Хэвлэх DOC Татаж авах

                                                                                                                  Монгол улсын Засгийн газрын 2009 оны 32 дугаар
                                                                                                                   тогтоолын хавсралт


                                                    "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ  БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
                                         (Энэ хөтөлбөрийн гарчгийг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлсөн)
                                                                            Нэг. Хүнсний баталгаат байдлын
                                                                                               өнөөгийн байдал

1. Хүнсний үйлдвэрлэл, хангамж: Манай улс хүн амын мах, сүү, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа боловч улирлын хамаарал, хот, хөдөөгийн хүн амын хэрэглээний зөрүү их байна. Тухайлбал, статистик мэдээнээс харахад хот, суурин газрын иргэд 1.5 дахин бага мах, 3.9 дахин бага сүү хэрэглэж байхад хөдөөгийн иргэд төмс, хүнсний ногоо 2 дахин, өндөг 9.5 дахин бага хэрэглэж байна.

2. Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал: 2007 оны статистикийн мэдээгээр хүнсэнд хэрэглэж байгаа махны зөвхөн 6.4 хувь, сүүний 2.2 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, бусад нь мал эмнэлэг, ариун цэврийн хяналтаас гадуур бэлтгэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Зах зээл дээр худалдаалж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүслийн хувьд тодорхойгүй, чанар, эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаж баталгаажаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр импортын хүнс, түүхий эдэд химийн хорт бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх, хортон шавж, эмгэг төрөгч бичил биетэн илрэх тохиолдол цөөнгүй байна. Хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа мах, сүү, төмс, хүнсний ногоог савлах, хадгалах, тээвэрлэх, худалдах үе шатанд технологийн горим, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага зөрчигдөх тохиолдол түгээмэл байна.

3. Хүнсний шимт чанар: Монгол хүний хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс, аминдэмийн гол эх үүсвэр болох жимс, хүнсний ногоо бага хувийг эзэлсэн хэвээр байна. Улсын хэмжээгээр тооцоход хүний хоногийн хоолны дундаж илчлэгээс эмзэг бүлгийн хүн 33 хувиар бага илчлэгтэй хоол хэрэглэж байна.

Улсын хэмжээгээр жилийн нийт хэрэгцээт давсны 96.3 хувийг иоджуулж, дотоодод үйлдвэрлэсэн гурилын 30 гаруй хувийг төмөр, аминдэмээр баяжуулдаг болоод байна. Гэвч хүнсний шимт чанар, хооллолтын гол үзүүлэлт болох хүүхэд бага жинтэй төрөх, 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хоцрох, тураал, рахит, цус багадалт тууштай буурахгүй байна. Хүн амын хүнсний хэрэглээ, зохистой хооллолтын мэдлэг, дадал хангалтгүй байгаагаас хүн амын дундах хоол хүнснээс шалтгаалах өвчин эмгэг буурахгүй байна. 2006 онд хийсэн хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлсийн судалгаанд хамрагдсан насанд хүрэгчдийн 4.9 хувь нь туранхай, 21.8 хувь нь илүүдэл жинтэй, 9.8 хувь нь таргалалттай байжээ. Түүнчлэн жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхчүүдийн хоолны хүртээмж, шимт чанар хангалтгүй, нийгмийн эмзэг хэсэг болох асран хамгаалах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, ядуу өрхийн хүн амд хүнсний хомсдол илүү их байна.

4. Эрх зүй, зохион байгуулалт, санхүүжилт: Хүнсний баталгаат байдалтай холбоотой харилцааг Хүнсний тухай, Газрын тухай, Усны тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Улсын хилээр амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын тухай, Тариалангийн тухай, Ариун цэврийн тухай зэрэг хуулиар зохицуулж байна. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хүнсний боловсруулах үйлдвэрийн хөгжилд төрийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлээгүйгээс технологийн дэвшил гарахгүй, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал тогтвортой хангагдахгүй байна. Хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй байдал, хоол тэжээл зэрэг асуудлыг 4-5 яам, агентлаг хэсэгчлэн хариуцдаг, түүнийг нэгтгэн төлөвлөх, зохицуулах, дүгнэх удирдлагын тогтолцоо бүрдээгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд тодорхойлох чадавхи бий болгох хэрэгцээ урган гарч байна.

                                                                         Хоёр. Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
                                                                                        үндэслэл, шаардлага, нэр томъёо

5. Эрх зүйн үндэслэл: "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг 2001 онд батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Дэлхийн Хүнсний дээд хэмжээний уулзалтын зөвлөмж зэрэг бодлогын баримт бичгүүд батлагдаж гарсан тул хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах шаардлага гарч байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Хүүхдийн сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан баг 2006 онд Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, зохион байгуулалтын хүчин зүйлүүд тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн гэж үзээд шинэчлэн боловсруулах зөвлөмж өгсний дагуу 2007 оны 8 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны хооронд байгуулсан санамж бичигт "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар заасан.

