Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 103 дугаар зарлигийн хавсралт

АРХИВЫН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
Архивын салбарт шинэчлэл хийхэд дор дурдсан үндсэн чиглэлийг баримтална:
1/Монгол Улсын архивын үндэсний сан хөмрөг нь монголын ард түмний оюуны өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний баялаг мөний хувьд төрийн хамгаалалтад байх.
Архивын үндэсний сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал, усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, үрэгдэж устах болзошгүй нөлөөнөөс найдвартай хамгаалагдсан байхыг архивын аюулгүй байдлын баталгаа гэж үзэх.
Архивын үндэсний сан хөмрөгийн баримтын ашиглалтыг төрийн хуулиар зохицуулах.
Төрийн архивын байгууллагуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх.
2/.Архивын үндэсний сан хөмрөг нь төрийн архивын сан хөмрөг, төрийн бус архивын сан хөмрөгөөс бүрдэх.
Төрийн архивын сан хөмрөг нь төр, захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, улсын төсвөөс санхүүждэг байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой баримт, түүнчлэн төрийн бус архив, хувь хүнээс харилцан зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлсэн, гэрээслэсэн, бэлэглэсэн, худалдаж авсан баримтаас бүрдэх.
Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч учир сан хөмрөгийн баримтыг зөвхөн төрийн архивуудад байнгын хадгалалтад авах журмыг хуульчлан тогтоох.
Улс төрийн нам, олон нийтийн байгууллага, сүм хийдийн болон хувийн архив нь төрийн бус архивын сан хөмрөгт хамаарагдах.
Архивууд төрийн захиргааны зохих байгууллагаас зөвшөөрөл авч, бүртгэгдсэн байна. Төрийн ба төрийн бус архивын хоорондын харилцааг хуулиар зохицуулах.
3/.төрийн архивуудын статусыг шинэчлэн тогтоож, архивын албаны бүтэц, зохион байгуулалтыг нийгмийн шинэ харилцаанд нийцүүлэн өөрчилж, нэгдсэн удирдлага, тогтолцоог бий болгож, архивын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож бэхжүүлэх.
4/.төрийн архивын баримтыг найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлж, архивын байгууллагыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаж, архивын ажилд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, архивын шинэ барилгыг 1995 онд ашиглалтад оруулах.
Архивын үндэсний сан хөмрөгийн баримтын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, хосгүй үнэт, үнэт баримтыг төрийн бүртгэл хяналтад авах.
5/.төр нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлаа хангах үүднээс архивын нэн чухал баримтыг төрийн архивын сан хөмрөгт төвлөрүүлэн авч, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагуудын баримтыг төрийн архивт шилжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах.
Архивын үнэт баримтыг гадаадад гаргах, төрийн архивын сан хөмрөгт хамаарагдах эх баримтаар төрийн бус архивууд нөхөн бүрдүүлэлт хийхийг хориглох, төрийн бус архивын баримтыг худалдаж авах төрийн давуу эрхийг тогтоох зэрэг асуудлыг хуулиар зохицуулах.
Хилийн чанад дахь Монгол Улсын түүхэнд холбогдох баримтыг эрх сурвалжлах, судлах, эх болон хуулбар хувийг эгүүлж авахад төрөөс зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
6/.төрийн архив нээлттэй байх.Чингэхдээ төр, байгууллага, хувь хүний нууцыг тогтоон хамгаалсан хуулиудыг баримтлах.
7/.баримт бичиг зохион бүрдүүлэх ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, байгууллагын архив, албан хэргийн үйл ажиллагааны нэгдлийг хангах, түүхэн уламжлалаа орчин үеийн ололттой хослуулах үндсэн дээр албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах.
8/.архив судлал, археограф, баримт судлалыг хөгжүүлж, эрдэм шинжилгээ-арга зүйн бүтээл, архивын баримт бичгийг хэвлэн нийтлэх ажлыг өргөжүүлэх.
9/.архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль тогтоомж, улсын стандарт болон бусад эрхийн актын хэрэгжилтэд тавих төрийн захиргааны байгууллагын хяналтыг сайжруулах.
10/.архивын албаны боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх тогтолцоог бий болгож, төрийн архивын байгууллагын ажилтан, ажилчдын нийгмийн баталгааг хангах.
11/.төрийн архивын албаны гадаад харилцааг өргөжүүлж, архивын салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох.