Хэвлэх DOC Татаж авах
Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны12 дугаар сарын 15-ны өдрийн
349 дугаар зарлигийн хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙН ДҮРЭМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн мөн.
 
1.2. Бүх цэргийн Их Хар сүлд нь сүлдийн аялгуу, судар / сан/, дуудлагатай байна.
 
1.3. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын, Хилийн, Дотоодын цэргийн ангиудын байлдааны тугийн оройд Бүх цэргийн Их хар сүлдийн төлөөллийг илэрхийлсэн дог байна. Энэхүү догний хэлбэр, хэмжээг Цэргийн ангийн байлдааны тугийн тодорхойлтод тусгана.
 
1.4.  Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол Улсад ганц байх бөгөөд түүнийг онголон дархалж, тахин шүтнэ. Сүлдийг бөхийлгөх, унагах, дуурайлган хийх, сүлдэчээс бусад хүн хар хүрэх, хөдөлгөхөөс цээрлэнэ.
 
Хоёр. Бүх цэргийн Их хар сүлдийн тодорхойлолт
 
2.1. Бүх цэргийн Их Хар сүлд нь их сүлд, түүний дөрвөн (баруун өмнөт, баруун хойт, зүүн өмнөт, зүүн хойт) зовхист байрлах дөрвөн элч сүлдтэй байна.Тэдгээр нь титэм, дээвэр туурга, залаа, бүч, бүслүүр, шилбэ, суудал, нөмрөгөөс бүрдэнэ.
 
2.2. Их сүлд бол Чингис хааны үеэс төр,  цэргийн сүллд шүтээн болгосон хараа ихт Хар сүлдийн залгамж онгон догшин шүтээн мөн.Их сүлдийг зөвхөн тайлгын үед өргөөнөөс залж гаргана. Сүлдийг алс хол аялуулахыг хориглоно.
 
Их сүлдийн титэм нь алтадсан  эвэр угалзан жийжүүтэй 25.8 см урт гилбэр 6,6*10 см-ийн хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр ган зангилаанаас бүрдэнэ.
 
Дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ.
 
Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж. Наян нэгэн сүвэгч гаргасан байна.
 
Залааг хар зүсмийн азарганы 40-60см урттай хөхөл дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийнэ.Бүч 55 см, бүслүүр 35 см урттай байна.Залааны гадуур хар дэлний үсээр хялгасанханан сүлжээс гарган бүрж, бүч бүслүүртэй холбоно.Бүс, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна.
Аяны болон суурин хоёр шилбэ байна. Шилбийг 3,5см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож өнгөлөн байна.
Суудлыг хээ товойлгон сийлсэн 44*33*33-ын харьцаатай хөх саарал боржин чулуугаар бүтээнэ.
Нөмрөг нь битүү төрсөн хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна.
 
2.4. Дөрвөн элч сүлд гь нэр, гилбэрийн хэлбэр, эрдэнийн чулуугаараа ялгагдана.
 
2.4.1 Өмнийн  элч сүлд. Гилбэр нь монгол цэргийн “хатгуурст зэв” хэлбэртэй, номин шигтгээтэй.Их сүлдийн баруун өмнө талд байрлана.
 
2.4.2. Өрнийн элч сүлд. Гилбэр нь монгол цэргийн “Үет зэв” хэлбэртэй, сувдан шигтгээтэй. Их сүлдийн баруун хойт талд байрлана.
 
2.4.3. Умрын элч сүлд.Гилбэр нь монгол цэргийн “ Учимаг зэв” хэлбэртэй, оюу шигтгээтэй.Их сүлдийн зүүн хойт талд байрлана.
 
2.4.4. Дорнын элч сүлд. Гилбэр нь монгол цэргийн “Морьч хар зэв” хэлбэртэй, шүр шигтгээтэй.Их сүлдийн зүүн өмнө талд байрлана.
 
