Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 38 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


“ХҮН ХУДАЛДАХ ЯЛАНГУЯА ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ
БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХААС ХАМГААЛАХ”
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР


Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Дэлхий дахинд, ялангуяа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хүн худалдах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, биеийг нь үнэлүүлэн орлого олохоор нэг улсын дотор болон хил дамжуулан худалдах асуудал сүүлийн үед их хэмжээгээр өргөжиж, зэвсэг, хар тамхины наймааны дараа орох болсон байна.
Судалгаанаас үзэхэд хүнийг үйлдвэр, тариалангийн талбайд ажиллуулах, гэрийн ажилд зарцлах, тахир дутуу болгон гуйланчлуулах, эрхтэнг нь авч худалдах, ббэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, биеийг нь үнэлүүлэх, садар самууны сурталчилгаанд ашиглах зорилгоор худалддаг байна. Хүн худалдах гэмт хэргийн 75 орчим хувийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах хэлбэр эзэлдэг ажээ.
Зарим эх сурвалжаас үзэхэд дэлхийн хэмжээнд нэг жилийн дотор 0,7-2 сая хүн, Европын Холбооноос тогтоосноор зөвхөн баруун европын орнуудад жилд 1200000 хүн худалдагдаж байгаагийн нилээд хэсгийг өсвөр насны охид, хөвгүүд эзэлдэг байна.
Хөгжиж байгаа орны хүүхэд, эмэгтэйчүүдийг улсын дотор, хөрш зэргэлдээ улс руу болон Ази, Европын хөгжингүй орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах, гэрлүүлэх зэрэг хуурамч зарыг ашиглан мэхэлж аваачдаг бөгөөд улмаар хууль бус орогнол, бичиг баримтын зөрчил, мөнгөгүй, хэл мэдэхгүйн улмаас тусламж авах бололцоогүй байдлыг нь ашиглан эрхшээлдээ оруулж биеийг нь үнэлүүлэн орлого олдог байна.
Сүүлийн жилүүдэд монгол охид, эмэгтэйчүүд төрөл бүрийн зар, зуучлалд хууртагдан Макао, Хонгконг, Хятад, Европын зарим оронд очих болсон бөгөөд дээр дурдсан эмзэг байдлаас шалтгаалан хүчирхийлэл, дарангуйлалд автах, бие махбодь, сэтгэл зүйн хохирол үзэх зэргээр эрх нь зөрчигдөх болсон. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчдын дотор бие бялдар, оюун ухааны хувьд ч төгс төлөвшөөгүй байдгийн хувьд хүүхдийг онцгойлон анхаарч тэдний эрхийг хамгаалах, ялангуяа эрсдлээс хамгаалах эрх зүйн зохих хамгаалал бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенци болон Хүүхдийг худалдах, биеэ үнэлж, садар самуунд татагдахаас хамгаалах тухай Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулсан нэмэлт протокол, Олон улсын Хүүхдийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, нэн даруй устгах тухай 182 дугаар конвенцид тус тус нэгдэн орсноор хүүхдийн хамгааллыг сайжруулах үүргийг хүлээсэн юм.
Иймд нийгмийн хүрээнд гарч байгаа өөрчлөлт, даяарчлал, ядуурал, иргэдийн ёс суртахууны өөрчлөттэй холбоотой хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэхасуудлыг онцгойлон үзэж “Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
Хүний эрхийн асуудал нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, иргэний нийгмийн хамтын ажиллагааг шаардсан асуудал бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, үүний дотор аялал жуучлал, үйлчилгээ, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулснаар үр дүнтэй хэрэгжих билээ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийн зорилго нь: Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалахад оршино.
Хөтөлбөрийн зорилтууд нь:
1. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрт туссан үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх
2. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах, тэднийг садар самуунд уруу татах, дотооддоо болон хил дамжуулан худалдах гэмт хэрэг, түүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүдэд учирч болох хохирол, гарах үр дагварын талаархи иргэний нийгэм, эцэг эх, хүүхэд, залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
3. Нийгмийн ажилтан болон боловсрол, аялал жуучлал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагын ажилтны чадавхийг бэхжүүлж, хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллах мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх
4. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, дотооддоо болон хил дамжуулан худалдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчийг нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд төрийн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах
5. Хүн худалдах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж тэдний зүгээс гарсан санал санаачлагыг дэмжих

Хөтөлбөр нь 2015 он хүртэл дараах үе шаттайгаар хэрэгжинэ:
Нэгдүгээр үе шат: 2006-2008,
Хоёрдугаар үе шат: 2008-2011,
Гуравдугаар үе шат: 2011-2014 он хүртэл

