Хэвлэх DOC Татаж авах
Улсын Их Хурлын 1997 оны 106 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС ЭКОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
 
Нийтлэг үндэслэл
Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцыг хэрэгжүүлж эхлэхдээ иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж газар нутаг, байгалийн баялгаа нийт ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад авсан билээ. Үндсэн хуулийн дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны хэтийн удирдлагын арга, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Монгол Улс ХХ1 зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлж байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, байгалийн нөөцийнхөө  харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг нь зохистой ашиглахад зохицсон аж ахуйн уламжлалт болон орчин үеийн нийтлэг хэвшлийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, төрх байдлыг нь хамгаалж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход чиглэгдэнэ.
1.Экологийн тэнцлийн шалгуур, зарчим
1.1.Хүн, байгалийн харьцаанд байгаль, хүн хоёрын аль нэг нь хохиролгүй байж, байгаль өөрийн аясаар нөхөн сэргээгдэж түүний даац, чадавхид нь нийцүүлэн хүмүүс баялгаас нь зохистой хэмжээгээр хүртэж, амьдрах орчноо сайжруулж байхыг экологийн тэнцлийн шалгуур гэж үзнэ.
1.2.Экологийн тэнцлийг хангахад дараахь  зарчим баримтална:
1.2.1. амьдралын орчны эрүүл аюулгүй байдлыг хангасан байх;
1.2.2. ирээдүй үеийнхэнд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах;
1.2.3. байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.
1.З.Байгальдаа зохицсон уламжлалт арга ажиллагаа, орчин үеийн техник, технологийн тэргүүний ололтыг бүтээлчээр хослон ашиглах замаар экологийн тэнцлийг хангах үйл ажиллагааг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн нэгдсэн бодлого, зохицуулалтын арга, механизмаар дэмжин хэрэгжүүлнэ.
1.4.Байгаль орчин, байгалийн баялгийн нөөцийг ашиглагч болон ард иргэд хамгаалах  түгээмэл зарчмыг ажил хэрэг болгоно.
П.Техник, технологийн бодлогын үндсэн чиглэл
2.1.Техник, технологийн бодлогын хүрээнд байгалийн нөөцийн чадавхи, технологийн шинж чанар, нөхөн сэргээгдэх чадварыг байгалийн хувьсал, өөрчлөлтийн хандлага, нийгмийн дэвшлийг түргэтгэх шаардлагатай холбон гүнзгийрүүлэн судалж экологийн тэнцлийг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд адил тэнцүү хувь нэмэр оруулж чадахуйц экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.2.Нэгж хугацаанд зарцуулагдах эрчим хүч, түлш, түүхий эдийг хэмнэж орчинд хаягдал, бохирдол багатай эрэлт, хэрэгцээ, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх уян хатан ажиллагаатай тэргүүний техник, технологи судалж нэвтрүүлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах удирдлага, төлөвлөлтийн ур чадварыг дээшлүүлэх, хүн амд байгальтай зохистой харьцах экологийн боловсрол, соёл эзэмшүүлэх явдлыг экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол арга зам гэж үзнэ.
2.З.Экологи, эдийн засаг, техникийн хүчин зүйлсийн харилцан уялдаа, сонирхогч талуудын хэрэгцээг нарийвчлан тооцсоны үндсэн дээр байгаль орчны чанарын стандарт, хяналт-шинжилгээ, зөвшөөрлийн хэрэгжих үндэслэл сайтай тогтолцоог бүрдүүлж аж ахуйн хэвийн үйл ажиллагаа болгон хэвшүүлэх явдлыг техник, технологийн бодлогын нэг гол чиглэл болгоно.
2.4.Байгаль, аж ахуйн хоорондын шүтэлцээг хангаж ирсэн уламжлалт арга, технологийг орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтоор баяжуулан сэргээхийн хамт экологийн шаардлагад зохицсон гадаад орны дэвшилтэт арга технологи, ноу-хау, удирдлага, зохион байгуулалтын тэргүүний соёл, туршлагыг бүтээлчээр шилжүүлэн ашиглах чиглэл баримтална. Энэ чиглэлээр туршилт-шинжилгээ, мэдээлэл-үнэлгээний чадавхийг бэхжүүлнэ.
