Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын1998 оны 55 дугаар тогтоолын хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН  ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын хөгжин дэвших нэг үндэс нь шинжлэх ухаан, технологийн давшингуй хөгжлийг хангах явдал мөн.
 1.2. Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь  эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх,  оюуны баялгийг арвижуулах эх сурвалж, эдийн засгийн аюулгүй байдлын үндэс суурь мөн. Иймээс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрөөс  онцгой анхаарал тавина.
1.3. Ажиллах хүч,  зах зээл хязгаарлагдмал Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтийг хангах, хүн амын амьдралын түвшин, чанарыг сайжруулахдаа шинжлэх ухаан, технологийг түлхүү хөгжүүлж, түүний ололтод тулгуурлан дэлхийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, экспортын зориулалт бүхий, шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүний үйлд­вэр­лэлийг хөгжүүлнэ.
1.4. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилго нь экспортод чиглэсэн зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах, ул­маар түүний тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэр­лэхэд гол хүчин зүйл болохуйц түвшинд хүртэл нь шинжлэх ухаан, технологийн чадавхийг хөгжүүлэхэд оршино.
 
 ХОЁР.  Шинжлэх ухаан, технологийн  бодлогын  зарчим
2.1. Төрөөс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд дараахь  зарчмыг барим­тална:
2.1.1. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйл ажиллагааг төрийн дэмжлэг, зохицуулалт, төр, олон нийтийн хянал­тад байлгах;
2.1.2. шинжлэх ухаан, технологийн салбарт хувийн хэвшлийг дэмжих;
2.1.3. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалтыг өөрийн удирдлагатай хослох, удирдлагын төвлөрлийг сааруулах;
2.1.4. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны өрсөлдөөн, мэдээллийн чөлөөт байдлыг хангах;
2.1.5. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх стратеги, тэргүүлэх чиглэлүүдийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатны зорилттой уялдуулан байнга өөрчлөн тодотгож байх, суурь, хавсрага судалгааны зохистой харьцааг тогтоож  хэрэгжүүлэх;
2.1.6. Монгол орны шинжлэх ухаан, технологийн нэгэнт бий болсон чадавхийг хадгалан, түүнийг  цаашид хөгжүүлэхэд өөрийн орны эр­дэмтдийн хүчийг бүрэн дүүрэн ашиглах, гадаадын тэргүүний технологи сонгон нэвтрүүлэх;
2.1.7. эрдэм шинжилгээ, туршилт, зо­хион бүтээх ажил гүйцэтгэхэд өмчийн хэлбэрийг үл харгалзан шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтныг адил тэгш, чөлөөтэй оролцох  нөх­цөлийг бий болгох,  дэмжлэг үзүүлэх;
2.1.8. үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулахыг хориглох;
2.1.9. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэхэд уралдаант тогтолцоог ашиглах, ил тод, нээлттэй байдлыг хангах;
2.1.10. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлэхдээ түүний ач холбогдлыг харгалзахаас гадна эцсийн үр дүн, өгөөжийг гол шалгуур болгож байх.
 
