Хэвлэх DOC Татаж авах
                                                                          Монгол Улсын Засгийн газрын 2010  оны 289 дүгээр
                                                                          тогтоолын хавсралт
 
 
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа шуудан болон бусад эд зүйлсийг хүндрэл, чирэгдэл, саадгүйгээр улсын хил нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, боловсронгуй болгоход Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-ийн зорилго оршино.
 
            1.2. Хөтөлбөрийг 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо баталсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн холбогдох зүйл болон түүний Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д тусгагдсан агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан болно.
 
            1.3. Энэ хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
 
     1.3.1. "агаарын тээвэрлэгчийн шуудан ба эд зүйлс" гэж агаарын тээвэрлэгчийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан өөрийн эсхүл гэрээт байгууллагад хүргүүлэх зорилгоор тээвэрлэгдэх бичиг баримт, хангамжийн материал, техник үйлчилгээний сэлбэг, нислэгийн хоол хүнс, цэвэрлэгээний болон бусад зүйлсийг;
 
1.3.2. "албадан гаргагдаж буй этгээд" гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасны дагуу Монгол Улсаас албадан гаргагдаж буй этгээдийг;
 
1.3.3. "барааг чөлөөлөх" гэж гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа гаалийн байгууллагын зүгээс хүлээн авагчид барааг чөлөөт эргэлтэд оруулах зөвшөөрөл олгох үйл ажиллагааг;
 
1.3.4. "буулгах үйл ажиллагаа" гэж агаарын хөлөг газардсаны дараа зорчигч, ачаа, тээш, шуудан, илгээмжийг агаарын хөлгийн тавцангаас буулгах ажиллагааг;
 
1.3.5. "гадаад улсад зорчих баримт бичиг" гэж Монгол Улсын иргэний хувьд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.1-д заасан үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх болон  хүүхдийн үнэмлэхийг, гадаад улсын иргэний хувьд тухайн улсаас гадаад улсад зорчих эрх олгох паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, үнэмлэхийг; 
 
1.3.6. "гаалийн түр зөвшөөрөл" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа тодорхой нэр төрлийн барааг тусгай нөхцөл болзолтойгоор импортын татвар, хураамжаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх ажиллагааг (эдгээр бараа нь тусгайлсан зорилго, хэрэглээний дагуу импортлогдох эсвэл тодорхой хугацааны дараа ердийн ашиглалтыг нь хангах засвар үйлчилгээнээс өөр өөрчлөлт оролгүй буцаан гаргах нөхцөлөөр импортлогдох ёстой);
 
1.3.7. "импортын барааны татвар, хураамж" гэж барааг импортлох үед ногдуулах гаалийн татвар болон бусад татвар, хураамж, төлбөрийн нийлбэрийг /эрх бүхий төрийн байгууллагуудын өмнөөс гаалийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний болон түүнтэй холбоотой бусад төлбөрүүд үүнд хамаарахгүй/;
 
1.3.8. "машинаар уншигдах аяллын баримт бичиг" гэж иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын Dоc 9303-ын стандартад нийцүүлсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр уншуулахад баримт бичигт тусгагдсан мэдээлэл нь цахим хэлбэрт шилждэг баримт бичгийг;
 
1.3.9. "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналт" гэж хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг агаарын хөлгөөр хууль бусаар тээвэрлэхэд тавих хяналт, шалгалтын арга хэмжээг;
 
1.3.10. "хилийн хяналтын байгууллага" гэж хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, хилийн эрүүл ахуй, халдвар судлал, гааль зэрэг хяналтын байгууллагыг;
 
1.3.11. "хилийн хяналтын хоёр (улаан, ногоон) гарцын тогтолцоо" гэж хилийн хяналтын байгууллага нь эрсдэлийн удирдлагын тогтолцоог ашиглан агаарын хөлгийн баг, зорчигч болон бараа, бүтээгдэхүүнийг шалгах аргачлалыг;
 
1.3.12. "хөгжлийн бэрхшээлтэй зорчигч" гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тодорхойлсон этгээдийг;
 
1.3.13. "хүлээн зөвшөөрөгдөөгүй зорчигч" гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн гадаадын иргэнийг;
 
1.3.14. "хэв журам зөрчсөн зорчигч" гэж агаарын хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн, нисэх буудал, хилийн хяналтын байгууллагын ажилтан, агаарын хөлгийн багийн зааврыг үл дагаж нисэх буудлын болон нислэгийн хэвийн ажиллагааг алдагдуулж буй этгээдийг;
 
1.3.15. "хэрэгцээгүй чирэгдэл саатал" гэж агаарын хөлөг, агаарын хөлгийн баг, зорчигч, ачаа шуудан, бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцогч агаарын тээвэрлэгч, хилийн хяналтын болон бусад байгууллагын харилцан уялдаагүй, давхардсан, боловсронгуй бус үйл ажиллагаанаас шалтгаалж тэдгээрийн хөдөлгөөнийг саатуулах ажиллагааг;
 
1.3.16. "эрсдэлийн удирдлага" гэж эрсдэл бүхий бараа, хөдөлгөөний талаар хилийн хяналтын байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж менежментийн арга, туршлагыг мөрдөж хэрэгжүүлэх системчилсэн үйл ажиллагааг.
 
 
Хоёр. Эрх зүйн үндэслэл
 
      2.1.  Хөтөлбөрт хамаарах Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци:
 
-Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенци;
-Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай 1973 оны Киотогийн конвенци;
-Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенци;
-Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенци;
-Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт, шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай олон улсын конвенци, 1982 оны Женевийн конвенци.
 
2.2  Энэ хөтөлбөрт хамаарах хуулиуд:
 
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Иргэний нисэхийн тухай хууль;
-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;
-Захиргааны хариуцлагын тухай хууль;
-Монгол Улсын хилийн тухай хууль;
-Эрүүгийн хууль;
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль;
-Гаалийн тухай хууль;
-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль;
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
-Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль;
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль;
-Иргэний бүртгэлийн тухай хууль;
-Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль;
-Харьяатын тухай хууль;
-бусад.
 
