Хэвлэх DOC Татаж авах

                                                                                                         Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр
                                                                                                         тогтоолын 2 дугаар хавсралт

                                                                  ГАМШГИЙН ҮЕД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

                                                                                          Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод байгаа хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх, байршуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. "Нүүлгэн шилжүүлэлт" гэж болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтоос хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулах арга хэмжээг хэлнэ.

1.3. Гамшигт өртсөн болон өртөж болзошгүй нутаг дэвсгэрээс хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүрмөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.

1.4. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд мөрдөнө.

                                                   Хоёр. Нүүлгэн шилжүүлэлт зарлах тухай
                                                                             шийдвэр гаргах

2.1. Нүүлгэн шилжүүлэлт зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1. газар хөдлөлт болж хот, суурин газар нурж, хүн амьдрах нөхцөлгүй болсон;

2.1.2. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчин үгүй болсон;

2.1.3. террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, алан хядах ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалд зайлшгүй арга хэмжээ авах;

2.1.4. ган, зуд тохиолдох, хот, суурин газар, газар тариалан, мал аж ахуй усны хомсдолд орох ноцтой үр дагавар үүссэн;

2.1.5. үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.6. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн болон уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.7. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид бодит аюул учирсан.

2.2. Баг, хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга гаргана.

2.3. Хоёр болон түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.4. Нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй үед түр нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар гаргана. Бүрмөсөн нүүлгэн шилжүүлэлт явуулахыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

2.5. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тухайн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшгийн эмзэг байдал, бодит аюулын цар хэмжээ, хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн улмаас цаашид гарч болох хор уршгийг тодорхой тусгасан байна.

                                                         Гурав. Нүүлгэн шилжүүлэлтийн өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээний төлөвлөгөөг хавсаргаж, жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, нүүлгэн шилжүүлэх хүн ам, эд материалын болон соёл, урлагийн үнэт зүйлс, тэдгээрийн тоо хэмжээ, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, шилжүүлэх, хүлээн авах байр, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 3 цагийн дотор цугларах болон хүлээн авах байрууд, нүүн шилжигсдийн тоо, бүртгэлийг хариуцан ажиллах бүртгэл мэдээллийн бүлгийг байгуулсан байна.

                                                                    Дөрөв. Нүүлгэн шилжүүлэлт

4.1. Нүүлгэн шилжүүлэлт зарласан үед дараахь ажиллагааг зохион байгуулна:

4.1.1. нүүлгэн шилжүүлэлт явуулах тухай гарсан шийдвэрийг тухайн орон нутгийн албан байгууллага, нийт хүн амд зарлан мэдээлэх;

4.1.2. нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх бүлгийн удирдагч нарыг томилон ажилд нь оруулж, эхний ээлжинд аюулгүй бүс рүү хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллах;

4.1.3. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүн амын тоо, бүртгэлийг явуулж, орон байр, хоол хүнсээр хангах, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг тээвэрлэлтэд бэлтгэх, байршуулах аюулгүй бүс (урьдчилан тогтсон) рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах;

4.1.4. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг авто тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр цуваанд эмхлэн зохион байгуулж, хэв журам сахиулах бүлгийн хяналт дор нүүлгэнэ. Хэв журам сахиулах бүлэг нь байршуулах бүс нутаг хүртэлх замын турш аюулгүй байдлыг хангаж ажиллах;

4.1.5. түр нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн үед хот, суурин газрын үлдсэн барилга байгууламж, дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хэв журам сахиулах болон харуул хамгаалалтын бүлэг хариуцан ажиллах;

4.1.6. хүн амыг нүүлгэн шилжүүлэх үед бүх төрлийн тээврийн хэрэгслийг тодорхой зааж оноосон бүртгэлийн дагуу дайчилж, бүлэг, хэсэг болгон зохион байгуулж, материал хэрэгслээр ханган хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэх ажилд бэлэн болгох.

4.2. Нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдаж байгаа Засаг дарга нь дараахь бүлгүүдийг томилж ажиллуулна:

-тээврийн бүлэг;
-эмнэлэг, эрүүл ахуй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлэг;
-хэв журам сахиулах, зохицуулах бүлэг;
-инженерийн бүлэг;
-нөөцийн материал, орон сууцны хангалтын бүлэг;
-холбоо, мэдээлэл, лавлагааны бүлэг;
-хоол, хүнсний хангалтын бүлэг;
-шатахуун, нефтийн бүтээгдэхүүний хангалтын бүлэг;
-банк, санхүү, нийгмийн хамгааллын бүлэг;
-хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг тоолох иргэний бүртгэл, мэдээллийн бүлэг.

4.3. Бүлгийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн орон тооны бус гамшгаас хамгаалах албадын дарга нар удирдах бөгөөд нэг бүлэгт 5-7 хүн байна.

