Хэвлэх DOC Татаж авах
 Монгол Улсын Их Хурлын  2010 оны                                                                                                         23 дугаар  тогтоолын хавсралт
    
 
"МОНГОЛ МАЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байна.
 
Нэг.Нийтлэг үндэслэл
Мал аж ахуй нь үндэсний эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод онцгой байр суурь эзэлдэг уламжлалт салбар хэвээр байна. Тус салбарт 2008 оны байдлаар нийт ажиллагчдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувийг хөдөө аж ахуйгаас, үүний 86.9 хувийг мал аж ахуйн  салбараас тус тус үйлдвэрлэж байна. Мөн экспортын нийт орлогын 10 хувийг уг салбараас оруулж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар буурсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгаа зэрэг шийдвэрлэвэл зохих бэрхшээлтэй олон асуудал байна. Үүнээс гадна малчид өрхийн зохион байгуулалтын хэлбэртэй, тархай бутархай байгаагаас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурсан, үр ашиг нь багассан, байгаль, цаг уурын эрсдэл даах болон зах зээлд өрсөлдөх чадвар суларсан байна.
Хүн амын мах, сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа ч үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн махны хэмжээ нийт үйлдвэрлэлийн дөнгөж 7 хувь, сүүний 4 хувийг тус тус эзэлж байгаа нь туйлын чамлалттай байгаа юм.
Манай оронд байгалийн шалгарал, малчид, мэргэжилтнүүдийн уйгагүй зүтгэл, бүтээлч хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн ажлын үр дүнд бий болсон 40 гаруй үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн малаас гадна гадаад орноос ашиг шим арвинтай мал, өндөгний чиглэлийн тахиа, мах-өөхний хэвшлийн гахай авчирч үржүүлж байгаа боловч тэдгээрийн генетик нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй байна.
Мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгө бусад улс орнуудтай харьцуулахад бага, төсвийн зарлагын 1,0 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарыг зах зээлд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хангалтгүй, хөрөнгө хүрэлцээгүй байна.
 
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулах, хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мал сүргийн удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийн бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажил сумын түвшинд огт хийгдэхгүй байна.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын баримт бичиг олныг гаргасан боловч түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаагаас тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх нь "Монгол мал" үндэсний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/ боловсруулж хэрэгжүүлэх  үндэслэл болж байна.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл
Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг  бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд  хөтөлбөрийн зорилго оршино.
 
Дээрх зорилгыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь тэргүүлэх чиглэлийг баримтална:
 
1.Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох  мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчин бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангаж,  сайн засаглалыг хөгжүүлэх;
 
2.Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх;
 
3.Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах;
 
4.Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх;
 
5.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж,  бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулал олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгах.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа
 
3.1.Нэгдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
            Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
 
3.1.1.Мал аж ахуйн салбар дахь хууль тогтоомжийг боловсронгуй болгох:
 
3.1.1.1.бэлчээр ашиглах, хамгаалах, эзэмших, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийн хил заагийг тодорхой болгох талаархи эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
3.1.1.2.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж малын бүртгэлжүүлэлт, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулах эрх зүйн орчныг бий болгох;
 
3.1.1.3.Мал аж ахуйн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, малчдын хөдөлмөрийн үнэлгээг сайжруулах, урамшуулах тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
3.1.1.4.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын төлбөрийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Улсын нөөцийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
3.1.1.5."Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг сайжруулах стратеги, төлөвлөгөө", "Малын үржлийн ажил, үйлчилгээний стратеги төлөвлөгөө", "Тэмээ", "Бэлчээр, тэжээл", "Мах", "Сүү", "Ноос", "Ноолуур", "Арьс шир" дэд хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
3.1.2.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, анхан шатны нэгжийг бэхжүүлэх:
 
3.1.2.1.сумдад мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг бий болгож ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх;
 
3.1.2.2.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний анхан шатны нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтний хүрэлцээ хангамж, чадавхийг сайжруулахад төрөөс дэмжих;
 
3.1.2.3.малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, мэдээллийг олон улсын шаардлагад нийцүүлэх, мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг хамарсан сүлжээ байгуулж, мэдээллийг шуурхай дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх.
 