Гурав. Агаарын тээврийг хялбаршуулах талаар иргэний нисэхийн
       болон бусад байгууллагын үүрэг
 
3.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид Ерөнхий газар гэх) нь Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна. Ерөнхий газар нь агаарын тээврийг хялбаршуулах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, оролцогч байгууллагуудын үүргийг уялдуулан зохицуулах;
 
3.1.2. агаарын тээврийг хялбаршуулах дүрэм, журмыг боловсруулах, дагаж мөрдүүлэх;
 
3.1.3. агаарын тээврийг хялбаршуулах олон улсын стандарт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, судалгаа хийх, дүгнэлт гаргах;
 
3.1.4. агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой бодлогын санал боловсруулах, нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон бусад байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
 
3.1.5. агаарын тээврийг хялбаршуулахад чиглэсэн сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
 
3.1.6. агаарын тээврийн үйл ажиллагаатай холбогдсон барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт, суурилуулалт нь агаарын тээврийг хялбаршуулах зарчимд нийцэж байгаад хяналт тавих, зөвлөмж өгөх;
 
3.1.7. хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг шуурхайлах, агаарын хөлгийг хүлээж авах ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор зорчигчийн мэдээллийг электрон сүлжээгээр урьдчилан авах тогтолцоо бүрдүүлэх;
 
3.1.8. агаарын тээврийг хялбаршуулах арга хэмжээг нисэхийн аюулгүй байдлыг хангах түвшинг бууруулахгүйгээр төлөвлөн хэрэгжүүлэх;
 
3.1.9. зайлшгүй шаардлагаар агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд буулт үйлдсэн тохиолдолд улсын хилийн хяналтыг гүйцэтгүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах;
 
3.1.10.  Гадаад орны эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий газар нь хөтөлбөрийн шаардлагатай хэсгийг хүргүүлэх;
 
3.1.11. Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улстай агаарын харилцаа бүхий улс орнуудтай хамтран ажиллах.
 
3.2.  Улсын бүртгэлийн байгууллага нь агаарын тээврийг хялбаршуулах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.2.1. гадаад улсад зорчих баримт бичгийг зохиох, хэвлэх, тараах болон нэмэлт өөрчлөлт хийхдээ олон улсын стандартад нийцүүлэх;
 
3.2.2. машинаар уншигдахгүй гадаад улсад зорчих баримт бичгийг        2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасаж, олон улсын стандартад нийцсэн машинаар уншигдах гадаад улсад зорчих баримт бичиг олгох;
 
3.2.3.   гадаад улсад зорчих баримт бичгийг шинэчлэхдээ дараахь стандартыг баримтална:
 
-паспорт, виз болон гадаад улсад зорчих бусад баримт бичигт биометрикийн нэг буюу түүнээс дээш мэдээллийг цахим аргаар уншигдах байдлаар хадгалах;
 
-цахим аргаар хадгалагдах мэдээлэл нь баримт бичгийн хуудсан дахь тоон гэрэл зураг, машинаар уншигдах мэдээлэлтэй адил байх;
 
-нэмэлт биометрик мэдээллийг машинаар уншигдах паспортад оруулах тохиолдолд ISO/IEC 14443-ын шаардлага хангасан микросхем ашиглах ба Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандартад нийцсэн программчлалтай байх;
 
            -машинаар уншигдах гадаад улсад зорчих баримт бичигт хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй болгох.
 
3.3 Агаарын тээвэрлэгч нь агаарын тээврийг хялбаршуулах талаар  дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.3.1    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг санаачлан, агаарын тээврийн үйлчилгээг зорчигчдод хүндрэл саадгүйгээр хүргэх зорилгоор хилийн хяналтын болон нисэх буудлын удирдлагатай идэвхтэй хамтран ажиллах;
 
3.3.2. улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн ачаалалтын талаархи мэдээлэл (зорчигчийн нэрсийн жагсаалт, аяллын баримт бичиг дэх өгөгдлүүд, ачааны дагалдах бичиг, мэдүүлэг)-ийг нисэж очих нисэх буудлын хилийн хяналтын байгууллагад урьдчилан дамжуулж, хилийн хяналтын ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх бололцоог олгох;
 
3.3.3. зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх болон очих улсад зорчиход шаардлагатай баримт бичгийг биедээ авч явж байгаа эсэхийг шалгах;
 
3.3.4. зорчигчийг дамжин өнгөрөх болон зорчих улсын хил нэвтрэхэд тавигдах тусгай шаардлагын талаар мэдээллээр хангах;
 
3.3.5. гадаад улсад зорчих баримт бичигтэй холбогдох сургалтад ажилтнаа хамруулах;
 
3.3.6. нислэгийн саатал болон бусад өөрчлөлтийн талаар үйлчлүүлэгч болон холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;
 
3.3.7. нисэхийн аюулгүй байдлын болон хилийн хяналтын  байгууллагаар шалгагдаж, тээвэрлэлтэд хүлээн зөвшөөрөгдсөн тээшийг хяналтдаа авах;
 
3.3.8.   бүртгэлийн хугацааг багасгах зорилгоор аяллын баримт бичиг унших төхөөрөмж ашиглах;
 
3.3.9.   зорчигчийн тээш, ачааг хулгай, тонуулаас хамгаалах арга хэмжээг авах;
 
3.3.10.            хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч тээвэрлэж ирсэн тохиолдолд тухайн зорчигчийг хамгаалалтад авч, хүлээн зөвшөөрөх улсад нь тээвэрлэх ажиллагааг хариуцах;
 
3.3.11. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид дараалал харгалзахгүй үйлчлэх;
 
3.3.12. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн тэргэнцэр, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж болон хөтөч амьтныг аюулгүй байдлын шаардлага хангасан, дагалдах бичиг баримттай бол нэмэлт төлбөр авахгүйгээр зорчигчийн бүхээгт тээвэрлэх;
 
3.3.13. олон улсын стандарт шаардлага хангасан суурь болон чингэлгийг ачаа ачихад хэрэглэх;
 
3.3.14. хэв журам зөрчсөн зорчигчийг тээвэрлэхээс зайлсхийх;
 
3.3.15. нислэгийн үед халдварт өвчтэй зорчигч байгаа сэжиг илэрсэн тохиолдолд тухайн зорчигч болон илэрч буй өвчний шинж тэмдгийн талаар буулт хийх нисэх буудалд урьдчилан мэдэгдэх;
 
3.3.16. эрх бүхий байгууллагын шаардсанаар агаарын хөлөг, агаарын хөлгийн баг,  зорчигч, ачаа шуудангийн талаархи мэдээллийг хүргүүлэх.
 
3.4. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох асуудлыг хариуцаж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.4.1.  Монгол Улсад нэвтрэх, машинаар уншигдах виз олгох;
 
3.4.2. хууль бус цагаачлалаас үүсэх хүндрэлийг арилгахад бусад холбогдох байгууллага болон хамаарах улсыг шаардлагатай мэдээллээр хангах;
 
3.4.3. хураагдсан эсхүл хүчингүй болсон баримт бичгийн талаар цахим мэдээллийн санг бүрдүүлж ажиллах;
 
3.4.4. хууль тогтоомж зөрчих, нийгмийн хэв журам, аюулгүй байдалд заналхийлэх магадлал бүхий хууль бус цагаачлалын талаар мэдээлэл авах, үндэсний болон олон улсын холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх;
 
3.4.5. орох/гарах/дамжин өнгөрөх зорчигчдод тавигдах тусгай шаардлагын талаар агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд мэдэгдэх;
 
3.4.6. гамшгийн үед судалгаа, шинжлэн шалгах ажиллагаа явуулах багийн гишүүдэд ажил үүргээ гүйцэтгэх үед нь нэвтрэх визийг дараалал харгалзахгүй олгох;
 
3.4.7. хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч болон албадан гаргаж байгаа этгээдийг буцаан явуулах ажиллагааг хялбаршуулсан журмаар шийддэг байх;
 
3.4.8. зорчих улсын буюу дамжин өнгөрөх улсын нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулсан, хүндрэл учруулсан, хууль тогтоомж зөрчсөний улмаас албадан гаргасан гадаадын иргэнийг нэвтрүүлэхээс зайлсхийх;
 
3.4.9. хилээр нэвтрүүлэх хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
 
3.4.10. хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигчийг тухайн улсаас гаргахаар агаарын тээвэрлэгчид хүргэх зардлыг хариуцах;
 
3.4.11. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралдаанд оролцох.
 
            3.5. Хил хамгаалах байгууллага нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ:
 
3.5.1. улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг, зорчигчийн гадаад улсад зорчих баримт бичиг болон зорчих, дамжин өнгөрөх улсын виз нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах;
 
3.5.2. улсын хилээр нэвтрүүлэх хяналт шалгалтыг шуурхай, чанартай гүйцэтгэх үйл ажиллагааны дараалал, тогтолцоотой байх;
 
3.5.3. нисэх буудал болон хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн хилийн бүс, хилийн зурвасыг тогтоож, тэмдэглэх;
 
3.5.4. онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд улсын хилээр нэвтрэх зорчигч, агаарын хөлгийн багаас агаарын хөлөг дотор болон хилийн хяналтын цэг дээр очих хүртэлх хугацаанд гадаад улсад зорчих бичиг баримтыг хураан авахгүй, шаардахгүй байх;
 
3.5.5. улсын хилээр нэвтрэхэд шаардагдах орох/гарах хуудсыг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасан стандартад нийцүүлэн хэвлүүлэх;
 
3.5.6. улсын болон иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж болзошгүй гадаад, дотоодын гэмт этгээд, алан хядагчийн аялах боломжийг хаах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
 
3.5.7. гадаад улсад зорчих бичиг баримтыг хүчин төгөлдөр эсэхийг таних, мөн хүчинтэй хугацаа болон эзэмшигчийг тодорхойлох талаар агаарын тээвэрлэгч болон холбогдох бусад байгууллагад зориулж сургалт зохион байгуулах, туслалцаа үзүүлэх;
 
3.5.8. техникийн шалтгаанаар нисэх боломжгүй болсон агаарын хөлгийг засварлах зорилгоор ирсэн техникийн ажилтнуудыг түр нэвтрүүлэх арга хэмжээг саадгүй авах;
 
3.5.9. гадаад улсад зорчих бичиг баримт нь улсын хилээр гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн эсхүл Монгол Улсын хилээр нэвтрээгүй дамжин өнгөрөх зорчигчийн нислэг саатсан, хойшилсны улмаас тус улсад хонох шаардлагатай болсон нөхцөлд нисэх буудлыг орхих, байрлах газар руу явах боломжоор хангах;
 
3.5.10. нэвтрүүлэх боломжгүй зорчигчийг буцаах агаарын хөлөгт суулгах хүртэл хамгаалалтад авч, тус улсад түр байрлуулах асуудлыг хариуцах;
 
3.5.11. засвар оруулсан, хуурамчаар үйлдсэн бичиг баримт болон бусдын бичиг баримтыг хууль бусаар ашиглахыг завдсан этгээдийг илрүүлэн саатуулах, зөрчилтэй бичиг баримтыг хураан авч, эргэлтээс хасаж, олгосон байгууллагад нь хүргүүлэх;
 
3.5.12. улсын хил хамгаалах болон хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
 
3.5.13. олон улсын нислэгээр албан ажлаар ирж байгаа агаарын хөлгийн багаас 72 хүртэл цагийн хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй байх;
 
3.5.14. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралдаанд оролцох.
 
