Хэвлэх DOC Татаж авах
Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 112  дугаар тушаалын хавсралт
 
БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ,
ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ
 
1.      НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.  Энэхүү журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.  Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1.     “Журам” гэдэгт энэхүү журмыг,
1.2.2.     “Хууль” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийг,
1.2.3.      “Барааны тэмдэг” гэдэгт Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тодорхойлолтыг,
1.2.4.     “Барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг,
1.2.5.     “Гэрчилгээ” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан баримт бичгийг,
1.2.6.     “Шуудан” гэдэгт Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тодорхойлолтыг.
2.      БАРААНЫ ТЭМДГИЙН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ
2.1.  Мэдүүлэг гаргагч нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан этгээд байна. Хэрэв мэдүүлэг гаргагч нь Монгол Улсад албан ёсны хаяггүй, эсвэл тус улсын нутаг дэвсгэрт бодитойгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй этгээд байвал мэдүүлгээ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана.
2.2.  Мэдүүлэг нь хуулийн 6.4.1-т заасны дагуу Журмын хавсралт болгон баталсан БТ-01 маягтын дагуу гаргасан өргөдөл болон хуулийн 6.4-т заасан бусад зүйлүүдээс бүрдэнэ.
2.3.  Мэдүүлэгт тэмдгийн 5 ширхэг дүрслэл хавсаргана. Дүрслэлийг бодит харьцааг нь алдагдуулахгүйгээр, хамгийн багадаа 10 см х 10 см хэмжээтэй талбайд багтааж хэвлэсэн байна.
2.4.  Мэдүүлгийн бичвэрийн хэсгийг Arial font, 12 хэмжээгээр бичнэ. Хэрэв мэдүүлж байгаа тэмдэг нь үгэн тэмдэг байвал Arial font-оор, 12 –оос доошгүй хэмжээгээр бичнэ.
2.5.  Мэдүүлэг гаргагч нь өөрийн мэдүүлж буй барааны тэмдэг Хуулийн тавдугаар зүйлд заагдсан барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан үзэж мэдүүлгээ ирүүлнэ. Ялангуяа дараах зүйлүүдийг барааны тэмдгээр мэдүүлэхээс зайлсхийвэл зохино. Үүнд:
2.5.1.     ямарваа график гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоо;
2.5.2.     ямар нэг зохиомж үүсгээгүй энгийн зураас, геометрийн энгийн дүрс;
2.5.3.     шинжлэх ухаан, техникийн аливаа салбарын тэмдэглэгээ, нэр томъёо;
2.5.4.     мэдүүлж буй барааны тэмдгийг хэрэглэх бараа, үйлчилгээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёо;
2.5.5.     хэрэглээний явцад тухайн бараа, үйлчилгээ болон тэдгээртэй нэг төрлийн бараа, үйлчилгээний түгээмэл нэр болсон үг;
2.5.6.     тухайн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрөл;
2.5.7.     тухайн бараа, үйлчилгээний шинж чанарыг заасан үг, хэллэг;
2.5.8.     тухайн бараа, үйлчилгээнд хамаарах магтаалын шинж чанартай үг, хэллэг;
2.5.9.     тухайн барааны найрлага, орц зэргийг тодорхойлсон үг, нэр томъёо, тодорхойлолт;
2.5.10.   тухайн бараа, үйлчилгээний тоо хэмжээ, жин, багтаамж, чанар, зориулалт, үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг, хэрэглэх арга, хугацаа зэргийг тайлбарласан, илэрхийлсэн үг, хэллэг, нэр томъёо, тодорхойлолт, дүрс;
2.5.11.   тухайн барааны бодит, тойм, эсвэл гурван хэмжээст дүрслэл;
2.5.12.    ялгагдах шинж чанаргүй ердийн сав, баглаа боодлын дүрс;
2.5.13.    тухайн бараа, үйлчилгээний чанар, түүнийг үйлдвэрлэгч, эсвэл тухайн бараа, үйлчилгээний гарал үүслийн талаар хэрэглэгчдэд бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлж болох илэрхийлэл.
2.6.   Хуулийн 5.1.4-т заагдсан “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл” гэдгийг “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлогдсоноор ойлгоно.
2.7.   Хуулийн 5.1.5-д заагдсан “Монгол Улсын түүхэн хүмүүс” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон түүхэн хүмүүс гэж ойлгоно.