3.1.3.Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдлэг боловсролыг  дээшлүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх:
 
3.1.3.1.аймаг, сум, баг, аж ахуйн нэгжийн захиалгаар мал эмнэлэг, үржлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, тэдгээрийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах;
 
3.1.3.2.малчдыг бэлчээрийн мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга ухаанд сургаж мэргэшүүлэх, аж ахуйгаа үр ашигтай хөтлөх мэдлэгийг малчдад олгох зайны болон орон нутгийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
 
3.1.3.3.салбарын эрэлт хэрэгцээнд нийцэх дэвшилтэт технологийг дамжуулах, нутагшуулах, нэвтрүүлэх;
 
3.1.3.4.малын эмч, мал зүйч, туслах ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалах өвчний болон хөдөлмөрийн халдвартай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа бүлэгт хамруулахаар эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
3.1.3.5.мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд боловсруулсан цөм технологи, инновацийн үр дүнг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулах, санхүүжилт, төсөл, хөтөлбөрт идэвхтэй хамруулах.
 
3.2.Хоёрдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
Мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөгжүүлж, малын үржлийн ажил, үйлчилгээг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.
 
3.2.1. Монгол малын ашигтай онцлог шинж чанарыг тухайн үүлдэр, омог хэвшлийн баталгаажсан цөм сүргээр бататган сайжруулж, удам зүй, сонгон үржүүлгийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, биологийн боломжийг бүрэн ашиглах:
 
3.2.1.1.бэлчээрийн монгол малыг тухайн орон нутагт зохицсон ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омог, хэвшлийн цөм сүргийн малаар сайжруулах;
 
3.2.1.2.хангайн бүсэд үхэр, адуу, тал хээрийн бүсэд хонь, адуу, говийн бүсэд ямаа, тэмээ зонхилж, томоохон хот суурин газрын ойролцоо болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тодорхой зорилго, чиглэлтэйгээр төрөлжүүлэн үржүүлэх;
 
3.2.1.3.монгол малын ашиг шимийн түвшинг бүсчилэн тогтоож, ашиглагдаагүй биологийн нөөц боломжийг илрүүлж, үржил селекцийн ажлыг зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах;
 
3.2.1.4.бэлчээрийн мал аж ахуйд бүс нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлээс хамааран хээлтэгчийн эзлэх хувийн жинг тодорхой түвшинд байлган, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх.
 
3.2.2. Малын удмын санг хамгаалж, биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн малын бүтээмжийг нэмэгдүүлэх:
 
3.2.2.1.малын удмын сангийн үндэсний цогцолбор бий болгож, монгол малын генийн санг хамгаалах, зохистой ашиглах, хадгалах, малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, хүйс жолоодох технологийг нэвтрүүлэх;
 
3.2.2.2.тоо нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрч байгаа үүлдэр, омгийн болон гойд ашиг шимт малын удмын санг хамгаалах, зохистой ашиглах, үрийн нөөцтэй болох  ажлыг зохион байгуулах;
 
3.2.2.3.үржлийн мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үрийг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хяналттай болгож, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;
 
3.2.2.4.зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан сүүний чиглэлийн үхэр, нарийн, нарийвтар ноост болон хурганы арьсны чиглэлийн хонь, ноосны чиглэлийн ямаа зэрэг үржлийн мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үрийг импортлохыг дэмжих, экспортлоход хяналт тавих;
 
3.2.2.5.технологи дамжуулах, нутагшуулах зорилгоор эдийн засгийн бүсүүдэд малын үржүүлэг, биотехнологийн салбар бий болгож, малын зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх, явуулын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;
 
3.2.2.6.үр төлийн чанараар шалгарсан гойд ашиг шимт хээлтүүлэгчийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглах, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн донор сүрэг бий болгож үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
 
3.2.3.Малын үржлийн ажил, үйлчилгээний чадавхийг сайжруулж, хүртээмж үр дүнг дээшлүүлэх:
 
3.2.3.1.малын үржлийн ажил, үйлчилгээний оновчтой тогтолцоог орон нутгийн түвшинд бий болгож, үйл ажиллагааг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх;
 
3.2.3.2.малын үржлийн ажил, үйлчилгээний нэгж, түүний үйл ажиллагааны стандартыг бий болгож, үйлчилгээний нэр төрлийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх;
 
3.2.3.3.бог малын хээлтүүлэгчийг чиглэлтэй өсгөн бойжуулах, гэрээ түрээсээр ашиглуулах, нийлүүлгийн бус үед тусгайлан ялган суурилж маллах зэрэг үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
 
3.2.3.4.малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор малын ашиг шимийн чиглэлд нийцүүлэн, удам гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлэлд тулгуурлан үржлийн ажлын төлөвлөлтийн дагуу явуулах;
 
3.2.3.5.малын төрөл, ашиг шимийн чиглэлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, төрийн зарим чиг үүргийн ажлыг гэрээгээр болон захиалгаар  гүйцэтгүүлэх.
 
