Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 04 дүгээр сарын
02-ны өдрийн 26 дугаар тогтоолын хавсралт
 
 
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХААР
ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
 
Нэг . Нийтлэг үндэслэл
1.1   Энэхүү журмаар “Ашигт малтмалын тухай” хуулийн 19.4 дахь заалтын дагуу тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн өргөдөлийг хүлээн авч хариу өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2   Энэ журмыг зөвхөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөнө.
 
Хоёр. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
2.1 Аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /АМГТХЭГ/-ын Кадастрийн бүртгэлийн төв /КБТ/-өөс ирүүлсэн тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөл бүхий мэдэгдлийг /цаашид “Мэдэгдэл” гэх/ хүлээн авмагц дор дурьдсан арга хэмжээ авна. Үүнд:.
            2.1.1 Аймгийн ЗДТГазрын бичиг хэрэгт уг мэдэгдлийг хүлээн авч, ирсэн бичгийн бүртгэлд бүртгэн, холбогдох зааврын дагуу эхний хуудасны ард бүртгэлийн тэмдэг дарж, хүлээн авсан он, сар, өдөр, болон шилжүүлсэн хүний нэрийг бичиж, тэр даруй хүлээн авсан өдөртөө Засаг даргын туслахад өгнө
            2.1.2 Засаг даргын туслах уг мэдэгдлийг хүлээн аваад Засаг даргад танилцуулан цохолт хийлгэн буцааж бичиг хэрэгт хүргэж өгнө. Засаг дарга эзгүй байсан тохиолдолд Засаг даргын орлогчоор цохолт хийлгэх ба хэрэв хоёул эзгүй тохиолдолд шууд ҮДББОБЗХэлтсийн даргад хүргүүлнэ.
            2.1.3 Энэ журмын 2.1.2-т заасны дагуу цохолт хийлгэсэн мэдэгдлийг бичиг хэргийн эрхлэгч аваад цохолтын дагуу ҮДББОБЗХэлтсийн даргад, эсвэл эзгүй тохиолд Уул уурхайн бодлогын мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. 
            2.1.4 Уул уурхайн бодлогын мэргэжилтэн мэдэгдлийг хүлээн аваад дор дурьдсан арга хэмжээг авна. Үүнд:
а/ өргөдөл бүртгэх тусгай дэвтэрт бүртгэх ба уг дэвтэрт өргөдлийн дугаар, КБТөвөөс мэдэгдэл гарсан болон аймагт хүлээн авсан  он, сар, өдөр, өргөдөл гаргасан этгээдийн нэр, талбайн хэмжээ, байршил зэргийг тусгасан байна.
б/ тухайн талбай байршиж буй сумын Засаг даргын нэр дээр хэлтсийн даргын гарын үсэгтэй албан тоотыг хүргүүлэх ба уг тоотод ирүүлсэн мэдэгдэл болон байршлыг харуулсан зургийн хуулбарыг хавсаргана.
в/аймгийн Засаг даргын нэр дээр ирсэн өргөдлийн бүртгэл, хүлээн авсан он сар, өдөр, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс санал авах болон хариу өгөх эцсийн хугацаа зэргийг багтаасан мэдээллийг аймгийн ИТХ-ын даргад хүргүүлнэ. Хурлын даргын туслах уг мэдээллийг тусгай дэвтэрт бүртгэнэ.
г/ мөн аймгийн Газрын албанд дүгнэлт гаргуулах хуудсыг мэдэгдлийн нэг хувийн хамт хүргүүлэх ба газрын алба нь уг талбайг газрын зурагт оруулан, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлнэ.
2.1.5 Энэхүү журмын 2.1.1-ээс 2.1.4 дэх заалт хүртлэх үйл ажиллагаа нь ажлын 3 өдөрт багтсан байна.
2.2 “Ашигт малтмалын тухай” хуулийн 19.4-т заасан “30 хоногийн дотор” гэсэн хугацааг энэ журмын 2.1.1-т заасан өдрөөс эхлэн хуанлийн 30 хоногоор тооцно.
2.3 Энэ журмын 2.1.4-ын “б”-д заасан албан тоотод “уг талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй тухай сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуульд заасан үндэслэлтэй саналыг авч дурьдсан хугацааны дотор /Хариу ирүүлэх хугацаа дуусах он сар өдрийг тодорхой  бичнэ/ эргүүлэн хариу ирүүлэх тухай” заасан байна.
2.4 Сумын Засаг дарга энэ журмын 2.1.4.”б”-д заасан албан тоотыг хүлээн аваад ажлын 10 хоногт багтаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэн гарсан шийдвэрийг аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХэлтэст ирүүлнэ. Дурьдсан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд уг асуудлыг оруулах боломжгүй болох учир тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.
2.5 Хэрэв уг саналыг татгалзах үндэслэл бүрдсэн боловч Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдах хугацаа болоогүй улмаас хариу өгөх хугацаа дуусах гээд байгаа эсвэл дэмжихгүй санал гарсан боловч шийдвэр хүргэх хугацаа нь багтахгүй болсон тохиолдолд ҮДББОБЗХэлтэст урьдчилан утсаар мэдээлж болно.
2.6 ҮДББОБЗХэлтэс нь энэ журмын 2.4-т заасан сумын саналыг хүлээн аваад ажлын 3 хоногт багтаан өргөдөлд өгөх хариуны талаар санал боловсруулан аймгийн ИТХ-ын даргад өргөн барина
2.7 Хурлын дарга уг асуудлыг хүлээн аваад энэ журмын 2.1.1-д заасан хугацаанаас хойш хуанлийн 25 хоногийн дотор Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн гарсан шийдвэрийг аймгийн Засаг даргад  ирүүлнэ. Хэрэв дурьдсан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.
2.8 Аймгийн Засаг дарга энэхүү журмын 2.4, 2.6-д заасны дагуу аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, энэ журмын 2.5 -д заасны дагуу ирүүлсэн мэдээлэл зэргийг үндэслэн хуанлийн 30 хоногт багтаан шийдвэр гаргана.
2.9 Энэ журмын 2.7-д заасаны дагуу гарсан шийдвэрийг ҮДББОБЗХэлтэс нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тоотоор АМГТХЭГазрын КБТөвд хүргүүлэх ба хариу өгсөн албан тоотын дугаар, он сар өдөр зэргийн ҮДББОБЗХэлтсийн мэргэжилтэн өргөдөл шийдвэрлэсэн тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
2.10 Хэрэв Засаг даргын эзгүй тохиолдолд энэ журмын дагуу Засаг даргын орлогч хариу өгч болох бөгөөд өөр албан тушаалтан орлож гарын үсэг зурахыг хориглоно.
 
Гурав. Маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх аймгийн Засаг даргын бүрэн эрх
 
3.1 Аймгийн Засаг дарга нь дор дурьдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эцсийн шийдвэрийг бие даан гаргах бүрэн эрх эдэлнэ.
3.1.1 Хоёр буюу түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлийг хянан шийдвэрлэхэд сумдын санал зөрсөн тохиолдолд сум бүрийн саналын хууль эрх зүйн үндэслэлийг харгалзан
3.1.2 Ашигт малтмалын их хэмжээний нөөц бүхий хуримтлал байгаа нь тогтоогдсон стратегийн онцгой ач холбогдол бүхий талбайд сумын саналыг үл харгалзан 
3.1.4 Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн санал нь энэ журмын 2.4, 2.6-д заасан хугацаанд ирээгүй тохиолдолд