Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын 2009 оны
39 дугаар тогтоолын хавсралт



ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд чиглэнэ. Энэ нь малчин, малчин өрхийг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээг орон нутагт бий болгон хөгжүүлэхэд төр, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, малчдын хамтын хүчин чармайлтыг бий болгон хөгжүүлэх замаар хэрэгжинэ.

1.2.Хөдөөгийн хөгжлийн талаархи олон улсын туршлага нь нутгийн иргэдийн үүсгэл санаачилга, тэдний үйл ажиллагаа, санхүүжилтийг тал бүрээр дэмжиж, дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаатай аль болох уялдуулан түүний бүрэлдэхүүн хэсэг болгож чадсан нөхцөлд амжилтанд хүрдгийг нотолж байна. Энэ талаар 1992 онд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчин, хөгжлийн чуулган, 2000-2001 онд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы хөгжлийн чуулганаар баталсан олон улсын санамж бичиг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх Конвенци, Дэлхийн хүнсний чуулган, Ядуурлыг бууруулах стратеги зэрэг баримт бичгүүдэд тусгалаа олсон байна.

1.3.Энэхүү бодлогыг боловсруулах эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичиг болно. Төрөөс хэрэгжүүлж байгаа дээрх бодлогын баримт бичгүүдэд мал аж ахуйн салбарын хөгжил, үйлдвэрлэлийн эрчимжилтийн талаар тодорхой тусгагдсан байдаг боловч үйлдвэрлэлийн бүтээгч гол хүчин болох малчдын талаар баримтлах бодлогын чиглэл тодорхойгүй байна. Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2008-2012 он/"-т малчид, малчин өрхийн талаар тодорхой зорилтууд тусгагдсан. Мал аж ахуй эрхлэн хүн амыг мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж, байгаль, цаг уурын эрсдэл ихтэй хүнд нөхцөлд ажилладаг малчдын амьдрал, малчин өрхийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, стратегийг дэс дараатай хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хоёр.Бодлогын зорилго, баримтлах зарчим, чиглэл

2.1.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зорилго нь малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршино.

2.2.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

2.2.1.хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх;

2.2.2.төрөөс малчин өрхийн эдийн засгийн чадавхи, бололцоо, хүсэл сонирхолд нь нийцсэн дэмжлэг үзүүлэх;

2.2.3.хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, тэргүүний арга, туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эзэмшүүлэх, нутагшуулах;

2.2.4.малчин хүний ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах, туслан хөгжүүлэх үйл ажиллагааг аль болох анхан шатны нэгжид, баг, хорооны түвшинд хөхиүлэн дэмжих;

2.2.5.бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт болон дэвшилтэт арга барил, түүх, соёлоо нандигнан хадгалж, өвлөн хөгжүүлэх.

2.3.Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь дараахь чиглэлтэй байна:

2.3.1.малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ядуурлаас ангид байлгах, тэдэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх;

2.3.2.малчин өрхийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулж бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах зах зээлийн оновчтой тогтолцоо бий болгох;

2.3.3.малчдын өөрөө өөртөө туслах, өөрөө өөрийгөө удирдах иргэний нийгмийн бүтцийг бий болгон хөгжүүлэхийг дэмжих, боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах.






Гурав.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын
чиглэлийг хэрэгжүүлэх стратегийн зорилт

3.1.Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ядуурлаас ангид байлгах, тэдэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх бодлогын чиглэлийн хүрээнд дараахь стратегийн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлнэ:

3.1.1.эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болон малчны бүлэг, хоршоо, нөхөрлөл, малчин өрхөд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд хүрэлцэх хэмжээний газрыг эзэмшүүлэх, отрын бүс нутаг байгуулах, сумдад бэлчээр ашиглалтын хороог ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.1.2.хувь хүний орлогын албан татвараас малчин өрхийг чөлөөлж, бэлчээр ашигласны төлбөрийг эдийн засаг, экологийн үнэлгээнд үндэслэн ялгавартай тогтоох, уг төлбөрийн 30-аас доошгүй хувиар сумын бэлчээр хамгаалах, сэргээх болон мал аж ахуйн эрсдлийн сан байгуулж, зарцуулж байхаар эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

3.1.3.эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болон малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл, малчин өрхийг мал, амьтан, эд хөрөнгийн даатгал, санхүү, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд хамруулах, хөрөнгийн гэрчилгээ, харилцах данс, бүртгэлтэй болгож банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, лизингийн үйлчилгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.1.4.малчин өрх, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл нь бизнесийн өөр төрлийн үйл ажиллагаанаас орлого олох боломж, нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.5.мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн харилцааны хэв шинжийг судалж, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан орлого багатай малчдыг өөр салбарт шилжин ажиллах, бизнес эрхлэхийг дэмжих тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

