Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны
59  дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
  
 
АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОЛ БАГАТАЙ ЯВУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 2007 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 280 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Үүний 45 нь ашиглалтын, 235 нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглалтын талбай 14048 га, хайгуулын талбай 2634010  га байна.
Булган аймгийн нутаг дэвсгэрт алтны шороон ордыг ашиглаж эхэлснээс хойш 601-га тайлбайд газрын хэвлий эвдэж, хаягдал овоолго үүсгэсэн байна. Үүний улмаас газар нутгийн унаган төрх алдагдаж, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанд бэрхшээл гарч, гол горхи ширгэж, гол мөрний усны түвшин багасч, байгаль орчин, экологид их хэмжээний хохирол учирсан байна. Иймээс ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах шаардлага урган гарч байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
            Дэд хөтөлбөрийн зорилго нь ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай, ээлтэй технологиор явуулах, ашигт малтмалын орд газрын нөхөн сэргээлтийн стандартыг мөрдүүлэх, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг гүйцээн нөхөн сэргээх арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлагатай хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах замаар учирсан хохирлыг арилгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд оршино.
                                                           
Хөтөлбөрийн зорилт:
1. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, уурхайн эдэлбэр газар, талбайн тооллого явуулах, экологид учирсан хохирлыг тогтоон түүнийг нөхөн төлүүлэх;
            2. Нөхөн сэргээх ажлын журам, эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, заавар, ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартыг мөрдүүлэх;
            3. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны байгаль орчны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд орон нутгийн байгаль орчныг хамгаалах болон хяналтын байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах; 
4. Хайгуул, ашиглалтын хаягдалгүй, байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагыг бий болгох;
            5. Уул уурхайн нөхөн сэргээлтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгаа, сургалт, семинар зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
                                                Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 
1 дүгээр үе шат: 2008 оныг дуустал;
2 дугаар үе шат: 2009-2010 оныг дуустал. 
 
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Нэгдүгээр зорилтын хүрээнд:
 
-          ашигт малтмалын ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага бүрийн уулын ажлын дэвсгэр зураг хийж, бүртгэх, эвдрэлд өртсөн талбайн хэмжээг тодорхойлох, эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийгээгүй талбайн хэмжээ, эзэлхүүнийг тогтоох;
 -          эвдэрсэн газрын тооллого хийж тусгай зөвшөөрөл эзэмшигч, хариуцагчийг тогтоох;
 -          хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр нөхөн төлүүлэх;
 -          хариуцагч нь тогтоогдоогүй газрын нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
 -          эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн аймгийн хэмжээний бүртгэл, мэдээллийн сүлжээ бүрдүүлэх.
Хоёрдугаар зорилтын хүрээнд:
 -          ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын жил бүрийн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах ажлыг стандартын дагуу хийлгэж хэвшүүлэх;
 -          биологийн нөхөн сэргээлтийг шинэчлэгдсэн аргачлалын дагуу хийлгэн ашигт малтмалыг хайх, олборлох явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг мөрдүүлэх;
  -          эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хөрсний үржил шим, бүтэцтэй нь уялдуулан тогтоох, экологийн хохирлын төлбөр, нөхөн төлбөр, хураамжийг тооцох, хариуцуулах, төлүүлэх;
 -          ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах газар, бүс нутгийг тогтоох, жагсаалтыг гаргах;
 -          уурхайг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах үеийн нөхөн сэргээлтийн төсөл, томоохон төсөлд хаалтын нөхөн сэргээлтийн сан байгуулах.
Гуравдугаар зорилтын хүрээнд:
-          ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд уурхайн эдэлбэр газрын байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж байх орон нутгийн хяналт, зохицуулалтыг сайжруулах; 
-          хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг заавал хийлгэх шаардлагыг орон нутгийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлдэг болох;
 -          орон нутагт байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын газрын ажлын уялдааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, жил бүр 2-оос доошгүй удаа нөхөн сэргээлтийн явцтай танилцан дүгнэлт гаргаж байх байнгын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх.
 
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
- нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг мэргэжлийн алба, аж ахуйн нэгжийг байгуулж нөхөн сэргээлт хийгдээгүй болон дутуу хийгдсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авч, зардлыг нөхөн төлүүлэх механизмыг бүрдүүлэх; 
-алтны шороон орд болон бусад ашигт малтмалын ашиглалтын байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг сонгон мөрдүүлэх, энэ талаар гарч байгаа тэргүүний арга туршлагыг нийтэд дэлгэрүүлэх; 
-алт, нүүрс зэрэг ашигт малтмалыг гар аргаар олборлосон тохиолдолд нөхөн сэргээлтийг заавал хийж байх эрх зүйн орчин бүрдүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох.
Тавдугаар зорилтын хүрээнд:
-нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх үйл ажиллагааг жигдрүүлэх;  
-нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгж, байгууллага болон эвдэрч өөрчлөгдсөн талбайн талаар мэдээлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй технологиор ашигт малтмал ашиглахыг дэмжиж сурталчлах; 
-нөхөн сэргээлтийн хөрөнгө барьцаалах, үүсмэл ордыг ашиглах, хайгуулын талбайг нөхөн сэргээхэд зөрчил гаргасан, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тендер зарлан уг талбайг бусад аж ахуйн нэгжид шилжүүлэх, шинээр лиценз олгохгүй байх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
 - төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хяналт тавьж ажиллах; 
- ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад зориулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт, семинар тогтмол зохион байгуулж байх; 
-орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтад хамруулах.
 
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
 5.1 Удирдлага, зохион байгуулалт 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, салбар дундын зохицуулалт хийх, яам, агентлаг, аймаг, сумын үйл ажиллагааны уялдааг хангах үндсэн дээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүргийг аймгийн мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлнэ.
 
 5.2 Хөтөлбөр нь дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:
   а/улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө; 
   б/хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардал;
   в/байгаль хамгаалах сангийн хөрөнгө;
   г/гадаад болон дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;
   д/сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх төрийн сан.
 
Зургаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн
  Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ:
  6.1. Хууль тогтоомж, журам, зөвлөмж, аргачлал, стандарт, норм, норматив бүрэн гарч эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна.
  6.2. Нөхөн сэргээгдээгүй, хариуцах эзэнгүй газар байхгүй болж цаашид уул уурхайн үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийн ажил дор дурдсанаар төлөвшсөн байна:
 -уул уурхайн ашиглалтад өртсөн газрын зураглал, бүртгэл бий болж нөхөн сэргээгдээгүй эдэлбэр газарт техникийн, тэдгээрийн 80-аас доошгүй хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна;
 - нөхөн сэргээлтийн талаархи статистик мэдээллийг эвдэрсэн газрын талбайн хэмжээ, бодит эзэлхүүнээр жил бүр улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, нөхөн сэргээлтийн ажлыг иргэдийн хяналтан доор явуулна;
 -ашигт малтмал олборлож байгаа бүх аж ахуйн нэгж, иргэд нөхөн сэргээлт хийх ажлыг шаардлагын дагуу, тогтоосон хугацаанд хийж хэвшсэн байна;
 -нөхөн сэргээлт хийгээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ашигт малтмал цаашид олборлох эрхийг хориглоно;
 - нөхөн сэргээлгүй орхисон эдэлбэр газрын талбайн хэмжээ, хариуцагчийг тогтоосон байна;
 -          хууль тогтоомж, дүрэм, журам ноцтой зөрчсөн этгээдэд хариуцлага тооцно;
 -          нөхөн сэргээлтийн мэргэжлийн алба, аж ахуйн нэгж бий болгосон байна;
 -          орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар бүрэн мэдээлэлтэй болсон байна.