Хэвлэх DOC Татаж авах
Нийслэлийн Засаг даргын 2003 оны
114 дүгээр захирамжийн хавсралт
 
 
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БОНД ГАРГАЖ ТӨВЛӨРҮҮЛСЭН
ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь нийслэлийн тусгай зориулалтын бонд гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах, үр дүнтэй ашиглах, хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.
1.2. Бонд борлуулснаас орсон орлогыг зөвхөн төсөлд заасан хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ.
 
Хоёр. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг бүртгэх
2.1. Бондыг борлуулсны орлогыг
2.2. Бондын хүүгийн төлбөрийг
2.3. Бондын сурталчилгааны зардлыг
2.4. Бондыг хөрөнгийн биржээр борлуулсны болон зуучлагчийн шимтгэлийг
2.5. Төслийн үр дүн зэргийг Нийслэлийн Төрийн сан дээр бүртгэх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийг хийхдээ ерөнхий журмын дагуу бүртгэнэ.
 
Гурав. Төсөл хэрэгжүүлэгч /захиалагч байгууллага/
3.1.Төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч байгууллага /цаашид “Төсөл хэрэгжүүлэгч” гэх/ байна. Хяналтын зөвлөл Төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг сонгоно. /Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг байна/.
3.2.Төсөл хэрэгжүүлэгч нь Бондын хөрөнгийн зарцуулалтыг ерөнхийд нь удирдах бөгөөд санхүүжилтын шаардлага, төслийн график төлөвлөгөөний дагуу гаргах бондыг Хяналтын зөвлөл болон Нийслэлийн төрийн санд мэдээлснээр нэмэлт бонд гаргаж байна.
3.3.Төсөл хэрэгжүүлэгч нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль” болон холбогдох журам, зааврын дагуу гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана.
3.4.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн дагуу баригдаж байгаа барилга, объектын ажилд өдөр тутам хяналт тавин гүйцэтгэлд нь мэргэжлийн хяналт тавьж ажиллана.
3.5.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн ажлын явц болон гүйцэтгэлийн талаар хяналтын зөвлөлд 14 хоногт 1 удаа тайлагнаж байна.
3.6.Төсөл хэрэгжүүлэгч бондын хөрөнгийг төслөөс өөр зүйлд зарцуулахыг хориглох ба Нийслэлийн төрийн сан хяналт тавина.
3.7.Төсөл хэрэгжүүлэгч нь гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж чадаагүй буюу төслийн ажлын явцад доголдол гаргасан тохиолдолд хариуцлагыг бүрэн хариуцаж, хөрөнгө оруулагчид болон бонд эзэмшигчдийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авна.
3.8.Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү журмын хэрэгжилт түүнчлэн төслийн ажлын явц, чанарт доголдол гаргасан тохиолдолд Хяналтын зөвлөлийн шийдвэрээр Төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг өөрчилж болно.
 
Дөрөв. Төслийн ажлын хэсэг
4.1.Төслийн ажлын онцлогоос хамаарч Хяналтын зөвлөл Төслийн ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.
4.2. Хяналтын зөвлөлийн шийдвэрээр төслийн ажлын хэсэг байгуулахдаа дараахь гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
-  Авто замын төсөл (Зам тээврийн газар)
-  Орон сууцны төсөл (Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар)
-  Хөрөнгө оруулалтын хэсэг (ажил үүрэг хариуцсан мэргэжилтэн)
4.3. Төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөр өөрийн хариуцсан төлөвлөгөөт санхүүжилтийн материалыг бэлдэж байна.
4.4. Бондын хөрөнгөөр санхүүжигдэх төслүүдийг төсөл хэрэгжүүлэгч сонгож, хяналтын зөвлөл баталгаажуулна.
 
Тав. Ашиг хуваарилах
5.1.Төсөл гүйцэтгэсний улмаас нийт зардлуудыг хассаны эцэст ашиг гарсан бол тэр ашгийг “Төрийн албан хаагчийн орон сууцны нөхцөлийг сайжруулах” санд хуваарилна. Харин төсөл хэрэгжүүлсний 2002 оны ашгийг Нийслэлийн “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын сан”-д төвлөрүүлнэ.
5.2.“Төрийн албан хаагчийн орон сууцны нөхцлийг сайжруулах сан”-г байгууллага, санхүүжүүлэх журмыг тусгайлан батална.
5.3.Төслийн ажлын үр дүнг харгалзан Төсөл хэрэгжүүлэгч, Төслийн ажлын хэсэг /хэрэв байгуулсан бол/, Хяналтын зөвлөлийн гишүүдийг урамшуулж болох ба эдгээрийн нийт ашгийн 5 хувиас багагүй 15 хувиас ихгүй байна.
5.4.Төсөл хэрэгжүүлэх, боловсруулах шатны зардлыг бонд борлуулалтын орлогоор санхүүжүүлэхийг хориглоно.