Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
 1.Төрийн  албан  хаагчийн  ажлын  үр  дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж,  сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор  "Төрийн албаны  тухай  хууль"-ийн  З1  дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.
 2.Албан  тушаалын  үүргээ  бүрэн  биелүүлж,  өндөр  амжилт гаргасан төрийн  албан  хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар  шагнаж урамшуулна:
        а)мөнгөн шагналаар шагнах;
        б)эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
        в)улирлын  ажлын  дүнгээр  болон  онцгой чухал буюу онц түвэгтэй албан  даалгавар  биелүүлсний  төлөө  мөнгөн урамшил олгох;
        г)ажлын  үр  дүн,  гаргасан  амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах,  хүндэт  дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах,  тэргүүний ажилтан цол олгох;
        д)дээд  шатны байгууллагын шагналд тодорхойлох.
     З.Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын  үндсэн болон  дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй  ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.
     4.Энэ  журмын  З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:
        а)сум,  дүүргийн  Засаг  дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр;
        б)аймгийн  Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр;
        в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;
        г)Засгийн  газрын  үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;
        д)Монгол  Улсын  сайд  10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.
     5.Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган  албан үүргээ тогтмол чанартай сайн  биелүүлж,  ажлын өндөр  амжилт  гаргасан,  албаны болон төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг  эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын  сарын  цалингийн  40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах   үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.
     6.Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил  (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын  захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.
     7.Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.                     
     8.Байгалийн  гамшиг  (газар  хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн  осол,  техникийн  ноцтой аваарь сүйрэл гарсан,  халдварт өвчин  тахал  хэлбэрээр гарсан үед хор уршгийг  нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг  гарган  гүйцэтгэсэн,  түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний  тулгамдсан  зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой   төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг  гардан  хэрэгжүүлж  бодитой  үр  дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад  250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн  Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.
     9.Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.
 
 
----OOO---
 
/Засгийн газрын 1995 оны 93, 1997 оны  52 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийш тусгав/