6. Практик шаардлага: Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь огцом нэмэгдэж байгаагаас олон орон хүнсний баталгаат байдлынхаа бодлогод өөрчлөлт шинэчлэлт хийж, төрөөс хөдөө аж ахуйд хийх санхүүжилт, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Манай улс ч бий болсон гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох, эдийн засгийн тогтворгүй байдал, гамшгийн үед хэрэглэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын хоол тэжээлийн дутал, халдварт бус өвчний тархалтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах зэрэг олон асуудал тулгамдаж байгаа нь энэхүү хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах практик шаардлага, үндэслэл болж байна.

7. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан нэр томъёог дараахь байдлаар ойлгоно:

7.1. "хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид эрүүл ахуйн баталгаатай хүнсийг нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран жигд, тогтвортой, хүртээмжтэй хэрэглэх боломж бүрдсэн байхыг;
(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмсэн)

7.2. "хүнсний хангамж" гэж хүн ам хоногийн хэрэгцээт бүх төрлийн хүнсээр хангагдсан байдлыг;

7.3. "хүнсний хүртээмж" гэж хот суурин, хөдөөгийн хүн амын хүнсний хэрэгцээ жилийн туршид жигд хангагдах байдлыг;

7.4. "хүнсний хэрэглээ" гэж хот суурин, хөдөөгийн хүн ам хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж байгаа үр дүнг;

7.5. "хүнсний тогтвортой байдлыг хангах" гэж тухайн нутаг дэвсгэрт эдийн засгийн хямрал, дайн, дайн бүхий болон байгалийн гамшгийн үед хүн амыг хүнсээр тогтвортой хангахтай холбогдсон цогц арга хэмжээг;

7.6. "хүнсний эрүүл ахуй" гэж хүнс бэлтгэх, боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх, экспортлох, импортлох, худалдах, үйлчлэх явцад хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх нөхцөл хангагдсан байхыг;
(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.7. "хоол тэжээл" гэж хоол, хүнс нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, илчлэгийн хэрэгцээг хангахуйц байхыг;

7.8. "хооллох нэгж" гэж тухайн хүнсний бүтээгдэхүүнээс нэг удаад хэрэглэх дундаж хэмжээг;
7.9. "хоол, хүнсээр дамжих өвчин" гэж нян, вирус болон бусад өвчин үүсгэгч, химийн бодис, ионжуулагч цацрагаар бохирдсон хоол, хүнс, усыг хэрэглэснээс үүсэх өвчинг;

7.10. "тураалтай хүүхэд" гэж хүүхэд насандаа тохирох хэвийн өсөлтийн хэмжээнээс бага жинтэй байхыг;

7.11. "өсөлт хоцролт" гэж хүүхдийн өндөр нь тухайн насны хэвийн хэмжээнээс бага байхыг;

7.12. "туранхай" гэж жин, өндөр нь тухайн насны хэвийн хэмжээнээс бага байхыг;

7.13. "бага жинтэй төрөлт" гэж хүүхэд 2500 граммаас бага жинтэй төрөхийг;

7.14. "нэмэгдэл хоол" гэж хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн нэмэлтээр өгч байгаа хоолыг;

7.15. "хөдөө аж ахуйн зохистой дадал" гэж амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн бэлтгэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдах сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй, тохиромжтой байдлыг хангахад шаардагдах бүхий л дадал, нөхцөл, үйл ажиллагааг;

7.16. "эрүүл ахуйн зохистой дадал" гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй, тохиромжтой байдлыг хангахад шаардагдах бүхий л дадал, нөхцөл, үйл ажиллагааг;

7.17. "үйлдвэрлэлийн зохистой дадал" гэж хэрэглэгчийн шаардлага, бүтээгдэхүүний өвөрмөц чанарыг хангахад чиглэсэн үйлдвэрлэлийн болон чанарын хяналт, удирдлага, үйл ажиллагааны зохистой дадлын цогц арга хэмжээг;

7.18. "аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналт" гэж хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт гарч болзошгүй аюулыг тодорхойлох, үнэлэх, засварлах, баталгаажуулах цогц арга хэмжээг;

7.19. "зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн" гэж хүний бие махбодийг бүхэлд нь, эсхүл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмждэг биологийн идэвхит бодис, ашигтай бичил биетнийг агуулсан бүтээгдэхүүнийг;

7.20. "баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн" гэж тухайн бүтээгдэхүүнд агуулагддаггүй, эсхүл боловсруулалтын явцад алдагддаг, хүний биед зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс болон бичил тэжээлийг тусгай технологи, стандартын дагуу нэмсэн хүнсийг.

                                                                                  Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

8. Энэхүү хөтөлбөр нь 2009–2016 онд хэрэгжинэ:

-Эхний үе шат 2009-2012;
-Хоёр дахь үе шат 2013-2016.

                                                             Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт

9. Хөтөлбөрийн зорилго нь иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршино."
(Энэ хэсгийг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

10. Хөтөлбөрийн дээрх зорилгыг хангахын тулд дараахь 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамрагдах үндсэн 13 зорилтыг хэрэгжүүлнэ:

10.1. Нэгдүгээр тэргүүлэх чиглэл: Хүнсний  аюулгүй байдлыг хангах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын таатай орчин бүрдүүлэх.

