Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 151 дүгээр зарлигийн хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ГАРГАСАН ИЛГЭЭЛТ

Архидан согтуурахтай тэмцэх ажлыг хүчтэй болгох тухай
Манай улсад нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралыг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн их үйл явц өрнөж, Монголчууд бид аливаа саад тотгор бүхнийг даван туулж зорьсон хэргээ бүтээхийн төлөө тэмцэж байгаа энэ үед ололт амжилтын зэрэгцээ дутагдал гажуудал багагүй гарч байна.Архидан согтуурах хэмээгч бидний бүтээн босгох, урагшлан хөгжих хурдыг сааруулахаар барахгүй зогсоож, нэгэнт хийж бий болгосон бүхнийг устган арчиж чадах нэгэн бодит аюул эрчимтэйгээр түгэн дэлгэрч байна.
Хаа ч хамаагүй архидан согтуурч хэрэг төвөг тарьж явдаг эр, эм, хөгшин, залуу хүмүүсийн тоо олширчээ.Ийнхүү архидан согтуурч байгаагийн гол учир шалтгаан нь төрийн хууль тогтоомжийг биелүүлэх, нийгмийн дэг журам хангах үйл ажиллагаа, энэ талаархи төр засаг, олон түмний хяналт, тэднээс явуулах тэмцэл сул байгаа явдал мөн гэж би үзэж байна.Ингэтлээ архидан согтуурч байгаагийн учрыг зарим хүмүүс нийгэм, эдийн засгийн байгууллын өөрчлөлттэй холбон үзэх нь бий.Шилжилтийн үед гарсан эдийн засаг, ёс суртахууны зарим хямрал үүнд нөлөөлсөн тал бий боловч бүхэлд нь авч үзвэл тэр үндсэн шалтгаан нь биш юм.Аль ч нийгэмд архидан согтуурах явдлыг зөвтгөн дэмждэггүй нь бүхэнд илэрхий байна.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн хийсэн судалгаанаас үзэхэд архидан согтуурсан хүмүүсийн 49 хувь нь зочноо хүндэтгэн дайлах гэж, 27 хувь нь онцын шалтгаангүйгээр найз нөхдөө даган дарьвиж, 20 хувь нь ажил бүтээх гэж, 2 хувь нь ерөөсөө архи уух дур хүсэлдээ захирагдан ууж согтуурдаг байна.
Архидан согтуурах явдал нь улсын хууль тогтоомж, нийгмийн дэг журам зөрчих, танхайрахаас эхлэн хүний амь нас бүрэлгэх хүртэл элдэв гэмт хэрэг үйлдэх, хүн ардын эрүүл мэндийг хөнөөх, аливаа алдагдал, тасалдал, осол эндэгдэл гарах, өмч хөрөнгө сүйтгэх зэрэг муу муухай болгоны эх булаг болж байгааг нотлох гэж баримт дурдах нь илүүц зүйл гэж бодож байна. Үүнийг та бүхэн тэртэй тэргүй өдөр бүр сонсч, үзэж, мэдэрч байгаа.
Манай нийгмийг нөмөрч байгаа архидан согтуурах аюулын учир холбогдлыг ухаан билэгт ард түмэн, иргэн бүр сайтар тунгаан бодож өөр хоорондоо шүүн хэлэлцэж гүн гүнзгий ухамсарлахын хамт түүнтэй тэмцэх эрхэм чухал бөгөөд амаргүй үйлсэд оюун санаа, хүч чадлаа дайчлан зохих хувь нэмэр оруулах цаг хэдийнээ болжээ.
Би энэ талаар үүний өмнө хэд хэдэн ч удаа ярьж, олон түмний анхаарлыг төвлөрүүлж далайцтай, үр дүнтэй арга хэмжээ авах үүрэг чиглэлийг төрийн холбогдох байгууллагуудад өгсөн боловч тэр бүр амьдралд бүрэн хэрэгжихгүй, байдал олигтой сайжрахгүй байна.

Учир иймд дор дурдсан зүйлийг чин сэтгэлээсээ анхаарч хэрэгжүүлэхийг бүх ард түмэндээ дахин хүсч энэ илгээлтийг гаргаж байна.
Нэг.Архидан согтуурахтай тэмцэх асуудалтай холбогдуулж гаргасан төрийн хууль, Засгийн газар, орон нутгийн төр, захиргааны байгууллагын шийдвэрийг иргэн бүр, төр, олон нийт, аж ахуйн бүх байгууллагын удирдах нөхөд тус тусын шатанд хэлбэрэлтгүй биелүүлэн амьдрал ахуй, үйл ажиллагаандаа хэвшил болгох.
Хоёр.Төр, засгийн болон аж ахуйн дээд, төв байгууллагын удирдлагаас эхлэн баг, хороо, анхан шатны байгууллагын дарга хүртэл бүх удирдах хүмүүс улс орон, орон нутаг, байгууллага, хамт олноо “согтуугаар удирдахгүй” гэсэн зарчмыг хэрэгжүүлэн олон түмнийг архидан согтуурахгүй байх явдалд биеэр үлгэрлэн дагуулах.
Гурав.Бүх шатны удирдах ажилтан нар болон аливаа ажил, мэргэжил, албан тушаалын хүмүүс төв, орон нутагт хурал зөвлөлгөөн, семинар, ярилцлага, бусад үйл явдал, арга хэмжээнд оролцохоор цугларах үедээ, түүнчлэн хүмүүс “идэвхтэй амралт”, элдэв “нийллэг”, “зугаалга” зохиох нэрээр бөөгнөрөн хамтарч архидан согтуурахыг эцэс болгох.
Дөрөв.Ямар нэгэн баяр ёслол, ой, бусад тэмдэглэлт үйл явдлыг архидан согтуурахгүйгээр тэмдэглэж хэвших.
Тав.Айл өрх, байгууллага бүр гэр орон, албан ажлын газраа архидан согтуурах байр буюу согтуурагчдын үүр болгохгүй байх, архидан согтуурдаг хүнгүй айл өрх, хамт олон болох хөдөлгөөн, үйл ажиллагаа өрнүүлэх.Ийм болоход айл өрхийн тэргүүн, насанд хүрэгсэд, аливаа байгууллагын удирдах хүмүүс их үүрэг гүйцэтгэх ёстой гэж би бодож байна.
Зургаа.Иргэн бүр “хэн хэзээ ч архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчихгүй” гэсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх.Үүний тулд:
1/ зочноо ямар ч нөхцөлд ялгаагүй заавал согтууруулах ундаагаар дайлахыг урьтал болгох, түүнийг архи дарсаар шахах, өөрөө зочинтойгоо хамтран архидах, танил дотно хүмүүс уулзаж учрахдаа нийлж архидан согтуурах зэргээс татгалзан зайлсхийж занших.
2/.ажил бүтээх гэж архи уух гэдэг бол алба амины ямар нэгэн хүсэлтийг хэн нэг этгээдэд тавихдаа архи дарс барьж хандах, улмаар түүнийг согтоож байж санаснаа хийлгэх, өөрөөр хэлбэл нэгэн маягийн хээл хахууль өгч, түүнээсээ өөрөө хувь хүртэн архидаж байгаа хэрэг мөн бөгөөд энэ нь цаашдаа гэмт хэрэг болон даамжирч болзошгүй тул ийм явдлыг хэн ч үйлдэхгүй байх.
3/.архи дарсанд хорхойтон дурлах гэмийг хүмүүс өөрөө өөртөө өндөр шаардлага тавин тэвчих замаар гэтлэн давж байх, тийнхүү согтууруулах ундаанд хорхойтон дурлах явдлаас бүрэн чөлөөлөгдөхийн тулд эмнэлгийн байгууллагуудад даруй хандаж эмчлүүлэх.
4/.хүүхэд багачуудыг архидан согтуурах жигшүүрт дадал заншил руу уруу татахыг хатуу цээрлэх.
Долоо.Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, захирамж, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг байнгын бөгөөд хүчтэй болгож, тэдгээрийн биелэлтийг хангуулахад тавих шаардлагыг бүх нийтээр өндөржүүлэх.
Найм.Хамт олон өөрийн байгууллагадаа, оршин суугчид өөрийн байшин сууцандаа, оюутан сурагчид дотуур байрандаа хэв журам сахиулах ажлыг эрхлэн зохион байгуулдаг болох.
Манай ухаант мэргэн ард түмэн ариун ёс суртахууны хэмжээлшгүй баян өв уламжлалтайн дотор архи дарсыг хэрэглэх нарийн ёс журам, гоо зүйтэй, түүнийгээ ихэд эрхэмлэн хүндэтгэж биелүүлдэг байсан билээ.Монголын ард түмний сэцэн цэлмэг, эрүүл саруул ухааны илрэл болсон
“Балай их уувал өвчин биш үү
Бахархан шунавал эргүү биш үү
Балмад их согтвол галзуу биш үү
Үргэлж уувал улиг биш үү”
гэсэн сургаал монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хадаатай байж амьдралын нэгэн хэм хэмжээ болж ирсэн шүү дээ.
Архидан согтуурахтай хийх тэмцлийг хүчтэй болгохтой холбогдуулан авах арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаснаа ард түмэндээ мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр