Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 55 дугаар тогтоолын хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН АРБИТРЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд энэхүү дүрмийг мөрдөнө.
2.Хөдөлмөрийн арбитрын /цаашид "арбитр" гэх/ үйл ажиллагааны зорилго нь хамтын гэрээ байгуулах, биелүүлэх, биелэлтэд хяналт тавих явцад тухайн гэрээгээр зохицуулах харилцааны талаар тодорхой шаардлага тавьж байгаа ажилтны төлөөлөгчид, хамт олныг төлөөлсөн үйлдвэрчний байгууллага болон ажил олгогч талуудын хооронд үүссэн маргааныг эвлэрүүлэхэд оршино.
3. Арбитр нь хөдөлмөрийн хамтын маргаан /цаашид хамтын "маргаан" гэх/-ыг хянан хэлэлцэхдээ талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулан зөвхөн маргаантай асуудлаар зөвлөмж гаргана.
4.Арбитр нь хамтын маргаанд оролцогч талууд болон тухайн шатны Засаг даргын санал болгосон гурван арбитрчаас бүрдэх бөгөөд талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Засаг дарга томилно.
5.Арбитрч нь хууль ёсыг дээдлэх, хөндлөнгийн нөлөөнд үл автах, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчмыг баримтлан ажиллаж, үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
6.Хамтын маргааныг шийдвэрлэхэд оролцсон хугацаанд арбитрчийг үндсэн ажлаас нь чөлөөлж, дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговрыг хэрэв арбитрч нь хөдөлмөр эрхэлдэггүй бол ажлын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээр тооцож маргаанд оролцогч тал болох ажил олгогч нь олгоно.
7. Ажил олгогч нь арбитрчийг бичиг хэргийн техник хэрэгсэл, маргааныг хянан хэлэлцэх байр болон ажиллах нөхцөлөөр хангана.
 
Хоёр.Хөдөлмөрийн арбитрын болон маргаанд оролцогч талуудын эрх, үүрэг
8.Арбитр нь дор дурдсан эрх эдэлнэ:
1/хамтын маргаантай холбоотой асуудлаар маргалдагч талуудаас тайлбар, тодорхойлолт, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс гаргуулж авах,
2/ маргалдагч талуудын санал, хүсэлтийг сонсох ,
3/зуучлагч оролцсон хуралдааны материалтай танилцах, шаардлагатай бол мэргэжилтэн урьж зөвлөгөө авах, орчуулагч, шинжээч, магадлагч ажиллуулах, тэдэнд ажлын хөлс олгуулах асуудлыг шийдвэрлүүлэх .
9.Арбитр нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/хамтын маргаантай холбогдсон асуудлаар хуулиар тогтоосон нууцад хамаарах баримт бичиг, мэдээллийн нууцыг хадгалах,
2/арбитрын хурлаас гаргасан зөвлөмжийг маргаанд оролцогчид тайлбарлах,
3/аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс авсан баримт бичгийг асуудал шийдвэрлэгдсэний дараа буцаан өгөх.
10.Арбитрч өөрийг нь томилсон Засаг даргад хамтын маргааныг шийдвэрлэсэн үр дүнгийн талаар танилцуулах үүрэгтэй.
11.Маргалдагч талууд дор дурдсан эрх эдэлнэ:
1/арбитрын хуралд биеэр оролцож тайлбар, үндэслэл, санал, хүсэлтээ гаргах, өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг хуралд оролцуулах,
2/арбитрын хурал болохоос өмнө маргаж байгаа зүйлийн талаар бичгээр тайлбар, тодорхойлолт гаргаж өгөх,
3/арбитрын хурлын тэмдэглэл, зөвлөмжтэй танилцах .
12.Маргалдагч талууд арбитрын хуралд хянан хэлэлцэж байгаа асуудлын талаар нотлох баримтыг гаргаж өгөх, арбитрчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
 
Гурав.Хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хянан хэлэлцэх үйл ажиллагаа
13.Арбитрийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь арбитрийн хурал байх бөгөөд тухайн маргааныг эвлэрүүлэн зохицуулах үүрэг хүлээсэн гурван арбитрч нь маргааныг хэлэлцэхэд тэгш эрхтэй оролцох үүднээс дундаасаа аль нэгийгээ  зөвхөн хурал даргалагчаар сонгоно.
14.Хурал даргалж байгаа арбитрч нь маргалдагч талууд, тэдгээрийн маргааны агуулгын талаар хуралд оролцогсдод эхэлж танилцуулна. Үүний дараа талууд санал зөрүүтэй асуудлаар өөрсдийн байр суурь, үндэслэлийг ажилтны төлөөлөгч дараа нь ажил олгогч талын төлөөлөгч тус тус танилцуулна.
15. Хамтын маргааныг арбитраар хэлэлцэх хуралд талуудаас тэнцүү тооны төлөөлөгчдийг оролцуулна. Маргалдагч тал тус бүр ахлагчаа томилох бөгөөд ахлагч нь өөрсдийн шаардлага, санал зөрүүтэй асуудлын үндэслэл, нөхцөл байдлыг нотолно.
16.Хурал дээр маргалдагч талуудад харилцан асуулт тавьж хариулт авах, тайлбар хийх, санал солилцох боломж олгоно. Хурал даргалж байгаа арбитрч нь талуудад маргаантай холбогдсон баримт, үзлэг болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулна.
17.Арбитр нь маргалдагч талуудаас хамааралгүйгээр холбогдох баримт, дүгнэлтийг бүх талаас нь судалж, маргалдагч талуудын үндэслэл, шаардлагыг сонссоны дараа тусгайлан зөвлөлдөж, олонхийн саналаар зөвлөмж гаргана. Арбитрч нь арбитрын хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөмж гаргахад түдгэлзэх эрхгүй.
18.Хамтын маргаанд оролцогч талууд арбитрын зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн бол энэ тухай шийдвэрийг бичгээр гаргаж зөвлөмжийн заалт бүрийг хэрхэн биелүүлэх талаар уг шийдвэрт тусгана.
19.Арбитрын зөвлөмжийг маргаанд оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй буюу зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа арбитрч болон арбитрчийг томилсон Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.
20.Арбитр нь хурал болон хурлаас гадуур явагдсан бусад үйл ажиллагааны явцын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.
 
 
 
_ _ _OOO_ _ _