10.1.1. хүнсний  аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг ойрын болон хэтийн хөгжлийн зорилтуудтай уялдуулан боловсронгуй болгох;
(10.1, 10.1.1 дэх заалтуудад 2011-04-3-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)
10.1.2. эдийн засаг, санхүү, бизнесийн таатай орчин бүрдүүлж дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

10.1.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын бүтэц, салбар дундын зохицуулалт болон боловсон хүчний чадавхийг сайжруулах;

10.2. Хоёрдугаар тэргүүлэх чиглэл: Хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах, хэрэглээн дэх үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх. (Энэ хэсгийг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

10.1.4. гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулах;

10.1.5. хот, хөдөөгийн болон улирлаас хамаарах хүнсний хүртээмжийн ялгааг багасгах;

10.1.6. байгалийн гамшиг, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнсний хомсдлын үед хүн ам, ялангуяа эмзэг бүлгийн хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах;
10.1.7. хүнсний үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгож, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж Монгол брэндийн хүнс экспортлох нөхцөлийг бүрдүүлэх;

10.3. Гуравдугаар тэргүүлэх чиглэл: Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуйн баталгааг хангах хяналт, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох.

10.1.8. хүнсний түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад хөдөө аж ахуй, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж бүтээгдэхүүний эрүүл ахуйн баталгааг хангах;

10.1.9. хүнсний  аюулгүй байдлын хяналт, мэдээллийн сүлжээ, үйл ажиллагааг сайжруулах;
(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

10.1.10. ундны усны хүртээмж, чанар, эрүүл ахуйг сайжруулах; (Энэ хэсгийг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

10.4. Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэл: Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хооллолтыг дэмжиж, хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэх.

10.1.11. монгол хүний зохистой хооллолтын зөвлөмжийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, хоол тэжээлийн талаархи хүн амын боловсролыг дээшлүүлэх;

10.1.12. хоол тэжээлтэй холбоотой өвчин, эмгэгээс сэргийлэх, хяналт тавих;

10.1.13. зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;

                                                              Тав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

11. Хөтөлбөрийн 10.1.1 дэх зорилтын хүрээнд дараахь асуудлаар холбогдох хууль тогтоомж, стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шинээр боловсруулж хэрэгжүүлнэ:

11.1. Хүнсний түүхий эд, малыг хүнсний зориулалтаар бэлтгэх, борлуулах, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын үйл ажиллагааны зохицуулалт, хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

11.2. Стратегийн болон гамшгийн нөхцөл дэх хүнсний нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг шинэчлэн тогтоох, байршлыг оновчтой болгох;

11.3. Органик, биологийн идэвхтэй, зохицуулах үйлчилгээтэй, тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг олон улсын жишигт нийцүүлэх;

11.4. Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, Монгол хүний хоол тэжээлийн физиологийн нормыг мөрдүүлэх.(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

11.5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний эрх зүйн хорооноос баталсан хоол, хүнсний  аюулгүй байдлын лавлагаа, зөвлөмж, шинжилгээний аргачлал, стандартыг нутагшуулан мөрдөх;
(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

11.6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах журам, техникийн зохицуулалтыг боловсруулж мөрдүүлэх;

11.7. Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, органик хүнс, бага насны хүүхдийн нэмэлт хоолны үйлдвэрлэлийг дэмжих;
(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)
11.8. Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, хүн амын хүнсний хэрэгцээ, хэрэглээг тодорхойлох нэгдсэн аргачлал боловсруулж мөрдүүлэх.

11.9. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, тухайн аймаг, сумын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт эзлэх хувийг тогтоох, тариалангийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх нөхцөл, тариалангийн талбай, ургацыг малаас хамгаалах талаар холбогдох хуульд нэмэлт оруулах төсөл боловсруулах;

11.10. Тариалангийн даатгалын хэлбэр, тогтолцоог бий болгох, уул уурхайн салбараас олж байгаа орлогын тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;

11.11. Хүнсний үйлдвэрлэлд мөрдөж байгаа стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах.
(2011-04-13-ны 114-р тогтоолоор 11.9-11.11 дэх заалтыг   нэмсэн)

12. Хөтөлбөрийн 10.1.2 дахь зорилтын хүрээнд дараахь асуудлыг боловсруулж хэрэгжүүлнэ:

12.1. Импортоор хангаж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эд болон хүнсний боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны болон зоорийн тоног төхөөрөмж, хүлэмж, элеватор, бордоо, ургамал хамгааллын болон хөрсний чийг хадгалагч бодисийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, санал боловсруулах; (Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

12.2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтад төрөөс татаас, урамшуулал олгох, энэ салбарт санхүүгийн түрээс, даатгал, бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн төрөл, арга хэлбэрийг хуулийн зохицуулалттай болгох асуудлыг судалж, санал боловсруулах;
(Энэ заалтад 2011-04-213-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

12.3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тусгай зориулалтын сангуудыг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сан болгон нэгтгэж, энэ салбарт олгох хөрөнгө оруулалт, жижиг зээл, даатгал, санхүүгийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд Засгийн газраас үзүүлэх дэмжлэгийг төвлөрүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

12.4. Эрчимжсэн аж ахуй эрхлэх зориулалтаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид бэлчээрийг удаан хугацаагаар эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

12.5. Малчин өрхөөс авах бэлчээр ашигласны төлбөрийг ямааны хэт өсөлтийг хязгаарлах, мах, сүүний төрөлжсөн өндөр ашиг шимт үүлдрийн мал үржүүлэх сонирхлыг идэвхжүүлэхэд нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалж, санал боловсруулах
; (12.3, 12.4, 12.5  дахь заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

12.6. Хүн амын хоол, хүнсний хүртээмж, хангамж, бэлэн байдал, нөөц, тэжээллэг чанар, хүнсний бохирдол болон хоол тэжээлийн байдлыг үнэлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах.

12.7. Хүнсний органик бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болгосон, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг урамшуулах арга хэлбэрийн талаар судалж, санал боловсруулах.

12.8. Бордоо, бага оврын техник, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх, угсрахыг дэмжих."
(2011--04-13-ны 114-р тогтоолоор 12.7-12.8 дахь заалтыг нэмсэн)

13. Хөтөлбөрийн 10.1.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

13.1. Монгол хүний бодисын солилцоо, илч зарцуулалт, хоол хүнсний шимт найрлагыг тодорхойлох лаборатори, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх;

13.2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн шинжилгээ хийх зориулалтаар улсын лавлагаа лаборатори байгуулж олон улсын итгэмжлэлд хамруулах;

13.3. Үйлдвэрүүдийг дотоод хяналтын лабораторитай болгож, орон нутаг дахь хяналтын лабораториудыг бэхжүүлэн уялдаа, холбоог сайжруулах;

13.4. Хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагыг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд анхан шатны үнэлгээ хийх хурдавчилсан шинжилгээний багаж төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх;

13.5. Хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, хүн амын хүнсний хэрэглээ, эрүүл мэндийн мэдээллийн сан, мэдээллийн сүлжээ бий болгох;

13.6. Хүнсний хангамж, тэжээллэг чанар, аюулгүй байдлын асуудлыг хангахад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өргөнөөр оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх.

13.7. Газар тариалангийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн холбоог өргөтгөх (энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмсэн)

14. Хөтөлбөрийн 10.1.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

14.1. "Мах" дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй, мах боловсруулах үйлдвэрүүд болон махны экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, махны үйлдвэрлэл, хангамж, үнийн улирлын хэлбэлзлийг бууруулах;

14.2. Хот, суурин газрын захын дүүрэг, хороолол, хөдөөгийн орлого багатай иргэдэд зуны болон өвлийн  хүлэмж,  гахай, шувуу, зөгий, туулайн аж ахуй эрхлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад нь санхүүгийн болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;
(энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

14.3. "Сүүний үхэр" дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэн хот суурингийн орчимд фермерийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь тогтворжуулах асуудлыг судалж санал боловсруулах; (Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

14.4. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос, өндөг, загасны хангамжийг тогтворжуулах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

14.5. Тариалангийн техник шинэчлэл, усалгаатай тариалан, бордоо, ургамал хамгаалал, механикжсан зоорь, үр тарианы агуулах, зуны болон өвлийн хүлэмж, үрийн шинэчлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон урамшуулал олгох; (Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

14.6. "Таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх" төсөл хэрэгжүүлж шар будаа, тосны ургамал, хөх тариа, вандуй, шар буурцгийн болон мөөг, бусад түгээмэл биш хүнс, тэжээлийн ашигт таримлын  тариалан эрхлэгчид, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт, зээлийн дэмжлэг үзүүлж, эдгээр таримлын импортыг бууруулах асуудлыг судалж, санал боловсруулах. (Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

14.7. Баруун болон зүүн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг сэргээн хөгжүүлэх, түүний дотор Халх голын бүс нутагт тариалангийн зориулалтаар ашиглаж болох атаршсан болон атар газрыг эргэлтэд оруулах зорилго бүхий "Халх гол" төслийг хэрэгжүүлэх;

14.8. Газар тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

14.9. Таримал ургамлын шинэ сортыг бий болгох, нутагшуулах, сорт сорилт, судалгааны ажлыг эрчимжүүлж, үрийн чанар, хангамжийг сайжруулах, хүнсний гол нэрийн таримлын үр үржүүлэг, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг боловсронгуй болгох;

14.10. Нэг болон олон наст тэжээлийн ургамал, техникийн таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах замаар таримал тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх, хөдөлмөрөө хоршин ажиллахыг дэмжих.
(2011-04-13-ны 114-р тогтоолоор 14.7-14.10 дахь заалтыг нэмсэн)

15. Хөтөлбөрийн 10.1.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.1. Хүнсний түүхий эд, бүтэгдэхүүнийг боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүрэх дамжлагад хүнсний тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлэх;

15.2. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд борлуулах худалдааны нэгдсэн сүлжээ бий болгоход болон сүү цуглуулах, хөргөх төв байгуулах, технологи эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор  нэмэлт орсон)

15.3. Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;

15.4. Өрхийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэх үйл ажиллагаа, орлого нэмэгдүүлэх бусад арга хэмжээнд төв, орон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хандивлагчаас олгож байгаа дэмжлэг тусламжийг нэгдсэн удирдлага, зохицуулалт, тайлан мэдээлэлтэй болгох.

