Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн Засаг даргын 2003 оны
51 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ШАЛТГААНД
ДҮГНЭЛТ ХИЙЖ, АВАХ АРГА ХЭМЖЭЭГ САЙЖРУУЛАХ
ЖУРАМ
 
 
Нэг. Журам гаргах үндэслэл, зорилго:
Манай аймагт 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл тууштай буурахгүй, 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оныхоос 19.7 хувиар нэмэгдэж, улсын дундажаас 18.1 хувиар их, эндэгдлийн түвшингээр улсын хэмжээнд хамгийн өндөр байгаад дүгнэлт хийж, бага насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд хийх мэдээ, мэдээллийг сайжруулан түүний мөрөөр авах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хүүхдийн эндэгдлийг бууруулахад оршино.
 
 
Хоёр. Эндэгдлийн шалтгаанд дүгнэлт хийх, мэдээ мэдээллийг сайжруулах талаар
1.Сумын эмнэлгүүд хүүхдийн эндэгдэл эмнэлэгт болон гэрээр гарсан тохиолдол бүрт ЭМГ-т шуурхай мэдээлэл өгч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт задлан шинжилгээний дуудлага өгнө. Тухайн сум дуудлагын эмч, ажилтны томилолтын зардлыг хариуцна.
 
2.Аймгийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн нас баралтын тохиолдол бүрт эмч мэргэжилтнээ томилон явуулж задлан шинжилгээ хийж, оношийн тохироо, нас баралтын шалтгааны тухай мэдээллийг Эрүүл мэндийн газарт тухай бүр өгч байна.
 
3.Эрүүл мэндийн газар эндэгдлийн шалтгаанд дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээг сайжруулах асуудлаар мэргэжлийн багийг томилон ажиллуулж дүнг шаардлагатай бол газрын зөвлөлийн хурлаар хэлэлцэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
 
Эндэгдлийн шалтгаанд хийсэн дүгнэлт, авсан арга хэмжээ, цаашид зохиох ажлын талаар орон нутгийн удирдлага, эмнэлгийн байгууллагуудад эргэн мэдээлж байхын хамт улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газарт тодорхой мэдээлэл танилцуулга хийнэ.
 
Гурав. Журмыг мөрдөж хэрэгжүүлэх талаар
1.Энэ журмыг Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн эмнэлгүүд мөрдөж хэрэгжүүлнэ.
2.Журмыг захирамж гарсан өдрөөс эхлэн мөрдөнө.