3.2.4.Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээг бий болгох: 
 
3.2.4.1.мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянах тогтолцоог бий болгож, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх;
 
3.2.4.2.цөм сүрэг, жишигт тэнцсэн хээлтүүлэгчийг удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийн үзүүлэлтээр сум, аймаг, улсын түвшинд мэдээллийн сан бүрдүүлж, нэгдсэн сүлжээнд хамруулан хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
 
3.2.4.3.малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээг бий болгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулахад мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;
 
3.2.4.4.мал бүртгэлжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамжийг бий болгож, мэдээллийн сүлжээг өргөтгөх, бүртгэлжүүлэлтийн ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг олон улсын нийтлэг шаардлагад нийцүүлэх;
 
3.2.4.5.үндэсний хэмжээнд заавал бүртгэгдэж мэдээлэгдэх малын өвчний жагсаалтыг гаргаж, өвчний гаралт, тархалтын мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, үнэлэх, тайлагнах, мэдээлэх сүлжээ байгуулан хэрэгжүүлэх;
 
3.2.4.6.малын удам гарваль, ашиг шимийн гарц, чанар, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах.
 
3.3.Гуравдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
Эрүүл малаас цэвэр, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцөл бүрдэнэ.
 
                        3.3.1.Олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэрэмжүүлэх, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг өндөржүүлж, зооноз халдварт зарим өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх:
3.3.1.1.Монгол Улс үхрийн цээж, хонь, ямааны цэцэг, үхрийн тархины эд сархиатах өвчнөөр тайван, өвчингүй, тус улсын баруун бүс нутаг шүлхийгээр намжмал, вакцин хэрэглээгүй статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага/цаашид "ДМАЭМБ" гэх/-аар баталгаажуулах;
3.3.1.2.малын гоц халдварт, халдварт өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, үр дүнг сайжруулан өвчнөөр тайван нөхцөлийг хадгалах;
3.3.1.3.мал сүргийг бруцеллёз, адууг ям, халдварт цус багасах, үхрийг лейкоз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх;
3.3.1.4.шинээр болон дахин сэргэж байгаа хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчний халдварлалт, эрсдэлийг бууруулахад шаардагдах хөрөнгө, материалын нөөцийг бүрдүүлж, шуурхай  бэлэн байдлыг хангах;
3.3.1.5.байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэн халдварт өвчний голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.
                        3.3.2.Мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, мал эмнэлгийн ажил, үйлчилгээг эдийн засаг, нийгмийн шаардлага, эрэлт  хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүргэн сайжруулах:
3.3.2.1.бүсийн тулгуур болон аймгийн орон нутгийн хөгжлийн төв, мал эмнэлгийн нэгжийн лабораториудыг орчин үеийн өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, малын үзлэг, шинжилгээ, ангилалтын зөөврийн хашаагаар хангах, тэдгээрийн халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны чадавхийг сайжруулах;
3.3.2.2.сумдын дунд мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт лабораторийг бий болгож, малын өвчлөл, хорогдлын шалтгааныг тогтоох, шуурхай хариу авах арга хэмжээг  хэрэгжүүлэх;
3.3.2.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн магадлан шинжилгээнд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг арга, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний экспорт, импортод тавигддаг шаардлагыг хангах;
3.3.2.4.мал сүргийг дархлаажуулах ажлыг лабораторийн түүвэр шинжилгээгээр тогтоож, мониторинг хийх замаар урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцох, эмч нарын хариуцлагыг өндөржүүлэх;
3.3.2.5.байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархвар, голомтыг бүртгэн мэдээлэх газар зүйн мэдээллийн |GIS| системийг нэвтрүүлэх.
3.3.3. эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын стандартын түвшинд хүргэх:
 
3.3.3.1.малын эм, биобэлдмэлд хийх сорилт, задлан шинжилгээний арга, технологийг олон улсын түвшинд хүргэх, малын эмийн чанар, аюулгүй байдлыг хангах;
 
3.3.3.2.шинээр болон дахин сэргэж байгаа малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангах;
 
3.3.3.3.малын эмийн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчилж, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн зохистой дадлыг  нэвтрүүлж, малын эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх;
 
3.3.3.4.малын эм, мал эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх тогтолцоо, сүлжээг бий болгох.
 