16. Хөтөлбөрийн 10.1.6 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

16.1. Стратегийн болон гамшгийн үеийн хүнсний нөөцийг бүрдүүлэх, зарцуулах, нөхөн бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гамшгийн үед хүн амын хүнсний хэрэглээний хоногийн нормыг тогтоож мөрдүүлэх;

16.2. Гамшиг болон эдийн засгийн тогтворгүй байдал, хүнсний хомсдлын үед улсын нөөцөд байвал зохих хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг шинэчлэн тогтоож, нөөц бүрдүүлэх;

16.3. Улсын нөөцийн агуулахуудыг хүнсний бүтээгдэхүүн удаан хугацаагаар хадгалах шаардлагад нийцүүлэн тоноглож, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогийг харгалзан зохистой байршуулах;

16.4. Аймаг, сумын түвшинд гамшгийн үед хэрэглэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцтэй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

16.5. Гамшгийн үед хоол тэжээлийн дуталд өртөмтгий бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхэд хүнсний тусламж үзүүлэх, тэдгээрийг аминдэм, эрдсийн бэлдмэлээр хангахад чиглэгдсэн нөөц бий болгож хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх.

17. Хөтөлбөрийн 10.1.7 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

17.1. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн хоршсон цогцолбор бий болгоход татвар, зээл, санхүүгийн түрээсийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

17.2. Хот, суурингийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангах шаардлагад нийцүүлэн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах;

17.3. Аймаг, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон бага, дунд хүчин чадал бүхий мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос боловсруулах жижиг үйлдвэр, цех байгуулах үүсгэл санаачилга болон энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;

17.4. Органик хүнсний үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, тэдгээрийг эрх бүхий олон улсын байгууллагаар баталгаажуулах, үндэсний болон олон улсын түвшинд Монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэх арга хэмжээ авах.(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

17.5. Бэлчээрийн малын мах, сүү, экологийн цэвэр орчинд ургуулсан төмс, хүнсний ногоо, байгалийн жимсийг шилдэг технологиор боловсруулж, гадаад зах зээлд "Монгол брэндийн хүнс" нийлүүлэхийг дэмжих.

17.6. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бүс нутаг болон бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар бүрээр тэргүүлэх чиглэлийг тогтоож хэрэгжүүлэх;

17.7. Монгол брэндийн болон органик бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ-эко маркетийг бий болгох, энэ чиглэлээр гадаад, дотоод зах зээлийн судалгаа явуулж, сурталчлах арга хэмжээ авах;

17.8. Органик бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдсэн шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгаа, шинжилгээний ажилд нэн тэргүүнд дэмжлэг үзүүлэх.
(2011-04-13-ны 114-р тогтоолоор 17.6-17.8 дахь заалтыг нэмсэн)

18. Хөтөлбөрийн 10.1.8 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

18.1. Бод малыг ээмэгжүүлэх, тамгалах арга хэмжээг хэрэгжүүлж, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдалд хяналт тавих; (Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

18.2. Мал нядалгааны газар, сүү хүлээн авах цэгүүдийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж гэрчилгээжүүлэх;

18.3. Хүнсний боловсруулах үйлдвэрт хэрэглэх цэвэр өсгөврийн хөрөнгө, хүнсний нэмэлт, туслах түүхий эдийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгох;
(2011-04-13-ны 114-р тогтоолоор энэ заалтад  нэмэлт орсон)

18.4. Хүнсний бүтээгдэхүүн дэх малын эм, бэлдмэл, пестицид, бусад химийн бодисын үлдэгдэл, хүнд металл болон өвчин үүсгэгч нянгийн бохирдлыг хянах, танадах чиглэлээр төсөл боловсруулан хэрэгжүүлэх;

18.5. Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (НАССР), Хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001), Хүнсний хэлхээ (дамжлагуудын)-ний хяналтын тогтолцоо (ISO22000:2007)-г нэвтрүүлэх;

18.6. Хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд магадлан итгэмжлэл хийж зэрэглэл тогтоох;

18.7. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын стандарт, техникийн нөхцөлийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх;

18.8. Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, борлуулах шат дамжлагад хөргүүртэй тоног төхөөрөмж ашигладаг нөхцөлийг бүрдүүлэх;

18.9. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг борлуулалтын сүлжээнээс буцаан татах, устгах журмыг боловсруулан хэрэгжүүлэх;

18.10. Нийтийн хоолны үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгчид, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээл бэлтгэн нийлүүлэгчдийг эрүүл ахуйн зохистой дадал мөрдүүлэх сургалтад хамруулах.