ГУРАВ. Шинжлэх ухаан, технологийн талаархи бодлогын чиглэл
3.1. Улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий шинжлэх ухааны суурь, хавсрага судалгааг хөгжүүлэх замаар шинжлэх ухааныг  үйлдвэрлэх хүчний хөгжилд чухал хувь нэмэр оруулагч салбар болгох нөхцөлийг хангана.
3.2. Хүний хүчин зүйлийг хөгжүүлж, оюуны бүтээлийг баталгаажуулах, өндөр үр ашигтай шинэ технологи ашиглах замаар эх орны байгалийн баялаг, түүхий эдийг бүрэн боловсруулж, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн хөгжлийг  хангана.
3.3. Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, зохион байгуу­лалтын тогтолцоо, бүтцийн оновчтой хувилбар бүрдүүлж, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх үр ашигтай хэлбэрүүдийг чөлөөтэй сонгон хэрэглэх боломжийг өргөтгөнө.
3.4. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төр, олон нийтийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, тэдний хувь нэмрийг өргөжүүлнэ.
3.5. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ­лүү­дээр өндөр мэргэш­лийн эрдэмтдийг бэлт­гэх зорилгоор эрдэмтдийн бүтээлч ажиллагааг дэмжиж, тэдгээрийн   амьдрах, ажиллах аятай нөхцөлийг хангана. Эрдэм шинжилгээний ажлын нэр хүндийг дээшлүүлж, улмаар эрдэмтэн, шинжлэх ухааны ажилтны эрхийг хамгаалж, судалгаа, туршилтын ажлын үнэлгээг бодитой болгон зах зээлийн харилцаанд  нийцүүлнэ. Чөлөөт судлаачдын үйл ажиллагааг дэмжиж, тэдний ажлын эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.
3.6. Шинжлэх ухаан-боловсролын болон шинжлэх ухаан-үйлдвэрлэл- аж ахуйн цогцолборуудыг бий болгох талаар арга хэмжээ авна.
3.7. Гадаадаас хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, лицензи, ноу-хау, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хэлбэрээр дэвшилт технологи нэвтрүүлэх бүх хэлбэрийг төрөөс хөхүүлэн дэмжинэ.
3.8. Уламжлалт болон орчин үеийн технологийн мэдээллийн сан байгуулж, түүнийг арвижуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгон мэдээлэл ашиглах харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулна.
3.9. Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх мастер төлөв­лөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
3.10. Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлын захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх талаар  эрх зүйн зохицуулалт,  санхүүгийн механизмыг боловсронгуй болгоно.
3.11. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэхэд хүч, нөөцийг төвлөрүүлэх, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх эдийн засгийн орчин,  урамшууллын  хэлбэр,  хөнгөлөлтийн  тогтолцоог бүрдүүлэх талаар  арга хэмжээ авна.
3.12. Шинжлэх ухаан, технологийн төрийн сангийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулж,  шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнгээс олох ашгийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэсгийг санд төвлөрүүлж шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах арга хэмжээнд зарцуулах, сангийн хөрөнгө нь улсын төсвөөс гадна бусад эх үүсвэрээр арвижих бололцоог нэмэгдүүлэх.
3.13. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан хүчин зүйлийг харгалзана:
3.13.1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, бүс нутгийн бодлого;
3.13.2. шинжлэх ухаан, технологийн хөгжлийн уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшний үзүүлэлт, ирээдүйн төлөв;
3.13.3. шинжлэх ухаан, технологийн удирдлагын тогтолцоо, хүний хүчин зүйл, материал, санхүүгийн чадавхи, нөөц;
3.13.4. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааны зохицуулалт, гадаад орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, туршлага, тэдэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нөхцөл, боломж;
3.13.5. шинжлэх ухаан, технологийн салбарын өмч хувчлалын байдал, чиг хандлага.
3.14. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшнийг дараахь  үзүүлэлтээр үнэлнэ:
3.14.1. хүний нөөцийн чадавхи, сорилт, туршилт, үйлдвэрлэлийн бааз,  мэдээлэл хангамж, нийт зардал зэрэг шинжлэх ухаан, технологийн чадавхийн өсөлт;
3.14.2. дотоодын нийт  бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийг  хөгжүүлэхэд  зарцуулж байгаа хөрөнгийн эзлэх  хувь;
3.14.3. шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласнаас олсон үр ашгийн өсөлт.
3.15. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл  3.14-т заасан үзүүлэлтээр тодорхойлж  байна.
 
ДӨРӨВ.  Эрдэм шинжилгээний  ажил гүйцэтгэх орчин бүрдүүлэх
4.1. Эрдэм шинжилгээний байгууллага, судалгаа, шинжилгээний ажлыг өмчийн аль ч хэлбэрт үндэслэн  байгуулж, хэрэгжүүлж болох бөгөөд тэдгээр нь ашгийн төлөө буюу ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж болно.
4.2. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг бааз, санхүү­жилтийн баталгааг төр хариуцна. Өмчийн бусад хэл­бэрийн эрдэм шинжилгээний байгууллагад судалгаа, туршилтын орчноо бүр­дүүлэх, хүн хүчний нөөцөө чадваржуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
4.3. Шинжлэх ухаан, технологийн зарим тэргүүлэх чиглэ­лээр эрдэм шинжилгээний байгууллагуудын дундын ашиглалтын зориулалттай лаборатори, сорилт, туршилтын бааз байгуулах арга хэмжээг төрөөс хэрэгжүүлнэ.
4.4. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, туршилтын баазыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулагчид санхүү, зээл, татварын  тааламжтай нөхцөл бүрдүүлнэ.
4.5.Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, гадаадын өндөр  технологи нэвтрүүлэх, энэ зорилгоор төвлөрсөн болон орон нутгийн сан байгуулан түүнд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тоног төхөөрөмж, мал, амьтан, туршилтын талбай, ургамал,  бусад  материалыг татвар,  төлбөрөөс чөлөөлөх асуудлыг зохих хууль тогтоомжид тусгуулах замаар шийдвэрлэх бодлого баримтална.
4.6. Шинжлэх ухаан, технологийн сангаас шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд сонгон шалгаруулах, уралдаант зарчмыг баримтална.
4.7. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зардлыг улсын төсөвт тусгахдаа мөнгөний ханшийн өөрчлөлт, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын цар хүрээний өсөлттэй уялдуулна.
 
