Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2007 оны
510 дугаар захирамжийн хавсралт
 
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ АВСАН АЖ АХУЙН НЭГЖИД ТАВИГДАХ
ҮНДСЭН ШААРДЛАГА 
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1.Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай” хуулиуд болон аймаг, сумын удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэр, энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
1.2.Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь тухайн худалдаа, үйлчилгээний онцлог, технологи, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байр, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсдаар хангагдсан нөхцөлд үйл ажиллагаа явуулна.
1.3.Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь стандарт, чанарын шаардлага хангасан шинжилгээгээр хүний эрүүл мэндэд харшлахгүй нь батлагдсан согтууруулах ундаа худалдаж түүгээр үйлчилнэ.
 
Хоёр. Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цэг салбарт тавигдах үндсэн шаардлага
2.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбар нь худалдаа, үйлчилгээний онцлог, технологийн дагуу оновчтой төлөвлөгдөж хийгдсэн зохион байгуулалт бүхий ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг хангасан, шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг агааржуулалттай, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангахуйц үйлчилгээний танхимтай байна.
2.2.Хүнсний дэлгүүр нь мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, гурил, будаа элсэн чихэр, талх, нарийн боовыг тогтмол худалдах бөгөөд гол нэрийн барааны нөөцтэй байж тасалдал гаргахгүй ажилладаг байх
2.3.Дэлгүүрийн худалдааны танхим нь 30 м2-аас доошгүй талбайтай, согтууруулах ундааны сэрэмжүүлэг болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэрэглэгчдэд харагдахуйц газар байрлуулах
2.4.Зоогийн газар, кафе, баар нь Стандарт хэмжил зүйн төвийн 2003 оны Төрөл бүрийн архи, техникийн ерөнхий шаардлага MNS179:2003 стандарт, Худалдааны газрын үйлчилгээ 50/21:2004 гэсэн стандартаар тогтоогдсон байх бөгөөд үйлчилгээний танхимаас гадна технологийн урсгалыг зөв тооцож шийдсэн бэлтгэлийн өрөөтэй байна.
2.5.Үйлчилгээнд шаардагдах цэвэр үзэмжтэй хийгдсэн хоолны цэстэй, түүнд бичигдэх бусад бараа бүтээгдэхүүний нэр төрөл согтууруулах ундааны төрөл стандартаар тогтоогдсон байна
 
Гурав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг
3.1.Аж ахуйн нэгж улсын бүртгэлийн гэрчилгээ, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай бүтээгдэхүүн тус бүрийн шинжилгээний бичиг, улсын байцаагчийн дүгнэлт, бэлтгэн нийлүүлсэн газрын зарлагын падаан /тамга, гарын үсэгтэй байх/ зэрэг материалыг байнга бэлэн байлгаж шаардлагатай үед шалгуулна.
3.2.Аж ахуйн нэгж нь албан өрөө, ажлын байр, агуулах болон бусад өрөө тасалгаанд өөрсдөө согтууруулах ундаа хэрэглэн гадны хүн авчирч дайлах зэрэг зохисгүй байдал гаргуулахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
3.3.Үйл ажиллагааны талаар хууль хяналтын байгууллага, аймаг, сумаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, иргэд, үйлчлүүлэгчдээс гарсан санал, гомдлыг барагдуулахад хариуцлагатай хандаж ажиллана.
3.4.Аж ахуйн нэгж тогтоосон цагийн хуваарийг хатуу мөрдөж ажиллана.
3.5.Зөвхөн стандарт, чанарын баталгаатай хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч, зөв хадгалан боловсруулж иргэдэд худалдаалж, үйлчилнэ.
 
Дөрөв. Хориглох үйлчилгээ 
4.1.Зөвшөөрлийн гэрчилгээг ашиглан заагдсан байрнаас бусад газар согтууруулах ундаа худалдаж түүгээр үйлчлэхийг хориглоно.
4.2.Хүнсний дэлгүүр согтууруулах ундааг савлах, аягалж хундагалж худалдахыг хориглоно.
4.3.Зоогийн газар, баар, кафед халуун хоол, хүйтэн зууш, ундаагүй зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.