18.11. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа, хаяг, шошготойгоор зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах;

18.12. Хүнсний зориулалттай түүхий эд, бүтээгдэхүүнд хүнд металл, цацраг үүсгүүр, ургамал хамгааллын бодис, малын эм зэрэг бодисын үлдэгдлийн тандалт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тогтмолжуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах.(2011-04-13-ны 114-р тогтоолоор 18.11-18.12 дахь заалтыг нэмсэн)

19. Хөтөлбөрийн 10.1.9 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

19.1. Хүнсний эрүүл ахуйн шинжилгээний лабораториудад Монгол Улсын болон олон улсын стандарт нэвтрүүлж, зэрэглэл тогтоох;

19.2. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зөвшөөрөл, тохирлын гэрчилгээтэй болгох замаар импортын хүнсэнд хяналт тавих;

19.3. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний импортын талаар экспортлогч оронтой байгуулсан гэрээ, хэлцлийг олон улсын жишигт нийцүүлэн хянах, шинэчлэх асуудлыг судалж хэрэгжүүлэх;

19.4. Генийн өөрчлөлт бүхий хүнсний бүтээгдэхүүнд  эрсдлийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг тогтоож мөрдүүлэх.
(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

20. Хөтөлбөрийн 10.1.10 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

20.1. Хүн амын ундны усны хэрэгцээнд тохиромжгүй усыг цэнгэгжүүлэх технологи боловсруулж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

20.2. Усны нөөц хомс бүс нутгуудад цас, борооны усыг нөөцлөх сан байгуулж, хүн амын хэрэгцээ, мал аж ахуй, газар тариаланд ашиглах;

20.3. Хөдөөгийн хүн амын ундны усны эх үүсвэрүүдэд шинжилгээ хийж, усны эх үүсвэрийн дэргэд түүний чанарын талаар анхааруулах тэмдэгтэй болгох арга хэмжээ авах;

20.4. Хөдөөгийн хүн амын унданд хэрэглэж байгаа усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, бохирдлоос хамгаалах, мал, амьтан услах цэгүүдийг хүний унданд хэрэглэдэг худаг, булаг, шандаас зайдуу болгон тусгаарлах;

20.5. Хүн амын ундны усны эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох үйл ажиллагааг судалж, холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх;

20.6. Усаар дамжин халдварлах өвчний тандалт хийх судалгаа, мэдээллийг сайжруулах.

21. Хөтөлбөрийн 10.1.11 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

21.1. Хүн амын насны онцлог, хүйсийн ялгааг харгалзан хоол тэжээлийн сургалтын хөтөлбөр, стандарт бий болгож, сургагч багш, сайн дурын ажилтан бэлтгэх;

21.2. Хот, хөдөөгийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн зохистой хооллолтыг дэмжих танхим бий болгож, байнгын сургалт явуулах;

21.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн дунд зохистой хооллолтыг дэмжих хөдөлгөөн, санаачилга өрнүүлж урамшуулан дэмжих;

21.4. Хоол судлалын чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний болон мэдээлэл боловсруулах ажлыг төрөөс дэмжих.

22. Хөтөлбөрийн 10.1.12 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

22.1. Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллож, цаашид нэмэгдэл хоолонд оруулан хоёр нас хүртэл нь эхийн сүү хөхүүлэхийг бүх талаар урамшуулан сурталчлах;

22.2. Хот, суурин газруудад тураал, цус багадалт, рахит зэрэг хоол тэжээлийн дуталтай хүүхдийг эмчлэх сувиллын газар, мөн эмчилгээний болон бага насны хүүхдийн нэмэгдэл хоол үйлдвэрлэх үйлдвэр, цех бий болгох зэргээр хүнсний тэжээллэг чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах;

22.3. Бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийг тогтоосон хугацаанд нь өрхийн эмч нар хэмжих, мэдээлэх, түүний мөрөөр эмчлэн сувилах ажлыг сайжруулж, өсөлт хөгжилтийн үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх;

22.4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон коллеж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх хоолны газарт чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх үйлдвэр, үйлчилгээний газар, цэгийг шалгаруулж, байнгын хяналт тавьж ажиллах;

22.5. Сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа хүнсний тэжээллэг чанар, аюулгүй байдлыг сайжруулж 60-аас доошгүй хувьд сүү, цагаан идээ хэрэглэдэг болох;

22.6. Шар сүү, жимс, жимсгэнэ, шар буурцаг арвай, хөх тариа, хивэг, дотор мах зэрэг уураг, аминдэм, эрдэс бодисоор баялаг түүхий эдээр тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бичил бодисын дуталд өртөмтгий бүлгийн хүн амыг хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх; (Энэ заалтад 20111-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

22.7. Аминдэм, эрдсийн бэлдмэл нийлүүлэгчийг тогтоож, нэн тэргүүнд бага насны хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээг тогтвортой хангах арга хэмжээ авах;

22.8. "Халдварт бус архаг өвчнөөс сэргийлэх, хянах" П шатны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.

