Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 25 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ОРОН СУУЦНЫ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Орон сууцны асуудал нь улсын хөгжил, нийгмийн амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт, хүн амын эрүүл энх, сайн сайхан амьдрах, үр бүтээлтэй хөдөлмөрлөх язгуур нөхцөл болохын хувьд Монгол Улсын төрийн бодлогын салшгүй  нэг хэсэг юм.
Монгол Улсын иргэн "..эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй..." гэсэн Үндсэн хуулийн заалт нь хүний амьдарч, аж төрөх ахуй орчныг бүрдүүлэгч орон сууцанд тавигдаж байгаа үндсэн шаардлага бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого чиглэнэ.
2.Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого нь зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх орон сууцны салбарын үүрэг хариуцлагыг тодорхойлж орон сууц, түүний дэд бүтцийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, гэр бүл бүрийг эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
3.Одоо байгаа орон сууцны санг нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд зөв ашиглах, хүн амын орон сууцны эрэлт, хэрэгцээг хангахад Монгол орны байгаль, цаг уурын онцлог уламжлал, эдийн засгийн чадавх, орчин үеийн шаардлагад нийцсэн орон сууцны нэгдсэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүгийн боломж, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
4.Төрөөс орон сууцны талаар баримтлах эрхэм зорилго нь тус улсын гэр бүл бүрийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тохилог орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
5.Төрөөс орон сууцны талаар баримтлах эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь үндсэн зорилт тавина:
1/орон сууцны газар өмчлөл, ашиглалт болон орон сууц барих, ашиглах, засвар үйлчилгээ хийхтэй холбогдсон харилцаанд төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, гэр бүл, хувь хүн бүрийн оролцоо, эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тогтоох;
2/одоо байгаа орон сууцны чанарыг сайжруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;
3/орон сууцны талаарх улсын норм, стандарт, дүрэм, журам нь орон сууцны чанарын түвшин, хувь хүн ба гэр бүл, тэдгээрийн орлогын хэмжээ, худалдан авах чадварт тохирсон байх;
4/орон сууцны талаар төрийн хүлээсэн үүрэг, ялангуяа санхүүгийн ачааллыг аль болох хөнгөвчилж, хариуцлагыг хувийн хэвшил рүү түлхүү шилжүүлж, нийт хүн ам, үүний дотор төрийн албан хаагчдын орон сууцыг хялбар, дөхөм аргаар санхүүжүүлэх нөхцөл бүрдүүлэх;
5/төрөөс нийгмийн эмзэг хэсгийн орон сууцны хангамжийн талаар туслалцаа үзүүлэх;
6/орон сууцны дэд бүтэц барих, ашиглах, засвар, үйлчилгээ хийх ажилд хувийн хэвшлийг түлхүү оролцуулж, үүнд төрөөс тавих хяналтыг сайжруулах.
6."Орон сууц" гэдэгт нийтийн  болон хувийн зориулалттай орон сууцны байшин  болон хүн амын ихэнх хэсэг нь амьдарч байгаа үндэсний гэр, төв, суурин газрын гэр хороололд  барьсан хувийн байшинг хамруулна.
Монгол орны нөхцөлд хүн амын амьдарч  байгаа орон сууцны төрлүүдийг хамруулан "орон сууц" гэсэн нэр томъёог хуулиар тодорхойлно.
7.Орон сууцны асуудлыг түүний дэвсгэр газар, дэд бүтцийн асуудлын хамт иж бүрэн шийдвэрлэж, хүн амын төвлөрлийн бусад хэсэг болох албан газар, сургууль, цэцэрлэг, дэлгүүр зэрэг соёл, боловсрол, үйлчилгээний газруудын зохистой харьцаа, байршилтын харилцан уялдааг харгалзан төлөвлөнө.
8.Орон сууцны чанарыг хот байгуулалт, архитектур, барилгын эрүүл ахуй, экологи, аюулгүй байдал, оршин суугчдын эрх ашигт нийцсэн байдал зэрэг үзүүлэлтээр тодорхойлох бөгөөд түүнийг орон сууц төлөвлөх, барих үйл ажиллагааны үр дүнгийн гол хэмжүүр гэж үзнэ.
9.Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого нь орон сууцны талаарх олон улсын чиг хандлага, тус улсын нөхцөл байдал, эдийн засгийн хөгжлийн төлөв, орон сууц худалдан авах Засгийн газрын болон гэр бүлийн чадавх, орон сууцны бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурласан орон сууцны холбогдолтой эрх зүйн болон удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо, төв, суурин газрын төлөвлөлт, газар зохион байгуулалттай уялдсан орон сууц, түүний дэд бүтцийн төлөвлөлт, шинэчлэлт болон санхүүжилтийн хүрээг хамарна.
