Хэвлэх DOC Татаж авах
                                                                                    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр
                                                                                    тогтоолын 1 дүгээр хавсралт

                                                                   ГАМШГИЙН ҮЕД ХҮЧ ХЭРЭГСЭЛ ДАЙЧЛАН
                                                                                            ГАРГАХ ЖУРАМ

                                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Гамшгийн аюулын цар хэмжээ, нөхцөл байдал, хамарсан хүрээ, учруулах хор уршгаас шалтгаалж шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

1.3. Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, дүйцүүлэх албаны алба хаагч, мэргэжлийн анги, иргэд болон сайн дурынхан хамрагдана.

1.4. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зэвсэгт хүчнийг татан оролцуулах асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

1.5. Эрэн хайх, аврах, сэргээн босгох ажиллагаанд оролцохоор ирж байгаа олон улсын аврах багийн хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн тусламжийг улсын хилээр холбогдох хуулийн дагуу бүрдүүлэлт хийж оруулна.

1.6. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд дагаж мөрдөнө.

                                             Хоёр. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах тухай

2.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон;

2.1.2. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.3. үер буусан болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.4. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан;
2.1.5. бусад тохиолдолд.

2.2. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах шийдвэрийг баг, хороо, сум, дүүргийн хэмжээнд сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.3. Улсын хил, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт гамшгийн аюул үүсэж, цар хүрээ нь тэлсэн, орон нутгийн хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэхгүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

                                   Гурав. Гамшгаас хамгаалах дайчилгааны өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах дайчилгааны арга хэмжээний талаар хавсаргаж жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах газар, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс нь тухайн шатны Засаг даргын Тамгын газартай хамтран гамшгийн үед дайчлах хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийн судалгаа болон тооцоог гаргаж, гамшгаас хамгаалах дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулсан байна. Дээрх судалгаа, тооцоог гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хавсаргаж жил бүр тодотгоно.

                                                   Дөрөв. Гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн 
                                                                          зохион байгуулалт, удирдлага

4.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зохион байгуулах Засаг даргын үүрэг:

4.1.1. төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийг дайчлах, гамшгийн хор уршгийг арилгасан үед дайчилгааг цуцлах тухай шийдвэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

4.1.2. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах нөхцөл боломж, гамшгийн голомтын байршил, цар хүрээ, тархалтын байдал, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, үүрэг гүйцэтгэх бүлгүүд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, хугацааг тодорхой зааж өгөх;

4.1.3. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон талаар хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт мэдээлэх;

4.1.4. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гарган зарцуулах;
4.1.5. автомашин, техникийг дайчлан ажиллуулах үед авто тээврийн цуваа зохион байгуулж, цувааны ахлагчийг томилон бүлгийн зохион байгуулалтад шилжүүлэх;

4.1.6. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

4.1.7. орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг:

4.2.1. дайчилгаа зохион байгуулж байгаа тухайн шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар хангах;

4.2.2. гамшгаас хамгаалах дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургуулийг зохион байгуулах;

4.2.3. гамшгаас хамгаалах дайчилгааны ажлын явц байдал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.2.4. шаардлагатай гэж үзвэл гамшгаас хамгаалах дайчилгааг зохион байгуулах явцад гарах орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:

4.3.1. гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр дайчлагдах өөрийн байгууллагын хүн хүч, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийн бэлэн байдлыг хангах;

4.3.2. өөрийн байгууллагын дайчлагдсан хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламжийн мэдээ, гарсан зардлын тайлан тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газарт танилцуулах;

4.3.3. тухайн шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллага, төв, орон нутгийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

4.4. Иргэний үүрэг:

4.4.1. өөрийн бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж, дайчилгаа зарласан газарт тогтоосон хугацаанд очих;

4.4.2. өөрийн үүрэг, гүйцэтгэх ажлын чиглэлээр жилд нэгээс доошгүй удаа гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдах;

4.4.3. дайчилгааг явуулж байгаа байгууллагын удирдлагын зүгээс тавьсан шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх;

4.4.4. гамшгаас хамгаалах дайчилгааг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс гадагш албан болон хувийн хэргээр зорчихгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах;

4.4.5. дайчилгаанд хамрагдах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгах.

                                                                      Тав. Санхүүжилт, хяналт

5.1. Гамшгаас хамгаалах дайчилгаанд ажилласан иргэний албан тушаалын цалин, ажил эрхлээгүй иргэний хөдөлмөрийн хөлс, бусад нөхөх олговрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

5.2. Гамшгаас хамгаалах дайчилгаанд дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах үеийн шууд зардлыг мөрдөж байгаа жишиг үнийн дагуу тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

5.3. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

5.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрх бүхий бусад байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.


                                                                                    ----о0о----