Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 

120 дугаар зарлигийн хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус олон нийтийн зөвлөлийн /цаашид Зөвлөл гэх/ үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өгөх зорилготой ажиллана.
1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга, ил тод, хараат бус байх зарчмыг баримтална.
1.4. Зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хараат бус байдал, бие даасан үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана.

Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1. Зөвлөл нь 15 гишүүнээс бүрдэх бөгөөд дараахь дэд зөвлөлтэй /цаашид “Дэд зөвлөл” гэх/ байна:
2.1.1. Бодлогын дэд зөвлөл;
2.1.2. Хүний эрх-үйл ажиллагааны дэд зөвлөл;
2.1.3. Олон нийтийн харилцааны дэд зөвлөл.
2.2. Зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдийг Дэд зөвлөлд хуваан харьяалуулна. Зөвлөлийн хуралдаанаас зөвлөлийн даргыг, Дэд зөвлөлийн хуралдаанаар Дэд зөвлөлийн ахлагчийг нэр дэвшүүлэн сонгоно.

Гурав. Зөвлөлийн чиг үүрэг
3.1. Зөвлөл иргэнийг төлөөлөн дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;
3.1.2. Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод, хууль дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;
3.1.3. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;
3.1.4. Авлигатай тэмцэхэд олон нийтийг татан оролцуулах;
3.1.5. Авлигын талаар болон Авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг Авлигатай тэмцэх газарт уламжлах.
3.2. Зөвлөл нь гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өгнө.
3.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байна.

Дөрөв. Дэд зөвлөлийн үйл ажиллагаа
4.1. Дэд зөвлөл гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна.
4.2. Бодлогын дэд зөвлөл:
4.2.1. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны ил тод байдлыг үнэлэх;
4.2.2. Авлигатай тэмцэх газрын захиргаа, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны хараат бус, шударга байдлыг үнэлэх
4.2.3. Авлигатай тэмцэх газрын төсвийн болон хандивын хөрөнгийн зарцуулалтыг үнэлэх;
4.2.4. Авлигатай тэмцэх газраас явуулж буй үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, зөрчиж байгаа эсэхэд үнэлгээ өгөх;
4.2.5. Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Улсын Их Хуралд мэдээлэх мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээ өгөх;
4.2.6. Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээний биелэлтийн тухай мэдээлэл, тайлбар Авлигатай тэмцэх газраас авах.
4.3. Хүний эрх – үйл ажиллагааны дэд зөвлөл:
4.3.1.Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл авах;
4.3.2.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар иргэн, байгууллага, албан тушаалтнаас өргөдөл, гомдол хүлээн авах, танилцах, холбогдох этгээдээс тайлбар авах;
4.3.3.Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан өргөдөл гомдолтой танилцаж, уг шийдвэрийг гаргасан албан тушаалтанаас тайлбар авах;
4.3.4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдал, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар Авлигатай тэмцэх газарт зөвлөх;
4.3.5.Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдалтай танилцах;
4.2.6.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн этгээд, гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээтэй танилцах.
4.4. Олон нийтийн харилцааны дэд зөвлөл:
4.4.1. Авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар иргэдийн санаа бодлыг судлах;
4.4.2. Нийгмийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний явц, үр дүнтэй танилцах;
4.4.3.Төрийн байгууллагын хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөрүүдийн талаар авлигатай тэмцэх газраас авч буй арга хэмжээ, явц, үр дүнтэй танилцах;
4.4.4.Олон нийтэд Авилгатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулах үйл ажиллагаанд оролцох;
4.4.5.Зөвлөлийн үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх газарт өгсөн зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх;
4.4.6. Иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдийг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд оролцуулахад дэмжлэг үзүүлэх.

Тав. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр
5.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан /цаашид ”хуралдаан” гэх/ байна.
5.2. Зөвлөлийн нэгдсэн хуралдааныг улиралд 2-оос доошгүй удаа, дэд зөвлөлийн хуралдааныг зарласанаар хийх ба гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно.
5.3. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгоно.
5.4. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санал болгож болно.
5.5. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцож чадаагүй Зөвлөлийн гишүүн Зөвлөл, Дэд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан саналаа хүргүүлсэн тохиолдолд түүнийг хуралдаанд оролцсонд тооцно. Энэ тохиолдолд Зөвлөл, Дэд зөвлөлийн дарга хуралдаанд биечлэн оролцож буй гишүүд хэлэлцэж буй асуудлаар саналаа гаргасаны дараа саналаа урьдчилан хүргүүлсэн гишүүний саналыг танилцуулж санал хураахад оруулан тооцно.
5.6. Зөвлөл гүйцэтгэсэн ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнана. Зөвлөл шаардлагатай гэж үзсэн асуудлаар тухай бүрд нь Ерөнхийлөгчид мэдээлж болно.
5.7. Зөвлөл үйл ажиллагааны тайланг жил бүр, АТГ-т өгсөн зөвлөмжийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