Гурав. Бүх цэргийн Их Хар сүлдийн бэлгэдлийн тайлбар
 
            3.1. Тэнгэрээс заяат үлэмжийн их Чингис хаан Монгол туургатныг нэгтнэж төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаа мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн Хар сүлдээ бүх монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир , түүнийг өдгөө бид уламжлан авч, монгол улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.Бүх цэргийн их хар сүлд нь гүн гүнзгий бэлгэдэл, утга санааг шингээсэн байна.
 
            3.2. Бүх цэргийн Их хар сүлдийн оройн гилбэр эртний монгол цэргийн холч тусгалтай, хүчтэй сумын зэв хэлбэртэй байна.Энэ нь ганцхан байгаа нь цэргийн хүн олон санаагүй, шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай.
 
            3.3. Их сүлдийн гангаар хийсэн дөрвөн цэцэг монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг бэлгэдэнэ. Дөрвөн элч сүлдэнд товойлгон хадсан гэрэгэний алтадмал дүрстэй, эрдэнийн чулуун шигтгээтэй дөрвөн талттолт уг сүлд монгол орон дөрвөн зүгт харгалдах дайсангүй амар түвшин байж, монгол цэргийн сүр хүч дөрвөн зүгтээ мандаж байхыг бэлгэдэн элч сүлд болохыг илтгэнэ.
 
            3.4. Хоёр бөөрөнхий цул ган бат найман зангилааг төлөөлж, улс хотлоор эв нэгдэлтэй байхыг бэлгэдэл юм.
 
            3.5.Сүлдийн дээвэр туурга тусгаар Монгол Улс гэсэн утгыг илэрхийлж монгол гэрийн хэлбэртэй байна. Туурган  дээрх наян нэгэн сүвэгч улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай  байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэдэнэ.
 
            3.6.Залааг хар азарганы хөхөл дэлээр хийсэн нь сүргийн манлайн сүр хүч дэлэндээ  байдгийн адил улсын сүр хүч цэрэгтээ байна.Тэрхүү сүр хүчээр дайсныг номхотгон дарна гэсэн утгыг илэрхийлнэ.Харьшгүй хатууг илэрхийлсэн хар өнгө монгол     цэргийнсүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэдэнэ.
 
            3.7. Их хар сүлдийн дөрвөн бүч, бүслүүр хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгөтэй хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн доор Бүх уэргийн Их Хар сүлдээ залж байгааг илэрхийлнэ.
            Элч сүлдийн дөрвөн бүч, бүслүүрийг ногоон өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн хамар хийж, шар өнгийн торго хавчуулан урласан нь тэнгэр эцэг, газар эх, алтан нар монгол цэргийн сүр хүч, сүлд хийморийг мөнхөд тэтгэн бадруулж байхыг бэлгэдэнэ.
            Бүслүүр нь туурга тусгаар орны хилийн дээс юм.Бүч, бүслүүрийн уулзвар дээр бэхблсэн дөрвөн толь дөрвөн зүг наймаан зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн зайлуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэдэнэ.
 
            3.8. Сүлдийн шилбийг эртний тахилгат Хэнтий хан уулын хус модоор хийнэ.
 
            3.9. Суурийн чулууг Монгол Улсын газар нутгийн төв, Их Монгол Улсын нийслэл  “ Хар хүрэм” орчмын боржин чулуугаар хийж, бат бэхийг бэлгэдэн хээ товойлгон цохино.
 
            3.10. Сүлдинй нөмрөгийг битүү төрсөн хар зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь монгол цэргийн хишиг буян арвижихын бэлгэдэл юм.
 
Дөрөв. Бүх Их Хар сүлдийг хадгалах хамгалах
 
4.1. Бүх цэргийн Их хар сүлдийг тусгай өргөөнд залж байрлуулан байнгын хамгаалалттай байлгана.Хамгаалалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-д заасан ёсоор зохион байгуулна.
 
            4.2. бүх Цэргийн Их хар сүлдийн өргөө монгол үндэсний цомцог ордны хэлбэртэй гэр байх ба мөнх  тэнгэр харагдах шилэн хааллттай тоонотой байна.
 
            4.3. Бүх цэргийн Их хар сүлдийг өргөөний голд шилэн хоргонд босоо байрлуулна. Өргөөнд Бүх цэргийн Их Хар сүлдийн сангийн судар, түүх, хэнгэрэг, бүрээ “Их эзэн Чингис хаан” шүтээн хөрөг, монгол цэргийн нум сум, илд, бамбай, ган тулга Мухулай, Боорчи нарын хөрөг зүргийг хүндэтгэлтэй зүлж байрлуулна. ./Энэ хэсэгт 2013 оны 14-р зарлигаар орсон нэмэлтийг тусгав/
 
            4.4. Их сүлд болон элч сүлд тус бүрдээ сүлдэч нэг, сүлд хамгаалагч хоёртой байна. Сүлдэч , сүлд хамгаалагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилно.
 
            4.5. Сүлдэч, сүлд хамгаалагч төрийн ёслолын хүндэт харуулын ёслолын  дүрэмт хувцастай байна.
 
            4.6. Их сүлдийг сүлдэч сүлдэч нарыг халж сүлдийг халгалах, арчлах, байрнаас нь хөдөлгөх, залах ажлыг удирдаж, дараахь үүргийг биелүүлнэ.
 
            4.6.1. Сар бүрийн шинийн гурван, найман, арван таван, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, дунд сарын хорин нэгэн, зуны дунд сарын арван таван, өвлийн тэргүүн сарын арван хоёрон, дунд сарын хорин гурванд Их хар сүлдийн сангийн судрыг уншиж, арц, хүж уугиулан, зул өргөж Бүх цэргийн Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж байх:
 
            4.6.2. Бүх цэргийн Их хар сүлдийг иргэдэд үзүүлж, тайлбарлах, сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах:
 
            4.6.3. Бүх цэргийн Их хар сүлд, түүний өргөө, өргөөнд залсан зүйлсэд 14 хоногт нэг удаа үзлэг хийж бүрэн бүтэн байдлыг шалгаж, илэрсэн дутагдлыг засах арга хэмжээ авч, энэ тухай Батлан хамгаалахын сайд,ЗХЖШ-ын даргад илтгэх:
 
            4.6.4. Бүх цэргийн Их хар сүлд, түүний өргөөнд хийсэн үзлэгийн бүртгэл хөтөлж, түүнд үзлэг хийёэн он, сар, өдөр, илэрсэн дутагдал, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээг тэмдэглэх:
 
            4.6.5. Бүх цэргийн Их хар сүлдийн түүхийг баяжуулж хөтлөх;
 
            4.6.6. Бүх цэргийн Их хар сүлдэнд холбогдох хууль , дүрмийн биелэлтэнд хяналт тавих;
 
            4.7. Бүх цэргийн Их хар сүлд, түүний дагалдах зүйдсэд ашиглалт,хадгалалт, элэгдлийн ул гарсан эвдрэл гэмтлийг засварлах, солих шаардлага гарсан тохиолдолд  Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргаж, засварлах явцад сүлдэч хар хяналт тавьж нотломж үйлдэнэ.
 
Тав. Бүх цэргийн Их хар  сүүлдийг гардуулах, залж гаргах,
Жагсаалд байрлуулах, буцааж залах
 
 
            5.1. Бүх цэргийн Их хар сүлдийг тайх, цэнгүүлэх үед сүлдийг өргөөнөөс залж гаргах бөгөөд энэ тухай Батлан хамгаалахын сайдын  тушаал гаргана,
 
            5.2. Бүх цэргийн Их хар сүлдийг тайх, цэнгүүлэх үед сүлдийг өргөөнөөс залж гаргах бөгөөд энэ тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гаргана.
 