3.4.Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд эрхлэн, бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, тэжээл үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах замаар мал аж ахуйн эрсдэлийг бууруулна.
 
3.4.1.Бэлчээрийн менежментийг сайжруулах:
3.4.1.1.бэлчээрийг зохистой ашиглах менежментийн нэгдсэн системийг бий болгож, дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, бэлчээр нутгийн ашиглалт, кадастрын зураглалыг бүс, аймаг, сумаар гаргаж, тухайн нутагт байх боломжтой малын тоо, төрлийг тогтоож, мэдээллийн сан бий болгох;
3.4.1.2.бэлчээрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч цаг хүндэрсэн үед ашиглах;
3.4.1.3.малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийн даац хэтэрсэн нутагт байлгах малын тооны дээд хязгаарыг тогтоож, түүнээс давуулахгүй байлгах эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох;
3.4.1.4.малчин болон мал бүхий иргэдээс малынх нь төрөл, бүс нутгийн онцлогийг харгалзан бэлчээр ашигласны төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлж, түүний тодорхой хэсгийг бэлчээр хамгаалах, сайжруулахад ашиглах;
 
3.4.1.5.эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг аймаг, нийслэл, сум бүр тогтоож мөрдүүлэх;
 
3.4.1.6.бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтад, шавжтай байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх;
 
                                    3.4.1.7.уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр бэлчээр хомсдуулсны төлбөр, нөхөн төлбөрийг бэлчээр сайжруулах үйл ажиллагаанд зарцуулах.
 
3.4.2.Хадлан, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх:
3.4.2.1.бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр болон орон нутгийн түүхий эдэд тулгуурласан бага оврын цех байгуулж тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх;
 
3.4.2.2.тэжээлийн нэг ба олон наст ургамал, уургийн агууламж ихтэй шинэ төрлийн таримал тариалах ажлыг өргөтгөх, газар тариалангийн дагавар бүтээгдэхүүнийг малын тэжээлд ашиглах технологийг боловсронгуй болгох;
 
3.4.2.3.өвс, тэжээлийг чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах баглаа, боодлын шинэ технологи нэвтрүүлэн овор багатай, чанар сайтай тэжээл бэлтгэж улсын болон орон нутгийн байнгын нөөц  бүрдүүлэх;
 
3.4.2.4.аймаг, сум бүрт цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед ашиглах зориулалт бүхий өвс, тэжээлийн нөөцийн сан бий болгох. Эхний ээлжинд орон нутгийн нөөцийг зарцуулах, нөөц хүрэлцэхгүй нөхцөлд улсын нөөцийн санг ашиглах;
 
3.4.2.5.хадлан бэлтгэх боломжгүй говийн аймгуудад хангайн бүсээс хадлангийн талбай ашиглуулж, шаардагдах техникийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулах.
 
3.4.3.малын усны хангамжийг сайжруулах:
3.4.3.1.уст цэгийн хайгуул, судалгааны ажлыг орон нутгийн малчдын санал, санаачилгыг харгалзан улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, тухайн цэгт шинээр ус нөөцлөх сан бүхий худаг гаргах;
 
3.4.3.2.шинээр худаг гаргахад шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ашиглагчдаас нь гаргуулах замаар ашиглагчдын хариуцлагыг өндөржүүлэх;
 
3.4.3.3.улсын төсвийн хөрөнгөөр шинээр гаргасан болон сэргээн засварласан худгийн цаашдын ашиглалт хамгаалалт, засварын ажлыг орон нутагт хариуцуулж, малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоонд гэрээгээр ашиглуулах;
 
3.4.3.4.цас, борооны усыг тогтоож, хөв, цөөрөм байгуулах, гар худаг гаргах, бэлчээрийн тодорхой хэсгийг усжуулах арга ажиллагаанд малчдыг сургах.
 
