Хэвлэх DOC Татаж авах
Нийслэлийн Засаг даргын 2003 оны
487 дугаар захирамжийн хавсралт
 
 
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ХОРШОО ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 145 тоот тогтоолыг үндэслэн энэхүү журмыг "Нийслэлийн тэргүүний хоршоо"-г шалгаруулахад мөрдөнө.
1.2.  Болзлыг хангасан 4 хүртэлх хоршоог жил бүр "Нийслэлийн тэргүүний хоршоо"- гоор шалгаруулна.
1.3.  Тэргүүний хоршоог дүүргийн Засаг даргын тамгын газар, холбоодын тодорхойлолт,  шалгаруулах ажлын комиссын саналыг үндэслэн шалгаруулна.
 
Хоёр. Шалгаруулах нийтлэг үзүүлэлт
2.1.Олон улсын Хоршооллын Манчестөрийн Их хурлаас гаргасан Хоршооллын хөдөлгөөний XXI зуунд баримтлах 7 зарчмыг хэрэгжүүлсэн байх ба дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгоно.
2.2.Монгол улсын "Хоршооны тухай" хуулийн дагуу байгуулагдаж,  5-аас доошгүй жил ажилласан байна.
2.3.Санхүүгийн тайлан баланс нь тогтмолжиж, үзүүлэлтүүд нь сайжирсан байх.
2.4.Татвар, хураамжийг хугацаанд нь бүрэн төлсөн, хугацаа хэтэрсэн зээл өр авлагагүй байх.
2.5. Гишүүн бүрээр нийлүүлсэн хувь хөрөнгө, орлого хуваарилалт, үзүүлсэн үйлчилгээ, хөдөлмөрийн оролцоог хоршооны бүртгэлд бүрэн тусгасан байна.
2.6. Ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийг бууруулах, өрхийн амжиргааг дээшлүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулсан эсэх.
2.7.Иргэдийн сайн дурын нээлттэй гишүүнчлэл, харилцан илтгэлцлэл, хамтран ажиллах хүсэл, нэгдмэл зорилгод  үндэслэсэн өөрөө өөртөө туслах байгууллага бий болгоход чиглэгдсэн хоршооллын хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгоход үлгэр дууриалал үзүүлэн манлайлж оролцсон байдал.
2.8. Хоршоод бизнес төлөвлөгөөтэй ажиллаж, менежментээ сайжруулан, хоршоод хоорондын хамтын ажиллагааны зарчмын дагуу дундын хоршоо байгуулах, хоршоодын холбоонд нэгдэх, түншлэлээ өргөтгөх замаар хоршоогоо бэхжүүлэх, гишүүдэд зориулсан сургалт явуулах, мэдээллээр хангах зэргээр үр бүтээлтэнй ажилласан эсэх.
 
Гурав. Шалгаруулах, шагнал олгох
3.1.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан хоршооны материалыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хотын Захирагчийн ажлын албанд хүлээн авна.
3.2. Тэргүүний  хоршоогоор  тодорхойлохдоо  дараах  материалыг бурдүүлнэ. Үүнд:
  • Тухайн хоршооны үйл ажиллагааны тухай танилцуулга хүрсэн үр дүн
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт
  • Хоршоодын холбооны тодорхойлолт
  • Дүүргийн татварын газрын тодорхойлолт
3.3. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн Нийслэлийн салбар зөвлөл жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор шалгаруулалтад ирүүлсэн материалтай танилцаж Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж шийдвэр гаргуулна.
3.4. Тэргүүний хоршоог гэрчилгээ, үнэ бүхий зүйл,  дурсгалын зүйлээр урамшуулж, хотын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
3.5. Нийслэлээс шалгарсан хоршоог Улсын тэргүүний  хоршоогоор шалгаруулахаар  Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлд уламжилна.