            5.2. Бүх цэргийн Их хар сүлдийг залж гаргах ,жагсаалд байрлуулах, буцааж залах ажиллагааг Могнол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн жагсаалын дүрэм”-ийг баримтлан гүйцэтгэнэ.
 
            5.3. Бүх цэргийн Их Хар сүлдийг залж жагсаалаар явахдаа дөрвөн цуваагаар явна. Нэгдүгээр цуваанд төрийн хонжин буюу сүлд залагч, хоёрдугаар цуваанд Их сүлд, гуравдугаар цувааны баруун гар талд Өмнийн элч сүлд, зүүн гар талд Өрнийн элч сүлд, дөрөвдүгээр цувааны баруун гар талд Умрын элч сүлд, зүүн гар талд Дорнын элч сүлд явна.
 
 
Зургаа. Бүх Цэргийн Их Хар сүлдийн тайлга
 
6.1. Бүх цэргийн Их Хар сүлдийн тайлга нь төр, цэргийн ид хав, эрдэм чадал, эр зоригийг бадрааж, сүлд хийморийг сэргээх эртний монгол цэргийн уламжлалт зан үйл, ёслол хүндэтгэлийн ажиллагаа мөн. Дайчин уламжлал, баатарлаг үйлсийн баялаг түүхтэй монгол цэрэг, зэвсэгт хүчнээрээ бахархах, үйл хэрэг, үнэт зүйлсийг ньүеийн үед хүндэтгэн дээдэлж, туурга тусгаар Монгол эх орноо хайрлан хамгаалах эх оронч үндэсний үзлийг иргэдэд төлөвшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээний нэг нь энэхүү ёслол болно.
 
 
            6.1.1. Бүх цэргийн Их Хар сүлдийн тайлгыг “Цэнгүүлэх тайлга”, “Цагаалах тайлга” хэмээн ангилна.
 
            6.1.2. Цэнгүүлэх тайлгыг жил бүр цэргийн наадмын өмнө хийнэ. Цэнгүүлэх тайлгад Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалын, Хилийн, Дотоодын цэргийн анги, байгууллагаас төлөөлөгч оролцоно.
 
            6.1.4. Цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд үйлдэнэ.
 
 
6.2. Цэнгүүлэх тайлга.
 
Бүх цэргийн Их Хар сүлдийнг цэнгүүлэх тайлга бол монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Бүх цэргийн Их Хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол, хүндэтгэлийн ажиллагаа мөн.
 
            6.2.1. Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг төрийн хонжин удирдана.
            Тайлгад оролцох цэргийн албан хаагчид болон бусад хүмүүс тайлга үйлдэх газарт тогтоосон журмын дагуу жагссан байна.Энэ үед Бүх цэргийн Их Хар сүлдийг “ Хүлээх байр”-нд залж авчирсан байна. Сүлдийн өмнө тайлгын шүүс, идээ будаа, арц хүж бүхий сагийн бойпор, үултай цөгц зэрэг тайлгад шаардлагатай зүйлсийг өрсөн ширээ тавьсан байна.
 
            6.2.2. Бүх цэргийн Их Хар сүлдийг цэргийн дүрмийн дагуу тусгайлан зассан суудалд байрлуулна.Энэ үед Их Хар сүлдийн заллагын өчиг уншиж, хөгжимд Бүх цэргийн Их Хар сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэнэ.
Сүлдийн өмнө тайлгын шүүс, идээ будаа, арц хүж бүхий сангийн бойпор, үултай цөгц зэрэг тайлгад шаардлагатай зүйлсийг өрсөн байна.
 
            6.2.3. Ёслолын удирдагчийн “ Зул өргө” командаар сүлдэч нар зул, арц, хүж асаагаад сүлдэндээ гурвантаа мөргөнө.
 
            6.2.4. Ёслолын удирдагч “Тайлга эхэл” команд өгөхөд хөгжимд Бүх цэргийн Их Хар сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэж, тайлгад оролцогчид малгайгаа авч, баруун өвдгөө нугалан сөхөрч суун Бүх цэргийн Их Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлнэ.
 