            3.6. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.6.1. нийгмийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх, эрүүл мэндийн асуудалтай холбоотой онцгой байдалд хүргэх, агаараар дамжин тархах аюултай өвчний эсрэг авах арга хэмжээний үед иргэний нисэхийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;
 
3.6.2. шаардлагатай тохиолдолд хилийн хяналтын байгууллага, нисэх буудал, агаарын тээвэрлэгчийн ажилтан, зорчигчдод урьдчилан сэргийлэх тарилга хийх ажлыг зохион байгуулах, холбогдох гэрчилгээ олгох;
 
3.6.3. эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан байгаль орчин, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн олон улсын агентлаг, судалгааны байгууллагатай байнгын холбоотой байх, эдгээр байгууллагаас ирсэн мэдээллээр үндэсний зөвлөлийн гишүүд болон иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудыг хангах;
 
3.6.4. халдварт өвчний сэжигтэй нисэх буудлын ажилтан болон зорчигч, мал амьтанд халдвар эсэргүүцэх анхан шатны үйлчилгээ, тусламж үзүүлэн мэргэжлийн байгууллагад шилжүүлэх;
 
3.6.5. шаардлагатай тохиолдолд халдварын сэжигтэй зорчигч, мал амьтныг тусгаарлах, түүнчлэн халдвар хамгааллын дэглэмд нийцсэн тусгаарлах байрыг нисэх буудалд байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
 
3.6.6. улсын хилээр нэвтэрч байгаа агаарын хөлөг, зорчигч, тээш, ачаанд хорио цээрийн хяналт, шалгалт хийх тогтолцоотой байх;
 
3.6.7. нисэх буудал болон агаарын тээвэрлэгчийн хоол хүнс бэлтгэх байр, агуулах, нийтийн хоолны үйлчилгээ, усан хангамж болон хүнсний бусад үйлчилгээтэй холбоотой эд зүйлс, техник, тоног төхөөрөмж нь олон улсын стандарт, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
 
3.6.8. олон улсын нислэгийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний байгууллага, тээврийн хэрэгсэл, объектод хөндлөнгийн хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа өгөх;
 
3.6.9. хилээр нэвтрэх бодис, бараа бүтээгдэхүүн болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь бичиг баримтын бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавих;
 
3.6.10. хяналтад хамрагдсан бодис бараа бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу сорьц дээж авч, шинжлэн мэргэжлийн дүгнэлт гаргах;
 
3.6.11.            хорио цээр бүхий хог, ургамал, хортон шавьж, мэрэгч илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авах;
 
3.6.12. хилийн хяналтын болон бусад байгууллагыг мэргэжлийн хяналт шалгалттай холбогдсон мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт явуулах;
 
3.6.13. халдварт өвчин тархсан, халдварт өвчний нууц үе явагдаж болох бүсээс ирсэн зорчигчоос вакцинжуулалтын гэрчилгээ шаардах;
 
3.6.14. хяналт шалгалтын үзлэгийг төлөвлөхдөө хурдан мууддаг, шуурхай тээвэрлэх шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон мал, амьтныг тэргүүн ээлжинд шалгахаар зохион байгуулах;
 
3.6.15. ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг агаарын хөлгийн баг, зорчигчдод хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж, тэдгээрийг холбогдох мэдээллээр хангах;
 
3.6.16. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралд оролцох.
 
            3.7. Гаалийн байгууллага нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.7.1. бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн явцыг шуурхай болгох зорилгоор орчин үеийн технологи болон хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг ашиглаж, биет үзлэг шалгалтыг боловсронгуй болгох;
 
3.7.2. агаарын хөлөг, ачаа, зорчигч болон агаарын хөлгийн багт чирэгдэл учруулахгүй байхаар үзлэг шалгалтыг зохион байгуулах;
 
3.7.3. ачааг ирсэн даруйд гаалийн бүрдүүлэлтэд оруулж, 3 цагийн дотор холбогдох баримтыг бүрдүүлэн гаалийн хилээр нэвтрүүлсэн байхаар зохион байгуулж хэрэгжүүлэх;
 
3.7.4. улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх зорилгоор зорчигч, ачаа, шууданг үзэх, шалгах;
 
3.7.5 гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтэд эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хялбаршуулах;
 
3.7.6. улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, түүнд зөвшөөрөл олгох нөхцөл болон шаардагдах бичиг баримтын жагсаалтыг урьдчилан гаргаж, түгээх;
 
3.7.7. зорчигч гаальд мэдүүлэх бараа авч яваагүй тохиолдолд бичгээр гаалийн мэдүүлэг бөглөхийг шаардахгүй байх;
 
3.7.8 Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасны дагуу агаарын хөлгийг ирэх/явахад шаардлагатай мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулах тоног төхөөрөмжтэй байх;
 
3.7.9. гадаадын агаарын тээвэрлэгч, түүний итгэмжилсэн байгууллагаар хүргүүлж байгаа газрын үйлчилгээний болон аюулгүй байдлын тоног төхөөрөмж, эд анги, сургалтын материал болон үзүүлэн таниулах материалыг гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлтээр шуурхай нэвтрүүлэх;
 
3.7.10. явах ачааны бүрдүүлэлтийг гаалийн бүрдүүлэлтийн аль ч цэг дээр хийхээр зохион байгуулах;
 
3.7.11. гаалийн хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
 
3.7.12. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хүралд оролцох.
 
