Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2007 оны
 510 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, 14.3 дугаар зүйл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2.5 дахь заалтыг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Үйлдвэр худалдааны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 110 дугаар тушаалаар батлагдсан нормативыг хэрэгжүүлэхэд энэ журмын зорилго оршино.
 
Хоёр. Бүрдүүлэх материал
1.Сумын Засаг даргын тодорхойлолт
2.Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /МХГ-аас олгодог/
3.Татварын албаны тодорхойлолт /тайлангаа тушаадаг, өр төлбөргүй эсэх/
4.Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
5.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
6.Хувийн өргөдөл /Үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа, зөвшөөрөл хүсэх болсон шалтгаан/ Аймгийн Засаг даргад
7.Дэлгүүр, үйлчилгээний цэгийн ажиллах журам
8.Тэмдэгтийн хураамж /Татварын хэлтэс 42119 дансанд 12500төг/
 
Гурав. Тавигдах шаардлага
1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгоно.
2.Аж ахуй нэгж нь 2-3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж нягтлан бодох бүртгэл хөтөлж, татвар санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргаж хэвшсэн байх.
3.Орчин үеийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ бүтээн байгуулалт болон дэвшилтэт үйлчилчилгээ эрхлэн ажлын байр шинээр бий болгосон тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр тусгай зөвшөөрлийг олгоно.
4.Худалдаа үйлчилгээнд улсын техникийн хяналтын зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг нийлүүлнэ.
5.Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
6.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөл олгосон байгууллагад мэдэгдэлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно.
7.Согтууруулах ундаа худалдах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулахыг хориглоно:
8.Мөн 21 нас хүрээгүй болон тээврийн хэрэгсэл жолоодож байгаа мөн согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
 
Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа  
1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь материалаа бүрдүүлэн тухайн сумын Засаг дарга, түүний тамгын газарт материалаа өгнө.
2.Сумдын Засаг дарга Үйлдвэр худалдааны сайдын 110 дугаар тогтоолоор батлагдсан нормативын дагуу хяналтын тоо, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу материалыг хянан үзэж дараахь шийдвэрийг гаргана.
2.1.Өргөдөл гаргагчийн материал, Сумын Засаг даргын саналын хамт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх
2.2.Өргөдөл, холбогдох материалыг өргөдөл гаргагч иргэнд буцаах 
3.Аймгийн Засаг дарга түүний тамгын газар  тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж дараахь үйл ажиллагаа явуулна.
3.1.тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө. 
3.2. шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлуулан, магадлан шинжилгээ хийлгэх
3.3.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох
Тусгай зөвшөөрлийг онцлох шалтгаангүй бол 2 жилийн хугацаатай олгоно. Шаардлагатай гэж үзвэл богино хугацаатай олгож болно.
 
Тав.Тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
1. Тусгай зөвшөөрөл сунгах 
1.1. Тусгай зөвшөөрөл сунгуулахад дараах материалыг хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө бүрдүүлэн аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт ирүүлнэ
  • өргөдөл 
  • Сумын Засаг Даргын санал
  • тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл
  • Татварын хэлтсийн тодорхойлолт /Санхүү татварын тайланг цаг хугацаанд нь гаргаж, орлого татвараа зөв тодорхойлдог эсэх/
  • Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт / зөрчил гаргасан эсэх/
1.2.Тусгай зөвшөөрлийн сунгуулах тухай иргэний өргөдөл, материалыг хүлээн авч дараахи шийдвэрийг гаргана.
  • Тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар сунгах
  • Тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзан албан бичгээр хариу өгөх
2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
2.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ.
2.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг 3 сарын хугацаатайгаар түтгэлзүүлнэ.
2.3.Түтгэлзүүлсэн хугацаанд багтаан зөрчлөө арилган, холбогдох байгуулагаар шалгуулна. Энэ тухай Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
3.1. Тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд хүчингүй  болгоно.
  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан
  2. Хуулийн этгээд татан буугдсан
  3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа болон ноцтой зөрчсөн
  4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг  биелүүлээгүй
  5. Онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, үндсэн баримтгүй болон хуурамч баримттай худалдаа эрхлэн татварын багц хуулийг зөрчсөн
  6. Ажлын байрны дүгнэлтгүй болон сунгуулаагүй худалдаа үйлчилгээ эрхэлсэн
  7. Зөвшөөрөл олгосноос өөр газарт худалдаа үйлчилгээ эрхэлсэн болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.2, 6.3 заалтуудыг зөрчсөн
  8. Тусгай зөвшөөрөл олгосноос хойш үйл ажиллагаагаа эхлээгүй 1 жил болсон
  9. Хуулиар заасан бусад тохиолдол
Зургаа. Журмын хэрэгжилтэнд тавих хяналт, бусад зүйл 
1.Журмыг  аймаг, сумын Засаг дарга түүний Тамгын газраас хэрэгжүүлнэ.
2.Тухайн худалдаа үйлчилгээний байгуулагаар үйлчлүүлэгчид байнгын хяналт тавина.
3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн талаар гарсан зөрчлийг бүрэн хариуцна.
4.Тусгай зөвшөөрлийн талаар гарсан маргааныг зохих хуулийн дагуу шийдвэрлэнэ.