4.4. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан эд материалын үнэт зүйл гэдэгт дараахь зүйл хамрагдана:

4.4.1. төрийн үнэт зүйл (алт, валютын нөөц, банкны активууд, үнэт цаас, хэмжүүрийн эталон, үнэт металл болон чулууны нөөц, төрийн байгууллагуудын архив, тамга, тэмдэг, албан бичиг, шинжлэх ухааны онцгой чухал баримт бичгүүд, цахим тооцоолох системүүд, өгөгдлийн бааз г.м);

4.4.2. үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны үнэт зүйл (өндөр үнэ бүхий шинжлэх ухааны болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, өндөр үнэ бүхий шинжлэх ухааны баримт бичгүүд, цахим сүлжээний баазууд г.м);

4.4.3. хүнсний нөөц, эрүүл мэндийн байгууллагын багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, ус хангамжийн тоног төхөөрөмж, хүн амын хангалтад зориулагдсан эд материалын нөөц;


4.4.4. хөдөө аж ахуйн мал, амьтан, тарих үр, ургамлын нөөц, үрийн нөөц, бордоо тэжээлийн нөөц;

4.4.5. аврах ажиллагааны болон бусад хойшлуулшгүй сэргээн босгох ажлын үед хэрэглэх багаж, эд материалын нөөц.

4.5. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан түүх, соёл, урлагийн үнэт зүйлс гэдэгт дараахь зүйл хамрагдана:

4.5.1. Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл;
4.5.2. номын сангийн ховор, үнэт ном судар;
4.5.3. урлагийн үнэт бүтээл;
4.5.4. цахим мэдээллийн сан.

4.6. Эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийн бүртгэлд оруулах шаардлага гарвал соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.

                                                 Тав. Нүүлгэн шилжүүлэх үеийн зохион байгуулалт, удирдлага

5.1. Нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулах Засаг даргын үүрэг:

5.1.1. нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах тусгай бүлгүүдийн удирдлагыг томилж, бүлгийн гүйцэтгэх үүргийг тодотгож, нүүлгэх ажиллагааг эхлүүлэх;

5.1.2. төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэр гарсан тухай зарлах, гамшгийн хор уршгийг арилгасан тухай шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

5.1.3. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах, нүүлгэн шилжүүлэх боломж нөхцөл, гамшгийн голомтын бүс нутаг, цар хүрээ, тархалтын байдал, ажиллах мэргэжлийн анги, хүч хэрэгслийн тооцоо, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, цугларах байр, цаг хугацааг тодорхой зааж өгөх;

5.1.4. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон тухайгаа хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт нэн даруй мэдээлэх;

5.1.5. нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргах;

5.1.6. шилжиж ирсэн иргэдийг жагсаалтын дагуу бүртгэн байршуулах нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон өгөх, байршуулж, нүүлгэн шилжүүлэх явцад хүн ам, эд хөрөнгө, мал, амьтны тоо, бүртгэлийн талаар гарсан өөрчлөлтийн мэдээг Улсын Онцгой комисст мэдээлэх;

5.1.7. иргэдийн амьдрах нэн тэргүүний хэрэгцээг хангах (орон байр, ус, хоол хүнс, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах) бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
5.1.8. хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэн шилжүүлэх үеийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

5.1.9. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах орон нутгийн төсвөөс давсан зардлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх;

5.1.10. нүүлгэн шилжүүлэлт хийгдэх үед энэ журмын 4.1-д заасан бүх арга хэмжээг зохион байгуулах.

5.2. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын үүрэг:

5.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа бүх шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагыг удирдлага зохицуулалтаар хангах;

5.2.2. аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс нь харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тухайн шатны Засаг даргаар батлуулж, жил бүр тодотгол хийх;

5.2.3. нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургууль зохион байгуулах;

5.2.4. нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа Засаг даргын Тамгын газар, түүний бүлгүүдийн удирдлага, цугларах болон хүлээн авах байруудыг радио болон хөдөлгөөнт холбооны хэрэгслээр хангах үүрэг хүлээх;

5.2.5. нүүлгэн шилжүүлэлтэд дутагдаж байгаа материал хэрэгслийн нөөцийг хангах ажлыг зохион байгуулах;

5.2.6. нүүлгэн шилжүүлэх ажлын явц байдалд болон Засгийн газраас гаргасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих;

5.2.7. шаардлагатай гэж үзвэл нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулах явцад гарсан нэмэлт зардлын асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

5.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:

5.3.1. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах тээврийн хэрэгслийг гарган дэмжлэг үзүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмж, байгууллагын эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх, нүүлгэх, ачих, буулгах ажлыг зохион байгуулах;

5.3.2. өөрийн байгууллагад байгаа материал хэрэгслийн нөөцийг гаргаж зарцуулах;

5.3.3. байгууллагаас дайчлагдсан хүч хэрэгсэл, нүүн шилжигсдийн мэдээ гаргах, нүүлгэн шилжүүлэлтийн явц байдал, гаргасан зардал, бусад тайлан мэдээг тогтоосон хугацаанд тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж танилцуулах;

5.3.4. тухайн шатны Засаг дарга, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.

5.4. Иргэний үүрэг:

5.4.1. шаардлагатай бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж, цугларах газарт тогтоосон хугацаанд очих;

5.4.2. нүүлгэн шилжүүлэлт хийх бүлгүүдийн удирдлагын зүгээс тавьсан шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх;

5.4.3. нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс гадагш албан болон хувийн хэргээр зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах, нүүн шилжиж очих газрын хаяг, газар зүйн байрлалыг заалган авах;

5.4.4. сургуулийн өмнөх насны хүүхдийн лавлагаа (овог, нэр, төрсөн он, сар, өдөр, үндсэн хаяг, очих газрын нэр, регистрийн дугаар)-г даавуун дээр бичиж хувцасны дотор талд оёсон байх.

                                                                       Зургаа. Санхүүжилт, хяналт

6.1. Нүүлгэн шилжүүлэлтийн үеийн зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

6.2. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.



                                                                                           ---о0о---