Хэвлэх DOC Татаж авах
ДБХ-ийн сайд, НЗД-ын хамтарсан 2000 оны 80/А/43 тоот тушаал, захирамжийн 4 дүгээр хавсралт
 
 
НИЙСЛЭЛИЙН АВТОТЭЭВРИЙН ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.                         Улаанбаатар хотод орж, түүнээс гарч байгаа автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн үйл ажиллагаанд Автотээврийн тухай хууль болон түүний дагуу эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журмаар тогтоосон үүргийн биелэлтийг хангуулах, төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.            Автотээврийн шалган бүртгэх товчоо (АТШБТ) нь үйл ажиллагаагаа тасралтгүй 24 цагаар явуулах бөгөөд автотээврийн хяналтын улсын байцаагч ажиллана.
3.            Улс, хот хоорондын тээвэрлэлтэд тавих улсын хяналтыг тухайн ангиллын тээвэрлэлтийг зохицуулж тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагатай Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар гэрээ байгуулж хэрэгжүүлнэ.
4.            Нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу хүн амын хүнсний болон эрүүл ахуйн шаардлага, хэв журмыг хангуулах зорилгоор хяналт тавих эрх бүхий мэргэжлийн байгууллагууд (цагдаа, хорио цээр, мал эмнэлэг, байгаль орчны хяналтын болон бусад)-ын ажилтанг АТШБТ-д Нийслэлийн тээвэр зохицуулалтын газартай гэрээ байгуулан ажиллуулна.
5.            Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар нь АТШБТ-ны үйл ажиллагааг аж ахуйн тооцоон дээр явуулна.
Хоёр. Автотээврийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагааны чиглэл
1.                         Монгол Улсын "Автотээврийн тухай хууль"-ийн 21, 22 дугаар зүйлийн дагуу төрийн захиргааны хяналтыг автотээврийн улсын байцаагч хэрэгжүүлж, АТШБТ-оор орж, гарч байгаа автотээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг таслан. зогсоох арга хэмжээ авна.
2.                         Нийслэлийн ИТХ-аас АТШБТ-д автотээврийн хэрэгслээс хураамж авахаар тогтоосон бол хураамжийн тасалбар нь тухайн өдөртөө хүчинтэй байх бөгөөд өдөрт олон удаа орж гарч байгаа тээврийн хэрэгслээс хураамжийг нэг удаа авах, тусгай хамгаалалттай болон цуваагаар яваа тээврийн хэрэгслээс хураамж авахгүйгээр саадгүй явуулах ажлыг Нийслэлийн тээвэр зохицуулалтын газрын ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.
3.            Орон нутгаас тээвэрлэгдэж ирсэн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр мал, амьтны халдварт өвчин дамжин тархах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх зорилгоор бусад мэргэжлийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий байгууллагын мэргэжлийн ажилтан зохих шаардлага хангасан шинжлэх багаж, хэрэгслээр хянан шалгаж шийдвэрлэнэ.
Гурав. Автотээврийн шалган бүртгэх товчоогоор дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод тавих шаардлага
1.            Ачаа болон нийтийн тээврийн үйлчилгээ гүйцэтгэж буй автотээврийн хэрэгслийн жолооч нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 229 тоот тушаалаар баталсан "Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм"-ийн 2-ийн 14  заалтын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх явалт тутамдаа тухайн чиглэлийн АТШБТ-д заавал бүртгүүлж, шалгуулах, автотээврийн хяналтын улсын байцаагч, товчооны ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх;
2.                         Монгол улсын стандартаар батлагдсан автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлагын 5, 6 дугаар зүйлд заасан техникийн нэмэгдэл шаардлагыг ачаа болон зорчигч тээврийн хэрэгсэлд бүрэн хангасан байх;
3.                         Автотээврийн хэрэгслийн жолооч нь тухайн орон нутгийн тээвэр эрхэлсэн байгууллагын зохих зөвшөөрөл, зорчигчдын тээврийн хөлсний болон амь даатгал, татвар хураамж төлсөн баримт бичиг, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан мал эмнэлгийн шинжилгээний бичиг зэргийг бүрдүүлсэн байхаас гадна хүнсний бүтээгдэхүүн, бусад ачааг зориулалтын дагуу тээвэрлэсэн байх;
4.            Нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлөх, байгалийн гамшиг, гэнэтийн аюул ослын үед дайчлагдах зэрэг иргэний үүргээ биелүүлэх;
5.            Автотээврийн хэрэгслээр зорчин явагч нь иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримт, зорчигчийн тасалбарыг биедээ авч явах ба эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх, хяналт үйлчилгээ явуулж байгаа ажилтны хөдөлмөрийг хүндэтгэх, үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, нийтийн тээврээр зорчигч нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, галын аюултай тэсэрч дэлбэрэх, буу зэвсэг, идэмхий болон хордуулах бодис гэх мэт зүйлсийг авч явахгүй байх, тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэрэг шаардлагыг чанд сахин биелүүлэх;
6.            Дээрх шаардлагыг биелүүлээгүй болон дагаж мөрдөх хууль тогтоомжийг зөрчсөн буруутай этгээдэд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хуулийн дагуу шуурхай шийдвэрлэн зохих хариуцлага хүлээлгэнэ.