3.8. Цагдаагийн байгууллага нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг  хэрэгжүүлнэ:
 
3.8.1. агаарын тээврийг хялбаршуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;
 
3.8.2. хэв журам зөрчсөн зорчигч болон нисэх буудал, агаарын хөлгийн тоног төхөөрөмжинд эвдрэл, гэмтэл учруулсан буюу учруулахыг завдсан этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах;
 
3.8.3. зорчигчийн үйлчилгээнд оролцогч байгууллагын ажилтнуудад эрх зүйн сургалт зохион байгуулах;
 
3.8.4. нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон бусад холбогдох байгууллагын ажилтнуудад зориулж хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, саатуулах чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулах;
 
3.8.5.   Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралд оролцох.
 
3.9 Нисэх буудал нь агаарын тээврийг хялбаршуулах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
3.9.1. нисэх буудлын барилга байгууламжийн зохион байгуулалтыг  оновчтой төлөвлөж зорчигч, тээш, ачааны урсгал хөдөлгөөнийг зохицуулах;
 
3.9.2. нисэх буудалд үйлдэгдэх нислэгийн мэдээллийг зорчигч, үйлчлүүлэгчдэд цаг тухайд нь үнэн зөв, шуурхай мэдээлж байх тогтолцоо бүрдүүлэх;
 
3.9.3. агаарын хөлөг нисэх буудалд эргэлт хийх хугацааг хамгийн бага байхаар зогсоолыг төлөвлөх, хуваарилах, газрын үйлчилгээг зохицуулан бэлэн байлгах;
 
3.9.4. нисэх буудлын тоног төхөөрөмжийг боловсронгуй болгохоор төлөвлөхдөө холбогдох байгууллага, агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд үйлчилгээ явуулж байгаа бусад байгууллагатай зөвлөлдөх;
 
3.9.5. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, аюултай ачаа, агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц багаж, зэвсгийг илрүүлэх ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх зорилгоор зориулалтын тоног төхөөрөмж ашиглахыг холбогдох байгууллагаас шаардах, талбайгаар хангах;
 
3.9.6. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан үйлчилгээ үзүүлэх;
 
3.9.7. агаарын хөлгийн баг, тэдний тээшний үйлчилгээг хөнгөн шуурхай байдлаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх;
 
3.9.8. нисэхийн аюулгүй байдлын хориотой, хамгаалагдсан бүсийг иргэний нисэхийн ажиллагаанд саад учруулахгүйгээр төлөвлөх;
 
3.9.9. хилийн болон гаалийн хяналттай бүсийг нисэх буудал дахь хилийн хяналтын байгууллагатай хамтран төлөвлөх.
 
3.10. Хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байгууллагууд нь дараахь ажлыг хамтран зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавина:
 
3.10.1.            олон улсын явах нислэгийн зорчигчийн үйлчилгээг бүртгэлээс агаарын хөлөгт суух хүртэл 60 минут, ирэх нислэгийн агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээг агаарын хөлгийн багтаамжаас үл хамааран 45 минутын хугацаанд нэвтрүүлэх чадамжтай байхаар үйл ажиллагааг зохион байгуулах;
 
3.10.2. цахим мэдээлийн солилцоог хялбарчлах зорилгоор улсын болон хувийн байгууллага нь олон улсын түвшинд батлагдсан, холбогдох стандарт, гэрээнд нийцсэн мэдээллийн тогтолцоог ашиглах;
 
3.10.3. зайлшгүй шаардлагаар агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд буулт үйлдэх тохиолдолд буулт үйлдэх боломжоор хангах, зогсоол бэлтгэх, агаарын хөлгийн баг, зорчигчдыг түр хугацаагаар буух талбайгаар хангаж, хяналтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулна.
 
3.11. Хилийн хяналтын байгууллагууд хөтөлбөрийн хүрээнд хамтран дараахь арга хэмжээ авна:
 
3.11.1. дамжин өнгөрөх зорчигч, тээшийг нь аяллын эцсийн нисэх буудалд хянаж, шалгах;
 
3.11.2. ачааны үзлэг, шалгалтыг нислэгийг саатуулахгүй байдлаар хамтран гүйцэтгэх;
 
3.11.3.  агаарын хөлгийн баг, тэдний тээшийг хялбаршуулсан хэлбэрээр шалгах;
 
3.11.4. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, бусад улсаас албадан гаргаж байгаа этгээдийн тээвэрлэлтийг хялбаршуулах, түүнийг харгалзах байгууллага, агаарын тээвэрлэгчид дэмжлэг үзүүлэх;
 
3.11.5. агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн хяналтын хоёр /улаан, ногоон/ гарцын тогтолцоог ашиглан шалгах;
 
3.11.6 Монгол Улсын хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар байгалийн гамшиг, хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин, осол сүйрлийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын хүчнийг улсын хилээр хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх.
 
Дөрөв. Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл, түүний үүрэг
 
            4.1. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-ийн Стандарт 8.19, Зөвлөмж 8.21–ийн дагуу иргэний нисэх, гадаад хэрэг, хууль зүй, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа, хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл бүхий Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) –тэй байна.
 
4.2. Зөвлөл нь агаарын тээврийг хялбаршуулах, нислэгийн саатлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.
 
4.3. Зөвлөлийн дарга нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
 
4.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ Хөтөлбөрийн 4.1-д заасан байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр Зөвлөлийн дарга томилно.
 
4.5. Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох бөгөөд боломжгүй тохиолдолд төлөөлөх хүнийг оролцуулж болно. Төлөөлөх хүн нь тухайн байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийх, албан ёсны санал өгөх эрх бүхий албан тушаалтан байна. Зөвлөлийн хуралдаанд шинжээч, мэргэжилтэн урьж оролцуулж болно.
 
4.6.  Зөвлөл нь дараахь эрхтэй байна:
 
4.6.1. агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон  үйл ажиллагаа, арга хэмжээ, түүнтэй холбогдож гарсан эрх зүйн болон удирдлагын бичиг баримт нь олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
 
4.6.2. олон улсын нислэгтэй холбогдсон үйл ажиллагааг хялбаршуулах талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
 
4.6.3. агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийн тухай яам, Засгийн газрын агентлагуудыг мэдээллээр хангах, эдгээр байгууллагад агаарын тээврийг хялбаршуулах асуудлаар зөвлөмж хүргүүлэх;
 
4.6.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээг тогтоох;
 
4.6.5. агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь Монгол Улсын аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох, үнэлгээ өгөх;
 
4.6.6. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тээвэрлэлт, хууль бус цагаачлал, хуурамч бичиг баримтаар зорчих зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх;
 
4.6.7. агаарын тээврийг хялбаршуулах зорилгоор техник технологийн шинэчлэлт хийх, барилга байгууламж барьж байгуулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
 
4.6.8.   жил бүрийн I улиралд багтаан Зөвлөлийн жилийн ажлын тайланг бэлтгэж Засгийн газарт танилцуулах;
 
4.7. Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна.
 
Тав. Нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хилийн хяналтыг          хялбаршуулах арга хэмжээ
 
5.1. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа агаарын хөлгийн багаас ерөнхий мэдүүлэг, зорчигчийн манифест, шуудангийн мэдүүлгийн хуудас, ачааны дагалдах хуудас, маягтын дагуу бөглөсөн, тоо ширхэг болон гарал үүслийн мэдээлэл агуулсан нислэгийн үед хэрэглэх хүнс, барааны нөөцийн жагсаалтаас өөр нэмэлт мэдээллийг шаардахгүй.
 
5.2. Агаарын хөлгийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой бичиг баримт нь дараахь хэлбэрээр байж болно:
 
5.2.1. цахим хэлбэрээр;
5.2.2. цаасан дээр үйлдэж, цахим сүлжээгээр шилжүүлсэн;
5.2.3. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)–д заасан  маягтын дагуу гараар бичигдсэн.
 
5.3. Агаарын хөлгийн ачаалалтанд өөрчлөлт ороогүй буюу зорчигч, ачаа, шуудан, нөөц ачих/буулгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд хилийн хяналтын холбогдох байгууллага нь зөвхөн энэ тухай тэмдэглэгээ хийсэн ерөнхий мэдүүлгийг шаардана.
 
5.4. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь халдварт өвчин тархсан, халдварт өвчний нууц үе явагдаж болох бүсээс ирсэн болон шавьж хорхой, мэрэгч амьтан дамжин ирэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд агаарын хөлөгт ариутгал, халдваргүйтгэл, устгалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон, хүний бие болон агаарын хөлгийн эд ангид сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага хангасан химийн болон ариутгалын бусад бодис хэрэглэн гүйцэтгэнэ.
 
5.5. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь агаарын хөлөгт ариутгал, халдваргүйтгэл, шавьж хорхой, мэрэгч амьтны устгал хийсэн бол ерөнхий мэдүүлэгт тэмдэглэл хийж, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасан  маягтын дагуу гэрчилгээ олгоно.
 
5.6. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасан  маягтын дагуу олгосон гэрчилгээ бүхий агаарын хөлөгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ариутгал, халдваргүйтгэл хийхгүй байж болно.
 
5.7. Мал амьтан болон түүний бараа бүтээгдэхүүнийг агаарын хөлгөөр тээвэрлэхдээ тусгаарлах зориулалтын чингэлэг ашигласан тохиолдолд  зөвхөн тус чингэлэгт ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
 
5.8.  Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулах талаар Ерөнхий газар нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
5.8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэх захиалгат болон онцгой, тусгай үүргийн, ерөнхий зориулалтын нислэгт зөвшөөрөл олгохтой холбогдсон мэдээллийг Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд (Aeronautical Information Publication) тусган хэвлүүлж тараах;
 
5.8.2. Хилийн хяналтын болон холбогдох бусад байгууллагад ирэх/явах/дамжин өнгөрөх нислэгийн талаар мэдээлэх;
 
5.8.3. төрийн айлчлалын буюу онцгой үүргийн нислэгээс бусад нислэгийн захиалгыг Засгийн газрын шугамаар дамжуулан авахыг шаардахгүй байх;
 
5.8.4. Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх эсхүл техникийн түр буулт үйлдэх агаарын хөлөгт нислэгийн зөвшөөрөл олгохдоо нислэгийн төлөвлөгөөнд тусгаснаас өөр мэдээлэл шаардахгүйгээр, захиалгыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулах;
 
5.8.5. дамжин өнгөрөх эсхүл техникийн түр буулт хийх агаарын хөлгийн хувьд нислэгийн төлөвлөгөөг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс 2-оос багагүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн байхаар, нислэгийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд үүнээс илүү хугацааг шаардаж болохоор зохицуулалт хийх.  
 
5.9. Нислэгийн зөвшөөрөл олгохдоо дараахь зарчим баримтална:
 
5.9.1. нислэгийн захиалга авч, шуурхай шийдвэрлэх тогтолцоотой байх;
 
5.9.2 хуваарьт нислэгийг тодорхой хугацаа буюу нислэгийн тоо зааж багцалсан хэлбэрээр олгох;
 
5.9.3. ямар нэгэн төлбөр, хураамж шаардахгүй байх.
 
5.10. Монгол Улсын болон гадаад улсад тохиолдсон гамшиг, онцгой байдлын үед тусламж үзүүлэх агаарын хөлгийн нислэгийг аюулгүй байдлыг хангасан орчинд, хялбаршуулсан хэлбэрээр гүйцэтгэнэ.
 
5.11. Хилийн хяналтын байгууллага нь улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг болон зорчигчийг шалгах ажиллагааг нисэхийн аюулгүй байдал, хилийн халдашгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт болон цагаачлалын хяналтыг тооцоолж, оновчтой байдлаар зохион байгуулна.
 
5.12. Улсын хилээр зорчигч, тэдгээрийн тээшийг нэвтрүүлэхдээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр аяллын баримт бичиг, шаардлагатай бол Монгол Улсын хилээр орох/гарах визнээс өөр  баримт бичиг шаардахгүй.
 
5.13. Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын иргэнээс Монгол Улсын хилийг нэвтрэх виз шаардахгүй байна.
 
5.14. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэнээс бусад гадаадын иргэдээс гарах виз шаардахгүй.
 
5.15. Хил хамгаалах байгууллага нь хилийн орох/гарах хуудсыг зорчигчоос авахдаа түүн дээрх мэдээллээс өөр нэмэлт мэдээлэл болон бусад нотолгоо шаардахгүй.
 
5.16. Хил хамгаалах байгууллага нь хилийн орох/гарах хуудсыг агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын байгууллагуудад үнэ төлбөргүйгээр тараана.
 
5.17. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь гоц халдварт өвчний голомттой улсаас ирсэн урьдчилан сэргийлэх тарилгын олон улсын гэрчилгээтэй зорчигчийг улсын хилээр саадгүй нэвтрүүлнэ.
 
5.18. Гаалийн байгууллага нь зорчигч татвар төлөөгүй гэх үндэслэлээр агаарын тээвэрлэгчээс төлбөр, хураамж шаардахгүй.
 
5.19. Хилийн хяналтын байгууллага нь ердийн нөхцөлд зорчигчийн тээшинд  үзлэг, шалгалт хийхдээ өөрийг нь заавал байлцуулахыг шаардахгүй.
 
5.20. Хил хамгаалах байгууллага нь зорчигч болон агаарын хөлгийн багийн гишүүд хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр хүрэлцэн ирэхээс өмнө аяллын  баримт бичиг үзүүлэхийг шаардахгүй.
 
5.21. Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирэх болон хилээр нэвтрэхийг зөвшөөрөх хүртэл өөрийн хариуцлагад байлгана.
 
5.22. Гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь агаарын хөлгийн баг болон зорчигчоос зайлшгүй мэдүүлбэл зохих бараа авч яваагаас бусад тохиолдолд мэдүүлэг бөглөхийг шаардахгүй.
 
5.23. Гааль болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллага нь эрсдэлийн үнэлгээний тогтолцоог хяналт, шалгалтын ажиллагаандаа нэвтрүүлж, улаан, ногоон хоёр гарцын тогтолцоог ашиглана.
 
5.24. Хилийн хяналтын байгууллага нь агаарын хөлгийн баг болон зорчигчийн  аяллын баримт бичгийг шалгасан даруйд эзэнд нь эргүүлэн гардуулна.
 
5.25. Хилийн хяналтын байгууллага нь нисэх буудалтай хамтран агаарын хөлгийн баг, шилжин суух болон дамжин өнгөрөх зорчигчийг хилийн хяналтын шалгалтаар оруулахгүй байхаар ажлаа зохион байгуулна.
 
5.26. Хилийн хяналтын байгууллага нь Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.2-т заасны дагуу ташаарч тээвэрлэгдсэн тээшийг эзэнд нь хүргэх агаарын тээвэрлэгчид ямар нэгэн татвар, хураамж болон шимтгэл ногдуулахгүй.
 
5.27. Олон улсын нислэгээр ирсэн, эзэнд нь олгогдохгүйгээр дараагийн олон улсын нислэгээр явах тээшийг нисэхийн аюулгүй байдлын болон гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хилийн хяналт шалгалтаар оруулахгүйгээр дараагийн нислэгийн тээвэрлэлтэд хүлээлгэн өгнө. Хэрэв нэг нислэгээс нөгөө нислэгт шууд дамжуулах боломжгүй бол аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.
 
5.28. Агаарын тээвэрлэгч нь төөрсөн, нэхэмжлэгдээгүй болон эзэн нь танигдаагүй тээшийг зорчигчийн өмнөөс хилийн хяналтаар шалгуулна.
 
5.29. Агаарын тээвэрлэгч нь аюулгүй байдлын болон хилийн хяналтын байгууллагаар шалгагдан бүртгэгдсэн тээшийг тээвэрлэлтэд хүлээж авах бөгөөд тээшинд ногдуулах татвар, хураамж, төлбөрийг хариуцахгүй.
 
5.30. Хилийн хяналтын байгууллага нь ачаа болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх үзлэг, шалгалтын үйл ажиллагааг шуурхай байдлаар зохион байгуулах асуудлыг   агаарын тээвэрлэгч болон бусад оролцогч байгууллагатай зөвлөлдөн хэрэгжүүлнэ.
 
5.31. Гаалийн байгууллага нь агаарын хөлөгт ачигдсан ачааг дахин шалгах болсны улмаас нислэг саатах болсон бол агаарын тээвэрлэгч нь уг ачааг шалгуулахаар буулгаж, нислэгээ саатуулахгүйгээр үргэлжлүүлнэ.
 
5.32. Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан байгууллага нь улсын хилээр нэвтрэхийг хориглосон зорчигч илэрсэн тохиолдолд агаарын тээвэрлэгч болон хил хамгаалах байгууллагад нэн даруй мэдэгдэж, буцаах бичгийн хамт хүлээлгэн өгнө.
 
5.33. Хил хамгаалах байгууллага нь хилээр нэвтрэхийг хориглосон зорчигчийг буцах нислэгт суулгах хүртэл хамгаалалтад авч, тус улсад түр байрлуулах асуудлыг хариуцна.
 
5.34. Хилээр нэвтрэхийг хориглосон зорчигч тээвэрлэж ирсэн агаарын тээвэрлэгч нь тухайн хүнийг хүлээн зөвшөөрөх улсад нь тээвэрлэх ажиллагааг хариуцна.
 
5.35. Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан байгууллага нь албадан гаргаж байгаа этгээдийг тээвэрлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө дараахь мэдээллийг агаарын тээвэрлэгчид хүргүүлнэ:
 
       5.35.1. албадан гаргах тушаалын хуулбар;
 
       5.35.2. нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийн талаархи холбогдох мэдээлэл;
 
       5.35.3. албадан гаргагдаж байгаа этгээдийг дагалдах албан тушаалтны овог нэр, холбогдох мэдээлэл.
 
5.36. Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан байгууллага нь гадаадын иргэний эх орондоо буцах зорилгоор аяллын баримт бичиг авах хүсэлтийг 30 хоногийн дотор хянан үзэж, тодорхой хугацаа заасан аяллын баримт бичиг олгох эсхүл тухайн улсын иргэн биш гэсэн нотолгоо гаргаж өгөх байдлаар асуудлыг шийдвэрлэнэ.
 
5.37. Хилийн хяналтын байгууллага нь агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн зорчигчийн гэр бүлийн гишүүдийг хялбарчилсан хэлбэрээр улсын хилээр түр нэвтрүүлнэ. Виз шаардлагатай тохиолдолд виз олгох асуудлыг холбогдох байгууллага шуурхай шийдвэрлэнэ.
 
5.38. Хилийн хяналтын байгууллага нь агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн хүн,  амьд үлдсэн зорчигч, тэдний гэр бүлийн гишүүн, харьяалах улсын албан ёсны төлөөлөгч, агаарын хөлгийн эзэмшигчийг түр хугацаагаар нэвтрүүлж, хилийн хяналт, шалгалтыг хялбаршуулсан байдлаар гүйцэтгэнэ.
 
5.39. Нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмж нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
5.39.1. үйлчлүүлэгчид нисэх буудалд зүг чигээ хялбар олох нөхцөлийг бүрдүүлж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага (Doc 9636)-д  нийцсэн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах;
 
5.39.2. ирэх/явах нислэгийн аяллын дугаар, тооцоот болон бодит цаг, нислэгийн төлөв, агаарын хөлөгт суух гарцын талаархи мэдээллийг гаргах электрон самбар суурилуулах;
 
5.39.3. нисэхийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээш хадгаламжийн агуулах, үйлчилгээ үзүүлэх;
 
5.39.4 тээш бүртгэх, дамжуулах, түгээх механикжсан тоноглолтой байх;
 
5.39.5. нисэх буудлын ачаалал, хүчин чадлын судалгаан дээр үндэслэсэн түр болон урт хугацааны автомашины зогсоолтой байх;
 
5.39.6. ачаа, шуудангийн үйлчилгээ үзүүлэх, хадгалах болон хамгаалах үйл ажиллагаанд холбогдох шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангасан агуулахтай байх;
 
5.39.7. нисэх буудлаар үйлчлүүлж байгаа зорчигчдод зориулсан хангалттай тооны тээшний тэргэнцэртэй байх;
 
5.39.8. эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан заал, танхим болон ариун цэврийн өрөө, тоноглол;
 
5.39.9. хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хадгалахад шаардлагатай халдвар хамгааллын дэглэмд тохирсон зориулалтын өрөө, тасалгаа тохижуулах;
 
5.39.10. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан орон зай, тоног төхөөрөмж, тоноглол, зам, тусгай хэрэгсэлтэй байх.
 
5.40. Ерөнхий газар нь хилийн хяналтын байгууллагуудтай хамтран "Хилийн боомтгүй аэродромд аргагүйдсэн буулт үйлдсэн агаарын хөлөгт хилийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам"-ыг боловсруулж батална. Энэхүү журам нь дараахь үйл ажиллагааг зохицуулна:
 
5.40.1. агаарын хөлөг нь аргагүйдсэн буулт үйлдсэний дараа 6 цагийн дотор нислэгээ үргэлжлүүлэх боломжтой тохиолдолд авах арга хэмжээний зохицуулалт;
 
5.40.2.            агаарын хөлөг нь аргагүйдсэн буулт үйлдсэний дараа              6 цагаас дээш хугацаагаар саатах эсхүл нислэгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд авах арга хэмжээний зохицуулалт.
 
5.41. Хил хамгаалах байгууллага нь агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох, шинжилгээ судалгаа хийх, агаарын хөлгийг засах, холдуулах зэрэг үүрэг гүйцэтгэх тусгай анги, багийг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 12 (Эрэн хайх, авран туслах) болон Хавсралт 13 (Агаарын хөлгийн осол, сүйрлийг шинжлэн шалгах)-ыг үндэслэн гадаад паспортаас өөр аяллын баримт бичиг шаардахгүйгээр түр нөхцөлтэйгээр саадгүй нэвтрүүлнэ.
 
5.42. Хөдлөх чадвараа алдсан, осол сүйрэлд нэрвэгдсэн агаарын хөлөгт туслалцаа үзүүлэхээр ирсэн агаарын хөлөг, засах, шинжлэн шалгах, эрэн хайх, авран туслах ажиллагаанд ашиглах багаж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хялбаршуулсан  бүрдүүлэлтээр улсын хилээр оруулж, гаргана.
  Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, тайлагнах
 
6.1. Зөвлөлийн гишүүн байгууллага нь хилийн хяналтын болон бусад үйл ажиллагаа, агаарын тээврийг хялбаршуулах талаар Хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төслийг тус тусын чиг үүргийн дагуу боловсруулж Зөвлөлд хүргүүлнэ.
 
6.2.  Зөвлөлийн гишүүн байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг тус тусын чиг үүргийн дагуу ханган ажиллана.
 
6.3. Ерөнхий газар нь Хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа жилд нэг удаа Зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газарт тайлагнана.
  Долоо. Санхүүжилт
 
7.1. Энэхүү хөтөлбөрийн дагуу үүрэг хүлээсэн байгууллага нь хариуцсан үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
 
 
 
 
---оОо---