Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2007 оны 04 дүгээр сарын 20-ны
өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралт
 
 
 
АЙМГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАРТ МӨРДӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1  Аймгийн тусгай хэрэгцээний газарт явуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
1.2 Аймгийн тусгай хэрэгцээний газар нь:
                   1.2.1 Аймгийн тусгай хамгаалалтай газар
                   1.2.2 Аймгийн оторын бүс нутаг
                   1.2.3 Сум дундын хадлангийн талбай гэсэн ангилалтай байна.
 
1.3 Энэ журмын 1.2.1-д заасан тусгай хамгаалалтай газрыг хамгаалалтанд авсан зориулалтаар нь доорх байдлаар ангилна. Үүнд:
            1.3.1 Байгалийн болон аялал жуулчлалын нөөц газар
            1.3.2 Гадаргын болон гүний усны нөөц газар
            1.3.3 Ашигт малтмалын нөөц газар
 
1.4 Энэхүү журмыг мөрдөж эхлэхээс өмнө аймгийн тусгай хэрэгцээнд авсан газарт энэхүү журмыг мөрдөх бөгөөд журам батлагдснаас хойш авсан газарт мөн нэгэн адил мөрдөгдөнө.
 
Хоёр. Аймгийн тусгай хэрэгцээний газрын дэглэм
 
2.1 Энэ журмын 1.2.2, 1.2.3, 1.3.3-т заасан ангилалын газарт дор дурьдсан үйл ажиллагаа явуулж болно. Үүнд:
            2.1.1 Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, ган зуд, зэрэг байгалийн гамшиг тохиолдсон үед отор нүүдэл хийх, өвөлжих
            2.1.2 Ургамал, заган ойг нөхөн ургах, ан амьтныг өсөн үржих нөхцөл боломжийг бүрдүүлэх, ойжуулах, ан амьтанд зориулж өвс тэжээл тавьж өгөх, булаг шандыг задгайлах зэрэг биотехникийн арга хэмжээ авах
            2.1.3 Орон нутгийн хэмжээний байгаль орчинд халгүй жижиг үйлдвэрлэл эрхлэх, үйлчилгээ явуулах
            2.1.4 Тухайн сумын батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зураг төсвийн дагуу амралт, аялал жуулчлалын бааз, үйлчилгээний цэгүүдийг ажиллуулах
            2.1.5 Аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, судалгаа, шинжилгээний ажил явуулах
            2.1.6 Хуулиар болон энэ журмаар хориглосноос бусад үйл ажиллагаа
 
2.2 Энэ журмын 1.3.1, 1.3.2-т заасан ангилалын газарт дор дурьдсан үйл ажиллагаа явуулж болно. Үүнд:
            2.2.1 Энэхүү журмын 2.1.1-2.1.4-д заасан үйл ажиллагаа
            2.2.2 Хуулиар болон энэ журмаар хориглосноос бусад үйл ажиллагаа
 
2.3 Аймгийн тусгай хэрэгцээний газарт дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
            2.3.1 Тусгай зөвшөөрөлгүйгээр заг, байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний зориулалтаар нэн ховор, ховор ургамал түүх, ашиглах
            2.3.2 Гол горхи, булаг шандыг аж ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар  ашиглах
            2.3.3 Тусгай зөвшөөрөлгүйгээр ан амьтан барих, агнах
            2.3.4 Хууль бус аргаар алт болон бусад байгалийн баялаг олборлох, химийн хорт бодис ашиглан худгийн ус, агаар бохирдуулах хүн, амьтанд хор хөнөөл учруулах
            2.3.5 Энэ журмын 1.3.1, 1.3.2-т заасан ангилалын газарт ашигт малтмалын хайгуул, судалгаа, шинжилгээний ажил явуулах
            2.3.6 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хууль тогтоомжоор хориглосон аливаа үйл ажиллагаа явуулах
 
Гурав. Аймгийн тусгай хэрэгцээний газрын талаарх нутгийн
захиргааны байгууллагын бүрэн эрх
 
3.1 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрх
3.1.1 Энэ журмын 3.2.3-т заасны дагуу ашигт малтмалын хайгуул хийхийг хүссэн хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох асуудлыг судлан шийдвэрлэх
3.1.2 Энэ журмын 3.2.4-т заасны дагуу тусгай хэрэгцээний газраас газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх
3.1.3 Энэ журмын 3.2.5-д заасны дагуу уг газарт байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч томилон ажиллуулах саналыг хэлэлцэж, шаардагдах зардлыг төсөвт тусгах
 
3.2 Аймгийн Засаг даргын бүрэн эрх
3.2.1 Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт энэ журмын 2.1.1-д заасны дагуу байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд отор нүүдэл хийх, мал өвөлжүүлэх, хаваржуулах хуваарийг гарган холбогдох сумдын Засаг даргатай зөвшилцөн уг ажлыг зохион байгуулах
3.2.2 Энэ журмын 2.1.3, 2.1.4-т заасан зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохдоо холбогдох сумдын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах
3.2.3 Энэ журмын 2.1.5 дахь заалтын дагуу ашигт малтмалын хайгуул хийхээр саналаа ирүүлсэн хуулийн этгээдийн саналыг аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх
3.2.4 Ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч нөөц нь тогтоогдож, түүнийг улс, орон нутгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс ашиглах шаардлагатай нь нотлогдсон тохиолдолд уг талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн аймгийн тусгай хэрэгцээний газраас чөлөөлүүлэх санал боловсруулж аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг  хэрэгжүүлэх
3.2.5 Шаардлагатай тохиолдолд уг газарт байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч томилон ажиллуулах тухай саналаа ИТХ-аар хэлэлцүүлж, төсөвт тусгуулах арга хэмжээ авах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх
 
3.3 Сумын Засаг даргын бүрэн эрх
3.3.1 Энэ журмын 3.2.1-д заасны дагуу аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулж, отор нүүдэл хийлгэх
3.3.2 Энэ журмын 2.1.3, 2.1.4-т заасан зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад газар олгохдоо аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах
3.3.3 Энэ журмын 2.1.5 дахь заалтын дагуу ашигт малтмалын хайгуул хийхээр саналаа ирүүлсэн хуулийн этгээдийн санал болон энэ журмын 3.2.4-т заасны дагуу зарим газрыг чөлөөлөх саналуудыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэн, гарсан шийдвэрийг аймгийн Засаг даргад хүргүүлэх
3.3.4 Аймгийн тусгай хэрэгцээний газарт ажиллахаар томилогдсон байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг ажиллах нөхцөл боломжоор ханган дэмжлэг үзүүлж ажиллах