10.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1988 онд батлагдсан "Дэлхий нийтийн хэмжээнд 2000 он хүртэл баримтлах орон сууцны ерөнхий стратеги"-ийн баримт бичигт: "Хөгжиж буй бүх орнуудын орон сууцны бодлогын цөм нь хүн амын худалдан авах чадавх, амьдралын наад захын шаардлагад нйицсэн орон байраар хангах асуудал бөгөөд хүн амд орон сууцны зориулалтаар газар, барилгын материал, зээл тусламж олгох, барилга барих шинэ технологид сургах замаар амьдралаа дээшлүүлэхэд нь туслах явдал юм" гэжээ.
Монгол Улс нь орон сууцны талаарх олон улсын санаачилгыг дэмжин хэрэгжүүлэхдээ төв, суурин газрын гэр хорооллыг шинэчлэх, төлөвлөлтийг нь сайжруулахад  анхаарна.
 
Хоёр.Орон сууцны хангамж, төлөвлөлт, санхүүжилт, эрх зүйн зохицуулалт
11.Орон сууцны хөрөнгө оруулалт нь ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгнө. Хүн ам өөрсдийн хүч боломжоор орон сууц барих явдлыг дэмжих нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ.
12.Орон сууцны зориулалтаар газрыг хувьчлах нь иргэд орон сууцандаа хөрөнгө оруулалт хийх, өөрсдийн хүчээр орон сууц барьж өмчтэй болох сонирхлыг төрүүлж, улмаар орон сууцны чанар сайжрах гол хөшүүрэг мөн.
13.Орон сууцны талаарх төрийн хүлээсэн үүрэг, ялангуяа санхүүгийн ачааллыг хөнгөвчилж, одоо байгаа орон сууцны чанарыг сайжруулах, шинээр орон сууц, түүний дэд бүтцийг барихад хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж, хувь хүн ба гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлж төрөөс тавих хяналтыг сайжруулна.
14.Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого нь зах зээлийн харилцааны үндсэн шаардлагад нийцэж, хувь хүн болон гэр бүлийн орлогын хэмжээ, тэдгээрийн худалдан авах чадварт тохирч, хүн амын олонх болох бага орлоготой бөгөөд орлогын эх үүсвэр нь найдваргүй, зээл авах чадавхгүй хүн амын хэсэгт чиглэнэ.
15.Орон сууц шинээр барих болон орон сууцны нөхцөл сайжруулах зориулалтаар иргэдэд урт хугацааны зээл олгох боломжийг судлан үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
16.Улсын хэмжээнд нийт хүн амын 44 хувь нь төв, суурин газрын гэр хороололд, 33 хувь нь гэрт, 23 хувь нь зураг төслөөр баригдсан орон сууцанд амьдарч, өөрөөр хэлбэл нийт хүн амын 77 хувь нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаагүй, зохицуулалтаас гадна баригдсан орон сууцанд амьдарч байна.
Төрийн зүгээс Монгол үндэсний уламжлалт сууц болсон гэрийг хөгжүүлэхдээ суурин хэвшлийн амьдралын эрүүл ахуй, хүрээлэн байгаа орчин, хот байгуулалтын үндсэн шаардлагуудтай уялдуулан хөгжүүлнэ.
17.Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөлийн харилцааг өөрчилж, орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцааны үндсэн шаардлагад нийцүүлэн шинэчилж, орон сууцыг хэвийн, найдвартай үйлчилгээгээр хангах ашиглалт, засвар, үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ.
18.Нийтийн зориулалттай орон сууцны барилгад хийх шаардлагатай  их хэмжээний хөрөнгө шаардсан засварын ажлыг санхүүжүүлэхэд орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
19.Ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслөөр баригдсан орон сууцны хороолол болон урьдчилсан төлөвлөлтгүйгээр барьсан гэр хорооллын хоорондын ялгааг багасгана. Ойрын ирээдүйд шинээр барих болон шинэчлэн сайжруулах орон сууцны дийлэнх хувь нь иргэд өөрсдийн хүч бололцоогоор төв, суурин газрын гэр хороололд барьсан хувийн орон сууц эзлэх болно.
Гэр хорооллыг хүн төвлөрөн суурьшсан газрын төлөвлөлт, дэд бүтэцтэй уялдуулан хороо, гудамж, хашааны орчин, орон сууцны нөхцөлийг сайжруулж соёл, боловсрол, худалдаа, үйлчилгээгээр хангагдах нөхцөлийг бүрдүүлж,  хот суурин газрын гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
20.Хот орчмын зуслангийн байшинг байнга оршин сууж амьдрах орон сууц болгон сайжруулах, тэдгээрийг инженерийн шугам сүлжээгээр хангах боломж болон газар өмчлөх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
21.Орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн. Төрийн өмчид байгаа орон сууцны зарим хэсгийг нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхэд зориулна.