3.1.6.малчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг бүрдүүлж малчдыг нийгмийн даатгалд заавал хамруулах тогтолцоонд шилжүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх;

3.1.7.мал аж ахуйн салбарт хүүхэд хөдөлмөр эрхлэх нөхцөл, шалгуурыг тодорхой болгож, тус салбар дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг арилгах бодлого хэрэгжүүлэх;

3.1.8.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого, бүтээгдэхүүний чанарыг урамшуулах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

3.1.9.малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл болон фермерүүд дундын сан байгуулах, улмаар нутгийн иргэдийн санаачилгаар өөрийн санхүүгийн тогтолцоо бий болгох эрх зүйн орчныг бий болгон хөгжүүлэх;

3.1.10.бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрхийг малын чанараа сайжруулах болон өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг арвин ашиг шимт нэг төрлийн мал дагнан төрөлжүүлэн зах зээлийн мэдээлэл, бизнес төлөвлөгөө бүхий аж ахуйн хэв шинжийг олоход нь дэмжлэг үзүүлэх;

3.1.11.бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа өрхийг эдийн засгийн ашиг сонирхол дээр тулгуурласан малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр хамтын аж ахуй эрхлэх эрх зүй, санхүү, эдийн засгийн нөхцөлийг бий болгон хөгжүүлэх;

3.1.12.богд шилжүүлснээр бэлчээрийн 100 хүртэл малтай, зөвхөн түүнээс өрхийн орлого нь бүрдэж байгаа малчин өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүдийг эдийн засгийн бусад салбарт шилжүүлэх, эсхүл малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлд хамруулан ажлаар хангах бодлого хэрэгжүүлэх.
3.2. Малчин өрхийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулж бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах зах зээлийн оновчтой тогтолцоо бий болгох бодлогын чиглэлийн хүрээнд дараахь стратегийн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.2.1.эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд бизнес, санхүү, зээл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, мал эмнэлэг, үржлийн болон хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үйлчилгээг орон нутагт хөгжүүлж, чанарыг сайжруулах;

3.2.2.малчдын өөрсдийнх нь санал болгосон хүнийг тусгайлан сургах замаар малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн удирдлагыг бэлтгэх арга хэмжээг төрөөс санаачлан хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлага, багийн Засаг дарга нарт энэ чиглэлээр сургалт зохион байгуулах;

3.2.3.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Мах үйлдвэрлэл", "Сүү үйлдвэрлэл", "Арьс, шир бэлтгэл", "Ноос, ноолуур бэлтгэл" зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэх;

3.2.4.бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах зах зээлийн тогтолцоог бүс нутгийн онцлогт нийцүүлэн бий болгож хөгжүүлэх;

3.2.5.малын гаралтай түүхий эд (арьс, шир, ноос, ноолуур, өлөн гэдэс, эвэр, туурай, яс, хялгас зэрэг)-ийг худалдан авах, түүнд чанарын анхан шатны ангилалт, боловсруулалт хийх цех, нэгжийг малчдын оролцоо бүхий малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр сум бүрт бий болгох, бүсүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх;

3.2.6.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, чанарын стандарт, түүнийг хэрэглэх заавар, журмыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;

3.2.7.бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгөөр усны хайгуул хийх, инженерийн хийцтэй худаг гаргах, засварлахын зэрэгцээ малчдын үүсгэл, санаачилгаар худаг гаргах, засварлах, цас, борооны ус тогтоох, усан сан, нуур, цөөрөм байгуулахыг төрөөс урамшуулан дэмжих;

3.2.8.малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор худаг ус гаргах, тэжээл бэлтгэх зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай олон нийтийг хамарсан арга хэмжээг түлхүү зохион байгуулах;

3.2.9.шилжин суурьшсан малчин байсан иргэдийг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан нийгмийн үйлчилгээнд хамруулах, ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлэх;

3.2.10."Малчдын орон сууц", "Монгол гэр" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

3.2.11.малчин өрх бүрийг 2015 он гэхэд 100 хувь радиотой болгох, цахилгааны эх үүсвэртэй болгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон зах зээлийн мэдээллийг гар утсаар хүргэх нөхцөлийг бүрдүүлэх;

3.2.12.малчдыг байгалийн гамшгийн үед өмсөхөд зориулсан дулаан, тохиромжтой хувцасаар хангах, энэ чиглэлээр дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

3.2.13.бүс нутаг, аймгийн түвшинд хөдөө аж ахуйн машин, техник нийлүүлэх, лизинг, засвар үйлчилгээ, сэлбэгээр хангах тогтолцоо бий болгох, техник ашиглалтын сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулж байх;

3.2.14.өвс, тэжээлийн чанар, сав, баглаа боодлын стандартыг шинэчлэн тогтоож шинэ технологи нэвтрүүлэн овор багатай, чанар сайтай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

3.2.15.тэжээлийн нөөцийн хэмжээ, хүртээмж, байршлыг оновчтой тогтоох, түүний хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын менежментийг сайжруулах, сум, багийн түвшинд өвс, тэжээл худалдаалах байнгын цэг, нэгдсэн сүлжээ бий болгох;

3.2.16.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тэжээлийн ургамлын улсын үрийн нөөцтэй болж нутагшсан сортын үрийг баталгаажуулж, түүнийг тариалах ажлыг өргөжүүлэх, уургийн агууламж өндөртэй тэжээлийн ургамлын тариаланг нэмэгдүүлэх;

3.2.17.малын хашаа, дулаан байрны зураг төсөл гаргаж материалын нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх;

3.2.18.мал аж ахуйн хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчилж хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

3.2.19.аймаг, сумын түвшинд арвин ашиг шимтэй мал, амьтан бойжуулж, борлуулах үржлийн аж ахуйг бий болгон хөгжүүлэх, тухайн орон нутгийн малын чанарыг сайжруулах арга хэмжээг дэмжих;

3.2.20.малд зайлшгүй үзүүлэх мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэр төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжүүлэх нэгжийг сум бүрт ажиллуулах;

3.2.21.мал, амьтны шүлхий, мялзан өвчнөөс тайван орны жагсаалтад орж, тодорхой бүс нутгийг малын гоц халдварт болон нэн аюултай зооноз өвчнөөс эрүүлжүүлэн мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чөлөөт байдлыг хангах, экологийн цэвэр үндэсний нэрийн бүтээгдэхүүн бий болгож гадаад зах зээлд өрсөлдөх бодлогыг алхам алхамаар хэрэгжүүлэх.
3.3. Малчдын өөрөө өөртөө туслах, өөрөө өөрийгөө удирдах иргэний нийгмийн бүтцийг бий болгон хөгжүүлэхийг дэмжих, боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах бодлогын чиглэлийн хүрээнд дараахь стратегийн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.3.1.малчны өөрөө өөрийгөө удирдах анхан, дунд, дээд шатны байгууллага бий болгох, анхан шатны байгууллагыг удирдлага, менежмент, зохион байгуулалтын нэгдсэн хэлбэрт оруулах бүтэц бий болох боломж, нөхцөлийг бүрдүүлэх, малчдын дунд сургалт явуулж оролцооны аргаар албан ёсны зохион байгуулалтын бүтцэд шилжих үйл явцыг төрөөс дэмжин хөгжүүлэх;
3.3.2.эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон малчид сайн дураар нэгдэн төрийн бус байгууллага, холбооны зохион байгуулалтад орох боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
3.3.3.малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл, холбоог бэхжүүлэх зорилгоор тэдгээрийг гадаад улс, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрт хамруулах;
3.3.4.малчид, малчин өрх, мал аж ахуйн үйлдвэрлэл, зах зээлийн талаархи мэдээллийн цогц сан бий болгон ажиллуулж малчдыг мэдээллээр хангах;
3.3.5.хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар тусгайлсан төсөл, хөтөлбөрийг бүс нутгийн онцлог байдлыг харгалзан боловсруулж хэрэгжүүлэх;
3.3.6.малчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол, бүрэн хамруулж, зардлыг төрөөс хариуцах арга хэмжээг хэрэгжүүлэх, сум, багийн эмнэлгийг боловсон хүчнээр хангах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны болон зайны сургалтад хамруулах;
3.3.7.мал аж ахуйн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг судалж, мал, амьтнаас хүнд дамжин халдварлах өвчнөөс малчид, хүн амыг хамгаалах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, ахуйн болон ундны цэвэр усаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх;
3.3.8.малчин өрхийн эдийн засаг, бизнес, ур чадварын түвшинд нийцсэн сургалтын ялгавартай хөтөлбөр бий болгож хөгжүүлэх, сургагч багш нарыг сум бүрт бэлтгэж мэргэшүүлэх;
3.3.9.малчдад зориулсан сургалтыг орон нутагт үйлдвэрлэлийн явцад хэрэгжүүлэх байгууллага, малчны байнгын болон түр сургуулийг бий болгон бэхжүүлэх, түүгээр дамжуулан шат дараалсан сургалт (анхан шатны танин мэдэхүйн сургалтаас эхлээд технологи дамжуулах, нутагшуулах, инноваци нэвтрүүлэх зэрэг)-ыг зохион байгуулах;
3.3.10.залуу болон ирээдүйн малчдыг мэргэжлийн, түр болон албан бус сургалтаар хэтийн төлөвлөгөөтэй бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, малчдад зориулсан зайны сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
3.3.11.малчдад зориулсан сонин, сэтгүүл тогтмол гаргахыг дэмжих, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, тусгай хөтөлбөрийг боловсруулж хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
3.3.12.орлого багатай малчдыг бусад төрлийн аж ахуй эрхлэх, бие даан бизнес эрхлэх ур чадварыг дээшлүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний хэрэгцээ, чадавхи, санаачилгыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх;
3.3.13.малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах оновчтой арга механизмыг бий болгох, ерөнхий боловсрол эзэмших болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцахад нь дотуур байраар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх.

