Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2011 оны 9 дүгээр
                                                                         тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө. Энэхүү журам нь мөн хуулийн 8.1-д заасан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарна:
 
1.   Цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулагдана.
 
2.   Орон сууцны дэмжлэгийн мөнгөн дүн нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам"-д заасан төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээтэй адил байна.
 
3.   Цэргийн алба хаасан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.
 
4.   Орон сууцны дэмжлэгт хамрагдах цэргийн албан хаагч дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид өгнө:
 
4.1.      Орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл.
 
4.2.      Иргэний үнэмлэхийн хуулбар.
 
4.3.      Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн албыг тасралтгүй хаасан тухай архивын лавлагаа.
 
4.4.      Тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийн дэвтрийн хуулбар.
 
4.5.      Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа.
 
5.   Төрөөс орон сууц үнэгүй хувьчилж авсан, орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор байгууллагаас өмнө нь тусламж, дэмжлэг авсан, байгууллагын мэдлийн хөрөнгөөр баригдсан орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авсан иргэнд энэ журам хамаарахгүй.
 
6.   Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж орон сууцны дэмжлэг авахыг хүссэн цэргийн албан хаагчийн бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нягтлан үзэж, тухайн анги, байгууллагын захирагч, даргын шийдвэр гаргуулан харъяалах төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
7.   Төрийн захиргааны төв байгууллага нь цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг хянан үзэж, тухайн жилийн төсөвт батлагдсан хөрөнгийн хэмжээнд багтаан шийдвэрлэнэ.
 
8.   Төрийн захиргааны төв байгууллага нь орон сууцны дэмжлэг олгоход  шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусган батлуулна.
 
 
 
 
 
 
                                                                                  ---оОо---