Нийгмийн халамжийн зориулалтаар нэмж шаардагдах орон сууцыг хувийн түрээсийн зах зээлээс авч түрээсийн зардлыг орон сууцны тэтгэмжээр дамжуулж буюу шууд халамж хүртэгсдэд олгоно.
22.Нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд орон сууцны удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, ашиглалт, үйлчилгээг зохицуулж, орон сууцны салбарыг бие даан хөгжих эрх зүйн үндсийг тогтооно.
23.Үндсэн хуулийн "...Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална..." гэсэн заалтууд нь орон сууцны хувьчлалын үр дүнд үүсэх нийгмийн харилцааг зохицуулах, хуульчлах үндэс болно.
24.Орон сууцны тухай хууль тогтоомжоор орон сууц, түүний дэд бүтцийг санхүүжүүлэх, төлөвлөх, барих, ашиглах засвар, үйлчилгээ хийх болон орон сууцны газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцаанд бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил, хувь хүн ба гэр бүлийн оролцоо, эрх, үүргийг тодорхойлсон эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
25.Төрийн өмчийн орон сууцны хувьчлалыг зохион байгуулж, хувьчлалын явцыг түргэтгэх, сууц өмчлөгчдийн холбоод үүсгэн байгуулагдаж ажиллахад эрх зүйн болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
26.Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын зорилт, үүрэг хариуцлагыг шинээр тодорхойлж, бүтэц, зохион байгуулалтыг нь шинэчлэн өөрчилнө.
27.Монгол Улсын хүн амын суурьшилт, төв, суурин газрын сүлжээ нь эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын ая тухтай амьдарч ажиллах нөхцөл, хэрэгцээг бүрэн хангахад чиглэнэ.
28.Төв, суурин газрын төлөвлөлтийг мэргэжлийн хүмүүс болон хэрэглэгчдийн харилцан уялдаа бүхий үйл ажиллагаанд үндэслэн орон нутгийн оршин суугчдад мэргэжлийн зохих туслалцаа, зөвлөлгөө өгөх замаар доороос дээш чиглэсэн байдлаар боловсруулна. Төв, суурин газрыг хөгжүүлэх төлөвлөгөөг хүний хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, газар зохион байгуулалтын асуудалтай нягт холбоотой боловсруулна.
29.Төв, суурин газрын ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлтийн норм, стандарт, улсын эдийн засаг болон хүн амын эд хөрөнгийг бодит нөөц, бололцоог тухайн төв, суурин газрын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, ашиг сонирхолтой уялдуулан тусгаж шинэ орчинд уян хатан дасан зохицох боломжтойгоор төлөвлөнө.
30.Хүн амын худалдан авах чадавх, боломж, орон сууцны эрэлт, хэрэгцээнд тулгуурлан орон сууц барих шинэ талбайг бэлтгэх, одоо байгаа орон сууцны болон гэр хорооллын нөхцөлийг сайжруулахад зориулан орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг доороос дээшээ төлөвлөх хэлбэрээр боловсруулна.
Энэ төлөвлөгөө нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын суурьшлын салшгүй хэсэг болох амралт, сургалт, соёл, худалдаа, үйлчилгээний бусад хэсгүүдийг иж бүрнээр төлөвлөж, ашиглагдаж байгаа дэд бүтцийг бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгийн янз бүрийн чадавхид тохирсон орон сууц барих газраар хангахад чиглэгдэх бөгөөд тухайн төв, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний тодотгол болж өгнө.
31.Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад тухайн нутаг дэвсгэрт орон сууцыг дэд бүтэцтэй нь хамт төлөвлөж хөгжүүлэх, орон сууц нэмж барихад түүнийг дэд бүтцийн сүлжээнд үр ашигтайгаар холбох, оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх шаардлагуудыг хангана.
32.Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцсэн хот байгуулалтын энгийн ба уян хатан төлөвлөлтийн норм, дүрэм, стандартыг боловсруулах, энэ чиглэлээр мэргэжилтнүүдийг сургахад тэргүүн ээлжинд анхаарна.
33.Хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс орон сууцны төлөвлөлт, ашиглалтад тавих үндсэн шаардлага, хэм хэмжээ, тогтоосон норм, стандартыг тогтмол боловсронгуй болгоно.
34. Орон сууцны дэд бүтцийг төв, суурин газрын хөгжлийн хэтийн төлөв, хүн амын өсөлт, орон сууцны бодит хэрэгцээтэй уялдуулан төлөвлөх бөгөөд шинээр орон сууцны хороолол байгуулахад эхлээд одоо байгаа дэд бүтэц бүхий барилгажсан хэсгийн хүчин чадлыг бүрэн ашиглахад голлон анхаарч, цаашид инженерийн бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа барилга байгууламж байгуулна.