3.4.4.мал аж ахуйн эрсдэлийг бууруулах чадавхи бий болгох:
3.4.4.1.уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтөд зохицуулан мал аж ахуйг эрхлэх технологийг боловсруулж, малчдад эзэмшүүлэх сургалт, үзүүлэх сургуулийг зохион байгуулах;
 
3.4.4.2.цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, байгалийн эрсдэл ихтэй  говь, хээрийн бүсийн сумдад цаг агаарын гэнэтийн аюулыг тандах, мэдээлэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
3.4.4.3.малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгож давхар даатгалыг шинээр бий болгох, малчдад даатгалын ач холбогдлыг сурталчлан сайн дурын үндсэн дээр малаа даатгуулах сонирхлыг бий болгох;
 
3.4.4.4.түргэн өсөлттэй махны чиглэлийн малыг үржүүлж, өсвөр насанд нь эрчимтэй бордон мах үйлдвэрлэх үр ашигтай арга, технологийг нэвтрүүлж, өвөлжих малын тоог цөөлөх;
 
3.4.4.5.говь, тал хээрийн бүсийн малчдад малын хашаа барихад нь төрөөс дэмжлэг үзүүлж, бог малыг 2 ээлжийн хашаатай болгох.
 
3.5.Тавдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгож түүний чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгон зорилтот зах зээлийг хөгжүүлнэ.
3.5.1.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгох: 
3.5.1.1.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн стандартчлалыг боловсронгуй болгох;
3.5.1.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
3.5.1.3.сум бүрт мал нядалгааны болон арьс ширний анхан шатны тордолт хийх цех байгуулж, мал, мах бэлтгэл, технологийн тээвэр бүхий борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох;
3.5.1.4.малын гаралтай уламжлалт түүхий эдээс гадна бусад дайвар бүтээгдэхүүний ашиглалтыг сайжруулж, стандартын дагуу бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
3.5.1.5.мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлтийн чанар, стандартын сургалтыг бүс нутагт зохион байгуулах, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх;
3.5.1.6.түүхий эд бэлтгэлийн нөөц, үнийн мэдээллийг төрөл, ангилал, чанарын үзүүлэлтээр сум, аймаг бүрээр сар бүр гаргаж мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулж, малчид,  бэлтгэн нийлүүлэгч болон хэрэглэгчдэд тогтмол мэдээлэх сүлжээ бий болгох, энэ ажилд орон нутгийн холбогдох байгууллагыг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.
3.5.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн урамшуулал бий болгон хэрэгжүүлэх:
3.5.2.1.малчдын үүсгэл санаачилгаар бэлчээрийн менежмент, хадлан, тэжээл үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр сумдад байгуулагдсан хоршоо, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих;
3.5.2.2.мал аж ахуйн чиглэлийн дараахь үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс урамшуулал олгох:
·         цөм сүргийн малыг үржүүлж, стандартын шаардлага хангасан удам гарваль нь тодорхой үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан иргэн, хуулийн этгээдэд;
·         мал сүргээ халдварт өвчнөөс эрүүлжүүлж, даатгалд хамруулсан, гарал үүсэл нь тодорхой малын сүүг сүүний үйлдвэрт нийлүүлсэн, дээрхи нөхцөлийг ханган үйлдвэрийн аргаар нядалсан малын махыг бэлтгэн борлуулсан хоршооны гишүүн малчдад;
·         өөрсдийн санаачилга, хөрөнгөөр цас, борооны усыг тогтоож, хөв, цөөрөм байгуулсан, худаг гаргасан иргэн, хуулийн этгээдэд.
3.5.2.3.түүхий эд бэлтгэлд стандартад заасан ангилал, зэрэглэлийн дагуу ялгавартай үнийн тогтолцоо бий болгох.
3.5.3.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, зорилтот зах зээлийг хөгжүүлэх:
3.5.3.1.мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн суурь судалгааг хийж, зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох;
 
3.5.3.2."Үйлдвэржүүлэлтийн бодлого"-ын хүрээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх;
 
3.5.3.3.мал, малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, нэмэгдүүлэх, экспортыг дэмжих;
 
3.5.3.4.зарим үүлдрийн мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг газар зүйн заалтад бүртгүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх;
 
3.5.3.5.малчид, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих;
 
3.5.3.6.алслагдмал болон гадагшаа гарцгүй бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх;
 
3.5.3.7.малчид, үйлдвэр эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих, биржийн сүлжээ бий болгох.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн.
 
4.1.Хөтөлбөрийг 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шатны үйл  ажиллагааг богиносгосон хугацаанд 2 дэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
4.2.Хөтөлбөрийн эхний үе шат /2010–2015 он/-нд 5 тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:
4.2.1.мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, салбарын үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, технологи дамжуулах цогц бодлогыг хэрэгжүүлж, малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх болон малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах эрх зүйн орчин бүрдэнэ;
 
4.2.2.орон нутагт мэргэжлийн ажил, үйлчилгээний зохистой тогтолцоо бий болох, хүртээмж, чанар, үр дүн сайжирснаар мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн өрхийн орлого, өөрөө өөрийгөө тэтгэх чадвар дээшилнэ;
 
4.2.3. ДМАЭМБ-аас Монгол Улс үхрийн цээж, хонь, ямааны цэцэг, үхрийн тархины эд сархиатах өвчнөөр тайван, өвчингүй, тус улсын баруун бүс нутаг шүлхийгээр тайван, вакцин хэрэглээгүй статусыг  баталгаажуулсан байна. Бруцеллёз өвчнөөс үхэр, тэмээн сүргийг, баруун бүсэд богийг, адууг ям, халдварт цус багасах өвчнөөс эрүүлжүүлж, малын гоц халдварт, халдварт өвчнөөр тайван нөхцөлийг хадгална;
 
4.2.4.бэлчээр ашиглах, эзэмших менежментийг боловсронгуй болгох, хадлан, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын усны хангамжийг сайжруулах, мал аж ахуйн эрсдэлийг бууруулах замаар уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхийг бий болгоно;
 
4.2.5.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэл, боловсруулалт, борлуулалтын оновчтой тогтолцоо бүрдэж, тэдгээрийг үнийн уналтаас хамгаалсан төрийн тогтвортой бодлого хэрэгжиж малчдын амьжиргааны түвшин нэмэгдсэн байна.
 
4.3.Хөтөлбөрийн хоёр дахь үе шат /2016 – 2021 он/-нд дараахь үр дүнд хүрнэ:
4.3.1.мал аж ахуйн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, урамшууллын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
 
4.3.2.нийт мал сүргийг бүртгэлжүүлж, мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож түүнд бүртгэлээр тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, экспортлох боломжтой болно. Малын удмын санг баяжуулах, хадгалах, хамгаалах, зохистой ашиглах нөхцөл сайжирч, импортыг орлох үржүүлгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангана;
 
4.3.3.байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархвар, голомтыг бүртгэн мэдээлэх газар зүйн мэдээллийн систем нэвтэрч, малын эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх сүлжээ бий болж, лабораториудын үйл ажиллагааны чадавхийг сайжруулан, био аюулгүй байдлыг ханган гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, бруцеллёзоор тайван орны статусыг хангана;
 
4.3.4.уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн байгалийн эрсдэлд автагдах явдлыг бууруулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ;
 
4.3.5.малын гаралтай түүхий эдийн нөөцийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.
 
Тав.Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
 
5.1.Хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт нь энэ хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн биелэлт болон дараахь үзүүлэлтээр тодорхойлогдоно:
 
Шалгуур үзүүлэлт
Хэмжих нэгж
2008 оны түвшин
Хүрэх  түвшин
2012 он
2015
он
2021
он
1.Нэгдүгээр тэргүүлэх чиглэл: Салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангах, мал аж ахуйн салбарт сайн засаглалыг хөгжүүлэх:
1.1.Мал аж ахуйн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох
 
Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр
 
-
 
-
 
-
 
-
1.2.Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх:
-       төрийн үйлчилгээний алба
-       хувийн хэвшлийн үйлчилгээний нэгж шинээр.
 
 
тоо
 
тоо
 
 
 
0
   
751
 
 
338
 
60
 
 
-
 
75
 
 
 
-
 
135
 
1.3.Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх:
- шинээр бэлтгэх, давтан сургах
  мэргэжилтэн;
- малчны түр сургууль төгсөгчид.
 
 
 
тоо
 
тоо
 
 
 
104
 
25
 
 
 
1272
 
6800
 
 
 
1908
 
  10200
 
 
 
 
2120
 
17000
 
2. Хоёрдугаар тэргүүлэх чиглэл: Малын үржлийн ажил, үйлчилгээг боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх:
2.1.Малын удмын санг хамгаалах ажлын хүрээнд:
-малын удмын сангийн үндэсний цогцолбор
-бүсүүдэд байгуулагдах мал үржүүлэг,  биотехнологийн   салбар.
-зохиомлоор хээлтүүлэх мал
 
 
 
 тоо
     
тоо
 
тоо
 
 
 
0
 
0
 
3200
 
 
 
1
 
3
 
16000
 
 
 
-
 
2
 
24000
 
 
 
 
-
 
-
 
120000
 
2.2.Дотооддоо үйлдвэрлэх, импортоор авах үржүүлгийн бүтээгдэхүүн:
-дотооддоо үйлдвэрлэх үр, хөврөл үр
- импортлох үр, хөврөл үр
.
 