2.8.   Хуулийн 5.2.2-т заагдсан “Монгол Улсын нэрд гарсан хүн” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон “нэрд гарсан  хүн” гэж ойлгоно.
2.9.   Мэдүүлэгт тухайн тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг (үгэн, эзлэхүүнт, дуу авиа г.м.) зааж, дүрсээр илэрхийлэгдсэн тэмдгийн хувьд БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт тухайн тэмдэг эсхүл түүний бүрдэл хэсэг нь ямар дүрс агуулж байгаа болон шаардлагатай тохиолдолд ямар утга агуулж байгаа болохыг үгээр тайлбарлан бичнэ.
2.10.  Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь дуу авиагаар илэрхийлэгдэж байгаа бол мэдүүлэгт бичлэгийг хавсаргаж, БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлаж бичих, эсхүл хөгжмийн нотоор илэрхийлэх, эсхүл түүний сонограмыг хавсаргана.
2.11.  Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь өнгөөр илэрхийлэгдэж байгаа бол эсхүл тухайн тэмдгийг өнгөтөөр нь бүртгүүлэх хүсэлтэй бол өнгийг зааж бичнэ.
2.12.  Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь гурван хэмжээст дүрс байвал түүний ерөнхий байдлын зургийг хавсаргах бөгөөд үүний хамт тухайн тэмдгийн талаар хангалттай мэдээлэл өгөхүйц хоёр ба түүнээс дээш талаас нь харуулсан зургийг хавсаргана.
2.13.  Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь үнэрээр илэрхийлэгдэж байгаа бол БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт түүнийг үгээр тайлбарлаж бичих эсхүл түүний химийн томъёог бичнэ.
2.14.  Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь хөдөлгөөнт тэмдэг байвал БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлан бичиж, түүний дүрс бичлэгийг хавсаргана.
2.15.  Хуулийн 6.2 болон Журмын 2.1-д зааснаар мэдүүлгийг итгэмжлэгчдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол мэдүүлэгт Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-02-ыг хавсаргана.
2.16.  Хуулийн 6.7-д заагдсан “хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээд” гэдгийг мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаарийн дэс дарааллаар тогтооно.
  
3.      БАРААНЫ ТЭМДГИЙН МЭДҮҮЛГИЙН БҮРДЛИЙГ ХЯНАХ
3.1.  Мэдүүлгийг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт бүртгэлийн дугаар (БД)  олгож, мэдүүлэг дээр тэмдэглэл үйлдэнэ. Мэдүүлгийг хүлээн авч, бүртгэлийн дугаар олгосон тухай Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-03-ын дагуу мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдэхдээ маягт БТ-03-ыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
3.2.  Мэдүүлгийн бүрдлийн хяналтыг мэдүүлэг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.1-д заасан хугацаанд, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5-д заасан шалгуураар хянана.
3.3.  Мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар (МУБД) олгож, энэ тухай  БТ-01 маягтын зохих зайнд тэмдэглэл үйлдэнэ.
3.4.  Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.2-д заасан мэдэгдлийг  Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-04-ын дагуу хоёр хувь үйлдэх ба нэг хувийг нь мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
3.5.  Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.3-д заасан мэдэгдлийг Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-05-ын дагуу хоёр хувь үйлдэж, нэг хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
3.6.  Мэдүүлэг гаргагч хуулийн 7.3-д заасны дагуу зохих засварыг хийж заасан хугацаанд бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлнэ. Шуудангаар явуулах тохиолдолд заасан хугацааны дотор шуудангийн байгууллагад өгнө.
3.7.  Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.4-д зааснаар мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээж авснаар тогтоосон бол журмын 3.4-д заасан үйл ажиллагаа явуулж, огноог БТ-01 маягтын зохих зайнд бичнэ.
3.8.  Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасан мэдэгдлийг Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-06-ын дагуу хоёр хувь үйлдэж нэг хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
3.9.  Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцвол энэ тухай тэмдэглэл үйлдэж, материалыг санд шилжүүлнэ.
3.10.  Хуулийн 7.5-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч Журмын 3.5-д заасны дагуу шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, Журмын 3.7-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.
3.11. Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргах зүйлээ бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлэх ба бүртгэлийн мэргэжилтэн тухайн материалыг хангалттай гэж үзвэл энэ талаар тэмдэглэл үйлдэж үндсэн материалд хавсаргана. Мэдүүлэг гаргагч биеэр хүргэж ирэх буюу шуудангаар ирүүлж болно.
