Хэвлэх DOC Татаж авах
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын
2008 оны 05 дугаар сарын  05-ны өдрийн
163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ 
 
            1.1. Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, худалдан борлуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Захиргааны журмаар эд зүйлийг хураах улсын орлого болгох, устгах талаарх хууль тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны  журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам” болно.
            1.3. Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр буюу удаан хугацаагаар оршин суугч, байнгын оршин суугч цагаач гадаадын иргэн, харъяалалгүй иргэд энэхүү журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
            1.4. Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн захиргааны журмаар хураасан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус Захиргааны зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэд ажиллана.
            1.5. Зөвлөл захиргааны журмаар хураасан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулж улсын орлого болгох, өөр зориулалтаар ашиглах, зохих байгууллагад шилжүүлэх, устгах талаар хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
            1.6. Зөвлөлөөс шийдвэр гаргах бөгөөд шийдвэрт зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, газрын тэмдэг дарж баталгаажуулна. Зөвлөлийн нарийн бичиг нь худалдан борлуулах, устгах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавина.
            1.7. Зөвлөл нь 5-7 хүний сондгой тооны бүрэлдэхүүнтэй Үнэлгээний, Устгалын, Худалдан борлуулах комисстой байна. Зөвлөлийн болон комиссын бүрэлдэхүүнийг Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар батална.
            Зөвлөлийн болон комиссын хурлыг ердийн олонхоос доошгүй бүрэлдэхүүнтэй хийнэ. Комиссоос гаргасан шийдвэрийг Зөвлөлийн даргад танилцуулсны дараа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
            1.8. Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, устгах, өөр зориулалтаар ашиглах асуудлыг тухайн шатны Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.
            1.9. Хураагдсан эд зүйлийг Зөвлөлийн шийдвэргүйгээр борлуулах, бусдад шилжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлээс бусад эд зүйлийг устгахыг хориглоно.
            Хоёр. Эд зүйлийг хураах, улсын орлого болгох
            2.1. Улсын ахлах байцаагч болон улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх) хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлийг үндэслэн хууль бус орлого, эд зүйлийг хураах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг акт үйлдэж шийдвэрлэнэ.
2.2. Хураагдсан эд зүйлийг татан авах, хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах асуудал хариуцсан ажлын хэсэг газрын даргын тушаалаар байгуулж болно. Хураагдсан эд зүйлийг зөрчлийг хянан шийдвэрлэх хүртэл зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтны заасан газарт хадгалж зөрчлийг хянан шийдвэрлэх үед уг эд зүйлийг хураах, эсхүл эзэмшигчид нь буцааж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.
            2.3. Захиргааны журмаар хураагдсан эд зүйл нь хадгалах, тээвэрлэх боломжгүй бол түүнийг битүүмжилж болно. Энэ тохиолдолд битүүмжилсэн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг битүүмжлэлийн лац, тэмдгийг хүлээн авсан тухайн байгууллага, албан тушаалтан, иргэн хариуцна.
            2.4. Зөрчлийн тэмдэглэл хөтлөхгүйгээр эд зүйлийг түр хураан авах, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг акт үйлдэлгүйгээр улсын орлогод оруулахыг хориглоно.
            2.5. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлийг шаардлага хангасан газар, байранд зөрчил гаргасан этгээдийг өөрийг нь, хэрэв боломжгүй бол хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан акт үйлдэж устгана. Энэ тохиолдолд эд зүйлийг устгасан тухай акт, тэмдэглэл үйлдэж Зөвлөлд танилцуулна.
            2.6. Их хэмжээний хүч, хөдөлмөр, хөрөнгө шаардсан эд зүйлийг хураах ажлыг гэрээ байгуулсны үндсэн дээр бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж болно.
            2.7. Амьд амьтан хураагдсан тохиолдолд зөрчил гаргагчийг байлцуулан, боломжгүй бол хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийн оролцоотойгоор байгальд нь эргүүлэн тавьж болно. Энэ тохиолдолд акт, тэмдэглэл үйлдэнэ.
            2.8. Энэ журмын 2.6-д заасан тохиолдолд тухайн эд хөрөнгийг газар дээр нь устгах шаардлагатай байсныг тэмдэглэл, фото зураг, видео бичлэг хийх зэргээр боломжтой бүхий л аргаар нотолж  баримтжуулна.
            2.9. Захиргааны журмаар хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл, химийн болон цацраг идэвхит бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд заавал хамруулсны үндсэн дээр зөвлөлөөс худалдан борлуулах, эсвэл устгах шийдвэр гаргана. Эзэн холбогдогч тодорхойгүй, төлбөрийн чадваргүй тохиолдолд шинжилгээг Нэгдсэн төв лабораторид үнэгүй хийнэ.           
2.10. Тоо хэмжээний хувьд бага, дээжинд өгөх бололцоогүй, Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эд зүйлийг шинжилгээнд хамруулалгүй устгалд оруулна.
2.11. Захиргааны журмаар хураасан эд зүйлийг хадгалах, битүүмжлэхдээ тоо ширхэг, чанарыг тодорхой зааж, хадгалах үүрэг бүхий этгээдэд гарын үсэг зурж, хүлээлгэн өгнө./УМХГ-ын 2008 оны 235-р тушаалаар нэмэлт орсныг тусгав/