2.5.Байгаль орчинд халгүй  үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай уялдуулан техник, технологийн бодлогын хүрээнд нэн тэргүүнд дор дурдсан зорилтыг шийдвэрлэхэд онцлон анхаарна:
2.5.1.Хөдөө аж ахуй, хүнсний салбар: газартай харилцах соёл, зохион байгуулалтыг шинэчилж, бүс нутгийн байгаль, цаг уурын хувьсал өөрчлөлтөд зохицуулан газрын үржил шимийг дээшлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн агротехнологи, шим, эрдэс бордоо хэрэглэх, мал аж ахуй, тариалан эрхэлж байгаа одоогийн арга ажиллагааг уламжлалт болон орчин үеийн эрчимжсэн аж ахуйн технологитой холбон боловсронгуй болгох, мал амьтан, ургамлын удмын сангийн нөөцийг бүрэн ашиглаж, амьдрах чадвар, үүлдэр угсаа, ашиг шимийг нь дээшлүүлэх, байгалийн гаралтай уураг болон тэжээллэг бодисын агууламж ихтэй, амт чанар, хадгалалт сайтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
2.5.2.Усны аж ахуй: усны нөөцийн удирдлага, зохицуулалтыг  сайжруулах, чанарын стандартыг хангах, усны нөөцийг эрчим хүч, тариаланд зохистой ашиглах, үйлдвэрийн бохир усыг цэвэрлэж буюу давтан ашиглах, хөрсийг намагжилт, давсжилтаас хамгаалах, усыг цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх, усны шинэ эх үүсвэрийг хайж илрүүлэх оновчтой арга, технологийг судалж нэвтрүүлэх, бохир ус, лаг, тундасыг иж бүрэн цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
 
2.5.З.Ойн аж ахуй: ойн нөөцийн удирдлага, зохицуулалт, ойн сангийн бүртгэл, тооллогын аргыг сайжруулах, ойн нөөцийг хаягдалгүй, бүрэн хэмнэлттэй ашиглахад зохицсон мод бэлтгэл, боловсруулалтын дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх, барилга, орон сууц, ахуйн хэрэглээнд түлээ, мод орлох чадвартай шинэ материал, бүтээц, хийц, түлш бий болгох, орчиндоо зохицсон сайн чанарын үр суулгацыг тарималжуулах, ойг гал түймэр, хөнөөлт шавьжнаас урьдчилан сэргийлэх, хамгаалах техник, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
2.5.4.Түлш, эрчим хүчний салбар: эрчим хүч-байгаль орчны удирдлага, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, эн тэргүүнд хот, суурины хэрэглэгчдийг орчинд хаягдалгүй, утаагүй түлшээр хангах арга замыг түлшний эх үүсвэр, гэрийн зуухны загвар хийцтэй холбон судалж оновчтой тогтоох, нар, салхи, ус, цөмийн эрчим хүчний нөөцийг зохистой ашиглах эх үүсвэр, тоног төхөөрөмж зохион бүтээх, нүүрсний эрчим хүчийг орчинд бохирдолгүй, хэмнэлттэй ашиглах арга технологийг судалж нэвтрүүлэх;
2.5.5.Аж үйлдвэр, үйлчилгээ: мал, амьтны гаралтай түүхий эдийг биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар иж бүрэн боловсруулдаг, экологийн хувьд цэвэр жижиг, дунд үйлдвэрлэл, орчинд дарамт багатай, байгалийн чадавхид зохицсон, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, орчин үеийн соёл-ахуй, мэдээлэл, холбоо, банк-санхүүгийн үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлэх арга, технологи, зохион байгуулалтыг судалж, нэвтрүүлэх;
2.5.6.Геологи, хайгуул, уул уурхай: газрын хэвлийн баялгийг ашиглах үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хяналт-шинжилгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, зөвшөөрлийн тогтолцоог сайжруулах, геологи хайгуулын ажлыг газрын хэвлийд хор нөлөөлөл багатай аргаар явуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг хаягдалгүй, гүйцэд боловсруулах дэвшилтэт арга, технологи судалж эрчимтэй нэвтрүүлэх, хайгуул хийж, ашигт малтмал олборлосон газрыг нөхөн сэргээж эргүүлэн ашиглах арга ажиллагааг сайжруулах;
2.5.7.Зам тээвэр: зам байгуулалт-байгаль орчны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, экологийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах шаардлагад зохицуулан тээврийн хэрэгсэл, шатахууны төрлийг зөв сонгон тогтоох, автомашины техникийн байдалд тавих экологийн хяналтыг чангатгах, орчинд хаягдал, бохирдол багатай байхаар техник ашиглалт, засвар үйлчилгээ, шатахуун түгээх ажлын зохион байгуулалтыг сайжруулах, бүс нутгийн байгаль цаг уурын онцлог, хөрсөн бүрхэвчийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах шаардлагыг харгалзан ашиглалтын үеийн зардал хамгийн бага байхаар зам, гүүрийн төрлүүд, хучилт, бүтээц, зам байгуулалтын технологи, замын сүлжээний чиглэл, байршлыг зохистой тогтоох;
2.5.8.Аялал жуулчлал: аялал жуулчлалын удирдлага, хяналт, зохион байгуулалтыг сайжруулах, байгалийн үзэсгэлэнт газар, биологийн төрөл зүйлийг зохистой ашиглах, хамгаалах шаардлагатай уялдуулан байгалийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх арга замыг судлан тогтоох, унаган байгалийн гоо сайхныг мэдрэх, түүний үр шимийг хүртэх, байгаль, түүхийн дурсгалт үнэт зүйлсийг шинжлэн судлах чиглэлээр жуулчлагчдын сонирхол, хэрэгцээг тусгасан эрүүл ахуй, амралт сувилал, соёл, шинжлэх ухааны үйлчилгээ, мэдээлэл, сурталчилгааны тэргүүний арга барил, зохион байгуулалтын шинэ соёл төлөвшүүлэх;
2.5.9.Хот байгуулалт, эрүүл мэнд: хот суурины амьдрах орчны чанарын болон эрүүл ахуйн стандарт, зөвшөөрөл, хяналт шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох, агаар, ус, хөрсийг бохирдуулагч бодисыг цэвэрлэх, хортой нөлөөллийг нь бууруулах техник, технологи судалж нэвтрүүлэх, эрчим хүч, түлш, шатахуун, дулаан, уур усыг хэмнэх, орчинд хаягдалгүй, утаагүй түлш бий болгох, үйлдвэр, ахуйн хог хаягдал, хоёрдогч түүхий эдийг боловсруулах, химийн хорт бодисын хэрэглээг багасгах, дуу чимээг намсгах арга, технологи нэвтрүүлэх, хот орчмын байгаль цаг уурын онцлог, экологийн даац, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах шаардлагыг нарийн тооцсон архитектурын зохиомж, барилгын бүтээц, хийц, инженерийн болон ногоон байгууламж, зам тээврийн бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлж хөгжүүлэх.
Ш.Байгаль орчны бодлогын үндсэн чиглэл
3.1.Байгаль орчны бодлого нь байгалийн төрх байдлыг хадгалах, байгалийн болон түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах экологийн даацад нийцүүлэн нөөц баялгийг иж бүрэн, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үр өгөөжийг нь ард иргэдэд адил тэнцүү хүртээх нөхцөлийг бүрдүүлэх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг тэтгэн, амьдрах орчныг сайжруулахад чиглэгдэнэ.
3.2.Байгаль орчны удирдлагын загвар нь экологи-эдийн засгийн бүсчлэл болон  тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг харгалзан байгалийн төрөл бүрийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах асуудлыг бүс нутгийн хүрээнд цогцолбороор шийдвэрлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалт, хяналт, мэдээллийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх явдал мөн.
3.З.Байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэхдээ нөхөн сэргээгдэх байгалийн нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг гагцхүү улс орны хөгжлийн нэмэлт хүчин зүйл болгон зохистой ашиглах замаар экологийн аюулгүй байдлыг хангах явдлыг чухалчилна.
З.4.Байгаль орчны бодлого нь байгалийн баялгийн нөөцийг бүрэн зохистой ашиглах явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үндсийг бэхжүүлэх хэрэгцээ, амьдрах орчны даац, чанарыг хангах шаардлагыг тусгасан байгаль орчныг хамгаалах цогцолбор үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлогдоно. 
3.5.Газрын нөөцийн талаар:
3.5.1. газрыг  төрийн хамгаалалт, хяналт, бүртгэлд байлгаж, ард түмний сайн сайхан аж байдлын нийтлэг эрх ашигт нийцүүлэн төлөв байдал, үржил шимийг нь алдагдуулахгүйгээр зохистой ашиглуулах, эзэмшүүлэх, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх нь Монгол Улсын төрийн бодлогын тулгуур асуудал мөн;
3.5.2. газрын нэгдсэн сангийн ангиллыг экологийн хэв шинж, эзэмших арга, технологи, суурь үнэлгээг нь харгалзан үндэслэлтэй тогтоож, экологийн даацын дагуу тусгай хамгаалалттай газар болон бэлчээр, тариалан, хот суурины эдэлбэр газруудын харьцааг зохистой хэмжээнд хадгалж, газар ашиглах, эзэмших өмчлөх, эрх зүйн  харилцааг боловсронгуй болгох замаар иргэд газартай зөв харьцан, аж байдлаа дээшлүүлж байх нөхцөлийг бүрдүүлнэ;
3.5.3. газрын нөөцийн зохистой ашиглалт нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн иж бүрдлийн уялдааг хангах үндсэн шижим гэдгийг онцлон анхаарч, газрын төлөв байдлын чанарын хянан  баталгаа, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, бэлчээр ашиглалтыг зохицуулах, тариалангийн талбайд олон наст ургамал тариалах, шим ба эрдэс бордоо өргөн хэрэглэх замаар хөрсний үржил шимийг хадгалж, дээшлүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ.
3.6.Ойн нөөцийн талаар: 
3.6.1. ойн экологи, эдийн засгийн түгээмэл ач холбогдлыг чухалчлан монгол орны газар нутгийг ойжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн, ойн тархалтын хүрээг тэлж, модны чанарыг сайжруулах замаар ойн нөөцийг зохистой түвшин, хэмжээнд тогтвортой өсгөн, хэмнэлттэй ашиглах бодлого явуулна;
3.6.2. ой хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогцолбор баримтлалын үндсэн дээр ойн нөөцийн үнэлгээ, төлөвлөлтийн чадварыг дээшлүүлж, ой модыг тогтмол ашиглагчдад нь гэрээгээр эзэмшүүлэн хамгаалуулах,  модны дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад түлхүү анхаарна;
З.6.3. олон талын ач холбогдлыг нь харгалзан ойг хамгаалах, нөхөн ургуулах, хязгаартай ашиглах бүс нутгийг тогтоож тэдгээрт тохирсон ой зохион байгуулалтыг бүрдүүлэх, модыг сорчлон бэлтгэх, экспортлохыг хязгаарлах, модон материалын импортыг дэмжих, ойн байгалийн нөхөн үржилтийг тэтгэх,  сайн чанарын үрийн аж ахуйг эрчимжүүлж модлог ургамал тариалах хэмжээ, хүрээг өргөтгөх, ой модыг өвчин, хортон, шавьж, гал түймрээс урьдчилан сэргийлэх  чадавхийг бэхжүүлэх явдлыг байгаль хамгаалах үйл ажиллагааны гол чиглэл болгоно.