 
 
тоо
 
тоо
 
 
 
21000
 
7000
 
 
 
 
24000
 
20000
 
 
 
 
   60000
 
   30000
 
 
 
 
195000
 
-
 
2.3.Оны эхний малын тоо
үүнээс: төрөл тус бүрээр:
-  тэмээ
-  адуу
-  үхэр
-  хонь
-  ямаа
мян.тол
 
хувь
хувь
хувь
хувь
хувь
43288,
 
0,6
5,1
5,8
42,4
46,1
33343.4
 
0.8
6.4
7.7
44.9
40.2
35298.9
 
0,8
6.8
9.6
45.4
    37.4   
36475.6
 
0,9
8.2
13.8
45,1
32,0
2.4.Нэг малаас авах ашиг шим:
-       цэвэр, эрлийз үнээний  сүү
-       ноолуур
-       нарийн, нарийвтар ноос
-       бүдүүн, бүдүүвтэр ноос
 
305 хоног/ кг
    грамм
кг
кг
 
   1769
 
290
3,9
1,1
 
2217
 
290
4,1
1,2
 
2673
 
300
4,4
1,3
 
3200
 
310
4,9
1,5
 
2.5.Малын бүртгэл мэдээллийн сан, сүлжээг бий болгох: 
-       сүлжээнд хамрагдах нэгж
-       бүртгэлжүүлэх мал, өссөн дүнгээр
 
 
тоо
 
хувь
 
 
0
 
0,3
 
 
338
 
40
 
 
      -
 
60
 
 
-
 
80     
              
3.Гуравдугаар тэргүүлэх чиглэл: Мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, монгол малын эрүүл мэндийг баталгаажуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах:
3.1.Монгол Улс дараахь өвчнөөр тайван, өвчингүй статусыг ДМАЭМБ-аас авах: 
-       үхрийн цээж
-       үхрийн тархины эд сархиатах
-       шүлхий
-       хонь, ямааны цэцэг
 
 
 
 
0
 
0
0
0
 
 
 
 
 
сертификат
 
 
сертификат
 
 
-
 
 
 
 
 
 
 
 
 
 
сертификат
-
 
 
 
 
 
 
 
 
сертификат
3.2.Малыг дараахь төрлийн өвчнөөс эрүүлжүүлэх:
 
-үхэр, тэмээг бруцеллёз өвчнөөс
 
-адууг ям өвчнөөс
 
-адууг халдварт цус багасах өвчнөөс
 
-сүүний үхрийг лейкоз өвчнөөс
 
-бог малыг бруцеллёз өвчнөөс
 
- бруцеллёзоос тайван бус нийт малчин өрх /одоо 3,5-11,7 хувь/
                                                 
 
 
 
хувь
 
хувь
 
хувь
 
 
хувь
 
хувь
 
хувь
 
 
 
98,0
 
97,5
 
99,3
 
 
75,0
 
99,5
 
7,6
 
 
 
98,5
 
99,5
 
99,8
 
 
85,0
 
99,6
 
2,5
 
 
  
    100
 
100
 
100
 
 
100
 
99,7
 
0,3
 
 
 
-
 
-
 
-
 
 
-
 
100,0
 
0,1
3.3.Малын гоц халдварт өвчний дэгдэлт гараагүй байх:
 
Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр
 
 
-
 
-
 
-
 
-
3.4.Сум, дүүрэгт мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн магадлан шинжилгээ хийх чадавхитай болох:
 
Лаборато-рийн тоо
 
120
 
112
 
106
 
-
 
3.5.Малын өвчний оношлогооны явуулын үйлчилгээ бий болгох:
тоо
0
 
25
-
-
3.6.Малын эм, биобэлдмэл /вакцин, оношлуур/-ийг дотооддоо үйлдвэрлэх:
хувь
70
75
85
100
4.Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэл: Уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрсдэл даах чадавхийг сайжруулах:
4.1.Улс, аймаг, сумын отрын бүс нутгийн түвшинд хамгаалалтад авах бэлчээрийн хэмжээ:
 