Гурав. Эд зүйлийг үнэлэх

3.1. Хурааж, улсын орлого болгосон эд зүйлийг Үнэлгээний комиссын дүгнэлтийг үндэслэн зохих байгууллагад шилжүүлэх эсвэл ямар нөхцөлөөр, хэрхэн худалдах тухай шийдвэрийг Зөвлөлөөс гаргана.
3.2.    Үнэлгээний комисс захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг тухайн үеийн зах зээлийн дундаж  үнээр тогтооно. /УМХГ-ын 2008 оны 235-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
3.3. Хураагдсан эд зүйлийн зах зээлийн үнийн талаар мэдээлэл байхгүй бол холбогдох мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг авна.
3.4. Үнэлгээний комиссоос үнэ тогтоосон тухай дүгнэлт гаргана. Дүгнэлтэд тухайн эд зүйлийн үнийг тогтоосон үндэслэл, тоо хэмжээг бичнэ.
3.5. Дүгнэлтэд комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна. Дүгнэлтийг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
3.6. Хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах явцад зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөх, эсвэл бусад шалтгаанаар тогтоосон үнээр борлогдохгүй бол эд зүйлд дахин үнэлгээ тогтоож болно.
3.7. Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг ялгалт хийж, тус бүрд үнийг тогтоож болно.          
3.8. Үнэлгээний комисс тухайн эд зүйлийн тоо ширхэг, чанарыг нарийвчлан тогтоож, үнэлгээ тогтоосны дараа Худалдан борлуулах комисст тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө. /УМХГ-ын 2008 оны 235-р тушаалаар нэмэлт орсныг тусгав/
 
 
Дөрөв. Эд зүйлийг устгах
4.1. Устгалын комисс Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эд зүйл устгах ажлыг зохион байгуулна. 
4.2.          Эд зүйл устгахад холбогдох байгууллагын болон хөндлөнгийн байгууллагын төлөөлөгч, зөрчил гаргасан этгээдийг байлцуулж болно.
4.3.          Устгалын комисс эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл, акт үйлдэнэ. Актыг 2 хувь үйлдэх бөгөөд актад устгасан эд зүйлийн нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, үнэ болон устгахад гарсан зардлын хэмжээ, хэзээ, хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэрхэн устгасан тухай бичиж, устгалын үйл ажиллагаанд оролцсон комиссын бүрэлдэхүүн, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, хөндлөнгийн гэрч, байлцсан хүмүүс гарын үсэг зурна. Тэмдэглэлийг 1 хувь үйлдэх бөгөөд тэмдэглэлд устгалын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй бичнэ. Тэмдэглэлд комиссын дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн комиссын гишүүн гарын үсэг зурна.
4.4.    Эд зүйлийг зориулалтын газар, байранд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй арга, хэрэгслээр устгана. Устгах газар, арга, хэрэгслийн талаар холбогдох газраас санал авна.
4.5.    Хураагдсан эд зүйлийг устгалд оруулахаар тээвэрлэх, ачиж буулгах зэрэг бусад үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
Тав. Эд зүйлийг худалдан борлуулах
5.1.          Зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу эд зүйлийг худалдан борлуулах ажлыг Худалдан борлуулах комисс зохион байгуулна.
5.2.          Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлага худалдаагаар болон бусад хэлбэрээр худалдан борлуулж болно. Эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2005 оны 118 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлагын худалдаагаар худалдан борлуулах журам”-ыг баримтална.
            5.3. Эд зүйлийг худалдан борлуулахад Худалдах, худалдан авах тухай гэрээг Худалдан борлуулах комиссын дарга бичгээр байгуулна. Комиссын гишүүдийн ердийн олонхийн бүрэлдэхүүнээр худалдан борлуулсан эд зүйлийг шилжүүлэн өгч, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд Худалдан борлуулах комиссын дарга, эд зүйл хүлээлгэн өгөхөд оролцсон комиссын гишүүд, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, худалдан авагч гарын үсэг зурна.
5.4.          Худалдан борлуулах комисс худалдан борлуулсан эд зүйлийн орлогыг улсын төсөвт оруулах бөгөөд дээрх эд зүйлийг хураах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах, магадлан шинжилгээ хийлгэх зэрэгтэй холбогдон байгууллагын төсвөөс гарсан бүх зардлыг баримтаар тооцож буцаан оруулна. /УМХГ-ын 2008 оны 235-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
5.5.    Хураагдсан эд зүйлийг худалдан борлуулах явцад зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөх, дуудлага худалдаагаар борлогдоогүй, эсвэл бусад шалтгаанаар тогтоосон үнээр борлогдохгүй бол Үнэлгээний комиссын саналыг үндэслэн  дахин үнэлэх, хандивлах зэрэг асуудлыг Зөвлөл шийдвэрлэнэ.
5.6.    Худалдан борлуулах явцад чанар байдлаа алдсан, муудсан зэрэг шалтгаанаар худалдан борлуулах боломжгүй болсон эд зүйлийг устгах саналыг Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
Зургаа. Бусад
6.1.          Энэ журмыг зөрчиж эд зүйл, хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгосон, худалдсан, устгасан, бусдад шилжүүлсэн бол холбогдох хуулийн дагуу
хариуцлага хүлээлгэнэ.
6.2.          Улсын байцаагч захиргааны журмаар хураан авсан эд зүйлийг Улсын мэргэжлийн хяналтын газрын агуулахад хадгалах тохиолдолд газрын аж ахуйн няравт баримтаар хүлээлгэн өгнө.
6.3.    Зөвлөл Үнэлгээний, Худалдан борлуулах болон Устгалын комиссын ажлын тайланг улирал бүр авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө.
6.4.    Ажлын нөхцөл, онцлог байдлыг үндэслэн Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Үнэлгээний, Худалдан борлуулах болон Устгалын комиссын гишүүдэд улиралд 50000 хүртэл төгрөгийн урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээг гишүүдийн идэвх оролцоо, ажлын үр дүнг харгалзан тухай бүр ялгавартай тогтоож олгоно.
/УМХГ-ын даргын 2008 оны 235 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав. /