З.7.Усны нөөцийн талаар:
3.7.1. Монгол орны газрын дээрхи ба доорхи усны нөөц нь байгаль болон амьдралын эрүүл орчны шүтэлцээг хангагч үндсэн эх үүсвэр хэмээн үзэж усны нөөц, чанарыг хадгалан гамтай ашиглаж, нөхөн сэргэх, арвижих боломжийг хангах нь төрийн бодлогын зангилаа асуудал мөн;
3.7.2. экологи-эдийн засгийн үнэлгээ, чанарын хяналт- шинжилгээ, бүртгэл тооцоог боловсронгуй болгох үндсэн дээр усны нөөцийг хэмнэх чиглэл, ашиглах зориулалт, боломжит дээд хязгаарыг бүсчлэн тогтооно;
3.7.3. гол мөрөн, нуурын усыг нөхөн сэргээгдэх байгалийн чадавхийн хэмжээнд нь эрчим хүч, амралт сувилал, спорт, жуулчлалын зориулалтаар зохистой ашиглах, цэнгэг усны сэргээгдэх нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл баримтална;
3.7.4. байгалийн гамшиг, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс усны нөөц хомсдох, чанар нь муудаж бохирдохоос урьдчилан сэргийлэх, экологи, эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдол бүхий гол, мөрөн, рашаан усыг хамгаалалтад авах, урсгал усны гольдрол болон цутгал орчмын газар, худаг, уст цэгийн орчмын нутгийг хамгаалж тохижуулах, ургамалжуулах, цас тогтоох, үер, борооны усыг хуримтлуулан нөөцлөх, гүний усны нөөцийг нэмэгдүүлэх замаар усны нөөц, чанарыг тэтгэн, цэнгэг усны нөөцийг арвижуулна.
3.8. Газрын хэвлийн баялгийн талаар:
3.8.1. Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил нь экологийн эмзэг орчинтойгоо нягт шүтэлцсэн эрдсийн түүхий эдийн олон төрлийн баялаг нөөцөө хэрхэн ухаалаг ашиглахаас ихээхэн шалтгаалж байдгийг иш үндэс болгон газрын хэвлийн баялгийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зохистой ашиглан, түүний үр өгөөжийг нь дээд зэргээр нэмэгдүүлэхийг стратегийн ач холбогдолтой гэж үзнэ;
3.8.2. геологи-эдийн засаг, геоэкологийн иж бүрэн үнэлгээ, туршилтын үндсэн дээр ашигт малтмал, барилгын материалын бүтэц, найрлага, технологийн шинж чанар, зориулалтыг байгаль хамгаалах шаардлагатай холбон судалж, улс орон, бүс нутгийн тогтвортой хөгжлийн бат, бэх үндэс суурь болж чадах нөөц, агуулга сайтай эрдсийн түүхий эдийн төрөл, ашигт малтмалын ордыг сонгон тогтооно;
3.8.3.  эрдсийн баялгийг түүхий эдийн  байдлаар нь экспортлохыг хязгаарлаж, орчинд халгүй  арга, технологоор аль болох гүн боловсруулж зах зээлд өрсөлдөн, өндөр ашиг олох бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар байгалиа эргэж нөхөн сэргээхэд чиглэсэн нэмэлт эх үүсвэр бий болгох явдлыг экологийн хувьд зохистой гэж үзэн төрөөс дэмжин зохицуулна;
3.8.4. газрын хэвлийн тогтоц, хөдлөл зүй, бүрдэл хэсгүүдийн тэнцвэрт байдлыг гүнзгийрүүлэн судалж экологийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбон газрын хэвлийд хорт бодис, хаягдал байрлуулахыг хязгаарлана;
3.8.5. газар доор барилга, байгууламж барих, байгалийн хий, газрын тос олборлох, ул хөрс, гүний ус, рашаан болон бусад баялаг, ашигт зүйлсийг хамгаалах, орчинд нь халгүй  арга, технологоор ашиглах асуудлыг зохистой шийдвэрлэхэд онцлон анхаарна;
3.8.6. ашигт малтмал, барилгын материалын тогтоц, тархацын зүй тогтлыг байгалийн иж бүрдлийн бусад хэсэгтэй нь холбон иж бүрэн судлах, байгалийн эмзэг орчинд байршсан эрдсийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу гагцхүү газрын хэвлийд болон орчинд халгүй арга, технологоор олборлох, хайгуул явуулах талбайг сонгох, ордыг эзэмшихэд хийх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний экологи, технологийн шалгуурыг өндөржүүлнэ. Ашигт малтмал олборлох явцад эвдрэл, элэгдэлд орсон орчинг нөхөн сэргээх, гарч болзошгүй хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг уг ордыг ашиглагчаар нь гүйцэтгүүлж, түүнд тавих хяналтыг сайжруулах, орд газрын нөөцийг сорчлон ашиглахыг зогсоох, үндсэн ба дагалдах баялгийг нь иж бүрэн, хаягдалгүй ашиглах чиглэлийг баримтална.
3.9.Байгалийн ургамал, зэрлэг амьтны талаар:
3.9.1. дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн үндсэн хэв шинж, өвөрмөц бүрдэл хэсгийг төлөөлж чадах ховор, ховордсон төрөл зүйлээс бүрдсэн Монгол орны ургамал, амьтны аймаг нь экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийн тэнцвэрийг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг харгалзан байгалийн ургамал, зэрлэг амьтдын удмын санг хамгаалж, боломжтойг нь нөхөн сэргээх замаар үр өгөөжийг нь хүн ам, аж ахуйн хэрэгцээнд зохистой ашиглах боломжийг бүрдүүлнэ;
3.9.2. байгаль цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, гоц халдварт өвчнөөс ургамлын нөмрөг, амьтны удмын сан, сүргийн бүтэц, амьдрах орчин, идээшил нутгийг хамгаалж хэвийн өсөлтийг нь хангахад түлхүү анхаарна;
3.9.3. ховордсон, устах аюулд орсон амьтдыг байгаа орчинд нь гаршуулан тэжээж, өсгөн үржүүлэхийн зэрэгцээ доройтсон газар нутгийн аж ахуйн ашигт ургамлыг нутагшуулан, тарималжуулж, тархацын хүрээг нь өргөтгөнө;
3.9.4. ургамлын нөөц, тархац, амьтны тоо, байршил, агнуурын нөөцийг нь судалж экологи-эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр аж ахуйн ач холбогдол, ашиглалтын хэлбэр, зохион байгуулалтыг нь бүсчлэн тогтоож, элбэг ургамал, амьтныг байгалийн хэвийн өсөлт, үржилтийг нь алдагдуулалгүй зохистой ашиглах, ургамал, амьтны гаралтай үнэт түүхий эд, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөнө.
3.10.Байгалийн  үзэсгэлэн, түүх, соёлын дурсгалт газрын талаар:
3.10.1. Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн үндсэн хэв шинж, иж бүрдлийг төлөөлсөн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалт өв нь байгалийн шинжлэл, соёл, иргэншлийн ач холбогдолтойг харгалзан тэдгээрийг унаган төрх байдлаар нь сэргээн хадгалж, зохистой ашиглана;
3.10.2. тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөрийн хүрээнд байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулж, улмаар Дэлхийн шим мандлын нөөц газар, байгаль, соёлын өвийн сүлжээнд хамруулан биологийн төрөл зүйл, соёлын үнэт зүйлстэй нь хамт хамгаалж, нөхөн сэргээх цогцолбор арга хэмжээг олон улсын дэмжлэг,  туслалцаатайгаар хэрэгжүүлэх чиглэл баримтална;
3.10.3. тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын дэглэмд нийцүүлэн байгаль, түүх, соёлын иж бүрдлийг ашиглах зохистой  хэлбэр, горимыг тогтоож түүнд түшиглэн орчиндоо зохицсон бүс нутгийн хөгжлийн жишгийг бий болгоно.
3.11.Амьдрах орчны талаар:
3.11.1. агаар, ус, хөрсийг доройтлоос хамгаалж байнга нөхөн сэргээх нь Монгол орны байгалийн цэвэр онгон төрх байдлыг хадгалж, хүн ам эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг баталгаатай хангах зайлшгүй нөхцөл хэмээн үзэж, эдгээр орчныг байгалийн гамшиг, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалж даац, чадавхид нь зохицсон амьдралын хэлбэр зохион байгуулалтыг бий болгоход чиглэсэн бодлого явуулна;
3.11.2. хийн мандлын агаарыг цацраг идэвхт болон химийн хорт бодис, физикийн хортой нөлөөллөөс хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, бохирдуулагч эх үүсвэрийг нь хязгаарлах технологийн горим, шаардлагыг сайжруулах замаар томоохон хотуудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулах зорилтыг эн түрүүнд тавьж хэрэгжүүлнэ;
3.11.3. суурин газрын ундны усны эх үүсвэрүүдийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс, зурвасыг тогтоож, мод, ургамал тариалж тохижуулах, үйлдвэр, ахуйн бохир усыг дахин цэвэршүүлэх, говь, хээрийн бүсийн суурин газрын уст цэгүүдийг хамгаалж усыг нь цэнгэгжүүлэн зөөлрүүлж, чанарыг нь сайжруулах, бололцоотой газарт нар, салхи, усны болон орчинд сөрөг нөлөөлөлгүй  эрчим хүчний бусад эх үүсвэрийг эрчимтэй ашиглах чиглэл баримтална;
3.11.4. ахуйн бохир ус, хог хаягдлыг зайлуулах, цуглуулах ажлыг журамлаж,   суурин газрын хөрсөн бүрхэвчийг бохирдлоос сэргийлж зүлэгжүүлэх, хот орчмын ногоон бүс байгуулах, элэгдэл, эвдрэлд орсон доройтсон газрыг нөхөн сэргээж зохистой ашиглах зорилт тавина;
3.11.5. хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхт болон химийн хорт бодисын хэрэглээг багасгах, зарим онцгой хортой бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгоно;
3.11.6. байгалийн гамшиг, үйлдвэр, тээврийн ослын үед гарч болзошгүй цацраг идэвхт болон химийн хорт бодисын алдагдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг нь арилгах замаар амьдрах орчны аюулгүй байдлыг хангана;
3.11.7. амьдрах орчны даац, чадавхийг уур амьсгалын хувьсал өөрчлөлтийн болон байгалийн гамшгийн аюулын болзошгүй үр дагавартай холбон тандан судалж, бүрэн арилгах боломжгүй бохирдлын хэмжээг экологийн тэнцэлд нийцүүлэн агаар, ус, хөрсний орчинд зохистой байрлуулах, хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, озоны давхаргыг задалдаг бодисын үйлдвэрлэл, хэрэглээ, туршилтыг хязгаарлах, унах хур тундас, усан сангийн хуримтлалын хэмжээг нэмэгдүүлж газар дэлхийгээ цэцэрлэгжүүлэх, газрын үржил шимийг цөлжилт, хээршилтээс хамгаалах замаар амьдрах орчны чанарыг сайжруулж орон зайг бүрэн хэмнэлттэй ашиглахыг зорино.
1Ү.Эдийн засаг, нийгмийн бодлого, зохицуулалт
4.1.Эдийн засаг, нийгмийн бодлого нь байгаль орчныг тэтгэх даацын хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглахад түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, экологийн тэнцлийг хангах шаардлагад нийцсэн хүн амын нутагшил, соёл, боловсролын тогтолцоо, дэд бүтцийн зохистой сүлжээг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
4.2.Улс орон, бүс нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг эн түрүүнд байгалийн нөөцийн үндэс суурь сайтай газрын тос, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, амралт, рашаан сувилал, оюуны багтаамж ихтэй үйлдвэр, үйлчилгээний салбарт тулгуурлан шийдвэрлэх зорилт тавьж, эдгээр салбарын хүрээнд байгалийн нөөц, баялгийг хүн амын аж байдлыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн зохистой ашиглаж, экологийн хувьд цэвэр, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
4.3. Төрөөс энэхүү бодлогын хэрэгжилтийг дараахь чиглэлээр баталгаажуулна:
4.3.1. байгаль орчныг хамгаалах эрх зүйн үндсийг эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах хууль тогтоомжтой уялдуулан боловсронгуй болгож, хэрэгжих таатай орчинг бүрдүүлнэ;
4.3.2. орон нутгийнхаа байгалийн баялгийг ашиглахтай холбогдсон иргэний эрхийг өргөтгөхийн зэрэгцээ тэдний хүчинд түшиглэн байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн зүгээс байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд хүлээлгэх захиргааны болон эрүүгийн хариуцлагыг чангатгах чиглэл баримтална;
4.3.3. Монгол Улсын ХХ1 зууны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын болон бүс нутгийн хөгжлийн төлбөрт тусган дэс дараатай хэрэгжүүлэх чиглэлээр удирдлага, төлөвлөлт, зохицуулалтын чадварыг дээшлүүлж, төр, олон нийт, иргэний хяналт, мэдээллийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлнэ;
4.3.4. төрийн захиргааны байгууллага бүр эрхэлсэн салбарынхаа  хүрээнд байгаль орчныг хамгаалах зорилт, арга хэмжээгээ тодорхойлон хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж, гаргасан шийдвэр, эцсийн үр дүнгийн төлөө төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлж хөгжүүлнэ;
4.3.5. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаархи  олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын бүтээлч санал, санаачилга, оролцоог бүх талаар дэмжиж, төрийн экологийн зарим чиг үүргийг эдгээр байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх замаар хамтран ажиллах боломжийг өргөжүүлнэ;
4.3.6. байгалийн нөөц, баялгийн төрийн өмчлөлийн давамгайлах байр суурийг хадгалахын зэрэгцээ газар, түүний дагалт баялгийг гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, иргэдэд газрыг өмчлүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн мэдлийн  аж ахуйн нэгжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дунд эзэмшүүлэх буюу хувьчлах замаар зах зээлийн орчинг бүрдүүлэх зорилт тавина;
4.3.7.  байгалийн баялгийг гагцхүү тоо хэмжээ, чанар, хомсдлын экологи-эдийн засгийн иж бүрэн үнэлгээний үндсэн дээр хэмнэлттэй ашиглуулах зарчим баримталж, зах зээлийн нөхцөл дэх байгалийн баялгийн үнэ цэнэ, ашиглалт, хамгаалалтын байдлыг нийгмийн хөгжлийн үр дагавартай холбон бодитой үнэлж, дүгнэдэг статистик-бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно. Энэхүү бүртгэл, мэдээллийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар шийдвэр гаргахад  үндэслэл болгон ашиглана;
4.3.8. байгалийн  баялгийг ашигласны төлбөрийг ашиглагч нь, орчныг бохирдуулсны төлбөрийг бохирдуулагч нь нөхөн төлж, хамгаалдаг байх, экологийн тэнцлийг хангах нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн хувь нэмэр, хандиваа оруулдаг байх арга, сэтгэлгээг төлөвшүүлэх, орчинд сөрөг нөлөөгүй  техник, технологийн хэрэглээг урамшуулж, сөрөг нөлөөтэйг нь хязгаарлах чиглэлээр эдийн засаг, эрх зүйн зохицуулалтыг хүчтэй болгоно;
4.3.9. хөтөлбөр, төсөл сонгон хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ач холбогдлыг өндөржүүлэхийн хамт түүний эдийн засаг, техникийн үндэслэл, хөндлөнгийн хяналт, шинжээчийн үнэлэлтийн тогтолцоог сайжруулж, энэхүү үнэлгээний үндсэн дээр байгалийн нөөц, баялгийг ашиглах зөвшөөрөл олгох тогтолцоог боловсронгуй болгоно;
4.3.10. эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийг орчинд ивээлтэй, хэмнэлттэй ашиглахад түшиглэсэн бүс нутгийн экологи-эдийн засгийн загваруудыг боловсруулан, хөгжлийн төлөвлөгөөнд тусган байгалийн нөөц ашигласны эцсийн үр дүнг бүс нутгийн нийгмийн хөгжлийн түвшинг тэнцвэржүүлэх зорилгод зохистой хуваарилах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн татвар, төлбөрийн ялгавартай бодлого явуулна;
4.3.11. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, орон нутгийн байгалийн нөөц, баялгийн хүрэлцээ, амьдрах орчны бодит хэрэгцээг харгалзан экологи-эдийн засгийн бүсчлэл тогтоож энэхүү бүсчлэлтэй уялдуулан хөгжлийн тулгуур төвүүдийн байршил, зах зээлийн таталцлын тэнхлэгүүдийг тогтоож, тэдгээрийн хүрээнд, эрчим хүч, зам, холбооны сүлжээг давхцуулан хөгжүүлэх, нарийн мэргэжлийн нийгмийн үйлчилгээг бүсчлэн зохион байгуулах замаар хүн амын хэт бөөгнөрөлийг хязгаарлаж, амьдрах орчныг сайжруулахад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийг чиглүүлнэ;
4.3.12. байгалийн баялаг ашигласны үр өгөөжөөр Үндэсний баялгийн сан байгуулж байгалийн гамшиг, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс амьдрах орчныг хамгаалж, нөхөн сэргээх чиг, зорилготой экологийн даатгал, санхүүжилтийн бие даасан тогтолцоог аажмаар бүрдүүлнэ;
4.3.13. байгалиа дээдэлж ирсэн уламжлал, ёс заншилд түшиглэн залуу үеийнхэнд байгальтайгаа арвич, хямгач харилцах соёл, амьдрах орчноо тэтгэн баяжуулах арга ухаан эзэмшүүлэх, хүмүүсийн амьдрах ур чадвар, сэтгэлгээг байгаль, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд зохицуулах, байгаль орчны хууль тогтоомжийг сахиулах талаар мэдээлэл, сурталчилгааны чөлөөт байдлыг хангахын зэрэгцээ экологийн боловсрол, хүмүүжил олгох тусгайлсан хөтөлбөрийг албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд бүрдүүлж хэрэгжүүлнэ;
4.3.14. дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэг, улс хоорондын хамтын ажиллагааны боломжид түшиглэн дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, олон улсын байгаль хамгаалах конвенцид нэгдэн орж эдийн засаг, гадаад худалдааг тэдгээрийн зарчимд нийцүүлэн зохистой хөгжүүлнэ. Озоны хомсдол, уур амьсгалын таагүй өөрчлөлтийн нөлөөг сааруулах, амьдрах орчинд аюултай хог хаягдал гадаадаас оруулж хадгалах, булшлахыг хориглох, хил дамжин нэвтэрч болзошгүй цацраг идэвхжил, агаар, усны бохирдлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх, байгалийн гамшиг, нөөц баялгийн хомсдлын уршгийг үнэлж мэдээлэх, хянан сэргийлэх бүс нутгийн тогтолцоог бүрдүүлэх замаар экологийн аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлнэ;
4.3.15. улс орны газар зүйн байрлалын чадамжийг бүрэн ашиглаж, олон улсын худалдаа-эдийн засгийн бүс нутгийн сүлжээнд зохистой холбогдон орчны ачааллыг багасгах, хөгжлийн тусламжийг эдийн засгийн өндөр үр ашигтай, экологийн тэнцлийг хангах чадвартай төсөл, арга хэмжээг дэмжихэд чиглүүлэх замаар байгаль орчныхоо унаган төрхийг хамгаалсан байдал, экологийн зарим төрлийн цэвэр бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийн хамт байгалийн нөөц, баялгийг орчинд халгүй аргаар гадаадын сонирхогч орнуудтай хамтран ашиглаж, хүн төрөлхтөний амьдрах орчны түгээмэл хэрэгцээг хангахад Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулахад чиглэсэн идэвхтэй гадаад бодлого явуулна.
V.Хэрэгжүүлэх үе шат
5.1.Төр экологийн талаар баримтлах бодлогоо улс орны тогтвортой хөгжлийн стратегийн үе шат бүрийн зорилттой холбон уян хатан хэрэгжүүлнэ.