Дөрөв.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр

4.1.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 1.0-ээс доошгүй хувийг зарцуулна.

4.2.Малчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эрхэлж буй аж ахуй, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг нэн тэргүүнд зориулна.

4.3.Малчдад чиглэсэн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө болон малчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлж тэдний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хөхиүлэн дэмжинэ.

Тав.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам

5.1.Малчдын амьдралын түвшинг дээшлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.Малчдын амьдралыг сайжруулах, малчдын аж ахуйг хөгжүүлэхэд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

5.3.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг үе шат бүрээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан гүйцэтгэнэ.

Зургаа.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үе шат, шалгуур үзүүлэлт

6.1. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шат /2009-2015 он /-нд дараахь үр дүнд хүрнэ:
6.1.1.малчдын ахуй амьдрал, аж ахуйг сайжруулахтай холбогдсон эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдэнэ;
6.1.2.малчин өрх, малчдын бүлэг, фермер, хоршоо, нөхөрлөлийн хэв шинжит аж ахуй гэсэн бизнесийн тогтвортой, үр ашигтай, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно;
6.1.3.малчдын өөрөө өөрийгөө удирдах болон өөрөө өөртөө туслах байгууллагын үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болж, малчдын мэдлэг, зохион байгуулалт сайжирч, гадаад улсын болон олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг үр ашигтай хүлээн авах нөхцөл бүрдэнэ;
6.1.4.мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах тогтолцоог сум, багийн түвшинд бий болгож, малын өвс, тэжээл худалдаалах байнгын цэг, нэгдсэн сүлжээтэй болсон байна;
6.1.5.мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон биржийн худалдаа явуулах тогтолцоог бий болгож, малчдын орлого нэмэгдэнэ;
6.1.6.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр орон нутагт байгуулан ажиллуулж, орон нутагт ажлын байр нэмэгдэн малчдын дунд далд ажилгүйдэл арилах нөхцөл бүрдэнэ;
6.1.7.эхний үе шатыг хэрэгжүүлснээр малчдын орлогын түвшин 50 хувиар өснө;
6.1.8.эхний үе шатанд эрүүл мэндийн даатгалд малчдын 70-аас доошгүй хувийг, нийгмийн даатгалд малчдын 50-аас доошгүй хувийг хамруулсан байна.
6.2.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хоёрдахь үе шат /2016-2020 он/-нд дараахь үр дүнд хүрнэ:
6.2.1.малчид эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд 100 хувь хамрагдаж, төрөөс үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээг хүртэх болно;
6.2.2.малчид аж ахуй эрхлэх, хөдөлмөр, хүчээ хорших мэдлэг, дадлагаа нэмэгдүүлж, тэдний амьдралын нөхцөлд өөрчлөлт гарна;
6.2.3.хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлснээр малчдын орлогын түвшин 80 хувиар өснө.

Долоо. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын чиглэлүүдийг хэрэгжүүлэх хуваарь

7.1.Бодлогын 1 дэх чиглэлийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.
7.2.Бодлогын 2 дахь чиглэлийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын, эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, онцгой байдал болон мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.
7.3.Бодлогын 3 дахь чиглэлийг боловсрол, соёл, шинжлэх ухааны, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, эрүүл мэндийн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.





--o0o--