Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2006 оны 11-р сарын 03-ний өдрийн 
65-р тогтоолын хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН БОЛОН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД САНАЛ ӨГӨХ, ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
2006.11.03 Алтай хот
     Нэг. Зорилго:
     1.1 Аж ахуйн нэгж, байгууллагуудаас тус аймгийн нутаг дэвсгэрт “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11.1.6 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авах мэдэгдэлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргаас санал өгөх, лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Санал авахад бүрдүүлэх бичиг баримт.
     2.1. Санал өгөхийг хүссэн өргөдөл /хайгуулын болон ашиглалтын ямар төрөл болох, ямар аргаар хайгуул хийх, хугацаа зэргийг тодорхой дурьдах/
     2.2. Байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, хаяг, факс, E-mail, аж ахуй нэгжийн товч танилцуулга
     2.3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын албан тоот
     2.4. Үйлчилгээний хураамж төлсөн баримт
     2.5 Ашиглалтын лиценз авах өргөдөл гаргасан бол орон нутагтай хамтран ажиллах талаар тохиролцож нэмэлт хэлцэл хийх саналаа ирүүлнэ.
Гурав. Дүгнэлт гаргах, санал боловсруулах.
     3.1. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтнууд танилцсаны дараа ҮДББОБЗХ-ийн уул уурхайн бодлого, төлөвлөлт хариуцсан ажилтан мэдэгдлийг бүртгэн, Газрын албанд өөрийн биеэр очиж М1:100000-ны масштабтай зураг дээр солбицолыг шалгуулна.
     3.2. Газрын алба солбицолын тулгалт хийсэн тухай албажуулсан мэдээллийг тухайн талбай байрласан планшетийн дугаар, булангийн цэгүүдийг тусгасан тойм зураглалын хамт ҮДББОБЗХ-т гаргаж өгнө.
     3.3. Тухайн газрыг сум, орон нутаг нь тусгай хэрэгцээнд авахаар аймгийн ИТХ-ын шийдвэр гаргуулсан бол энэ тухай мэдээллийг Газрын алба, ҮДББОБЗХ-т гарган өгнө.
     3.4. ҮДББОБЗХэлтэс шаардлагатай гэж үзвэл аймгийн МХГ-ын геологи уул уурхайн асуудал хариуцсан улсын байцаагчаас уг талбайд санал авахаар материалаа ирүүлсэн хуулийн этгээд нь тус аймагт өмнө нь хайгуулын болон ашиглалтын талбай авсан эсэх, тухайн газартаа хуулиар тогтоосон үүргээ биелүүлсэн эсэх талаар албажуулсан мэдээлэл авна.
     3.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ҮДББОБЗХ-т энэ журмын 2.1-2.4, 3.2-3.4-д заасан материалуудаар мэдээллийн сан үүсгэн хадгална.
Дөрөв. Санал өгөх.
     4.1. ҮДББОБЗХэлтэс ирсэн мэдэгдлийг тухайн талбай байрших сумын ИТХТ-ийн даргад хүргүүлж 14 хоногийн дотор саналыг нь бичгээр авна.
     4.2. Аймгийн Газрын алба болон тухайн сумдын ИТХТ-ийн санал, дүгнэлтийн хамт аймгийн ИТХТ-ийн даргад танилцуулж саналыг авна. Тэргүүлэгчдийн хурал хийх боломжгүй нөхцөлд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга өөрөө санал өгч энэ тухай Тэргүүлэгчдэд албан ёсоор мэдэгдэнэ.
     4.3. Аймгийн Засаг дарга холбогдох газруудын санал, дүгнэлттэй танилцаж мэдэгдэлд хуульд заасан хугацаанд багтаж саналаа өгнө.
 4.4. Аймгийн Засаг дарга мэдэгдэлд баталгаат гарын үсэг зурж, аймгийн Засаг даргын тамгыг дарж санал өгнө.
     4.5. Татгалзсан санал өгөх үндэслэлүүд.
     4.5.1. Аймгийн нөөц газар, түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт, тусгай хамгаалалтанд багтах газруудад дэмжих санал өгөхгүй.
     4.5.2. Энэ журмын 3.1-3.5 дахь заалтуудын аль нэгд холбогдох байгууллага ажилтнуудаас татгалзсан санал өгч энэ санал нь хууль тогтоомжуудад нийцэж буй тохиолдолд дэмжих санал өгөхгүй.
     4.5.3. Тухайн иргэн хуулийн этгээд нь тус аймагт өмнө нь авсан талбайдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүсэлт гаргаж буй талбайд нь татгалзсан дүгнэлт өгнө. 
        Тав. Лиценз эзэмшигчдэд тавих хяналт.
 5.1. Геологи хайгуулын ажил эрхлэх болон ашигт малтмал олборлох лиценз авсан иргэн хуулийн этгээд нь орон нутагт холбогдох шатны Засаг дарга нарт ажил эхлүүлэх талаар мэдэгдэж, байгаль орчныг хамгаалах, ажиллагсад оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулах болон орон нутгийн захиргааны өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх талаар аймаг, сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулна.
      5.2. Геологи хайгуулын болон ашиглалтын ажлыг явуулах үе шатны төлөвлөгөөгөө танилцуулан цаг тухай бүрд нь мэргэжлийн хяналтын ямар шалгалт хийх, зохих тайлан мэдээг хэдий хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх асуудлаа албажуулан баталгаажуулж, аймгийн МХГ-ын холбогдох байцаагчийг байлцуулан талбайн булангийн цэгүүдийг тавьсан актыг үйлдэж АМГТХЭГ-ын ГУУКадастрын газраар баталгаажуулсаны дараагаар үйл ажиллагаагаа эхлэнэ.
      5.3 Тус аймгийн нутагт хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшигч нь дахин зөвшөөрөл авахаар мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг бүрэн хийж байгаа байдал, холбогдох хуулийг болон гэрээний заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа зэргийг харгалзан шийдвэрлэнэ. 
      Зургаа.Хариуцлага.
      6.1. Санал дүгнэлт гаргахдаа буруу мэдээллээр аймгийн Засаг даргыг хангаж гарын үсэг зуруулсан тохиолдолд тухайн албан тушаалтан зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Долоо. Үйлчилгээний хураамж авах, зарцуулах
     7.1. Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулахаар санал авч буй аж ахуйн нэгж, иргэдийн мэдэгдэл тутмаас 100,000 төгрөгийн, ашиглалт олборлолт явуулах зөвшөөрөлд өгсөн саналд 300,000 төгрөгийн үйлчилгээний хураамж авна.
     7.2. “Аймгийн хөгжлийг дэмжих сан”-д үйлчилгээний хураамжийг төвлөрүүлнэ.

     7.3. “Аймгийн хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгийн хувиарлалт , зарцуулалтыг аймгийн Засаг дарга ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулна.