Хэвлэх DOC Татаж авах

Төрийн өмчийн хорооны 1997 оны 10-р сарын 10-ны өдрийн 562 дугаар тогтоолын хавсралт


ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН ӨМЧ ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХУВЬЧЛАЛД БЭЛТГЭХ, ХУВЬЧЛАГДСАН АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1. Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль, Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж төрийн өмчит болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөхөд энэхүү журмыг мөрдөнө.
2. Төрийн өмчийн хороо төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлах, түүний хөрөнгө, санхүү, эдийн засгийн үзүүлэлтийн талаар нийтэд мэдээлэх тухай шийдвэрийг гаргахдаа тухайн аж ахуйн нэгжийн хамгийн сүүлчийн хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг үндэслэнэ.
3. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг эд хөрөнгийн цогцолбороор хувьчилна.

Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн цогцолбор гэдэгт тухайн үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулахад нь зориулагдсан бүх төрлийн эд хөрөнгө, үүний дотор барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшил, түүхий эд, материал бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, мөн эд хөрөнгийн эрх, газар эзэмших эрх, шаардах эрх, өглөг орохын хамт тус үйлдвэрийн газрыг хуулийн этгээд болохтой нь холбоотой бусад эрхүүд багтана.

4. Тухайн аж ахуйн нэгжийг хувьчлахаар шийдвэр гарснаас эхлэн шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нар хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ:

а/ тухайн аж ахуйн нэгжийг хувьчлах болсонтой холбогдуулан эд хөрөнгийн тооллогыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 7 дугаар бүлгийн 70 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 71 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хийхийн зэрэгцээ тэргүүн ээлжид төрд төлөх бүх төрлийн татвар, хураамж, ногдол ашгийн өрийг төлөх,

б/ банкны зээл, хүүгийн өрийг төлөх,

в/ бусад өр төлбөрийг, ялангуяа тухайн аж ахуйн нэгжийн гол бэлтгэн нийлүүлэгч болон түлш, эрчим хүчний үйлдвэрүүдэд төлөх өрийг барагдуулах,

г/ авлага, ялангуяа он дамжсан авлагыг хураан барагдуулах, маргаантай буюу найдваргүй гэж үзэж буй авлагын тухай асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,

д/ өмчлөгчийн эрх шилжүүлэх тухай Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон өр, авлагыг нэг бүрчлэн нарийвчлан тодорхойлж, шинэ өмчлөгчид шилжүүлэхэд бэлтгэх,

з/ аж ахуйн нэгжийнхээ болон салбар, төлөөлөгчийн газрын хувьчлалд хамрагдсан бүх эд хөрөнгийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөхөд бэлтгэх,

ж/ дотоод, гадаадын бүх харилцагчидтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, хэлэлцээрийг жагсаан бэлтгэж, тэдгээрийн биелэлтийг гаргаж хүлээлгэн өгөхөд бэлтгэх,

з/ бусад аж ахуйн нэгж, банканд хөрөнгө оруулж хувьцаа, үнэт цаасыг худалдаж авсан бол тэдгээрийг баталгаажуулсан баримт бичгийг бүрдүүлэх,

и/ тайлан баланст бүртгэлтэй, тухайн аж ахуйн нэгжийн өөрийн нь боловсруулсан буюу олж авсан ноу-хау, патент, лиценз, худалдааны тэмдэг, гудвилл, зохиогчийн эрх зэрэг биет бус хөрөнгийн жагсаалт, материалыг бэлтгэх,

к/ нутгийн захиргааны байгууллагаас эзэмшил газрын зөвшөөрөл авсан баримт бичгийг бүрдүүлэх.

5. Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалин хөлс тавьж олгохоос бусад мөнгөн гүйлгээ болон эд хөрөнгийн хөдөлгөөнийг гагцхүү Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
6. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчийн оролцоог хувьчилж авсан шинэ өмчлөгчтэй Төрийн өмчийн хороо “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулна. Шинэ өмчлөгч энэхүү гэрээний үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлсэн үед түүнд өмчлөгчийн эрх олгосон тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.
7. Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж хувьчлагдсанаас гадаадын болон олон улсын байгууллагатай түүний байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээх эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжсэн талаар гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаадын талд мэдэгдэнэ.
8. Аж ахуйн нэгжийг хувьчлах, хувьчлагдсан хөрөнгийг хүлээлцэх үед гарсан эд хөрөнгийн илүүдэл, дутагдлын асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлнэ.
9. Хувьчлагдсан аж ахуйн нэгжийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд эд хөрөнгө, бүртгэл, санхүүгийн талаар зөрчил, дутагдал гаргасан аж ахуйн нэгжийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нарт зохих хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
10. Хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлцэх үед шилжиж ирсэн, холбогдох байгууллагатай тооцоо нийлж акт, баримтаар тодорхойлогдсон өр, зээлийг шинэ өмчлөгч хариуцан, цаашид төлж барагдуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
11. Хувьчлагдсан аж ахуйн нэгжийн ажиллагчдын хувьд ажил олгогч солигдож байгаа бөгөөд шинэ өмчлөгч худалдан авсан үйлдвэрийн газрын эрх залгамжлагчийн хувьд тус үйлдвэрийн газраас хувьчлагдахын өмнө гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн болон хөдөлмөрийн зэрэг /хувьчлах тухай зар мэдээнд дурдсан тооны ажиллагчдын/ гэрээнээс үүссэн үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өөрчлөх асуудлыг холбогдох хуулийн дагуу тэдгээр этгээдтэй бие даан харилцан тохиролцож зохицуулна.

Мөн худалдан авсан үйлдвэрийн газрын эрх залгамжлагчийн хувьд уг эд хөрөнгийг ашиглах, үйлдвэрийн газрын ажиллуулахтай холбоотойгоор хувьчлан авахын өмнө үүссэн бөгөөд цаашид илэрч болох эрх, үүргийн асуудлыг Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан өдрөөс эхлэн хуулийн дагуу бие даан хариуцна.

Хоёр. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар

12. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /цаашид үйлдвэрийн газар гэх/ нь энэ журмын ерөнхий зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/ үйлдвэрийн газрыг хувьчилж шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр гарсан өдрийн байдлаар тухайн үйлдвэрийн газрын харилцах данс, касст байгаа бэлэн мөнгийг улсын төвлөрсөн төсөвт төлж, шилжүүлэх үеийн тайлан баланст тусгана.

б/ бусад байгууллага, хүмүүст өгөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу нэхэмжлэх эзэнгүй өглөгийг үйлдвэрийн газрыг шинэ өмчлөгчид шилжүүлсэн өдрөөр тасалбар болгон шилжүүлэх үеийн тайлан баланст төсөвт төлөх төлбөр болгон бичилт хийнэ.

в/ хариуцах эзэн нь нас барсан, сураггүй алга болсонд тооцсон, аж ахуйн нэгж дампуурсан, татан буугдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээс хууль тогтоомжоор найдваргүйд тооцох авлагыг холбогдох баримтыг үндэслэн хүлээлгэн өгөх хөрөнгөөс хасаж шилжүүлэх үеийн тайлан баланст тусгана.

13. Үйлдвэрийн газрын хувьчилж, шинэ өмчлөгчид эрх шилжүүлсэн тухай Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон түүнээс хойш 30 хүртэл хоногийн дотор эд хөрөнгийн тооллого хийж, шилжүүлэх үеийн санхүүгийн тайлан баланс гаргах ажлыг аж ахуйн нэгжийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нар өмчлөх эрх шилжүүлж авах байгууллага буюу иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын дор гүйцэтгэнэ.
14. Шилжилтийн үеийн тайлан баланст тусгагдах хөрөнгө нь дараах баримтуудаар нотлогдсон байна:

1/ үндсэн хөрөнгө, дуусаагүй барилгыг тэдгээрийг нэг бүрчлэн тоолсон тооллогын баримтаар,

2/ түүхий эд, материал, түлш, сэлбэг, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав баглаа боодол, дуусаагүй үйлдвэрлэл, мал, амьтад зэргийг тэдгээрийн тооллогын баримтаар,

3/ касст байгаа бэлэн мөнгө, үнэт цаасыг тооллогын баримтаар,

4/ урьдчилж төлсөн зардал болон тооцоог санхүүгийн баримт, тухайн байгууллагатай нийлсэн тооцоогоор,

5/ харилцах дансанд байгаа бэлэн мөнгө, үнэт цаасыг банкны тодорхойлолтоор,

6/ авлага, өглөгийг дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нэг бүртэй нийлсэн тооцооны актаар,

7/ банк болон бусад этгээдээс авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл, хүүгийн хэмжээг тэдгээртэй нийлсэн тооцооны баримт, тодорхойлолтоор,

8/ татвар, хураамж, даатгал, шимтгэлийг холбогдох байгууллагын тодорхойлолтоор,

9/ биет бус хөрөнгийг холбогдох баримтаар,

10/ худалдаж авсан хувьцаа, үнэт цаас, оролцооны ногдол хувийг тэдгээрийг баталгаажуулсан баримт бичгээр,

11/ борлуулалт, зардлын хэмжээг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн данснуудын баримтаар,

12/ хуримтлагдсан ашиг, түүний хуваарилалт, ногдол ашгийн төлөлтийг нягтлан бодох бүртгэлийн дансдын болон эрх бүхий байгууллагын шийдвэрийн баримтаар.

15. Үйлдвэрийн газрыг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх ажлыг Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Төрийн өмчийн агентлагийн болон санхүү, татварын байгууллагын төлөөлөгч, тухайн үйлдвэрийн газрын эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нарын бүрэлдэхүүнтэй гүйцэтгэнэ. Шаардлагатай бол Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар комисс томилж болно. /ТӨХ-ны даргын 1994.4.15-ны өдрийн 293 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
16. Хүлээлгэн өгөх комисс дараах зүйлийг шинэ өмчлөгчид шилжүүлнэ:

1/ шилжилтийн үеийн тайлан баланс, санхүүгийн орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, тэдгээрт хийсэн нэмэлт тайлбар, тодруулга,

2/ нэг бүрчлэн баталгаажуулсан өр, авлагын жагсаалт,

3/ үйлдвэрийн газрын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл,

4/ дотоод, гадаадын бүх харилцагчидтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, хэлэлцээрүүд, тэдгээрийн биелэлтийг дүгнэсэн материал,

5/ бусад аж ахуйн нэгж, банканд хөрөнгө оруулж олж авсан хувьцаа, үнэт цаасыг нь баталгаажуулсан баримт бичиг,

6/ тайлан баланст бүртгэлтэй, тухайн аж ахуйн нэгжийн өөрийн нь боловсруулсан буюу олж авсан ноу-хау, патент, лиценз, худалдааны тэмдэг, гудвилл, зохиогчийн эрх зэрэг биет бус хөрөнгө,

7/ нутгийн захиргааны байгууллагаас эзэмшил газрын зөвшөөрөл олгосон баримт бичиг,

8/ хувьчлагдах хөрөнгийн бүрэлдэхүүнд орсон барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологитой холбоотой техникийн бичиг баримт,

9/ шаардлагатай бусад баримт бичиг.

17. Үйлдвэрийн газрыг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэх бөгөөд уг актад талууд гарын үсэг зурснаар үйлдвэрийн газрыг хүлээлгэн өгсөн, хувьчилж авсан этгээд хүлээн авсанд тооцно.
18. Үйлдвэрийн газрыг хувьчилж авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ.

Гурав. Төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж

19. Төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж энэхүү журмын ерөнхий зүйлд заасан заалтыг хэрэгжүүлэхийн гадна хуримтлагдсан ашгийн тайлангаар хувьцаа болон ногдол хувь эзэмшигчдэд төлөхөөр хуваарилсан боловч төлөгдөөгүй байгаа хөрөнгийг үлдэгдлийг өглөгийн холбогдох дансанд бичилт хийнэ.
20. Төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийн төрийн өмчийн оролцоог хувьчилж, түүний өмчлөх эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлсэн тухай Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж нь шинэ өмчлөгчийг оролцуулан гэрээ, дүрэм, аж ахуйн нэгжийн хэлбэр, удирдлагын бүтцээ өөрчлөх асуудлаа “Нөхөрлөл компанийн тухай” хуульд заасны дагуу гүйцэтгэж улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ.