Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2008 оны 
150 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
ХОГ   ХАЯГДАЛ   ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛАХ  ИРГЭН,  АЖ  АХУЙН  НЭГЖ, 
БАЙГУУЛЛАГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журам нь Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт болон Байгаль орчны сайдын 2006 оны 404 тоот тушаалаар баталсан “Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
2.Хог хаягдал зайлуулах үйл ажиллагааг тухайн нутаг дэвсгэрийн сумын Засаг даргаас сонгон шалгаруулж эрх олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэн явуулна. Энэ эрхийг сумын Засаг даргын захирамжаар олгож, Засаг даргатай гэрээ байгуулна.
3.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн хог хаягдлыг булах ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж болон иргэн эрхлэн гүйцэтгэнэ.
4.Орон сууц, гэр хороолол, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг зайлуулах, тээвэрлэх хугацаа, долоо хоногийн ямар гаригт хэдэн цагт авч байх графикийг сумын Засаг дарга жагсаалтаар баталж, нийтэд мэдээлж, түүнийг тогтмол мөрдүүлж хэвшүүлсэн байна.
 
 
Хоёр.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуур.
1.Эрх бүхий байгууллага нь хог хаягдлыг хүлээн авч, ангилан ялгах, дахин боловсруулах, бордоо болгон ашиглах, түүхий эдийн зориулалтаар экспортлох зэрэг үйлдвэрлэл эрхэлж болно. Байгууллага нь үйл ажиллагаа явуулахдаа дараахь шаардлагыг хангасан байна.
  • Хамгаалалтын хашаатай
  • Байнгын харуултай
  • Байгууламж, төвлөрсөн цэгийн ажлын дэглэм, цагийн хуваарийг баталж мөрдөх
  • 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосон байна.
2.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхэд дараахь шаардлагыг хангасан байна.
  • Сумын Засаг даргаас тогтоосон төвлөрсөн цэгт, тогтоосон чиглэлийн дагуу хог хаягдлыг цуглуулж тээвэрлэн хүргэх
  • Хог хаягдлыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан битүүмжилсэн зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх
3.Хог хаягдлыг булах аж ахуйн нэгж нь сумын Засаг даргаас тогтоосон цэгт, зориулалтын техникээр, стандартын дагуу нүхийг бэлтгэн дарж булах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
4.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах бүх үйл ажиллагаанд бүртгэл, тэмдэглэл хөтөлнө. Бүртгэл нь 2 хувь хөтлөгдөх ба нэг хувь нь харуулд, нөгөө нь тээвэрлэлт, булалт хийсэн ажилтанд байна
 
 
Гурав.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх
1.Сумын Засаг даргаас баталсан хуваарь графикийн дагуу тогтсон цаг хугацаанд хог хаягдлыг орон сууц, гэр хороолол, аж ахуйн нэгжээс цуглуулан  тээвэрлэж, хогийн цэгт хүргэн дарж булах, хог хаягдлыг ангилан ялгах, заримыг экспортлох зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр  төв суурин газар, хүрээлэн буй орчин хоггүй байх нь санхүүжилтийг олгох үндэслэл болно.
2.Санхүүжилтийг олгохдоо батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, бодит зардлыг тооцсон төсөв, зураглал, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, маршрут, график, ялган ангилах үйл ажиллагаа, ажилласан хүн хүч, машин техник, зарцуулсан шатах тослох материал зэрэг бүх зардлыг тооцсон байна.
3.Сумын Засаг дарга нь хог хаягдлыг зайлуулах болон булах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын хог хаягдлын үйлчилгээний сангаас санхүүжилт олгоно. 
4.Гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага орлогоороо өөрийгөө санхүүжүүлж, бие даан ажиллах боломжтой болох хүртэл хугацаанд зохих хэмжээний урамшуулал олгож болно.