Хэвлэх DOC Татаж авах
Нийслэлийн Засаг даргын 2004 оны
49 дүгээр захирамжийн хавсралт 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ АЖ АХУЙН ДОТООДЫН ЗАМААР ЗОРЧИЖ
БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах асуудлыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу авто замын төлбөрийг нийслэлийн замын санд төвлөрүүлэхэд оршино.
1.2. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн дотоодын замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэрийг үл харгалзан төлбөр авахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Нийслэлийн авто замын санд орсон төлбөрийн орлого нь Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтын дагуу зарцуулагдана.
1.4.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Авто замын төлбөрийн орлогын гүйцэтгэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Зам тээврийн газар тус тус хяналт тавина.
 

Хоёр. Төлбөр хураах журам

 
2.1. Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр уг замыг эзэмшигч хариуцна.
2.2. Төлбөр авах үйл ажиллагаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулагдсан байна.
2.3. Тээврийн хэрэгслээс тогтоосон хэмжээний төлбөр авч тасалбар олгох, нэгдсэн нэг загвараар тасалбарыг гарган хэвлүүлж, дугаарлан баталгаажуулж аж ахуйн нэгж байгууллагад олгох ажлыг Нийслэлийн Зам тээврийн газар хариуцаж гүйцэтгэлд нь хяналт тавина.
2.4. Батлагдсан тасалбараас өөр тасалбар ашиглахыг хориглоно.
2.5. Тасалбар хураагч нь тусгай таних тэмдэг бүхий зориулалтын хувцас, хэрэгсэлтэй байна.
2.6. Төлбөр хураах цэг нь шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр /автомат хаалт гэх мэт/ хангагдсан байна.
2.7. Автомашины зогсоол, талбай ашигласны төлбөрийг давхардуулан авахгүй.
 

Гурав. Төлбөр тооцоо

 
3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн орлогын 40 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлнэ.
3.2. Авто тээврийн ачаалал ихтэй зогсоолын талбайгаас авах төлбөрийн хэмжээг зогссон цагаар нь тооцож авна.
3.3.Төлбөрийн орлогыг Нийслэлийн Зам тээврийн газрын дансанд хийж, сар бүрийн 25-ны дотор гүйцэтгэлийн тооцоо нийлж орлогыг НЗДТГ-ын Санхүү, эдийн засаг, төрийн  сангийн хэлтэст шилжүүлнэ.
 

Дөрөв. Бусад 

 
4.1. Төлбөртэй болгож буй зогсоол, талбайг хотын авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлж байна.
4.2. Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал унтраах байгууллага, тусгай тэмдэглэгээтэй хяналт шалгалтын тээврийн хэрэгслээс төлбөр авахгүй.
4.3. Нийслэлийн Зам тээврийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү журамд зааснаас бусад авто зам, авто машины зогсоол талбай ашигласны төлбөр авахыг хориглоно.
 

Тав. Хүлээлгэх хариуцлага

 
5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь төлбөрийн орлогыг нуун дарагдуулсан, тасалбар хуурамчаар үйлдсэн, тасалбаргүй мөнгө хураасан нь илэрвэл холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.