23. Хөтөлбөрийн 10.1.13 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

23.1. Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний талаар баримтлах бодлого боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрлэл, хэрэглээ, үр дүнг хянах, мэдээлэх үйл ажиллагааг сайжруулах;

23.2. Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бичил бодисын импортыг нэмэгдүүлж, баяжуулсан хүнсээр дотоодын зах зээлийг хангаж, хүн амын дунд зохистой дадал төлөвшүүлэх замаар баяжуулсан хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх;

23.3. Хүнсний бүтээгдэхүүнийг А, Д, Е аминдэм, эрдэс бодисоор баяжуулах технологийг нэвтрүүлэхэд аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;

23.4. Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

                                                            Зургаа. Хүлээгдэж байгаа үр дүн, хөтөлбөрийн
                                                                                              шалгуур үзүүлэлт

24. Нэгдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрсэн байна:

2009-2012 онд:

24.1. Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт, зээл, даатгал, санхүүгийн түрээсийн эрх зүй, эдийн засгийн орчин бүрдэж, үйлчилгээ 2007 оныхоос 2.5 дахин нэмэгдсэн байна.

24.2. Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ 2007 оноос 30 хувиар нэмэгдсэн байна.

24.3. Хүнсний аюулгүй байдлын хяналтын шинэ тогтолцоонд шилжиж, нэгдсэн арга зүй, удирдлага, мэдээллийн тогтолцоотой болсон байна. (Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

2013-2016 онд:

24.5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн хяналт олон улсын нийтлэг жишигт хүрсэн байна.

24.6. Хүнсний аюулгүй байдлын үнэлгээг олон улсад хэрэглэдэг нийтлэг арга, үндэсний стандартад нийцүүлэн хийж, үр дүнг нийтэд мэдээлдэг болсон байна.

25. Хоёрдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрсэн байна:

2009-2012 онд:

25.1. Хот, суурингийн орчимд сүүний үүлдрийн 8.0 мянгаас доошгүй үнээтэй фермерийн аж ахуй бий болж 20.0 мянгаас доошгүй тонн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж, хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг болсон байна.

25.2. Мах үйлдвэрлэлийн хэмжээ 2007 оноос 35 хувиар нэмэгдэж, үйлдвэрийн аргаар 50.0 мянган тонн мах бэлтгэж, 20.0 мянган тонн мах экспортлоно. Үүнээс 10.0 мянган тонныг эрчимжсэн аж ахуйгаас бэлтгэдэг болсон байна.

25.3. Хүн амын мах, сүү, гурил, буудай, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 80, өндөгний 65-70, цөцгийн тосны 15, загасны 15, ургамлын тосны 5-10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болсон байна
(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөн найруулсан)

25.4. Гурил, цагаан будаа, элсэн чихрийн 10-14 хоногийн аюулгүйн нөөцийг бий болгож, хүнсний буудайн стратегийн нөөцийг нийт хэрэгцээний 30-35 хувьд хүргэж, байршлыг шинэчлэн тогтоож хангамж, үнийг тогтворжуулсан байна.

25.5. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 42.0 мянган га-д хүргэж, нийт ургацын 10-аас доошгүй хувийг усалгаатай талбайгаас авдаг болно.

25.6. Тариаланд шаардагдах нийт үрийн 30-40 хувийг I-III зэргийн үрээр тариалдаг болж, таримлын нэр төрөл, сэлгээний ээлжийн тоо нэмэгдэнэ.(25.5, 25.6 дахь  заалтыг 2011-04-3-ны 114-р тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан).

25.7. Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийгдэж, хот, суурингийн хэрэгцээнд нийлүүлэх махны 30 хувийг, сүүний 20 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болсон байна.

25.8. Нийт сумын 25–аас доошгүй хувь нь хүнсний бөөний худалдааны сүлжээнд хамрагдсан байна.

2013-2016 онд:

25.9. Хот орчмын сүүний чиглэлийн фермерийн аж ахуйнуудаас жилд 40.0 мянган тонн сүү нийлүүлдэг болж, үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээг 2012 оноос 2 дахин нэмэгдүүлнэ.

25.10. Махны экспортыг 38.0 мянган тоннд хүргэж, хот суурингийн хүн амын хэрэгцээт махны 60-аас доошгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болсон байна.

25.11. Хүнсний ногоо,өндөгний хэрэгцээг бүрэн, цөцгийн тосны 20, загасны 25, жимсний 15, будааны 5, ургамлын тосны 40-өөс доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон байна.
(энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

25.12. Гамшгийн үеийн нөөцийн гурилыг 20 хоногийн, цагаан будаа, элсэн чихрийг 15 хоногийн хэрэгцээтэй тэнцэх, стратегийн нөөцийн улаан буудайг нийт хэрэгцээний 50 хувьд хүргэсэн байна.