3.12. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн  7.7-д заасан мэдэгдлийг маягт БТ-06-ын дагуу 2 хувь үйлдэж 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.
3.13. Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасан хугацаанд мэдүүлэгт хавсаргах зүйлээ ирүүлсэн боловч бүртгэлийн мэргэжилтэн тухайн материалыг хангалтгүй эсвэл дутуу байна гэж үзвэл хуулийн 7.7-д зааснаар хугацаанд нь ирүүлээгүйд тооцож Журмын 3.12-д заасан үйл ажиллагааг явуулна.
3.14.  Хуулийн 7.7-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу ирүүлэхээр шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.6-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, Журмын 3.11-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.
3.15.Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлгийг барааны тэмдгийн шинжээчид шилжүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
4.      БАРААНЫ ТЭМДГИЙН МЭДҮҮЛЭГТ ШҮҮЛТ ХИЙХ
4.1.  Хуулийн 8.1-д заагдсан шүүлтийг барааны тэмдгийн шинжээч хийж, дүгнэлт гаргана.
4.2.  Хуулийн 8.2-д заасны дагуу шүүлт хийх хугацааг сунгах шаардлагатай эсэх талаaр болон сунгах хугацааны талаархи саналыг мэдүүлэгт шүүлт хийж буй шинжээч Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-07-ийн дагуу хоёр хувь гаргаж хариуцсан хэлтсийн даргад танилцуулна. Хэлтсийн дарга саналыг баталснаар хугацаа сунгагдсанд тооцогдоно. Шинжээч маягт БТ-07-ийн нэг хувийг бүртгэлийн мэргэжилтнээр дамжуулан мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээж хугацаа сунгагдсан талаар мэдэгдэнэ.
4.3.  Хуулийн 8.3-д заагдсан (барааны тэмдэг хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тухай) дүгнэлт гаргасан шинжээч Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-08-ийн дагуу тэмдэглэл үйлдэж, материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ.
4.4.  Хуулийн 8.4-д заагдсан (барааны тэмдэг хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тухай) дүгнэлт болон урьдчилсан шийдвэрийг гаргасан шинжээч Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-09-ыг 2 хувь үйлдэж, 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээж энэ тухай мэдэгдэнэ.
4.5.  Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч бүртгэлийн мэргэжилтэнд бичгээр ирүүлнэ. Хэрэв шуудангаар илгээсэн бол хуулийн 8.5-д заасан хугацаанд шууданд өгснийг заасан хугацаанд ирүүлсэнд тооцно.
4.6.  Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд хугацаанд нь ирүүлсэнд тооцно.
4.7.  Хуулийн 8.6-д заасан хариуг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн урьдчилсан дүгнэлт гаргасан шинжээчид шилжүүлнэ. Хүлээн авсан шинжээч уг заалтанд заасан хугацаанд эцсийн шийдвэр гаргана. Барааны тэмдгийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол энэ тухай маягт БТ-08-ийн дагуу тэмдэглэл үйлдэж материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ. Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэрийг гаргасан бол Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-09-ийг 2 хувь үйлдэж материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ.
4.8.  Бүртгэлийн мэргэжилтэн маягт БТ-09-ийн 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээж, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гарсан тухай мэдэгдэнэ.
4.9.  Хуулийн 8.7-д заасан эцсийн шийдвэрийг шинжээч гаргаж, маягт БТ-10-ийг 2 хувь үйлдэн бүртгэлийн мэргэжилтэнд материалын хамт шилжүүлнэ. Бүртгэлийн мэргэжилтэн маягт БТ-10-ийн 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээж, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гарсан тухай мэдэгдэнэ.
4.10. Хуулийн 8.8-д заагдсан мэдүүлэгт оруулах өөрчлөлтийн талаархи хүсэлтийг мэдүүлэг гаргагч бичгээр гаргана. Хүсэлтийг бүртгэлийн мэргэжилтэн хүлээн авч, барааны тэмдгийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсны дараа шүүлт хийж буй шинжээчид шилжүүлнэ.
4.11. Хуулийн 8.9-д заагдсанаар мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн мэдүүлгийг салгах бол салгаж буй ангиллыг заасан мэдүүлгийг шинээр гаргана. Ийнхүү шинээр гаргаж буй мэдүүлгийн анхдагч огноо нь өмнө гаргасан мэдүүлгийн анхдагч огноогоор тогтоогдоно. Ангиллыг салгасан шинэ мэдүүлэг гаргах, түүнийг хянах үйл ажиллагаа ердийн байдлаар явагдана.
 
 5.      БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ
5.1.  Бүртгэлийн мэргэжилтэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр буюу тушаал, түүний хавсралтын төслийг бэлтгэж, бичигдсэн гэрчилгээний хамт эрхэлсэн сайдад хүргүүлнэ.
5.2.  Бүртгэлийн мэргэжилтэн эрхэлсэн сайдаас тушаал болон бичигдсэн гэрчилгээг хүлээн авч, тушаалын дугаарыг гэрчилгээн дээр бичнэ.
5.3.  Төлбөр төлсөн баримтыг мэдүүлэг гаргагчаас авсны дараа гэрчилгээг гардуулан өгөх буюу шуудангаар илгээж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, мэдүүлэг гаргагчаар гарын үсэг зуруулна.
5.4.  Хуулийн 9.5-д зааснаар барааны тэмдгийн ном зүй, дүрсийг нийтэд мэдээлэхдээ уг барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гарсны дараагийн сарын дугаарт нийтлэнэ.
5.5.  Хуулийн 9.5-д заагдсан ном зүй нь ДОӨБ-ын стандарт ST60-ын дагуу барааны тэмдгийн ном  зүйн мэдээллийг ижилтгэх олон улсын код бүхий улсын бүртгэлийн дугаар; мэдүүлгийн дугаар; бүртгэл хүчинтэй байх огноо; анхдагч огноо; бүртгэлийн хүчинтэй байх хугацаа; давамгайлах огноо; давамгайлах огноо авсан улсын код болон дугаар; эзэмшигчийн нэр, хаяг; итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг; хамгаалалтанд хамрагдаагүй үг, дүрс; барааны тэмдгийн дүрсийн ангилал; бүртгэгдсэн барааны тэмдэг, түүнд хамаарах бараа, үйлчилгээний жагсаалтаас бүрдэнэ.
 
6.      БАРААНЫ ТЭМДГИЙН БҮРТГЭЛИЙН ХҮЧИНТЭЙ БАЙХ ХУГАЦААГ СУНГАХ
6.1.  Хуулийн 9.3-д заасан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг барааны тэмдэг эзэмшигч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Журмын хавсралтаар батлагдсан маягт  БТ-11-ын дагуу, хуулийн 10.2-д заасан хугацаа /бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор/ -ны дотор бичгээр гаргана. Хүсэлтэнд хуулийн 9.4-т заасны дагуу төлсөн тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хураамжийн баримтыг хавсаргана. Бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээ бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээнээс өөрчлөгдөхгүй.
6.2.  Хуулийн 9.3-т заасан хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн 10.2-т заасан хугацаанд барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллага хүлээн аваагүй бөгөөд эзэмшигч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурдсан хугацаанд багтаан хүсэлтийг шуудангаар илгээснээ нотолж чадвал хүсэлтийг хугацаанд нь багтаан гаргасанд тооцно.
6.3.  Бүртгэлийн мэргэжилтэн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн аваад бүрдлийг хянаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
6.4.  Хуулийн 10.2-т заасан хугацаа дууссан тохиолдолд тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцож, бүртгэлийн мэргэжилтэн энэ тухай барааны тэмдгийн улсын бүртгэлд тэмдэглэл үйлдэнэ. Ийнхүү барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсон тухай эзэмшигчид нь мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Тухайн барааны тэмдэгт холбогдох цаасан материалыг хүчинтэй барааны тэмдгийн сангаас хасч хүчингүйд тооцогдсон барааны тэмдгийн санд шилжүүлнэ.
 
7.      БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН НЭР, ХАЯГ ӨӨРЧЛӨГДӨХ ҮЕД УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
7.1.  Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэхдээ Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-12-ийн дагуу ирүүлнэ. Хүсэлтэнд барааны тэмдгийн гэрчилгээг хавсаргана.
7.2.  Бүртгэлийн мэргэжилтэн мэдэгдлийг хүлээн авч, бүрдлийг хянаад, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
8.      БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
8.1.  Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-13-ийн дагуу ирүүлнэ. Хүсэлтэд барааны тэмдгийн гэрчилгээ болон хураамж төлсөн баримтыг хавсаргана.