хувь
 
0,5
 
2,0
 
5,0
 
10
4.2.Малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулан малын тооны дээд хязгаарыг /квот /тогтоох:
Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр
 
-
 
-
 
+
 
-
4.3.Аймаг, сум бүрт өвс, тэжээлийн нөөцийн сан, тэжээлийн цех бий болгох:
 
тоо
 
38
 
150
 
150
 
-
 
4.4.Бэлчээр сайжруулах арга хэмжээ:
-       шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн тоо
 
-       бэлчээрийн хортон, мэрэгч амьтантай тэмцэх талбай
 
 
тоо
 
 
 
мян.га
 
 
1314
 
 
 
700,0
 
 
2400
 
 
 
2000,0
 
 
3600
 
 
 
3000,0
 
 
2686
 
 
 
10000,0
4.5.Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох:
-  малын индексжүүлсэн даатгалд хамрагдах малчин  өрхийн тоо
 
 
 
хувь
 
 
 
3,3
 
 
 
10.0
 
 
 
15,0
 
 
 
 
20,0
4.6.Бэлтгэх тэжээлийн хэмжээ:
-  нийт үйлдвэрлэх тэжээл
 
-үйлдвэрийн аргаар бэлтгэх  тэжээл
тэж.нэгж,
мян. тонн
 
хувь
 
560,5
 
9,6
 
   616,5
 
12
 
700,0
 
30
 
900,0
 
40,0
5.Тавдугаар тэргүүлэх чиглэл: Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж,  бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулал олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгах:
5.1.Мал нядалгааны цех  бий болгох
тоо
25
313
-
-
5.2.Мах, нядалгааны жингээр нийт үйлдвэрлэх махны хэмжээ:
Үүнээс:
-үйлдвэрийн аргаар  боловсруулах
 
      - экспортод гаргах
 
мян.тн
 
 
мян.тн
 
мян. тн
 
223,1
 
 
15,1
 
10,2
 
256,3
 
 
34,8
 
21,0
 
353,8
 
 
70,8
 
33,0
 
 
324,0
 
 
157,0
 
50,0
 
5.3.Нийт үйлдвэрлэх сүүний хэмжээ:
      Үүнээс:
-       үйлдвэрийн аргаар боловсруулах
 
мян.тн
 
мян.тн
 
457,3
 
   16,5
   
447,9
 
    26,9
 
  
523,8
 
52,4
 
622,9
 
124,6
5.4.Дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлсэн, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнд чанараас хамааран урамшуулал олгох
Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр
 
-
 
-
 
-
 
5.5.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний биржийн сүлжээ бий болгох
 
Үйл ажилла-гааны хэрэгжил-тээр
 
-
 
-
 
-
 
-
 
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
            
             6.1.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг дараахь байгууллага хариуцна:
 
6.1.1.төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөтөлбөрийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Үндэсний хороо;
 
6.1.2.хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг холбогдох төрийн захиргааны төв  болон мэргэжлийн байгууллага;
 
6.1.3.хөтөлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг тухайн шатны Засаг дарга, хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага.
 
6.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр боловсруулж, үр дүнг жил бүр тооцож ажиллана.
 
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
 
7.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
 
7.1.1. Улсын болон орон нутгийн төсөв;
7.1.2. Иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
7.1.3. Арилжааны бус хөнгөлөлттэй зээл, тусламж олгох "Монгол мал" хөрөнгө оруулалтын сан байгуулна.
 
7.2."Монгол мал" хөрөнгө оруулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
7.2.1. ашигт малтмалын бүтээгдэхүүний орлого;
7.2.2. улсын төсөв;
7.2.3. гадаад улс, олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл.
 
Найм. Хөтөлбөрийн тайлан, хяналт, шинжилгээ
 
8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн мэргэжлийн алба, газар жил бүрийн 1 дүгээр сард багтаан холбогдох төрийн захиргааны байгууллагад, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 1 дүгээр улиралд багтаан Засгийн газар, Улсын Их Хуралд тайлагнана.
 
8.2.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх ажлыг Засгийн газар хариуцна.
 
8.3.Шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн явцын болон үе шатны хэрэгжилтэд эрх бүхий хөндлөнгийн байгууллага хяналт, шинжилгээ хийж Засгийн газарт тайлагнана.
 
8.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч тодотгол хийж болно.
 
 
 
 
 
 
---о0о---