Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2005 оны 
326 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ
 
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Төр, нийгэм, эдийн засаг, аж ахуй, бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутаг, бүс нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан  төрийн албан хаагчид, иргэд, байгууллагыг  шагнахад энэ журмыг мөрдөнө.
2.Аймгийн Засаг даргын шагналаар билгийн улирлын цагаан сар, үндэсний их баяр наадам, Засгийн газраас ойг нь тэмдэглэхийг зөвшөөрсөн салбарын ой, аймгийн Засаг даргын захирамжаар ой тэмдэглэхийг зөвшөөрсөн сум, байгууллагын тэгш ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан шагнаж  болно.
 
Хоёр. Шагналын төрөл, дагалдах мөнгөн шагнал:
1. “Дорнод аймгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, үнэмлэх                 20.0 төгрөг        
2. Дорнод аймгийн хүндэт дэвтэрт бичиж гэрчилгээ олгох                           15.0 төгрөг
3. Дорнод аймгийн Засаг даргын  жуух бичиг                                                  10.0 төгрөг
4.“Дорнод аймгийн тэргүүний  хамт олон” өргөмжлөл                                    100.0-150.0 төгрөг
5.“Дорнод аймгийн сайн малчин” тэмдэг, үнэмлэх                                         30.0 төгрөг
6.“Дорнод аймгийн тэргүүний тариаланч” тэмдэг, үнэмлэх                           30.0 төгрөг
 
Гурав. Шагналд нэр дэвшүүлэх:
1.Сумын Засаг даргын Тамгын газар, байгууллага, аж  ахуйн нэгж нь аймгийн Тэргүүний ажилтан, аймгийн хүндэт дэвтэрт бичих, Засаг даргын жуух бичгээр шагнуулах хүний тодорхойлолт, анкет, хамт олны тодорхойлолт болон 3-5 жилийн ажлын үзүүлэлтийг харъяалах сумын Засаг даргад хүргүүлнэ. Шагнуулах хүний анкет нь салбарын шагналынхтай нэгэн адил байна.
2.Тодорхойлолт, материалыг сумын Засаг дарга хянан үзээд, аймгийн Засаг даргад саналын хамт ирүүлнэ.
3.Шагналын тодорхойлолтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүлээн авч, бусад чиглэлийн хэлтсүүдтэй хамтран санал боловсруулж  аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл болон Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.
4.Аль нэг суманд ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, босоо удирдлагатай агентлагийн ажилтнуудыг тодорхойлохдоо тухайн сумын Засаг даргын саналыг заавал авсан байвал зохино.
5.Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн ажилтнуудыг  тухайн агентлагийн /байгууллагын/ дарга тодорхойлж, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлнэ.
 
Дөрөв: Шагнал олгох шалгуур үзүүлэлт:
1.”Дорнод аймгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, үнэмлэх
Энэ шагналаар төрийн албанд 5-аас доошгүй жил ажиллаж, төр засгийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд тодорхой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчид, орон нутаг, бүсийн хөгжлийг дэмжих, эдийн засаг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилга гаргасан  өмчийн бүх хэлбэрийн аж  ахуйн нэгж,  төрийн бус байгууллагын удирдлага, ажилтнуудыг  Монгол улсыг тунхагласны баяр, үндэсний их баяр наадам, билгийн улирлын Цагаан сарыг тохиолдуулан шагнана. Эдгээр ажилтнууд нь ёс зүйн зөрчил, сахилгын шийтгэлгүй, гэмт хэрэг, өмч хөрөнгийн холбогдолгүй байвал зохино.
2.“Дорнод аймгийн хүндэт дэвтэр”-т бичиж, гэрчилгээ олгох:
Энэ шагналаар тус аймгаас шинээр төрсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат цол хүртэгсэд, 10-аас дээш жил ажилласан, төр, захиргаа, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон байр суурь эзлэх үйлс бүтээсэн шилдэг тэргүүний хүмүүсийг шагнаж, амжилт бүтээлийг нь алдаршуулна.
3.Дорнод аймгийн Засаг даргын жуух бичиг:
Энэ шагналаар эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан төрийн албан хаагчид, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад  ажиллаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнаж урамшуулна.
4.”Дорнод аймгийн тэргүүний хамт олон” цол, өргөмжлөлөөр:
Төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэн төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, / нөхөрлөл, малчдын бүлэг, хоршоо/ байгууллага зэрэг бие даасан хамт олныг 2-5 жилийн амжилтаар нь шалгаруулж  Билгийн улирлын Цагаан сарыг тохиолдуулан шагнана.
5.“Дорнод аймгийн сайн малчин” тэмдэг, үнэмлэх
“Аймгийн сайн малчин”-аар  дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчдыг  шалгаруулж,  Билгийн улирлын Цагаан сарыг тохиолдуулан шагнана.
5.1. Бодод шилжүүлснээр 160-аас доошгүй малтай, мал сүргээ сүүлийн 3 жил дараалан төлөөр нь өсгөж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жин богд 50, бодод 26 хувиас доошгүй, нийт мал сүргийн 10-15 хувь нь шилмэл омгийн болон цэвэр, эрлийз үүлдрийн мал байна. /Тавиул болон алдуул малыг тоонд оруулахгүй/
5.2.Оны эхний 100 хээлтэгч тутмаас ботго 40, унага 75, тугал 72,  хурга 85, ишиг 90 доошгүй хувиар бойжуулан, мал аж ахуйг бусад үйдвэрлэлтэй холбон эрчимжүүлэх  зорилгоор тодорхой хөрөнгө оруулалт хийж, нэгжээс ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлсэн байна.
5.3. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, мал сүргээ  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болж, отор нүүдэл хийж, бүх малын 95-аас дээш хувийг дундаас дээш тарга хүч авахуулсан байна.
5.4.Ажлын байр шинээр бий болгох, малаа гэрээ, түрээсээр маллуулах, хөдөлмөрөө хорших, малгүй өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэх, мал хамгаалах сан болон орон нутагт хандив тусламж үзүүлэх, үржлийн мал бойжуулах, борлуулах, худалдан авах  зэргээр  эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн  нөхцөлд тохирсон  бизнесийн  идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна.
5.5.Бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах, хамтын хүчээр худаг сэргээн засварлах, шинээр гаргах зэргээр бэлчээрийг усжуулах,  хашаажуулах хөдөлгөөнд санаачилгатай оролцсон,  нэг хонин толгойд 10 кг-аар тооцон өвс тэжээл бэлтгэж,  өвөлжилт хаваржилтийн бэлтгэлийг үлгэр жишээ хангасан байна.
5.6.Хууль тогтоомжийн  дагуу  татвар хураамжийг  хугацаанд нь тушааж, мал сүргээ даатгалд бүрэн хамруулсан байна.
5.7.Тухайн жилийн эцсийн мал тооллогоор хамгийн олон мал тоолуулсан нэг малчныг “Аймгийн сайн малчин”-аар  шалгаруулж болно. Сум бүр хамгийн олон мал тоолуулсан нэг малчны тодорхойлолтыг ирүүлнэ.
5.8. Ашиг шимийн үзүүлэлт  нь тухайн омог,  хэвшил, үржлийн хэсэг болон үүлдрийн хэв шинжийг хадгалсан   хээлтэгч хээлтүүлэгчээс бүрдсэн өндөр ашиг шим бүхий цөм сүрэгтэй  малчинг ”Шилмэл сүрэгтэн”-ээр  шалгаруулж  өргөмжлөл олгож болно. ”Шилмэл сүрэгтэн” нь дараах үзүүлэлтийг хангасан байна.
    - Үржлийн ажлыг зохион байгуулах дадлага туршлага бүхий  хамт олны дунд нэр хүндтэй бэлчээрийн мал маллагааг суурин маллагаанд шилжүүлэх ач холбогдлын талаар  судалгаа хийж үр дүнд хүрсэн
     - Өндөр ашиг шим бүхий мал сүргийг  даатгалд хамруулан сурталчлах зорилгоор 1-2 удаа үзүүлэх сургууль зохион байгуулсан
   - Өндөр ашиг шим бүхий хээлтэгч, хээлтүүлэгч худалдан борлуулсан, худалдан авч, удмын санг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд амжилт гаргасан байна.
5.9.Дараах үзүүлэлтийг хангасан гахайчин, шувуучин, зөгийчнийг “аймгийн сайн малчин” гэсэн  төрөлд хамааруулан дээрх хугацаанд  шалгаруулан  өргөмжлөл олгож болно.
    - Оны эхэнд 250-с доошгүй өндөглөгчтэй байж, сүүлийн 3 жил дараалан өндөглөгчийн тоог нэмэгдүүлж, нэг өндөглөгчөөс  жилд 150-иас доошгүй  өндөг авсан 35-иас доошгүй үржлийн  шувуу бойжуулж, борлуулсан  шувууны аж ахуй эрхлэгчид
     - Бүл зөгийн тоог  жил дараалан нэмэгдүүлж, бүлээс авах зөгийн балын хэмжээгээр хамгийн өндөр амжилт гаргасан, ядуурлыг бууруулахад оруулсан хувь нэмэр, зах зээлд борлуулсан хэмжээ, зөгийн аж ахуйг хөгжүүлэх талаар судалгаа хийсэн ажлын дадлага туршлагатай  хамт олонд нэр хүндтэй  зөгийчин.         
     - Оны эхэнд 15-ас доошгүй үндсэн мэгж тоолуулж, мэгж бүрээс жилд 15 торой бойжуулж, 1.5-2.0 тн мах үйлдвэрлэн зах зээлд борлуулсан шалгалтын 10-аас доошгүй мэгж бойжуулан үржилд  борлуулсан  гахайн аж ахуй эрхлэгчид.
6. “Дорнод аймгийн Тэргүүний тариаланч ” тэмдэг, үнэмлэх
 Дараах үзүүлэлтийг хангасан тариаланч, хадланч, ногоочныг ”Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгаруулан Билгийн улирлын Цагаан сарыг тохиолдуулан шагнана.
6.1.Сүүлийн 2-3 жил дараалан  тариалсан талбай ба  нэгжээс авсан ургац нь тогтмол нэмэгдэж, аймгийн дунджаас 10-аас доошгүй хувиар илүү байна.
6.2.Нутгийн болон аж ахуйн онцлогт тохирсон  таримлын сортын үрээр  тариалж,  үр нөөцлөлт, шинэчлэлтэд ахиц гаргах, өөрийн хэрэгцээг хангах үрийн агуулахтай байх.
6.3.Усалгаатай тариалан эрхлэж, байгалийн эрсдлээс  хамгаалах арга, технологи нэвтрүүлсэн байх.
6.4.Үр тариа, төмс, хүнсний ногооны ургац нь  чанарын хувьд стандартын шаардлага хангаж  хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн байх.
6.5.Тухайн онд бэлтгэсэн өвс, тэжээлийн  нийт хэмжээгээр /Үүнд: байгалийн хадлан, гар тэжээл, эрдэс тэжээл хамаарна/ Бэлтгэсэн тэжээл нь өөрийн хэрэгцээг бүрэн хангаж, баг сумын нөөцийн санд хандив оруулж, илүүдлийг зах зээлд борлуулах, үр хүүхэд, ажилгүй 1-3 залуучуудыг хадлан тэжээл бэлтгэх ажилд сургасан байна.
6.6.Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, нэн ядуу иргэдэд дэмжлэг үзүүлж, ажлын байр шинээр бий болгох.
6.7.Байгууллага иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн хангаж,  даатгалд хамрагдан татвар хураамжаа бүрэн төлсөн байх.
 
