтэй байдлаар сэлгүүлцэж яваа хүмүүст хяналт тавьж, зайлшгүй шалгуулах шаардлагатай хүмүүсийг Цагдаагийн жижүүрийн алба, багийн хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нарт яаралтай мэдэгдэх
5.7.Гудамж талбай,  олон нийтийн газарт архидан согтуурч, жижгээр танхайрсан хүмүүсийг эрүүлжүүлэх байранд хүргэхэд цагдаагийн албан хаагчид туслах
5.8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих
5.9.Ажилтан, албан хаагчид ажлын цагаар болон байгууллага, аж ахуйн нэгжийн албан байранд/ажлын байр/ архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих
5.10.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Гэмт хэрэг, захиргааны  зөрчил гарсан ба гаргаж болзошгүй шалтгаан нөхцлийг арилгуулах талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг өгсөн албан мэдэгдэлийн биелэлтийг шалгаж, энэ тухай жижүүрийн тэмдэглэлд бичих
 
Зургаа. Хүлээх хариуцлага
6.1.Захирамжийн  3 дахь заалтыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
 
 

Хууль зүйн хэлтэс