Хэвлэх DOC Татаж авах

ХАВСРАЛТ

 
ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР САНАЛ
 
i. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаархи ерөнхий болон түүвэр арга хэмжээнүүд
 
1.          Гишүүн улс бүр:
(а) ажиллах хүчний нөөц, хуваарилалт, ажилгүйдэл болон бүрэн бус ажил эрхлэлт, ажилгүйдлийн хэмжээ далайц, онцлог, тэдгээрт гарч ирж байгаа чиг хандлагын талаар үргэлжилсэн судалгааг дараахь дүн шинжилгээнүүдийн хамт явуулна;
(i) нас, хүйс, ажлын чадвар, ажил мэргэжлийн бүлэг, бүс нутаг болон эдийн засгийн салбар тус бүрээр гаргасан ажиллах хүчний хуваарилалтын байдал, эдгээрт илэрч болохуйц цаашдын чиг хандлага, хүн ам зүйн хүчин зүйлүүд, ялангуяа хүн ам нь хурдацтай өсөж буй хөгжиж байгаа орнуудад энэ нь хэрхэн нөлөөлж байгаа, дээрх чиг хандлагуудад технологийн өөрчлөлт яаж нөлөөлж байгаа талаар;
(ii) одоо байгаа болон ирээдүйд байж болох эдийн засгийн салбарууд, бүс нутаг, ажил мэргэжлийн бүлэг, бүтээмж, хөдөлмөр эрхлэлтийн байдал;
(b) хүн амын тооллого болон холбогдох судалгааны шугамаар шаардлагатай статистикийн тоо баримтыг сайжруулах;
(c) богино хугацааны гэнэтийн өөрчлөлтийг удаан хугацааны бүтцийн өөрчлөлтөөс ялган салгах үүднээс дотоодын болон гадаадын үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт гарч байгаа шинэ техникийн хувьслын чиг хандлага (ялангуяа автоматжуулалттай холбоотой), эдийн засгийн амьдралын тухайн үеийн үзүүлэлтүүдийн талаар судалгаа хийх болон өргөжүүлэх;
(d) ажилгүйдэл, ажиллах хүчний дутагдлыг арилган засах, шуурхай арга хэмжээ авах үндэс суурийг бий болгох зорилгоор, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн байдалд богино хугацааны урьдчилсан таамаглал гаргах;
(e) бусад орнуудад хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийн талаархи бодлогын үр дүн, арга механизмын талаархи судалгааг өргөжүүлэх зэрэг болно.
Гишүүн орон бүр хамтын хэлэлцээр хариуцсан хүмүүсийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон бусад газар явуулсан үр дүнгийн товчооны тухай мэдээллээр мөн автоматжуулалтын нөлөөний үр дүнгийн мэдээллээр хангана.
2. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засаг, нийгмийн бодлогын бусад арга хэмжээнүүдтэй хослон хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ийм арга хэмжээнүүдэд:
(а) хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон үйлдвэрлэлийн өсөлт;
(b) орлогын өсөлт болон хуваарилалт;
(c) нийгмийн хамгаалал;
(d) жилийн төсвийн болон мөнгөний бодлого (инфляцийн эсрэг бодлого, үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаадын мөнгөн тэмдэгтэй харьцах бодлогыг оруулна)
(e) улсуудын хооронд бүтээгдэхүүн, капитал болон ажиллах хүч чөлөөтэй шилжих явдлыг өргөжүүлэх зэрэг орно.
3. Хөдөлмөр эрхлэлт хийгээд үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах үүднээс жилийн төсвийн арга хэмжээг хамгийн үр дүнтэйгээр явуулахад анхаарвал зохино.
4. Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээнүүдэд түүнчлэн:
(а) хөрөнгө оруулалтын зардал болон татварын хэмжээтэй холбоотой жилийн төсвийн арга хэмжээнүүд;
(b) мөнгөний бодлогын зохих арга хэрэгслээр эдийн засгийн үйл ажиллагааг урамшуулах буюу эсхүл хязгаарлах арга хэмжээ;
(c) төмөр зам, усан онгоцны зогсоол, сургууль, сургалтын төв эмнэлэг зэрэг улсын болон нийтийн үйлчилгээний байгууллага, газарт зориулах хөрөнгө оруулалтын зардлыг ихэсгэж багасгах;
(d) эдийн засгийн түр зуурын уналтад орж болзошгүй үйлдвэрийн салбарт улсын зүгээс нэмүү захиалга өгөх тусгай чанартай арга хэмжээг авах зэрэг орж болно.
5. Хөдөлмөр эрхлэлтийн улирлын чанартай өөрчлөлтийг арилгах арга хэмжээнүүдэд:
(а) урьд нь техник нэвтэрч байгаагүй ажилд шинэ техник нэвтрүүлэх,
(b) улирлын чанартай ажил мэргэжил эрхэлдэг ажилчдыг жилийн туршид ажиллах боломж олгох сургалтыг зохион байгуулах,
(c) улирлын чанартай ажилгүйдэл, хагас ажилгүйдлийн эсрэг арга хэмжээг төлөвлөх, барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой улсын болон хувийн янз бүрийн үйлдвэр, албан газруудын үйл ажиллагааг хоршуулахад илүү анхаарал тавих зэрэг орж болно.
6. 1) Бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан, энэ зөвлөмжийн 16 дугаар зүйлд дурдсан бүлгийн категорийн хүмүүст тохиолдож болзошгүй онцгой хүндрэлийн талаар эрх мэдэл бүхий байгууллагуудын зүгээс болон зохих үйл ажиллагааны дүнд тодруулна.
2) Дээрх бүлэгт хамаарагдах хүмүүсийг тохирсон ажлаар хангах, тохиолдох хүндрэлийг арилгах онцгой арга хэмжээг авна.
3) Өндөр настай хүмүүс, тахир дутуу хүмүүс, бүтцийн өөрчлөлтөд зохицохтой уялдан ихээхэн хүндрэлтэй тулгарвал нийгмийн хамгааллын системийн хүрээнд тэдэнд зохих хангамж, тэтгэлгийг өгвөл зохино. (Шаардлагатай үед, тогтоосон наснаас доош насны хүмүүст тэтгэвэр төлнө).
7. 1) Хэрвээ бүтцийн өөрчлөлт нь тухайн бүс нутагт төвлөрсөн олон тооны ажилчдыг хамарч байвал, урамшуулал болон эзэд, ажилчдын төлөөлөгчидтэй хэлцэн зөвшилцсөний үндсэн дээр, нэгж үйлдвэрүүдийн зүгээс бүс нутгийн ерөнхий хөгжлийн хүрээнд, илүү ажлын байр гаргахыг дэмжих арга хэмжээг гишүүн орон бүр авна.
2) Энэ чиглэлээр авч болох арга хэмжээнд:
(а) үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн чиглэлийг өргөжүүлэх, эсхүл шинэ үйлдвэрийн газрыг барьж өргөжүүлэх;
(b) улсын үйлдвэрийн газруудыг шинээр байгуулах болон өргөжүүлэхэд улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх;
(c) байгуулах нөхцөл болгох үүднээс шинэ үйлдвэрийн газарт мэдээлэл, зөвлөмж өгөх;
(d) дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр онцгой зээллэг өгөх, үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн хөрөнгийн татварыг түр хугацаагаар хойшлуулах, зохих хугацаанд улсаас дотаци төлөх зэрэг арга замуудаар шинэ үйлдвэрүүдийн анхаарал, сонирхлыг татах;
(e) засгийн газрын захиалгыг өгөхөд нэн тэргүүн харж үзэх;
(f) үйлдвэрлэлийн хэт төвлөрлийг багасгахад зохих чармайлт гаргах зэрэг арга хэмжээнүүд орж болно.
3) Эдгээр арга хэмжээг, өөрийн нөөц бололцоо, зах зээлд гарах боломж болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамааруулан янз бүрийн бүс нутагт дотроосоо хангах бололцоотой ажиллах хүчний төрлийг анхаарсан байвал зохино.
4) Онцгой анхаарал тавигдах бүс нутгуудын заагийг, зэргэлдээ бүс нутгийнхаа онцлог, түүнд гарч болзошгүй өөрчлөлтийн талаар зохих судалгаа хийсний дараа тогтооно.
 
2. ЭДИЙН ЗАСГИЙН СУЛ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБОГДОЖ ГАРАХ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛУУД
8. Үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бусад орнуудаас санхүүгийн эх үүсвэрийг дайчлахыг дэмжих, урамшуулах, дотоодын нөөцийг арвилан хэмнэх арга хэмжээнүүд:
(а) Албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай 1930 оны конвенц, Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг устгах тухай 1957 оны конвенцийн заалтуудад нийцсэн арга хэмжээнүүд, хөдөлмөрийн зохих доод хэм хэмжээний тогтолцооны хүрээнд болон ажил олгогчид, ажилчид, тэдгээрийн байгууллагуудтай хэлэлцэн зөвшилцсөний үндсэн дээр ажиллах хүчний хөрөнгө оруулалтыг бий болгох хурдцыг өсгөх үүднээс ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүд;
(b) үр дүнгүй, ашиггүй үйлдвэрлэлд зориулагдаж байгаа хуримтлал, хөрөнгө оруулалтыг ажил эрхлэлт болон эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд;
(c) хуримтлалыг дараахь замаар өсгөх арга хэмжээнүүд:
(i) зохих урамшууллыг хадгалах шаардлагыг үл хөндөн шаардлагагүй хэрэглээг багасгах замаар;
(ii) татвар, шимтгэлийн зарчмаар бүрддэг нийгмийн халамжийн сангийн сүлжээ болон жижиг хуримтлалын хэлбэрээр бий болгох;
(d) үр ашигтай хөрөнгө оруулалтад хуримтлалыг чиглүүлэх явдлыг хөнгөвчлөхийн тулд орон нутгийн хуримтлалын зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээнүүд;
(e) гадаадын хөрөнгө оруулалтын дүнд олсон орлогын зохих хэсгийг дахин хөрөнгө оруулалт хийхэд ашиглах явдлыг дэмжих болон түүнийг үр ашигтай хөрөнгө оруулалтад чиглүүлэх үүднээс үндэсний хуримтлал гадагш урсан гарахаас сэргэмжилсэн арга хэмжээнүүд.
9. 1) Хөдөлмөр зарцуулалт ихтэй аргыг хэрэглэх ба хөдөлмөрийн зардал ихтэй бүтээгдэхүүнийг урамшуулах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд:
(а) (i) орчин үеийн, хөдөлмөр зарцуулалт ихтэй үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн судалгаа болон;
(ii) барилга байгууламж, нийтийг хамарсан ажил зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй аргын тухай мэдээллийг өргөжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажлууд орно.
(b) холбогдох үйлдвэрийн газарт импортоор буюу бусад хязгаарын харьцаанд нэн таатай нөхцөл, татварын хөнгөлөлт үзүүлэх;
(c) хөдөлмөр зарцуулалт ихтэй барилгын ажил, тухайлбал усны далан барих, төмөр зам, засмал зам барих ажилд техник, эдийн засаг, зохион байгуулалтын бүх хүчийг ашиглах.
2) Үйлдвэрлэл, материал, эрчим хүч гэх мэтийг оролцуулан үйл
ажиллагааны эцсийн шатанд төдийгүй, үйлдвэрлэлийн бүх түвшинд хөдөлмөр, капитал ямар харьцаанд байгааг хөдөлмөр зарцуулалтын арга болон тодорхой бүтээгдэхүүнээр тооцох хэрэгтэй.
10. Хөдөө аж ахуйн секторт үр бүтээлтэй ажил эрхлэлтийг өргөжүүлэх арга хэмжээнүүдэд энэхүү Зөвлөмжийн 27 дугаар зүйлд заасан арга хэмжээнүүдээс гадна Албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай 1930 оны конвенц, мөн Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг устгах тухай 1957 оны конвенцийн заалтуудад тусгагдсан жижиг суурин газрын хөгжлийг өрнүүлэх талаар авах арга хэмжээнүүдэд мөн орж болно. Эдгээр арга хэмжээнүүд нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа тухайн хүн, эзэн, ажилчид болон тэдгээрийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдэнэ.
11. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд орон нутгийн ажиллах хүчнийг бүрэн ашиглах орон нутгийн нөхцөлд тохирсон арга хэлбэрүүдэд дараахь зүйл орно:
(а) орон нутагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ерөнхий төслүүд, тухайлбал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түргэн нэмэгдүүлэх, жижиг болон дунд хэмжээний услалтын системийг барьж байгуулах, агуулах барих, орон нутгийн замыг хөгжүүлэх зэрэг төслүүд,
(b) газрыг ашиглах, сайжруулах,
(c) газар тариаланд хөдөлмөр зарцуулалт өндөр арга замыг нэвтрүүлэх, мал аж ахуй эрхлэлтийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах,
(d) модны аж ахуй, загасны аж ахуйг хөгжүүлэх,
(e) боловсрол, орон сууцны хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг хөдөө өргөжүүлэх,
(f) хөдөө орон нутагт шаардлагатай жирийн болон зарим онцлог бүтээгдэхүүнийг жижиг үйлдвэр, гар үйлдвэр, уран дархан эрхлэх замаар үйлдвэрлэх,
12. 1) Энэхүү Зөвлөмжийн 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс болон Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжийн заалтуудыг авч үзэн, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах, бүх салбарт ажиллаж буй ажилчдыг мэргэжлийн сургалтаар бэлтгэх, түүнчлэн удирдлага, шинжлэх ухаан, техникийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг зохих мэргэжлийн сургалтад хамруулахын төлөө хөгжиж байгаа орнууд чармайвал зохино.
2) хөдөө аж ахуйн хөгжлийг сайжруулах, хөдөө аж ахуйд шинэчлэл хийх үүднээс сургалт явуулах багш, ажилчдыг бэлтгэх шаардлагатайг анхаарвал зохино.