35.Орон сууцны дэд бүтэц нь Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирсон, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ашиглахад хялбар, амьдрах ая тухтай, хэвийн орчинг найдвартай хангахад чиглэгдэнэ.
36.Шинээр барих орон сууцны хорооллын инженерийн бэлтгэл ажлыг хувийн хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулах замаар гүйцэтгэж, иргэдийн худалдан авах чадавхид тохируулан орон сууц барих талбайг худалдах ажлыг зохион байгуулна.
37.Төв, суурин газрын барилгажсан хэсгийн нягтрал, дэд бүтцийн ашиглалтыг сайжруулж, байрлал сайтай орон сууцны зориулалттай газрыг дуудлагаар худалдах замаар шинээр барих орон сууцыг нэмэгдүүлнэ. Аймаг, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа дэд бүтцийн үйлчилгээнд хамруулан шинээр орон сууц барих боломжтой газрыг тодорхойлж барилгажуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
38.Инженерийн төвлөрсөн хангамж түгээгч байгууллагууд нь өөрийн үйлчилгээг эцсийн хэрэглэгч хүртэл хүргэх бөгөөд ажил, үйлчилгээнийхээ  зарим хэсгийг гэрээгээр гүйцэтгүүлж болно.
39.Гэр хорооллын орон зайн ашиглалтыг зохистой, үр ашигтай болгон төлөвлөх төлөвлөлтийн шинэ стандартыг боловсруулж орон сууцны болон гэр хорооллын ялгааг багасгана.
40.Шинээр баригдах болон шинэчлэн сайжруулах орон сууцны ихэнх хувь нь төв, суурин газрын гэр хороололд байх бөгөөд цаашид гэр хорооллыг хувийн орон сууцны тохилог хороолол болгох явдлыг хөхүүлэн дэмжинэ.
41.Төв, суурин газрын гэр хорооллыг дэд бүтэцтэй нь уялдуулан төлөвлөж, хороо, гудамж, хашааны орчин, орон сууцны нөхцөлийг сайжруулж, соёл, боловсрол, худалдаа үйлчилгээгээр бүрэн хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
42.Аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.
Төв, суурин газрын орон сууц төлөвлөлтийн зөв алхмыг хүн амын бодит эрэлт, хэрэгцээг үндэслэн боловсруулсан орон сууцны хөтөлбөрүүдээр тодорхойлно.
43.Орон сууцны хөтөлбөр нь:
1/орон сууцны ойрын болон хэтийн эрэлт, хэрэгцээг бүрэн тооцоолсон;
2/орон сууцны хорооллыг нягтруулж, төв, суурин газрын дэд бүтцийн үр ашгийг дээшлүүлэх талаар оновчтой хувилбар сонгосон;
3/орон сууц барих бололцоог бодит байдалтай уялдуулсан;
4/зураг төслийн дагуу орон сууц барих ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн;
5/шинээр хамгийн их орон сууц баригдах боломжтой гэр хорооллыг анхааралдаа авсан байна.
44. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцсэн орон сууцны санхүүжилтын оновчтой тогтолцоо бий болгох нь хүн амын орон сууцны хангамж, үүний дотор төрийн албан хаагчид, нийгмийн эмзэг хэсгийн орон сууцны асуудлыг цогцолбороор шийдвэрлэх үндэс юм.
Орон сууцны санхүүжилтын тогтолцоог одоогийн бодит боломжид тулгуурлан орон сууц хөгжүүлэх сан байгуулах замаар бүрдүүлэх нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах суурь болох бөгөөд улс орны эдийн засгийн байдал сайжрах хирээр орон сууцны хөгжлийн хэтийн хандлагыг зөв чиглүүлэх нөхцөл болно.
45.Орон сууц хөгжүүлэх сан нь улсын төвлөрсөн болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад, дотоодын зээл, тусламж, хандив, зээлийн хүү, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих, иргэд, хуулийн этгээдэд зээл олгоход зарцуулна.
46.Орон сууцны борлуулалтын болон түрээсийн зах зээлийн мэдээллийн санг байгуулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор явуулна. Орон сууцны өртөг, үнэ, үнийн өөрчлөлтийн талаарх үнэн зөв мэдээллийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар албан ёсоор гаргаж байх бөгөөд хөрөнгийн арилжааны  үнэлгээг бүртгэлийн үнэлгээтэй нийцүүлэх арга хэмжээ авна.
47.Орон сууцны зориулалтаар жижиг зээл олгох, мөн цалин хөлс нэмэгдүүлэхийн оронд төрийн албан хаагчдад орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь тусламж үзүүлэх явдлыг хөхүүлэн дэмжинэ.