Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2003 оны
93 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДЭД НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
 
Нэг.Ерөнхий зүйл
Хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болон асран хамгаалагч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй, бүтэн өнчин хүүхдүүдийн  эрхийг хамгаалж, тэднийг асран хүмүүжүүлж амьдралд бэлтгэх ажил мэргэжлийн баримжаа олгох, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн халамж  үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
 
Хоёр.Дор дурьдсан үйлчилгээ үзүүлнэ.
1.Бүтэн өнчин хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж асран хамгаалагчийг тогтооно.
2.Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгийн халамжийн бүлэгт хамруулах
3.Сургуулийн насны хүүхдүүдийг ЕБС-д бүрэн хамруулж асран хамгаалагч нь дэмжлэг үзүүлэх боломжгүй хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд амьдрах бололцоо нөхцөлөөр хангах
4.Бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалах тэжээн тэтгэх хүмүүс хүсэлт гаргавал хууль ёсоор өгч асруулна.
5.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдийг улсын хүүхэд асрах газарт асруулна.
6.Бүтэн өнчин хүүхдийг ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж, компаний ивээлд өгч халамж дэмжлэг үзүүлэх
7.Бүтэн өнчин хүүхдийг асарч хүмүүжүүлж байгаа гэр бүл, иргэдэд дэмжлэг үзүүлэх
8.Бүтэн өнчин хүүхдүүдийг сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, хувцас, хоол хүнсээр хангах хөтөлбөр, төсөлд хамруулах
9.ЕБС-д сурдаг бүтэн өнчин хүүхдүүдийг зуны амралтаар нь хүүхдийн зусланд амраах
10.Бүтэн өнчин хүүхдийн авьяасыг хөгжүүлэх, уралдаан тэмцээнд оролцох бололцоогоор хангах
11.ЕБС төгсөөд их, дээд сургууль, коллежид суралцах бололцоогоор хангах
 
Гурав. Бүтэн өнчин хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг зохион байгуулах.
1.Бүтэн өнчин хүүхдийн судалгааг багийн Засаг дарга нар нарийвчлан гаргаж сумын Засаг даргын Тамгын газар нэгтгэж холбогдох арга хэмжээг авна. Гэр бүлийн хуулийн 44 дүгээр зүйлийн дагуу хууль ёсны асран хамгаалагч тогтооно.
2.Цэцэрлэгийн насны хүүхдийг цэцэрлэгийн халамжийн бүлэгт хамруулах ажлыг сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч  нар хариуцан гүйцэтгэнэ.
3.ЕБС-ийн нийгмийн ажилтан нар сургуульд хамрагдаагүй сургуулийн насны бүтэн өнчин хүүхдийн судалгааг гаргаж сургуульд хамруулах арга хэмжээ авна. Хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийг ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаанд дотуур байранд авч сурах нөхцөл бололцоогоор хангах арга хэмжээг сургуулийн захирал зохион байгуулна.
4.Асран хамгаалах хүнгүй бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалж, тэжээн тэтгэх хүн асрамжиндаа авах хүсэлт гаргавал Иргэний бүртгэлийн хуулийн 16 дугаар зүйлийн дагуу  хууль ёсоор өгч асруулна.
5.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бүтэн өнчин хүүхдийг өөрийн нь хүсэлт болон баг сумын Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаргаж, улсын хүүхэд асрах газарт асруулна.
6.Сум багийн Засаг дарга нарт хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг албан байгууллага, аж ахуйн нэгж компаний ивээлд өгч халамж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна.
7.Бүтэн өнчин хүүхдийг асарч хүмүүжүүлж байгаа гэр бүл, иргэдийг хөтөлбөр, төсөлд хамруулах, ажлын байраар хангах хөнгөлөлттэй зээл олгох, эд материалын тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
8.Олон улсын хөтөлбөр төсөлд хамруулж сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, хувцас, хоол  хүнсээр хангах дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
9.Орон нутгийн төсөв, нийгмийн халамжийн сан, олон улсын төсөл зэргээс төлбөрийг нь хариуцаж бүтэн өнчин хүүхдийг зуны амралтаар нь хүүхдийн зусланд амраах арга хэмжээ авна.    
10.Бүтэн өнчин хүүхдийн авьяас сонирхлыг нь хөгжүүлэх чиглэлээр дугуйлан, секц, сонгонд хичээллүүлнэ. Урлаг спортын авьяастай хүүхдийг олон улсын болон улс, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх
11.ЕБС төгссөн бүтэн өнчин хүүхдийг их, дээд сургууль, коллежид суралцахад нь /төлбөрийг нь хариуцах, орон байраар хангах, ирэх, очих унааны зардлыг нь хариуцах гэх мэт/ дэмжлэг туслалцаа үзүүлнэ. ЕБС төгсөөд ажилгүй байгаа хүүхдүүдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж ажлын байртай болгоно.