Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2004 оны 
87 дугаар захирамжийн хавсралт
 
 ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЦУРВЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
Өнгөрсөн жилүүдэд тус аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрүүд цуравнаасаа удаа дараалан алдагдсанаас асар их хохирол учруулж түүнийг унтраахад их хэмжээний зардал гаргаж байсан дутагдлыг арилгахтай холбогдуулан мэргэжлийн хүчнээс орон нутгийн захиргаа албан тушаалтанд, сумын Засаг даргаас холбогдох албан тушаалтан, иргэдэд, түймрийн цурвыг хүлээлгэн өгөхөд үүсэх харилцааг уг журмаар зохицуулна.
 
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРВАНД ОРУУЛАХ  гэдэгт цурвын гүнд шатлага үргэлжилж  байгаа боловч түймрийн бүх хөвөөг газар орны байдал, ойн хэв шинж, цаг агаарын байдал, улирлын явц, өвсөн нөмрөг, хөрс, түймрийн төрөл хүч хэрэгслэлийн хүрэлцээнээс хамааран 0.3м-ээс багагүй өнгөнтэйгээр ухах буюу цэвэрлэж, хөргөсөн үл шатах зурвасыг үүсгэн, үүнээс цурвын гүн тийш ойд 10, хээрт 5м-ээс доошгүй өргөнтэйгээр шатаж буй зүйлээс цэвэрлэсэн байхыг ойлгоно. Хэрвээ уг түймэр хөрсний гүнд уугиж асаж байгаа бол цурвын хөвөөнөөс гадагш 1 м хүртэлх зайд эрдсийн  үе хүртэл гүн шуудуу газар орны хөрсний байдалд тохирсон өргөнтэйгээр ухаж цурвын гүн тийш модны дундаж өндөртэй тэнцэх зайд байрлах шатаж буй мододоос цэвэрлэж, далд шатлага уг шуудуунд тулж түүнийг өнгөрөн  гарахгүй  байх нөхцөлийг бүрдүүлснийг цурванд орсонд тооцно.
Хамгаалалтын зурвас байгуулах газрын байршил, хэмжээ, хугацааг гал унтраах удирдагч тодорхойлж ажлыг удирдана. Орон нутгийн удирдлага ой хээрийн түймэр унтраах ажилд хүч хэрэгслээр туслах үүрэгтэй.
 
Цурвыг хүлээлгэн өгөх ажиллагаа
Түймрийг цурванд оруулсан гэж үзсэн бол гал унтраах удирдагч түймрийн бүх хөвөөг биечлэн үзүүлж хүлээлгэн өгнө.
Түймрийн цурвыг хүлээн авч буй орон нутгийн албан тушаалтан цурвын хөвөөний цэвэрлэгээ, хамгаалалтын зурвас нь уг журамд заасан хэмжээнд хүрээгүй болон ойрын хугацааны цаг уурын мэдээний байдлаас хамаарч цурвыг тухайн хугацаанд хүлээн авахгүй байж болно. Гэхдээ цэвэрлэгээ болон зурвасын өргөн нь ажиллах хүчний тоо, ажилласан хугацаа, дөлийг нь дарсан фронтын урттай зохистой харьцаатай байгаа үед болон хүлээлгэж өгснөөс нэг хоногийн дотор тохиолдох салхины үнэмлэхүй утгыг харгалзсан хэмжээтэй  бол нэн даруй хүлээн авах үүрэгтэй.
Харин түймрийн  аюулын ангилал IV зэрэглэлд хүрсэн үед гарсан түймрийг цурванд оруулах үед уг нөхцөл цаашид хадгалагдах байдал бий болсон ба ойрын хугацаанд салхины хүч эрс нэмэгдэх болон түймэр цаашид алдагдаж гамшгийн байдалд хүрэх бололцоотой бол мэргэжлийн хүч түймрийн манааг тодорхой хугацаагаар орон нутгийн хүчний туслалцаатайгаар гүйцэтгэнэ.
Зарим онцгой нөхцөл бүхий том түймэр дээр цурвын хөвөөг хэсэгчлэн хүлээлгэж өгч болох ба энэ үед унтраах ажлыг гүйцэтгэж буй мэргэжлийн хүч манах ажилд шаардлагатай туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Ой хээрийн түймрийг цурванд оруулан түүнийг орон нутгийн албан тушаалтанд хүлээлгэн өгөх бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг гал унтраах удирдагч гүйцэтгэнэ.
                      
Ой хээрийн түймрийн цурвыг хүлээлгэн өгөхдөө
            - 10 хүртэл га талбайтай бол морин эргүүлээс Сумын Засаг дарга хүртэл
            - 11-20 га талбайтай бол байгаль хамгаалагчаас сумын Засаг дарга хүртэл
            - 21-50 га талбайтай бол багийн Засаг даргаас сумын Засаг дарга хүртэл
            - 101-200 га талбайтай бол сумын Засаг даргын Тамгын газрын даргаас сумын Засаг дарга хүртэл
          - 201-ээс дээш га талбайтай бол сумын Засаг дарга хүлээн авч цурвын манааг гал унтраах удирдагчийн заасан тоо, хугацаагаар түймрийн хөвөөнд тодорхой ажил гүйцэтгүүлэхээр зохион байгуулна. Цурвын манаанд зохион байгуулагдсан хүний тоо, гарсан зардлыг уг түймрийн унтраахад оролцсон хүч хэрэгсэл түүнд зарцуулсан зардалд оруулан тооцно.
          - Гал унтраах удирдагчаас ой хээрийн түймрийн цурвыг хүлээлгэж өгөх акт нь цурвын хөвөөнд хийгдэх ажил, шаардагдах хүн хүч, хугацааг тодорхойлсон, хүлээлгэж өгөх үеийн үзүүлэлтүүдийн товч тодорхой мэдээллийг агуулсан, цурваас түймэр алдсан үед хариуцлага тооцоход баримтлах үндсэн баримт бичиг мөн. Ой хээрийн түймрийн унтарсан хугацааг цурвын гүнд ямар нэгэн хэлбэрийн шатлага зогсож цаашид түймэр алдахгүй гэсэн баталгаатай болсон үеэр авч цурвын манааг буулгахыг уг ажлыг хариуцсан албан тушаалтан сумын Засаг даргад танилцуулж байж шийдвэрлэнэ.
           
Дөрөв. Цурвын манаанд хүлээлгэх хариуцлага.
Цурвын манааны зохион байгуулалт болон хувь хүний хариуцлагүйгээс түймрийг цуравнаас алдсан тохиолдолд уг ажлыг биечлэн хариуцсан албан тушаалтан ба иргэнд захиргааны хариуцлагын тухай хуулийн 25дугаар зүйлд заасан арга хэмжээг гамшгаас хамгаалах, байгаль орчны хяналтын ба цагдаагийн байгууллагын холбогдох ажилтан ногдуулна.