8.2.  Хүсэлтэнд дараах зүйлүүдийг заана.
8.2.1.     эзэмшигчийн нэр, хаяг;
8.2.2.     шинэ эзэмшигчийн нэр, хаяг;
8.2.3.     шинэ эзэмшигч нь аль нэг улсын иргэн бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсад оршин суудаг бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсын нутаг дэвсгэрт бодитойгоор, хууль ёсны үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бол тухайн улсын нэр,
8.2.4.     шинэ эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний эрх зүйн байдал, улсын нэр,
8.2.5.     эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,
8.2.6.     эзэмшигчийн харилцах хаяг,
8.2.7.     шинэ эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,
8.2.8.     шинэ эзэмшигчийн харилцах хаяг.
8.3.  Гэрээ байгуулсны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай заах ба маягтын холбогдох хэсгийг бөглөнө.
8.4.  Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай заах ба өөрчлөн байгуулагдсаныг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ нь бүртгэлийн байгууллагын лавлагааны хуулбар байж болох бөгөөд хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг эрх бүхий этгээдээр гэрчлүүлсэн байна.
8.5.  Бүх хамтран эзэмшигч биш, харин нэг буюу хэд хэдэн хамтран эзэмшигч нь өөрчлөгдөх, энэ өөрчлөлт нь гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас үүсч байвал өөрчлөлтөнд хамрагдаагүй хамтран эзэмшигчээс ийм өөрчлөлт орохыг тусгайлан зөвшөөрч гарын үсэг зурсан баримт бичгийг хүсэлтэнд хавсаргана.
8.6.  Гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас бус хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэрийн улмаас эзэмшигч өөрчлөгдвөл хүсэлтэнд энэ тухай заах ба энэ өөрчлөлтийг нотолсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг эрх бүхий этгээдээр гэрчлүүлсэн байна.
8.7.  Эзэмшигчийн өөрчлөлт нь хэд хэдэн барааны тэмдгийн бүртгэлд хамаарч байгаа ч бүртгэл бүрийн хувьд эзэмшигч болон шинэ эзэмшигч нь ижил бол холбогдох бүртгэлийн дугааруудыг бүгдийг заасан тохиолдолд нэг хүсэлт гаргаж болно.
8.8.  Хүсэлт эсвэл хавсаргасан баримт бичигт агуулагдсан аливаа заалтын үнэн зөв эсэхийн хувьд эргэлзэх үндэслэл байвал нэмэлт нотолгоо гаргаж өгөхийг хүсэлт гаргагчаас бүртгэлийн мэргэжилтэн шаардаж болно.  Бүртгэлийн мэргэжилтний тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлээгүй бол хүсэлт гаргаагүйд тооцно.
9.      БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИЛАЛ БОЛОН НЭРСИЙН ЖАГСААЛТААС ХАСАЛТ ХИЙХ ҮЕД БАРААНЫ ТЭМДГИЙН УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
9.1.  Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийхэд барааны тэмдэг эзэмшигчийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэнэ. Барааны тэмдэг эзэмшигч нь хүсэлтээ Журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-14-ийн дагуу гаргах ба барааны тэмдгийн гэрчилгээ болон холбогдох хураамж төлсөн баримтыг хавсаргана.
 
10. БАРААНЫ ТЭМДГИЙН ОЛОН УЛСЫН МЭДҮҮЛГЭЭР МЭДҮҮЛСЭН БАРААНЫ ТЭМДЭГТ ШҮҮЛТ ХИЙХ
10.1.  Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх, түүнийг бүртгэхэд Журмын холбогдох заалтыг баримтална.
 
11. БАРААНЫ ТЭМДГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН ОЛГОХ
11.1.   Барааны тэмдгийн гэрчилгээ эзэмшигч нь барааны тэмдгийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар дахин авахыг хүсвэл хүсэлт гаргана. Хүсэлтэнд дахин авах болсон шалтгааныг тодорхой зааж өгөх ба боломжтой бол уг шалтгааныг нотлох баримтыг хавсаргана.
11.2.  Бүртгэлийн мэргэжилтэн хүсэлтийг хүлээн авч хянан үзээд гэрчилгээг дахин олгох боломжтой гэж үзвэл барааны тэмдгийн бүртгэлд энэ тухай тэмдэглэл үйлдэж гэрчилгээг дахин олгоно.