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, санхүүжилт

1. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

- Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, садар самуунд уруу татах, үүнээс гарах сөрөг үр дагавар, хохирлоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах
- Аялал жуучлал, тээвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн зорилгоор ашиглах, худалдах, хил дамжуулан худалдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчийг нөхөн сэргээх чиглэлийн чадавхи нэмэгдүүлэх сургалтад хамруулах
- Хууль хяналтын байгууллагын ажилтны энэ төрлийн гэмт хэргийн талаархи ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, илрүүлэх, тэмцэх арга барил, ур чадварыг нэмэгдүүлж, техникийн дэвшлийг өргөн ашиглах
- Хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвартай болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй зохион байгуулах
- Бэлгийн мөлжлөгт өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн гэр бүлд чиглэгдсэн сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахад иргэний нийгмийн оролцоог хангах
- Хэвлэл мэдээлэл, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зориулсан хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглаглахаас хамгаалах сургалтыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах, тэдний чадавхийг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх
- Хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн нийгмийн ажилтныг бэлтгэх, тэднийг чадваржуулах, тэдгээрт зориулж гарын авлага, сурталчилгааны материал боловсруулах арга хэмжээг авах

2. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

- Иргэний бүртгэл мэдээлэл, хууль сахиулах болон холбогдох байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгож, ажилтныг нь чадавхижуулах
- Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас хамгаалах зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах

3. Хохирогчдыг хэвийн амьдралд нь буцаан нийгэмшүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

- Садар самуун, бэлгийн хүчирхийлэл, арилжаанд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн талаархи мэдээллийн сүлжээг бий болгох
- Хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг нөхөн сэргээх, тэдний хувийн нууцыг хадгалах, нэр төрийг нь хамгаалах чиглэлээр хууль хяналт, засаг захиргааны байгууллагын ажилтны мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэгийг системтэй нэмэгдүүлэх
- Хохирогч болон эрсдэлд байгаа хүүхдийн боловсролыг нөхөн олгох, нийгэмшүүлэхэд бүх талын дэмжлэгийг үзүүлэх
- Бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглагдаж эрсдэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тэднийг нөхөн сэргээх үйлчилгээг бий болгох
- Хохирогч болон эрсдэлд байгаа хүүхдийг эрхээ хамгаалах, нийгэмшин төлөвших, нийгмийн амьдралд оролцох чадварт сургах үйл ажиллагааг дэмжих
- Хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх “итгэлтэй утас”, хамгаалах байрны үйлчилгээг хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, тохиромжтой хэлбэрээр хөгжүүлэх арга хэмжээ авах
- Хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нэгжийг хохирогчдын амьдрах орчны ойролцоо ажиллуулах, сэтгэл зүйн сэргээн засах үйлчилгээг бий болгох чиглэлээр төрийн бус байгууллагын гаргасан санал, санаачилгыг дэмжих
- Хүүхэд, эмэгтэйчүүдэд учирсан хохиролыг барагдуулах эрх зүйн орчинг бий болгох асуудлаар саналаа өгөх
- Садар самуун явдал, бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж буй байгууллага, иргэдийн үйл ажиллагааг урамшуулан дэмжих
- Хүүхэд, эцэг эх, тэдний гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар ойлголт хандлагыг төлөвшүүлэх сурталчилгааг өргөжүүлэх
- Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүд эх орон, орон нутагтаа эргэн ирэх, нийгэмших таатай нөхцөлийг бүрдүүлэх

Хөтөлбөрийг :
1. Орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгө
2. Хандивагч орон болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, тусламж, хандивын хөрөнгө
3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хурамтлагдсан тусламж, хандивын хөрөнгө
4. Хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
5. бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн

1. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас сэргийлэх асуудлаар нийгмийн бүх давхаргын ойлголт нэмэгдэж, зөв хандлага төлөвшинө.
2. Суурь боловсролоор олгогдож буй эрх зүй, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал тусгагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг дээшилнэ.
3. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын чадавхи бэхжин тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа сайжирна.
4. Садар самуун явдал, бэлгийн хүчирхийлэл, арилжаанд өртсөн болон өртөж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн тоог бууруулж, тэдэнд үзүүлэх боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ бий болно.
5. Хил дамжин худалдагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа сайжирна.
6. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах боломж нөхцөлийг сааруулж түүнд тавих хяналт сайжирна.