25.13. Газар тариаланд хэрэглэх бордооны 30 хувийг, ургамал хамгааллын бодисын 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж, газар тариалангийн чиргүүл, дүүжин машины 50 хувь, өөрөө явагч техникийн 70 хувийг шинэчилсэн байна.

25.14. Бүх сумын 60-70 хувь нь бөөний худалдааны сүлжээ, салбартай болсон байна.

25.15. Хот суурингийн орчимд хөдөө аж ахуйн болон боловсруулах үйлдвэрийн 25-аас доошгүй цогцолбор бий болно.

25.16. Тариаланд шаардагдах нийт үрийн 60-80 хувийг I-III зэргийн үрээр тариалдаг болж, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 54.0 мянган га-д хүргэж, нийт ургацын 15-аас доошгүй хувийг усалгаатай талбайгаас авдаг болно(Энэ заалтыг 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмсэн)

26. Гуравдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрсэн байна:

2009-2012 онд:

26.1. Мах, сүүний болон төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэвэрт тавих хяналт сайжирна.(Энэ заалтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор нэмэлт орсон)

26.2. Хүнсний импортод урьдчилсан хяналтын тогтолцоо бий болно.

26.3. Хүнсний түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүх шат дамжлагад хяналтын нэгдсэн тогтолцоотой болсон байна.

26.4. Фермерийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 20-иос доошгүй хувь нь хөдөө аж ахуй, үйлдвэр, эрүүл ахуйн зохистой дадлуудыг эзэмшсэн байна.

26.5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх металлын үлдэгдэл, хорт бодисын хяналт, тандалтын чадавхи сайжирна.

2013-2016 онд:

26.6. Хүнсний үйлдвэрүүдэд дотоод хяналтын тогтолцоо бүрэн нэвтэрч, чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах журам бий болж мөрдөгдөнө.

26.7. Хүнсний үйлдвэрүүдийн 60 хувьд аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт (НАССР), үйлдвэрийн эрүүл ахуйн зохистой дадал (GHP), үйлдвэрийн зохистой дадал (GMP) нэвтэрсэн байна.

26.8. Хөдөө аж ахуйн фермерүүдийн 55-аас доошгүй хувьд нь хөдөө аж ахуйн зохистой дадал (GAP) нэвтэрсэн байна.

26.9. Хоол хүнсээр дамжих өвчлөл буурсан байна.

27. Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрсэн байна:

2009-2012 онд:

27.1. Хүн амын хоол тэжээлийн сургалтын хөтөлбөр, стандартууд бий болж, 200-гаас доошгүй сургагч багш бэлтгэгдсэн байна.

27.2. Бүх аймгийн төв, нийслэлийн дүүрэгт бага насны хүүхдийн эмчилгээ-сувиллын хоолны газар, сургалтын танхим тус бүр 1-ээс доошгүй байгуулагдсан байна.

27.3. Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний үйлдвэрлэл 2007 оныхоос 50 хувь нэмэгдсэн байна.

27.4. Тав хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэмийн дутал 1.2 дахин, уураг, илчлэгийн дутал, цус багадалт, А аминдэмийн дутал, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт тус бүр 1.5 дахин буурч, 7-12 насны хүүхдийн бахлуур 3 дахин багассан байна.

27.5. Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт хэрэгжсэн байна.

2013-2016 онд:

27.6. Тав хүртэл насны хүүхдийн дундах тураал 3.8 хувь, өсөлт хоцролт 9.8 хувь, туранхай 0.2 хувь, Д аминдэмийн дутал 25 хувь, А аминдэмийн дутал 6 хувь, цус багадалт 10.7 хувь, 7-12 насны хүүхдийн бахлуур өвчний тархалт 3 хувь, хөхүүл эхчүүдийн дундах А аминдэмийн дутал 11.5 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт 10 хувь хүртэл буурч, Монгол Улсын Мянганы Хөгжлийн зорилт хангагдсан байна.

27.7. Хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа хүн амын хувь 2012 оныхоос 50 хувь буурсан байна.

27.8. Хүн амд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлсэн байна.

                                                           Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

28. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл ажиллана.

29. Зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу батална.

                                                             Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

30. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэр ашиглана:

30.1. аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн хөрөнгө;
30.2. улсын төсөв;
30.3. орон нутгийн төсөв;
30.4. банкны зээл;
30.5. гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл;
30.6. дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт.

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

31. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа тус бүрийн тухайн жилийн шалгуур үзүүлэлтийг хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран энэхүү хөтөлбөрийн зургадугаар бүлэгт заасан хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг харгалзан жилийн эхэнд тогтоож мөрдөнө.

                                                        Арав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

32. Хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх ажлыг холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд шаардлагатай бол хөндлөнгийн байгууллагаар хяналт-шинжилгээ хийлгэж, дүнг Засгийн газарт жил бүрийн I улиралд багтаан мэдээлж байна.






                                                                                                                  ---оОо---