Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1998 оны 158 дугаар тогтоолын хавсралт

ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
 
НЭГ.Нийтлэг үндэслэл 1.Монгол Улсын экспортын өнөөгийн байдал
Манай Улсын экспортын бараанд хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд, тэдгээрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зонхилж байна. 1997 онд экспортын нийт барааны 55,9 хувийг эрдэс түүхий эд, 22,5 хувийг нэхмэл, бүтээгдэхүүн, бусад хувийг төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хаягдал төмөр, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл, амьд мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, мод, модон эдлэл эзэлж байна. 1997 оны экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 57,2 хувийг түүхий эд эзэлжээ.
Сүүлийн жилүүдэд ноолуур боловсруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэрүүд ашиглалтад орж энэ чиглэлээр 19 том, жижиг компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай орны экспортыг нэмэгдүүлэхэд АНУ болон Европын холбооноос үзүүлж буй худалдааны хөнгөлөлт чухал үүрэг гүйцэтгэж, 1997 онд 6,0 орчим сая ширхэг оёмол бүтээгдэхүүн эдгээр орнуудын зах зээлд экспортлогдсон байна.
1997 онд малын тоо толгой 31,3 сая болж ноос, ноолуур болон бусад төрлийн ялангуяа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эх үүсвэрийг бий болгож байгаа юм.
Аялал, жуучлалын үйл ажиллагаанд 260 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, манай улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.
 2.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр боловсруулах үндэслэл
Улсын Их Хурлаас баталсан "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.3 дахь хэсэгт экспортын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдэд гүн боловсруулалт хийж, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг заасан болно..
 
          ХОЁР.Хөтөлбөрийн зорилго, зорилт 3.Зорилго
Хөтөлбөрийн зорилго нь экспотын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, улмаар дотоодын мөнгөн хуримтлалыг бий болгон, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулж, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад оршино.
4.Зорилт
а/уул уурхайн үйлдвэрлэлийн экспортыг өргөжүүлэх;
б/эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдэд гүн боловсруулалт хийж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий экологийн цэвэр, эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
в/зах зээлийн шинэ сувгуудыг нээх, гадаад худалдааг өргөтгөн экспортын гарцыг олшруулах;
г/орон нутагт экспортын үйлдвэрлэлийг дэд бүтцийн хамт хөгжүүлэх;
д/аялал, жуучлалыг хөгжүүлэн экспортын хүрээг өргөжүүлэх;
е/экспортыг дэмжих, урамшуулах эрх зүйн орчин, зөөлөн дэд бүтцийг боловсронгуй болгох;
ж/тодорхой хот, бүс нутагт олон улсын худалдааны төвүүдийг байгуулах.
 
ГУРАВ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
5.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэргүүн ээлжинд дэмжинэ. Үүнд:
а/уул уурхай, эрдэс түүхий эд, мателлургийн боловсруулалтын үйлдвэрлэл;
б/газрын тос, нефтийн бүтээгдэхүүн боловсруулалтын үйлдвэрлэл;
в/хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр;
г/экспортыг өргөжүүлэх аялал жуучлал;
д/экспортын үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бүхий бүс, орон нутгийн дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд;
е/техник технологийг боловсронгуй болгох, шинэчлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай судалгаа, төсөл;
ж/үндэсний гар урлал, урлаг уран сайхны бүтээл.
6.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан салбаруудыг онцлон анхаарч дараахь чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
Газрын тос, эрдэс баялгийн салбар
а/одоо ажиллаж байгаа олборлох үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулж, улмаар цэвэр металл, эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
б/газрын тосны эрэл хайгуулын ажлыг түргэтгэж, найдвартай нөөцөд тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулах;
в/"Эрдэнэт" үйлдвэрт технологийн шинэчлэлт хийх, их хэмжээний бэлэн нөөц бүхий ядуу агуулагатай хүдрийг боловсруулж цэвэр металл гаргах;
г/алт олборлолт, боловсруулалтын технологийг боловсронгуй болгож, байгальд нөлөөлөх нөлөөллийг багасгах;
д/ховор ба холимог металлыг тэргүүний дэвшилтэт технологиор боловсруулах арга хэмжээ авах;
е/Төмөртэй, Баянголын төмрийн хүдэр, Дорнод бүсэд орших Төмөртийн овоо, Улааны цайр, хар тугалга голлосон холимог металлыг ашиглах.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар
а/мал аж ахуйн гаралтай уламжлалт бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх;
б/үндэсний технологийг бий болгож, түүнд түшиглэн үйлдвэрлэл явуулах "Техно-парк" байгуулах асуудлыг судлах;
в/экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг бүс нутагт түлхүү хөгжүүлэх;
г/мах боловсруулах үйлдвэрүүдийн техник, технологийг олон улсын стандартын түвшинд шинэчлэх;
д/махыг бэлтгэх, савлаж, боох, хадгалах ажиллагааг боловсронгуй болгож олон улсын стандартад тэнцүүлэх, түүнчлэн адуу, үхрийг эрчимтэй бордох аргаар алагласан мах гаргаж экспортлох;
е/газар тариалангийн илүүдэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх.
Аялал жуулчлалыг дэмжих талаар
а/аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор гадаад сурталчилгааг өргөжүүлэх;
б/аялал жуулчлалын ач холбогдол бүхий нутаг дэвсгэрийг бүсчлэн хөгжүүлэх;
в/ан амьтан, загас агнуур, усан спорт, морь, тэмээ, явган аялал зэрэг ангиллаар аялал жуучлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
г/аяллын шинэ чиглэл, үзвэр үйлчилгээ бий болгож, томоохон зочид буудлуудын тохижилт, менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах.
.
ДӨРӨВ.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа
7.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.
8.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй байна. Үүнд:
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
-Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
-Хөтөлбөрт өөрчлөлт, тодотгол хийх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төсөл, арга хэмжээтэй холбогдох асуудлыг Засгийн газар болон холбогдох яам, газруудад тавьж шийдвэрлүүлэх.
9.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хурлыг зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн үйл ажиллагааг тус зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулна.
10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дараахь эх үүсвэрүүдийг ашиглана. Үүнд:
1.Улсын төсөв
2.Гадаадын хөрөнгө оруулалт
3.Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж
4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
11.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг 1998-2010 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд:
12.Дотоодын мөнгөн хуримтлал, валютын нөөц нэмэгдэж, улс орны эдийн засгийн чадавхи сайжран, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдац түргэсэж цаашдын тогтвортой хөгжлийн суурь бэхжинэ.
13.Орчин үеийн тэргүүний, дэвшилтэт шинэ технологийг нутагшуулах, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чанартай, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
14.Монгол улсын олон улсын хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоо өргөжин тэлж, гадаад хамтын ажиллагаа хөгжиж, дэлхийн хөжглийн зүй тогтолтой уялдсан үйлдвэрлэлийн сүлжээ бий болж, маркетинг, менежментийн шалгарсан аргуудыг өөрийн орны нөхцөлд зохицуулан нэвтрүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох боломж нээгдэнэ.
15.Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэн, ажлын байр шинээр бий болж, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ хангагдана.
---оОо---