ТАВ. Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, удирдлагыг боловсронгуй болгох
5.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагыг олон улсын жишиг, түүний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
5.2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх ойрын болон стратегийн бодлого, төлөвлөлтийг эдийн засаг, нийгэм, боловсролын салбарын  хөгжилтэй нягт уялдуулна.
5.3. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын удирдлагын үйл ажиллагааны зааг ялгаа, эрх, үүрэг, хариуцлага, тэдний хоорондын ажлын уялдаа холбоог удирдлагын бүх түвшинд нарийвчлан тогтоож, эрх зүйн хувьд баталгаажуулна.
5.4. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлага нь  түүнд оролцогч талуудын оролцоо бүхий байх бөгөөд  хөндлөнгийн хяналтын тогтолцоотой байна.
5.5. Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сүлжээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бий болгож хөгжүүлнэ.
5.6. Шинжлэх ухаан, технологи, боловсрол, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах үйл явцыг дэмжих замаар шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн, гадаадын тэргүүний технологийг үр өгөөжтэй ашиглах зохион байгуулалтын бүтцийг  боловсронгуй болгоно.
5.7. Эрдэм шинжилгээний байгууллагыг тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, зорилготой нь уялдуулан эрдэм шинжилгээний, эрдэм шинжилгээ-сургалтын, эрдэм шинжилгээ - үйлдвэрлэл -аж ахуйн  зэрэг зохимжтой хэлбэрээр дагнасан буюу хосолсон байдлаар хөгжүүлнэ. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын байршил, харьяалалыг оновчтой тогтооно.
5.7. Техник, технологийн шинэ шийдэл, дэвшилт технологийн шалгуур үзүүлэлтийг өндөржүүлэн боловсронгуй болгох арга хэмжээ авна.
5.8. Уламжлалт технологи, шинжлэх ухаан, үйлдвэрийн нууцыг хам­гаалах, эрдэм шинжилгээний бүтээл, шинэ  бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, гарлын заалтыг эзэмших, ашиглах, арилжих онцгой эрхийг патент,  зохиог­чийн эрхийн тухай болон бусад хууль тогтоомжоор  хамгаална.
 
ЗУРГАА. Эрдэмтэн, эрдэм шинжилгээний  ажилтныг дэмжих
6.1. Шинжлэх ухааны ач холбогдол, эдийн засгийн үр ашиг сайтай бүтээл туурвих, дэвшилттэй технологи боловсруулах, түүнийг үйлд­вэрлэлд түргэн хэрэглэхийг урамшуулсан тогтолцоо бүрдүүлнэ.
6.2. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлж байгаа эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны цалин, урамшууллыг тэдний мэдлэг, чадварын өсөлт, ажлын үр дүнг харгалзан нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ авна.
6.3. Боловсрол, мэргэшлийн өндөр бэлтгэлтэй, чанар сайтай олон шинжлэх ухаан, технологийн бүтээл туурвисан, тэдгээр нь үйлдвэрлэл, үйлчилгээнд амжилттай ашиглагдаж байгаа эрдэмтдийг насаараа  энэ чиглэлээр ажиллахыг  дэмжин  хэрэгжүүлнэ.
6.4. Үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтанд  орон нутгийн засаг захиргаа,  аж ахуйн нэгж, байгууллагаас урамшил олгох, бусад  туслалцаа үзүү­лэхийг  бүх талаар дэмжинэ. 
6.5. Захиалагч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага нь шинжлэх ухаан, технологийн төслийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, ашигласнаас гарсан  үр ашгийн тодорхой хувийг гүйцэтгэгчид урамшил болгон олгож байна.
 
ДОЛОО. Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааг хөгжүүлэх
7.1. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг Засгийн газраас гадаад орнуудтай байгуулсан олон улсын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу хөгжүүлж, энэхүү хамтын ажиллагаанд эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, байгууллагууд өргөн оролцох бололцоог бүрдүүлнэ.
7.2.Нарийн мэргэжлийн хүн хүчний нөөцөө бэлтгэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд олон улсын байгуул­лага, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг  зарцуулна.
7.3. Монголын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эдгээр байгууллагаас санхүү, техник, технологийн туслалцаа авч монголын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын хэмжээнд эрдмийн солилцооны ажлыг бүх талаас дэмжинэ.
7.4. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага хоорондын шууд харилцааг өргөтгөх, энэ чиглэлээрхи  санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.
7.5. Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн байгууллага, их сургуу­лиуд, улсын номын сан, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын мэдээл­лийн нэгдсэн сүлжээ байгуулах, энэхүү сүлжээг дэлхийн шинжлэх ухаан, техно­логийн мэдээлэл, лавлагааны томоохон төвүүдтэй холбох талаар арга хэмжээ авна.
7.6. Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй орнуу­дад шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр нарийн мэргэж­лийн эрдэм шинжилгээний ажилтан, суд­лаач­дыг сургаж бэлт­гэх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, инженер, тех­но­логч нарыг урт, богино  хугацаагаар суралцуулах, ажиллуулах замаар мэр­гэжлийг нь дээшлүүлэн чадваржуулахад олон улсын байгуул­лага, гадаад улсын зээл, тусламжийн тодорхой хувийг ашиг­лах хэлбэрээр Монгол Улсын оюуны чадавхид хөрөнгө оруулна.
 
-------оОо-------