Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД  2007 ОНД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ БЭХЖҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  ХЭРЭГЖҮҮЛЭХ  “ТАЙВАН ОРЧИН ”  ДЭД  ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
 
Өнөөгийн нөхцөл байдал.
 
Улс орны хэмжээнд нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, үйлдвэрлэл худалдааны  2 дахь төв болсон Дархан-Уул аймгийн хөгжлийг тодорхойлох нэгэн чухал үзүүүлэлт нь иргэдийн аюулгүй байдал юм.
Аймгийн хэмжээнд 2006 онд нийт 664 гэмт хэрэг үйлдэгдэн гарч нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар буурсан хэдий ч тодорхой төрлийн гэмт хэргүүд, тухайлбал танхайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар, ашиглалын гэмт хэрэг 20 хувиар, дээрмийн гэмт хэрэг 26.6 хувиар, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 10.4 хувиар, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 30 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 10.8 хувиар тус тус өссөн.
2007 оны нэгдүгээр сард нийт 601 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 339-өөр тохиолдлоор буюу 56.4 хувиар өслөө.  
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг  бэхжүүлэх, гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг үндэслэлтэй оновчтой явуулах нь тус аймгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, иргэний  нийгмийн байгууллагыг өргөнөөр оролцуулах, тэдний  үйл ажиллагааг дэмжих, төр, захиргаа, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр ажиллах шаардлага тавигдаж байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 
            Энэхүү  хөтөлбөрийн зорилго нь “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
 
Гурав. Хамрах хүрээ, хугацаа
 
            Хөтөлбөр нь аймгийн хэмжээнд хэрэгжих бөгөөд тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрэгжүүлнэ.
            Хөтөлбөр 2007-2008 он хүртэл 1 жилийн хугацаатайгаар хэрэгжих ба шаардлагатай тохиолдолд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Дөрөв. Үйл ажиллагааны чиглэл
 
4.1 Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, бүх шатанд ажлын
хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр:
4.1.1.     Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулахын тулд цагдаагийн газрын “Цагдаа-олон нийтийн төв”-д түшиглэн орчин үеийн техник хэрэгсэл, технологиор сургалт, зохион байгуулж, ажилтан, алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг тогтмолжуулах
4.1.2.     Аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг, зөрчлийн  шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэлбэрүүдийг санаачлан, тодорхой үүрэгтэйгээр оролцох
4.1.3.     Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бүрэн илрүүлж, учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлж, уг хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг тодруулан, тухай бүр арилгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг  заавал авч байх
4.1.4.     Гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй болон хорих ангиас суллагдсан, ялангуяа 2006 оны “Өршөөлийн тухай” МУ-ын хуулиар суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүст тавих захиргааны хяналтыг чангатгаж, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хүмүүсийн талаарх мэдээллийн санг нэгдсэн цахим сүлжээнд оруулж, мэдээлэл солилцох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах
4.1.5.     Нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын сүлжээ, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, сантай  аймаг, сум, баг хамтран ажиллах
 
4.2. Иргэд, аж ахуйн нэгж, олон нийт, шашин сүм хийдийн байгууллага,
их дээд сургууль, коллеж, төрийн бус байгууллагын
оролцоог өргөжүүлэх чиглэлээр:
 
4.2.1       Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль, коллеж, төрийн бус байгууллагын оролцоог бүх талаар дэмжиж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хийх ажлын жагсаалт гарган мөрдүүлж, биелэлтийг  улирал, хагас, бүтэн жилээр тооцох
4.2.2       Сум, багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, ахмад, эмэгтэйчүүд, оюутан сурагчид зэрэг иргэд, олон нийтийн байгууллагыг нийтийн эргүүлд татан оролцуулж, үйл ажиллагааг нь дэмжин урамшуулах
4.2.3       Хүний жам ёсны эрх болох сүсэг бишрэл, итгэл үнэмшил, хүндэтгэлд  түшиглэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага тэр дотроо хүн амын олонх  шүтдэг  буддын шашны байгууллагуудтай хамтран олон нийтийн анхаарлыг татахуйц өвөрмөц хэлбэрийн  урьдчилан сэргийлэх ажил зохиох
 
 
4.3. Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх чиглэлээр:
 
4.3.1.     Нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор холбогдлын талаар нийтэд сурталчлан сэрэмжлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл нэврүүлгийнхээ бодлогыг чиглүүлж, түүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах
4.3.2.     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах, дэмжих, урамшуулах, хууль сурталчлах хялбаршуулсан болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтран үнэ төлбөргүй буюу хямд төлбөртэй хийж байх боломж бүрдүүлэх
4.3.3.     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж, зөвлөгөө, реклам, сурталчилгааг сонирхолтой хэлбэрээр бэлтгэж  олон нийтэд  цацах ажлыг тогтмолжуулах
4.3.4.     Баримт нотолгоонд түшиглэсэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан ажиллах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нэвтрүүлэг, нийтлэл гаргахгүй байх
 
4.4.Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих,урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр:
 
4.4.1       Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, архины хор холбогдол, сөрөг үр дагаврыг ойлгуулах, архигүй орчныг төлөвшүүлэх асуудлаар нийгэм, эрүүл мэнд, хууль зүйн болон боловсрол, уламжлал, ёс заншил, шашны чиглэлийг хамруулсан сургалтын хөтөлбөр гаргаж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулах, энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүд дотооддоо болон нийтэд  хүртээмжтэй  сургалт, сурталчилгааг санаачлан  зохион байгуулах
4.4.2       Архи, спиртийн үйлдвэрүүдийг чанарын баталгаажуулалтанд тогтмол хамруулах, тохирлын гэрчилгээ олгох, стандартыг мөрдүүлэх
4.4.3       Хуурамч архины үйлдвэрлэлд тавих хяналтыг хүчтэй болгох, хэвлэл мэдээллээр ил тод сурталчлах, жишиг үнээс доогуур үнэтэй согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн  согтууруулах ундаанд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт  хийж шаардлага хангаагүй тохиолдолд үйлдвэрлэл, үйчилгээг нь түр болон бүрмөсөн хаах, таслан зогсоох арга хэмжээ авах
4.4.4       Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэндээр хохирсон хүмүүс, архи хэтрүүлэн хэрэглэгчид, архинд донтох өвчтэй хүмүүс, орчиндоо байнга түгшүүр төрүүлдэг болон орон гэргүй архичид, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн судалгааг нарийвчлан гаргаж, цахим мэдээллийн сан, сүлжээ бүрдүүлэн архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаанд ашиглах
4.4.5       Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шаардлагын түвшинд хүргэх, шаардлага хангахуйц эм тариа, согтуурлын зэрэг тогтоогч багажтай болгох,  захиргааны журмаар арга хэмжээ авахуулж, баривчлагдсан  хүмүүсийн байр, хоол, тохижилт, соёлжилтыг сайжруулах асуудлыг шийдвэрлэх
4.4.6       Архинд донтох өвчтөнг эмчлэх газар, орон байр, эмчилгээ үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх
4.5. Хулгайн болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
 
4.5.1   Хулгайн болон малын хулгайн сүлжээг судлан тогтоосны үндсэн дээр хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн хүч, оролцоог авч зохион байгуулах 
4.5.2 Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд сум, багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл нь багийн хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагч, нийгмийн ажилтан, урамшилт эргүүл, орцны жижүүр, оршин суугчид хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангуулах
4.5.3  Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах арга барил эзэмших, хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл, бололцоог гаргахгүй байх, хөрөнгөө хамгаалах талаар санаачилга гаргаж ажиллах, дохиолол тавиулах, хаалга, цоожны бат бэх байдлыг хангах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллах, гэмт хэрэг гарах таатай нөхцлийг бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хариуцлага хүлээлгэж байх
4.5.4 Сууц өмчлөгчдийн холбоо, багуудтай хамтран гудамжны болон нийтийн эргүүл ажиллуулах журам боловсруулж, гудамж талбай, орон сууцыг байнгын гэрэлтүүлэг, жижүүртэй болгох, иргэдийг нийтийн эргүүлд гаргахдаа хулгай, ялангуяа орон байрны хулгай зонхилон үйлдэгддэг газар, цаг, хугацаанд  ажиллуулж байх
4.5.5 Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тогтоож, хил залгаа аймаг, сумдтай малын хулгайн гэмт хэргийн талаар хоорондын мэдээлэл солилцох,  тодорхой авагдсан мэдүүллүүдийг шалгах, тэдгээрийн үйл хөдөлгөөн, байршилд байнгын хяналт тавьж  ажиллах зорилгоор малын хулгайн гэмт хэрэг  олноор үйлдэгддэг сум, багийн тодорхой нутаг дээр “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн  хэсэг” байгуулж ажиллуулах
4.5.6  Малын мах, арьс шир, түүхий эд авдаг, зардаг ченжүүд, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд өргөнөөр татан оролцуулж, идэвх зүтгэл гаргаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгож, олон нийтийн идэвхийг өрнүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байх
4.5.7 Малчид, мал бүхий иргэд малаа байнгын хариулгатай байлгах зорилгоор “Нөхөрлөл”, “Бүлэг” байгуулан ажиллах
4.5.8  Цаашид аймгийн төв, хүн ам олноор суурьшсан газрын ойролцоо /тодорхой орон зай, хэмжээг заах /бэлчээрийн мал аж ахуйг суурьшуулахгүй байх, төв суурингийн ойролцоо цөөн тооны, ашиг шим өндөртэй үүлдэр угсааны эрчимжсэн /фермерийн/ мал аж ахуйг хөгжүүлэх талаар бодлого чиглэл барьж, энэ чиглэлийн санал, төслүүдийг дэмжих
4.5.9 Зах зээлд нийлүүлж байгаа мах, махан бүтээгдэхүүний эх үүсвэр, мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг шаардлагын хэмжээнд тогтмолжуулах
4.5.10  Мал нядалгааны  төвлөрсөн цэгтэй болох
4.5.11 Хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар онцгой анхаарч ажиллах
4.5.12 Хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар гарсан шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийн хувийг нэмэгдүүлнэ.
 
 
 
4.6.  Насанд хүрээгүй хүмүүсийн  хэрэг, зөрчил,
осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
 
4.6.1.     Насанд хүрээгүй хүмүүсийн  хэрэг эрхлэх зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхдийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, зарим  тодорхой чиглэлүүдээр нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг тооцож байх
4.6.2.     Хүүхдийн үйлдэж буй тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тогтоож, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, сургууль, багш, сурган хүмүүжүүлэгч, сум, баг, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарын хүмүүжлийн үр нөлөөг дээшлүүлэх
4.6.3.     Гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчил болон нийгмийн бусад сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэх таатай орчин, нөхцлийг арилгахад иргэд, байгууллага, хүүхдийн өөрсдийн үүсгэл санаачилгыг өргөнөөр ашигласан тодорхой ажлуудыг зохиох
4.6.4.     Хүүхдийн чөлөөт цагаа  өнгөрүүлэх таатай орчин, төвүүдийг байгуулах, түүнчлэн тэдний хүсэл сонирхолд чиглэсэн үйлчилгээ явуулдаг газруудын хөлсний хэмжээг  хамгийн хямд болгох
4.6.5.     Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох,  хүүхдийн эрхийг баталгаажуулсан хууль эрхийн актууд, ОУ-ын гэрээ, конвенцийг судлуулж, хэрэглэж, биелүүлж сургах зорилгоор “Хууль эрх зүйн кабинет”-ыг цагдаагийн газарт байгуулж, интернет сүлжээнд холбон мэдээ, мэдээллийн сүлжээний хэрэглээг хүртээмжтэй болгож, сургалтыг цагдаагийн ажилтнуудаар зохион байгуулуулах
4.6.6.     РС, сега тоглоом нь хүүхдийн оюун сэтгэхүй, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, дүгнэлт хийсний үндсэн дээр дээрх  газруудын ажиллах журам, цагийн хуваарь, ажлын байрны шаардлага,  тоглоомын төрөл, жанрт өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх
4.6.7.     Сургууль завсардахаас сэргийлэх, нэг ч хүүхдийг боловсролын тогтолцооноос гадуур байлгахгүй, сургуулиас холдуулах, хөөх бодлого баримтлахгүй байх, сургууль бүр хамрах тойргийнхоо хүрээнд завсардсан хүүхдүүдийг ажил мэргэжлийн баримжаа олгох албан бус сургалтанд хамруулах ажлыг заавал хийх
4.6.8.     Эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэр бүл рүү нь чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, эцэг, эх, асран хамгаалагчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, журамт үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд зохих хариуцлага тооцдог байх тогтолцоог бий болгох
4.6.9.     Хүүхэд-эцэг-эх сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, арга барилыг дээшлүүлэхэд  сургууль, багш нар  тодорхой төлөвлөгөөтэйгээр сургалт зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож байх
4.6.10.Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ёс суртахууны болон хууль эрх зүйн хэм хэмжээ, баримт бичгийн үр нөлөөг дээшлүүлэх, тэдэнд эрх зүйн мэдлэг олгох   хичээлийн  хөтөлбөрийг үр дүнтэй болгох
4.6.11.Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, охид биеэ үнэлэх, мансууруулах бодисын хор хөнөөл, гарах сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулах
4.6.12.Хүүхэд, өсвөр үеийнхний оюунлаг сэтгэхүйг  хөгжүүлэн, эх оронч, ухаалаг иргэдийг төлөвшүүлэхэд хүн төрөлхтний оюуны шилдэг бүтээлүүд, сонгодог урлагийн төрлүүд, монголчуудын  гүн ухааны бүтээл, туурвилуудыг судлуулах, үзүүлэх, харуулах замаар тэдний оюун ухааныг тэлсэн, бахархах сэтгэлийг төрүүлэхүйц ажлыг сургууль, багш, урлаг, соёл, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулах
 
4.7 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
 
4.7.1   Аймгийн хэмжээнд гарч байгаа замын  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлийн бодит шалтгаан, нөхцлүүдэд судалгаа, дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажилд аймаг, сум, баг, төр захиргаа, хууль хяналт, зам, тээвэр, боловсрол соёл, хүүхэд залуучууд, байгаль орчин, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
4.7.2  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, энэ чиглэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн, арга хэмжээг байнга үе шаттайгаар зохион байгуулах
4.7.3  Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол ихтэй зарим зам, зорчих хэсэгт шинээр гэрлэн дохио суурилуулах, зарим уулзваруудын гэрлэн дохиог шинэчлэх, засварлах, гэрэл, замын тэмдэг, тэмдэглэгээний тоог олшруулах, гэрэл дохионы зохицуулалтыг боловсронгуй болгож сайжруулах, нягтрал ихтэй цэгүүдэд хурд сааруулагч хийх
4.7.4 Зам тээврийн осолд явган зорчигч, хүүхэд өртдөг цэг, газруудыг замын цагдаагийн хяналтанд оруулах
4.7.5   Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна талд автомашины зогсоол хийлгэх
4.7. 6 Явган зорчигч, нийтийн тээврийн такси, бага оврын автобусны жолооч нарын хөдөлгөөнд оролцох, хууль тогтоомжийн заалтыг чанд биелүүлэх, сахилга, соёлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн хяналтыг чангатгаж, энэ чиглэлээр сургалт, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа богино долгионы радио, телевизээр түгшээсэн, айлгаж, сүрдүүлсэн байдлаар бус сонирхолтой, анхаарал татахуйц хэлбэрээр хийж богино хугацааны давтамжтайгаар цацаж байх ажлыг тогтмолжуулах
4.7.7   Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчид, ялангуяа хүн тээврийн үйлчилгээ явуулдаг такси, бага оврын автобусны жолооч нарын зорчигчдыг булаацалдаж, уралдаж давхидаг, даац хэтрүүлэн тээдэг явдлыг таслан зогсоох, тэдэнд тавих хяналтыг чангатгаж, хатуу арга хэмжээ авч байх
4.7.8 Жолооч бэлтгэх сургалтын чанарыг эрс сайжруулах, сургалтын  стандартад мэргэжлийн байгууллагын тавих хяналтыг тогтмолжуулах, сургалтын дараа жолооны эрх олгох шалгалт, шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх, шаардлагатай гэж үзвэл сургалтын хөтөлбөр, агуулга, стандартад өөрчлөлт оруулах талаар эрх бүхий газарт санал оруулж шийдвэрлүүлэх
4.7.8  Замын хяналт шалгалт харьцангуй бага явагддаг Үйлдвэрийн район, Мангирт, Тосгоны чиглэлд зорчигч тээвэрлэдэг  бүрэн бус тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцох явдлыг таслан зогсоох, бүрэн бүтэн байдлыг хангуулах, дээрх чиглэлүүдэд хийх хяналт шалгалтыг тогтмолжуулах
 
 
 
4.8 Хар тамхи, мансуурал, донтох эмгэгтэй тэмцэх,
түүнээс урьдчилан сэргийлэх талаар
 
4.8.1.     Хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэргийн талаар иргэдээс мэдээлэл авах, олон нийт, түүний дотор хүүхэд, оюутан, залуучуудад хар тамхи, мансуурал, донтолтын хор хөнөөлийг тайлбарлан таниулж, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө тусламж үзүүлэх ажлыг төрийн болон цагдаа, мэргэжлийн эрүүл мэндийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан явуулах
4.8.2.     Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл авах, тайлбарлан таниулах, зөвлөгөө, тусламж үзүүлэх зорилгоор “Итгэлтэй утас” ажиллуулах, иргэдийн мэдээлэл, санал хүсэлтийг тогтмол, нууцлал, аюулгүй байдалд авах мэдээллийн санг бий болгох
4.8.3.     Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн бүртгэлд байнгын хяналт тавьж, тэдгээрийн зүгээс нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, таслан зогсоох зорилгоор эмчилж эдгэрүүлэх, нийгэмшүүлэх ажлыг төслийн шугамаар төрийн захиргаа, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
4.8.4.     Гадаад орнуудын энэ хэргийг илрүүлэх туршлагыг судалж, хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх, шинжлэн тогтоох техник, багаж хэрэгслэлийн хангамжийг тодорхой хэмжээнд шийдвэрлэх
4.8.5.     Хар тамхи, мансууруулах бодис гэж юу болох, тэдгээрийн нийгэмд учруулдаг хор хөнөөлийн талаар тодорхой ойлголт, мэдлэг олгох сургалтуудыг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн туслалцаатайгаар явуулах, энэхүү сургалтанд алба хаагчдыг хамруулах
 
4.9. Авилгал, албан тушаал, хээл  хахуулийн
гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
 
4.9.1.     Авилгалын хэргийн гарч буй шалтгаан, нөхцлийн талаар судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх
4.9.2.     Судалгааны үндсэн дээр арилгах арга замын тухай цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд тогтмол хүргэж байх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хийх
4.9.3.     Иргэдэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй төрийн удирдлагаар хангах, захиргааны хүнд суртлыг арилгах, шуурхай үйлчлэх ажлыг зохион байгуулах
4.9.4.     Авилгалтай тэмцэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй бусад улс орнуудын туршлагыг судлах, олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах
4.9.5.     Авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг өргөн оролцуулж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй төрийн болон иргэний байгууллага, иргэдийг урамшуулж байх
 
4.10. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар
 
4.10.1.Гэмт хэрэг, зөрчил зонхилон гардаг цэгүүдэд хяналтын камер байрлуулах
4.10.2.Дархан сумын 15 дугаар багийн Мангиртад Цагдаагийн “Кобан” систем барих
4.10.3.Цагдаагийн газрын автопаркад шинэчлэлт хийх
4.10.4.Цагдаагийн газрын ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор компьютержүүлэх
4.10.5.Иргэдийн мэдээлэл, дуудлагын дагуу гэмт хэрэг, зөрчлийн газарт шуурхай очиж ажиллах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг богино хугацаанд хүлээн авах, иргэдийн хүч туслалцааг авах зорилгоор Дархан сумын 1-8 дугаар багийн дэвсгэр нутаг,  айл өрх, хороолол дунд  цагдаагийн 3-аас доошгүй хэсгийг байгуулах.
 
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн
 
Хяналт тавих шалгуур үзүүлэлт
Хүрэх үр дүн
1
Аймгийн төр, захиргааны болон нийт байгууллага, аж ахуйн нэгжид эрх зүйн сургалт сурталчилгаа тогтмолжино
Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, бүх шатанд ажлын хариуцлага дээшилнэ
2
Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх санал, санаачилгыг дэмжих
Нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, олон нийт, төрийн бус байгууллагын оролцоо сайжирна.
3
Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоонд  тулгуурлан иргэдийн оюуны чадавхийг хөгжүүлж, мэдээллийн хомсдлыг арилгах
Хэвлэл мэдээллийн оролцоо идэвхжин иргэдийг эрх зүйн боловсрол болон мэдээллийн чанар дээшилнэ.
4
Архидан согтуурахын хор холбогдол, гарах сөрөг үр дагаврыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулах
Архины зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийн түвшин нэмэгдэж, архидан согтуурах явдал багасна.
5
Малын болон хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бололцоог гаргахгүй байх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах
Хулгайн болон малын хулгайн гэмт хэргийн гаралт буурна.
6
-           Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих,
-           Хүүхэд–эцэг эх-сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах
-           Хүүхдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэх гэмт хэргийн гаралт буурч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага дээшилнэ.
7
Тээврийн  хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол ихтэй зарим зам, зорчих хэсэгт шинээр гэрлэн дохио суурилуулах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх хууль, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
Замын хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, авто ослын гэмт хэрэг буурна.
8
Мансуурал, донтолтын хор хөнөөлийг иргэд, олон нийтэд ухамсарлуулах, аймгийн төр захиргаа, цагдаа, хууль хяналт, бусад байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.
9
Төрийн бүх шатны алба хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах
Аймгийн төр, захиргааны байгууллагаас иргэдэд үйлчлэх үйлчилгээ ил тод, шуурхай болно.