Зургаа. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх
6.1. Зөвлөлийн дарга, гишүүн нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан ажиллаж дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Зөвлөлийн дарга нь 6.3.-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
6.1.1. Зөвлөлийг төлөөлж Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллага, иргэдтэй харилцах;
6.1.2. Зөвлөлийн хуралдааны товыг зарлан зохион байгуулж удирдан явуулах;
6.1.3. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын даргад өгөх;
6.1.4. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлын төсөв, тооцоог гаргах;
6.1.5. Зөвлөлийн ажлыг төлөвлөн зохион байгуулж, удирдах.
6.2. Дэд зөвлөлийн ахлагч нь 6.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
6.2.1. Дэд зөвлөлийн хурлын товыг зарлан зохион байгуулж, удирдан явуулах;
6.2.2. Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Зөвлөлийн даргад танилцуулж зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр хуралдаанд оруулах;
6.2.3. Дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой хуулиар хориглосноос бусад мэдээ, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас гаргуулан авах;
6.3. Зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
6.3.2. энэхүү журмын 4.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх талаар санал, санаачилга гаргах;
6.3.3. авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах;
6.3.4. улс төрийн нам, аливаа эвсэл, хөдөлгөөний шахалт, шаардлагад автахгүй байх;
6.3.5. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээс бусад тохиолдолд Зөвлөлийн хуралдаан болон Дэд зөвлөлийн хуралд оролцож байх;
6.3.6. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай холбоотой нууцалбал зохих мэдээ, мэдээллийг задруулахгүй байх

Долоо. Авлигатай тэмцэх газрын эрх, үүрэг
7.1. Авлигатай тэмцэх газар нь Зөвлөлтэй хамтран ажиллах талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. Зөвлөл, Дэд зөвлөлийн хуралдаанаас 3 хоногийн өмнө түүний зар болон хуралдаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Зөвлөлийн гишүүдэд хүргэх;
7.1.2. Зөвлөл, Дэд зөвлөлийн хуралдаан явуулах байр, шаардлагатай техник хэрэгсэлээр хангах, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг гаргаж өгөх;
7.1.3. Зөвлөлийн хуралдаанаас гарсан, хууль тогтоомжид нийцсэн Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд ингэж үзэх болсон шалтгаан, үндэслэлийг Зөвлөмжид заасан хугацаанд эргүүлэн мэдэгдэх;
7.1.4. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад туслалцаа, дэмжлэг үзүүлэх ба хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хамтран ажиллах;
7.1.5. Зөвлөлд хандан авлигатай тэмцэх тодорхой асуудлаар дэмжлэг туслалцаа хүсэх;
7.1.6. Зөвлөлийн болон Зөвлөлийн гишүүний авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаанд харш үйлдэл, үйл ажиллагааны талаар анхааруулга өгөх;
7.1.7. Хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
7.1.8. Авлигатай тэмцэх газрын удирдлагын зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хүсэлтээр хуралдаанд оролцож, тус газрын бодлого, үйл ажиллагааны талаар тайлбар өгөх, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар саналаа хэлэх.
7.2. Зөвлөлтэй хамтран ажиллах үүргийг Авилгатай тэмцэх газрын дарга, түүний эзгүйд дэд дарга хэрэгжүүлнэ.
7.3. Авилгатай тэмцэх газар Зөвлөлийн үйл ажиллагаанд туслах үүрэгтэй ажилтан ажиллуулна. Ажилтан нь зөвлөлийн хуралдааны зар түгээх, хуралдаааны тэмдэглэл хөтлөх, Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг Авилгатай тэмцэх газарт хүргэх, Зөвлөл үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хариуцна.

Найм. Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх
8.1. Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэнийг Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
8.2. Зөвлөлийн гишүүнийг шалгаруулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлаж өөрөө хүсэлтээ гаргасан, бусдын санал болгосон төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдээс авилгатай тэмцэх чиглэлээр ажиллах хүсэл сонирхол, чадвар, туршлага, олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх, тэднийг авилгатай тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулах чадварыг шалгуур болгоно.
8.3. Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр чөлөөлнө:
8.3.1. Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон;
8.3.2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гарсан;
8.3.3.Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
8.3.4.Зөвлөлийн болон Дэд зөвлөлийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй болсон;
8.4. Зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө