Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын
2006 оны 25 дугаа
1дүгээр хавсралт
 
“МОРИН ХУУР, УРТЫН ДУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ
ДЭМЖИХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
Монголын ард түмэн олон зуун жилийн тэртээгээс үндэснийхээ түүх соёлын хосгүй нандин өв, дурсгалуудын дотроос онцгойлон эрхэмлэж, бүтээн туурвиж өвлүүлэн уламжлуулсаар эдүгээ хүрсэн манай соёлын үнэт өв, үндэсний бахархал болсон монгол уртын дуу, морин хуур хэмээх энэхүү гайхамшигт бүтээлийг ХХ зуунд тайз дэлгэцийн урлагтай хослуулан хөгжүүлснээр, олон зуун авьяастан, мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч үндэсний соёл урлагаа олон улсын түвшинд сурталчлан таниулахад чухал шинэчлэл болж уртын дуу, морин хуураа хойч үедээ уламжлуулан судлан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
 
Монгол улс “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” олон улсын конвенцид нэгдэн орох, монгол ардын уртын дуу болон ардын улажлалт урлагийн бусад зүйлийг “Дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист” тунхаглан бүртгүүлэхэд энэхүү үндэсний хөтөлбөр нь чухал үзүүлэлт, шалгуур болох ач холбогдолтой. Үүний зэрэгцээ морин хуур, уртын дууг хойч үедээ өвлүүлэн, хуурдаж дуулах эрдэмд сургах ажлыг бүх нийтийн хүртээл болгон дэлгэрүүлж, монгол үндэстэн, монгол хүний нэрийн хуудас, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох хөдөлгөөн өрнүүлэхэд чухал нөлөө болох юм.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Хөтөлбөрийн зорилго
Монгол улсын Үндсэн хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжинд монгол үндэстэн угсаатан, ястны өв соёл, түүх, ёс заншлыг хадгалан, хамгаалах, баяжуулж уламжлан өвлүүлэх талаар тусгагдсан асуудлын хүрээнд морин хуур хөгжим, уртын дууг хадгалж хамгаалах, уламжлан хөгжүүлэх, судлаж сурталчлах ажлыг зохион байгуулж уртын дууг, моринхуурыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулж хуурдах эрдэмд сургах ажлыг бүх нийтээр үндэсний бахархалын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэх үйлст дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
2.2. Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлж байна.
2.2.1. Морин хуур, уртын дууны уламжлалт баялаг, урын сан, морин хуур, уртын дуучдын өвлөн авсан авьяас билиг, урлаачдын ур чадварыг хадгалж хамгаалан, өсвөр залуу үеийхэнд сургаж өвлүүлэх дэг сургуулийг дэмжин хөгжүүлэх
2.2.2. Морин хуур, уртын дууны сургалтыг гүнзгийрүүлэхэд байгууллага нэгж, ард олны оролцоог идэвхжүүлэх, судлагаа, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
2.2.3. Монголын их хаадын үеийн ардын хөгжмийн сургуулийн алтан уламжлалыг сэргээж, аймгийн Засаг даргын дэргэд дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэх
2.2.4 Морин хуурч, уртын дуучдыг тодруулж, авьяас билгийг нь хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хэмжээнд урлагийн бага наадмыг зохион байгуулах ажлыг эхлүүлж үр дүнг тооцдог болох

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ
-Орон нутгийн хэмжээнд авьяас чадвар бүхий морин хуурч, эхилч, уртын дууч, урлаачдын дэлгэрэнгүй судлагаа, каталоги гарган тэдний дуулж хуурдах донж маяг, дэг сургууль, ховор нандин тоглолтуудаас аудио, видео хуурцагт бичин авч бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж хадгалах
-Дуу хуурын нандин өв, билиг авьяастнуудын тоглолтоос бүрдсэн ном товхимол, видео, аудио бичлэгийг хөгжим, бүжгийн хичээлийн сургалтанд бүрэн ашиглах
 
3.2.Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
-Морин хуур, уртын дууны хичээлийг ЕБС-ийн болон албан бус зайны сургалтын хөтөлбөрт тусгах
-Байгууллага нэгж, айл өрх бүр морин хууртай болж, иргэн бүр уртын дуу дуулж, хуурдаж сурах хөдөлгөөн өрнүүлж, сургалтанд бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх
-Орон нутагт морин хуур үйлдвэрлэх ажилд онцгой анхаарч бүтээгдэхүүний чанарыг сайжруулж мэргэжлийн хэмжээнд хүргэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Морин хуурч, уртын дуучдад сургалт явуулах багш нарыг болон бүсийн сургалтанд хамруулан бэлтгэж, орон нутагт хийх сургалтыг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр сургалчлах
 
3.3.Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
-Аймгийн Засаг даргын ивээлд “дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгээс” ерөнхий боловсролын аль нэг сургуулийг сонгон авч, дуу хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалт хичээллүүлэх ажлыг шийдвэрлүүлэх
-Баяр ёслол, төрийн хүндэтгэл, албан ёсны бүх арга хэмжээнд тоглолгдох тоглолт болон хүүхдийн урлагийн авьяасыг хөгжүүлэх эх үндэс тавигдана
-Дуу хөгжмийн гүнзгийлүүлсэн сургалттай тусгай сургалтын бэлтгэл ажил, суралцагсад, ажиллах мэргэжлийн багш боловсон хүчний хангалт, аж ахуйн зохион байгуулалтын ажлыг эхлүүлэн ажиллуулах
 
3.4.Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
-Уртын дууч, морин хуурчдыг тодруулах зорилгоор орон нутгийн хэмжээнд үндэсний уламжлалт урлагийн бага наадмыг жил бүр аль нэг сумын нэрэмжит болгон явуулж, сум баг албан байгууллага нэгжээр уламжлан авьяастан уран бүтээлчид, хүүхэд залуучуудыг өргөнөөр оролцуулж, шалгарсан авьяастнуудыг шагнаж, урамшуулах алдаршуулах ажлыг зохион байгуулах
-Урлагийн наадмууд, авьяастнуудын тоглолтуудыг нэгтгэн бичлэг хийх ба баримтат кино болгон хадгалах
-Авьяас төгөлдөр уран бүтээлчдийн шилдэг тоглолт бэлтгэн өөрийн оронд болон гадаад орнуудад явагдах наадмуудад оролцуулах, аялан тоглолт хийлгэх болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
4.1.Аймаг, сум, багт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг аймгийн Боловсрол Соёлын газар, сургалт сурталчилгаа явуулах үүргийг Залуучууд теарт, орон нутгийн соёлын төвүүд, морин хуур уртын дууны салбар төв тус тус эрхлэн гүйцэтгэнэ
4.2.“Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийн салбар зөвлөлийг байгуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлыг чиг үүргийг аймгийн Засаг даргаар батлуулан тусгай төлөвлөгөөг гарган ажиллуулах
4.3.Орон нутгийн салбар зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж жилийн эцэст ажлаа тайлагнаж байх
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2005-2014 оныг дуусталх хугацаанд хэрэгжүүлнэ.
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт
“Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг
 
Нэгдүгээрт. Орон нутгийн авьяас бүхий дууч, хуурчдын дэлгэрэнгүй судлагаа гарган каталогижуулах, бүртгэл мэдээллийн сантай болох, сургалтын иж бүрэн материалыг бүрдүүлэх
 
Хоёрдугаарт. Морин хуур, уртын дууны сургалтыг үе шаттайгаар явуулж, судлгаа сурталчилгааг эрчимтэй өрнүүлэх
 
Гуравдугаарт. Дуу хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай хүүхдийн үндэсний найрал хөгжмийн хөгжимчид дуучид бэлтгэх ажлыг зохион байгуулах
 
Дөрөвдүгээрт. Авьяас билигт дуучид, хуурчдыг тодруулах урлагийн бага наадмыг жил бүр тухайн нэрэмжит болгон явуулж буй сумдад их наадмыг 4 жилд 1 удаа аймгийн төвд зохион явуулж тогтох гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваан төлөвлөж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сум, баг холбогдох орон нутгийн хэвлэл мэдээлэл, боловсрол-соёл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл иргэдийн оролцоо хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлагаар хангаж ажиллах.
Ийнхүү “Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг тогтоон, ажлын төлөвлөгөө гарган шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар тогтоов.
-Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, орон нутагт хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
-Дотоод гадаадын байгууллага иргэдээс өгсөн хандив тусламжийн хөрөнгө
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нутаг дэвсгэрт явуулсан бага бэсрэг наадмууд  болон сургалтын төлбөрөөс олсон орлого гэх мэт
 
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
1.Морин хуур, уртын дууны мартагдаж байгаа өв уламжлалыг хадгалж, сэргээн өвлүүлэх, билиг авьяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авьяас билиг арга барил, дэг сургуулийг хамгаалан хөгжүүлэх ажлын шинэ тогтолцоо бүрдэнэ
2.Морин хуур, уртын дууны судлагаа, сурталчилгаа эрчимжиж, бүртгэл мэдээллийн сантай болно
3.Олон улсын болон орон нутагт явагдах уралдаан наадмын менежмент боловсронгуй болж, авьяастан уран бүтээлчдийг эрэлт хэрэгцээг хангах тэдэнд үйлчлэх материаллаг болон оюуны орчин бий болгоно.
4. Морин хуур, уртын дууны урлаг сэргэж, монгол үндэстэн, монгол хүний соёлын хэрэгцээ, төр ёс, байр цэнгэл, хэв заншлын орчин бүрдэж, олон улсын түвшинд эзлэх байр суурь дээшилнэ.