5.2.Эхний үе нь 2000 он хүртэлх хугацааг хамрана. Энэ үе шатны төрийн чиг үүрэг нь нийгэм нь байгаль орчиндоо зохицон тогтвортой хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
5.3.Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хүчтэй болгохын зэрэгцээ улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгод байгалийн нөөц, баялгийг иж бүрэн, үр өгөөжтэй ашиглах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлж эхэлнэ. Газар ашиглалт, эзэмшилт, өмчлөлийн эрх зүйн харилцаа боловсронгуй болохын хэрээр иргэдэд байгалийн баялгаа ашиглахын зэрэгцээ хамгаалдаг байх сэтгэлгээг төлөвшүүлэхэд онцлон анхаарна.
5.4.Байгалийн бүх төрлийн нөөц, баялгийг эдийн засаг, экологийн иж бүрэн үнэлгээ, төлбөр, тооцооны үндсэн дээр хэмнэлттэй ашиглах тогтолцоонд шилжүүлнэ. Төсөл, арга хэмжээг гагцхүү байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн дээр сонгон хэрэгжүүлж гүйцэтгэлийн хяналтыг чангатгана. Байгаль орчинд гарах бохирдуулагч бодис, хаягдлын хүлцэх хэмжээг шинэчлэн тогтоож, зөвшөөрөл олгох, төлбөр ногдуулах замаар томоохон хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах арга хэмжээ авна. Экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг тавина.
5.5.Байгаль орчны стратегийн төлөвлөлт, мэдээллийн чадварыг дээшлүүлж байгаль орчны талаар төрийн байгууллагын хариуцах чиг үүргийг тодорхой болгох замаар байгаль орчны удирдлагын чадавхийг бэхжүүлнэ.
5.6.Экологи-эдийн засгийн бүсчлэл тогтоож, бүс нутгийн нийгмийн хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, хяналт, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
5.7. 2001-2010-аад оны хугацаанд тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх үе эхэлнэ. Энэ үе шатанд байгаль орчны болон эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн шатны уялдааг хангах замаар тогтвортой хөгжлийн экологийн үндэс суурийг бүрдүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө. Экологи-эдийн засгийн бүсчлэлтэй уялдуулан байгалийн нөөцийн чадавхи сайтай бүс нутагт хөгжлийн тулгуур төв, дэд бүтцийн таталцлын тэнхлэгүүдийг орчны даацад нийцүүлэн үүсгэн хөгжүүлнэ.
5.8.Тусгай хамгаалалттай газар нутгуудын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, шим мандлын өвөрмөц бүрдэл хэсгүүд, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалан сэргээж, нөөц чадавхийг нь бүс нутгийн хөгжлийн хэрэгцээтэй холбон бүрэн, үр өгөөжтэй ашиглахад чиглэгдсэн соёл, шинжлэх ухаан, үйлчилгээний цогцолборыг бүрдүүлж эхэлнэ.
5.9.Байгаль орчны чанарын стандарт, хяналт-шинжилгээ, зөвшөөрлийн харилцан уялдаатай тогтолцоо бий болгож, орчинд ивээлтэй технологи нэвтрүүлэх зарчмаар үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Байгаль орчны хууль тогтоомжийг нөөц, баялгийг зохистой ашиглах үндсэн дээр амьдрах орчны чадавхийг дээшлүүлэх удирдлагын арга хэрэгсэл болгон өөрчлөн шинэчлэнэ. Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нөхөн сэргээх, орчинд ивээлтэй технологи нэвтрүүлэх арга хэмжээний хөрөнгө оруулалтыг эдийн засгийн арга, механизмаар дэмжин, урамшуулах нөхцөлийг сайжруулна. Байгаль орчныг хамгаалах нөөц баялгийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог бүх талаар өргөжүүлнэ.
5.10. 2010-2020 оны хугацаанд экологийн баримжаат төрийн бодлого хэрэгжих үе эхэлнэ. Энэ хугацаанд нийгмийн амьдралын голлох хүрээнд хүрээлэн байгаа орчиндоо зохицон ажиллах арга, зохион байгуулалтыг нэвтрүүлнэ.
5.11.Байгаль орчны даац, чадавхид нийцсэн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, эдийн засгийн хэвшлүүд зүгшрэн, экологийн хувьд цэвэр зарим төрлийн бүтээгдэхүүн, орчинд дарамт бага учруулдаг, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээгээр дэлхийн зах зээлд өрсөлдөн хөгжих үндэс тавигдана.
5.12.Хүн ам байгальтайгаа зохистой харьцах арга, ухааныг амьдралын хэрэгцээ болгон нөөц, баялгийн үр өгөөжийг ухаалаг, хэмнэлттэй хэрэглэн, амьдрах орчноо өөрсдөө сайжруулах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсыг байгальдаа зохицсон хөгжлийн өвөрмөц загвар бүхий орон болгох зорилт хэрэгжиж эхэлнэ.
5.13.Улс орны эдийн засгийн чадавхи, нийгэм, соёлын хөгжлийн түвшин нэмэгдэхийн хэрээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хүн ам эрүүл, аюулгүй орчинд сайн сайхан аж төрөх баталгааг хангах эрх зүйн цогц баримтлал болгон хувиргана.