Тав.Энэ журмын 5-6 дахь зүйлд заасан төрөлд бүрдүүлэх материал:
1.Тодорхойлолт, ажлын үзүүлэлтийг сумын Засаг даргын Тамгын газар аргаж, баталгаажуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцүүлж, хамгийн өндөр амжилт гаргасан малчны тодорхойлолт материалыг  аймгийн Засаг даргын Тамгын газарт  ирүүлнэ.
2.Аймгийн Засаг даргын Тамгын газар тодорхойлолт материалыг судлан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.  Шаардлагатай тодорхойлолт материалыг газар дээр нь шалгаж болно. Тодорхойлолтыг 14 хоногийн өмнө ирүүлсэн байна.
 
/Хугацаа хожимдуулсан материалыг хүлээн авахгүй/
Ирүүлэх материал:
1.Сумын Засаг даргын албан бичиг
2.Ажил байдлын тодорхойлолт
3.Ажлын үзүүлэлтийг   сүүлийн 3 жилээр хүснэгтээр  гаргаж хавсаргана
4.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  тогтоол
 
Зургаа. Шагналыг гардуулах:
 
Шагналыг аймгийн Засаг дарга болон түүний зөвшөөрснөөр Засаг даргын орлогч, хэлтсийн дарга нар ёслол, хүндэтгэлтэйгээр гардуулна.