Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний
өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт


“ АТРЫН ГУРАВ ДАХЬ АЯН ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал

Монгол улс 1959 онд атрын анхны, 1976 онд хоёр дахь аяныг амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрч тариалангийн хөгжлийн шинэ үеийг тавьсан билээ. Харин зах зээлийн нийгэмд шилжин орсноор талбай эзгүйрч, тариалан эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадавхи суларсан, мэргэшсэн ажилтан, мэргэжилтний тоо цөөрсөн, байгаль дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө ихэссэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж тариалангийн нийт бүртгэгдсэн талбайн 30 хувийг ашиглаж, хэрэгцээт буудайн 24.9 %, хүнсний ногооны 47%, төмсний 86%-ийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Тус аймгийн хувьд социалист нийгмийн үед инженерийн хийцтэй 12 услалтын системийн 250 га талбай нийтдээ 420 орчим га талбайг тарилангийн зориулалтаар ашиглаж төмс хүнсний ногоо тариалж байсан ба өнөөгийн байдлаар 50 хүрэхгүй хувийг ашиглаж хүн амын хэрэгцээт төмс, хүнсний ногооны 40 орчим хувийг хангаж байна.
Аймгийн газар тариалангийн салбар нь сүүлийн 10-аад жилд өсөлт бууралттай хэлбэлзэж ирсэн бөгөөд 2007 оны жилийн эцсийн байдлаар нийт 229 га-д тариалалт хийснээс 2279,1 тонн ургац хураан авсан нь өнгөрсөн оноос төмс 307 тонноор, хүнсний ногоо 101 тонноор, тэжээлийн ургамал 102 тонноор тус тус нэмэгдсэн байна.
Багахан талбайд тариалалт явуулж буй үйлдвэрлэгчид нь өндөр хүчин чадалтай машин техник худалдан авч ашиглах боломж муутай учраас үйлдвэрлэлийн эцсийн үр дүн хангалтгүй байгаа юм.
Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаагаас эрдэс бордоо, ургамал хамгаалалын бодис хэрэглэх нь эрс багасаж тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, өвчин хортон тархах хөрсний үржил шим доройтох зэрэг сөрөг үзэгдлүүд бий болсон нь гангийн эрсдэлийн зэрэгцээ газар тариалангийн бүтээгдэхүүний бүтээмж чанарыг бууруулах үндсэн шалтгаан болсоор байна. Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний хомсдол үүсч улмаар хөгжингүй орнуудад таримлаас био түлш үйлдвэрлэх болсон. Уур амьсгалын хэт дулаарлаас үүдэн буудай экспортлогч зарим улс ургац алдаж ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өсч байна. Ийм нөхцөл байдлын үед тус аймаг боломжтой талбайгаа бүрэн ашиглахын зэрэгцээ жилийн 4 улиралд ургац өгдөг дулааны хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх замаар дотооддоо төмс хүнсний ногоогоор хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангах бодлого чиглэлийг баримтлан ажиллах шаардлага урган гарч байна.

Хоёр. Хөтөлбөрийг боловсруулах, үндэслэл шаардлага

Дэлхийн зах зээл дээр гурил, буудайны эрэлт хэрэгцээ нэмэгдэж үнэ нь жилээс жилд өсөж байгаагийн зэрэгцээ байгалийн гаралтай цэвэр, аюулгүй хүнс хэрэглэх сонирхол давамгайлах болсон өнөө үед нөөц бололцоогоо дайчлан үр дүнтэй ашиглаж, өмнөх жилүүдийн туршлага сургамжаа орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн ашиглах замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх шаардлага бий болсон байна. УИХ-ын 2003 оны 29 дүгэээр тогтоолоор батлагдсан “Төрөөс ХХАА-н талаар баримтлах бодлого” болон Эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд газар тариалангийн талаар дээшлүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх тодорхой ажлууд хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн Газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын жил болгон зарласан ажлын хүрээнд дотоодын улаан буудайн гурил болон төмс гол нэрийн хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангах зорилго бүхий “ Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан болно.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална.
3.1. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах.
3.2. Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах.
3.3. Хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах.
3.4. Хөтөлбөрийг иргэд, аж ахуйн нэгжийн хүчээр хэрэгжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт

4.1 Газар тариалан эрхлэх эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой ханган импортын хараат байдлыг арилгаж, тариалангийн хөгжлийг эрчимжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
4.2 Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.
4.2.1. Тариалан эрхлэх эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх.
4.2.2 Тариаланчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах.
4.2.3. Атаршсан талбайг эргэлтэд оруулах замаар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх.
4.2.4. Тариалангийн үндсэн таримлын үрийн чанарыг сайжруулж, нутагшсан сортын үрийн хангамжийг нэмэгдүүлэх.
4.2.5. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөтөлбөрийн 4.2.1 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ:
5.1.Газар тариалангийн шинжлэх ухааны ололт, нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааны төсөл хэрэгжүүлэх.
5.2. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд, байгууллагуудыг банкны хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамруулах.
5.3 Газар тариалан эрхлэгчдийг тариалалтын талбай болон нэгжээс авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлсэн, хүн амын хэрэгцээг хангасан хувь хэмжээ, ажлын байр нэмэгдүүлсэн зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан жил бүр шалгаруулж, урамшуулах.

Хөтөлбөрийн 4.2.2 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.4 Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэгээр хангах, тариаланчид, механикжуулагчдыг давтан сургалтанд хамруулах.
5.5. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулах, тэднийг техник тоног төхөөрөмж дээр дадлагажуулах.
5.6. Тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, механикжуулагчдыг дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа гадаад орнуудад явуулж туршлага судлуулах.
5.7. Шинэ техник, технологи туршин нэвтрүүлэх, ажилчид бэлтгэх сургах зорилготой үйлдвэрлэл сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх.
5.8. Тариалангийн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох, аж ахуй эрхлэх, чадавхийг сайжруулах.

Хөтөлбөрийн 4.2.3 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.9. Атаршсан газраас ашиглах боломжтой талбайн хэмжээ, хөрсний үржил шимийн судалгааг мэргэжлийн байгууллагаар судлуулах:
5.10. Атаршсан газар болон хөрсний судалгааг үндэслэн нийт эргэлтийн талбайн хэмжээг 310 га-аас доошгүй болгох:
— 2008 онд 20 га
— 2009 онд 30 га
— 2010 онд 30 га атаршсан талбайг үйлдвэрлэлд ашиглах:

Хөтөлбөрийн 4.2.4 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.11. Царгас, эрдэнэ-шиш, вандуй зэрэг тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх:
5.12. Төмс хүнсний ногооны нутагшсан сортын үр үржүүлэх:

Хөтөлбөрийн 4.2.5 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.13. Хөрсийг салхины элэгдэл, эвдэрлээс хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, бүх сумдыг ХАА-н бүрэн техниктэй болгох.
5.14. Бордоо, ургамал хамгааллын бодис, услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх асуудлуудыг судлах.
5.15. Засвар үйлчилгээний газрыг бий болгох, сэлбэгийн хангамжийг сайжруулах.
5.16. Өрхийн тариалан эрхлэгчдэд техникээр үйлчилгээ үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийг бий болгох байгуулах.

Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 34 хувь нэмэгдүүлж 310 га-д хүргэх зорилтын хүрээнд:
5.17.Тариалангийн болон хадлангийн талбайг хаших, тэжээлийн ургамал тариалах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах.
5.18. Ашиглалтанд байгаа гүн өрмийн худгийн дэргэд талбай хашиж газар тариалан эрхлэх арга хэмжээг дэлгэрүүлэн хөгжүүлж, хэвшүүлэх.
5.19. Агропарк төслийн хүрээнд дулааны болон өрхийн хүлэмжийн аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэх.
5.20. 60 га талбай услах хүчин чадалтай услалтын хуучин системийг сэргээн засварлах, 15 га талбай бүхий услалтын системийг шинээр ашиглалтад оруулах.
5.21. Хамгаалагдсан хөрсний тариалангийн талбайг нэмэгдүүлж, дуслын усалгааг нэвтрүүлэх.
5.22. Сум бүрт загвар зоорь байгуулах замаар зоорийн аж ахуйг хөгжүүлэхийг дэмжих.
5.23 Төмс, хүнсний ногоо тариалан дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид зах зээлд нийлүүлж буй байгууллага аж ахуй нэгжийг шалгаруулах, урамшууллын механизмыг бүрдүүлэх.
5.24. Тариалангийн салбарт баримтлах технологийн зөвлөмжийг тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдээр мөрдүүлж ажиллуулах.
5.25. Техник, технологийн шинэчлэл, услалтын системд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг жил бүр шалгах.


Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, зохион байгуулалт, хяналт

6.1. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн аймгийн дэд хөтөлбөрийг 2008—2010 оныг дуустал хэрэгжүүлнэ.
6.2 Хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохицуулах, мэргэжил арга зүйгээр удирдах үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн газар хэрэгжүүлнэ.
6.3. Сумдад салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг тухайн шатны Засаг дарга ахалж гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл орсон байна.
6.4. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн ИТХТэргүүлэгчид хэлэлцэн батална.
6.5. Хөтөлбөрийн холбогдох заалтыг аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
6.6. Хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүрийн 4-р улиралд аймгийн ИТХТ-ийн хуралд танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлж байна.


Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана.
7.1. Аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн хөрөнгө
7.2. Улсын төсөв
7.3. Орон нутгийн төсөв
7.4. Банкны зээл
7.5. Гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл
7.6. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт
7.7. Орон нутгийн төсвөөс гарах хөрөнгийг төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.
8.1. Хөтөлбөрт тусгагдсан санхүү, эдийн засгийн орчны хэрэгжилтийн үнэлгээ
8.2. Мэргэжил эзэмшүүлсэн урт болон богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтэн, механикжуулагчийн тоо.
8.3. Нийт болон нэгж талбайгаас авсан ургацын хэмжээ.
8.4. Усалгаатай талбайн өсөлт, нэгж талбайн ургацын хэмжээ.
8.5. ХАА-н техникийн шинэчилсэн тоо.
8.6. Тариалангийн салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо өсөлт.
8.7. Төмс, хүнсний ногооны хангамжийн хувь.
Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг үнэлэхдээ тухайн жилийн байгаль цаг уурын болон эдийн засгийн макро, микро орчны байдал, зах зээлийн үнийн өсөлт зэргийг харгалзана.