            6.2.5. Ёслолын удирдагч “Өчил өч” команд өгөхөд сүлдэч нар “ Их Хар сүлдийн өчил “ (сангийн судар) уншина.
Өчил өчих явцад тусгайлан томилогдсон харваач тайлгын их нумаар “ Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж гурван сум тавина.
 
            6.2.6. Өчил өчиж дуусмагц “Болно. Сацал өргө” команд өгөхөд бүгд босно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Бүх цэргийн Их Хар сүлдэнд өргөх бүхэл шүүсийг хөндлөн дээжийг нь сүлдэнд өргөж, Бүх цэргийн Их Хар сүлдэнд мөргөнө.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга Цэргийн Их Хар сүлдэнд шүүс сацал өргөн мөргөнө.
 
            6.2.7. Сацал өргөж дуусмагц ёслолын удирдагч “Монгол Улсын цэргийн тангараг унш” хэмээхэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга тангараг уншиж, тайлгад оролцогч цэргийн албан хаагчид давтана.
 
            6.2.8. Цэргийн тангараг давтаж дуусмагц хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд бүгд даган дуулна.
 
            6.2.9. Ёслолын удирдагч –Бүх цэргийн Их хар сүлдийг зал” команд өгөхөд сүлдэч нар сүлдийг буцааж залах бөгөөд энэ үед тайлгад оролцогчид “ Хурай, Хурай, Хурай” хэмээн үднэ.
 
            6.2.10. Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын, Агаарын довтолгооноос хамгаалахын, Хилийн, Дотоодын цэргийн ангиуд байнгын байрлалдаа байлдааны тугаа залан хүндэтгэл үзүүлнэ./Энэ хэсгийг 2013 оны 14-р зарлигаар нэмсэн/
 
            6.3. Цагаалах тайлга
 
Цагаалах тайлга нь билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн удирдлага Бүх цэргийн Их Хар сүлдийнхээ амар амгаланг эрж золгон мөргөж, хүндэтгэл үзүүлж буй ёслол мөн.
 
            6.3.1. Цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Бүх цэргийн Их Хар сүлдийн өргөөнд үйлдэнэ. Ёслолыг Их сүлдийн сүлдэч удирдана.
 
            6.3.2. Цагаалах тайлгыг дараахь журмыг баримтлан гүйцэтгэнэ.
Сүлдийн өмнө тахилгын ширээ бэлтгэж, түүн дээр арц, хүж, шүүс,рашаан, сархад өрсөн байна. 
Бүх цэргийн Их Хар сүлд болон Чингис хааны бурханчилсан хөргийн хоёр талд сүлдэч, сүлд хамгаалагч гар хүндэт харуулд зогссон байна.
Тайлгын удирдагч тайлга эхлэх зөвшөөрөл Батлан хамгаалаахын сайдаас авч, зул, хүж асаан, рашаан, сархадыг сөгнөж “Их Хар сүлдийн  өчил” ( Сангийн судар) уншина.
Хатан улаан бүрээ үлээж, Их Хар сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэнэ.Хөгжим зогсмогц сүлдэч “Сүлдэч мөргө” команд өгөхөд тайлгад оролцогсод Бүх цэргийн Их Хар сүлдийн өмнө малгайгаа авч, баруун өвдгөө нугалан сөхөрч суун гурвантаа мөргөн, босч ёсолсны дараа өмнөх байрандаа очно.
Батлан хамгаалахын сайд Бүх цэргийн Их Хар сүлдийн тахилын ширээн дээр тавьсан бүхэл шүүсийг эхлэн хөндөж, дээжийг нь тусгайлан бэлтгэсэн царанд тавина.
Рашаан, сархадын дээжийг Бүх цэргийн Их Хар сүлд болон “ Их эзэн Чингис хаан” шүтээн хөрөгт сацал өргөнө. Шүүснээс тайлгад оролцогсдод хүртээнэ.
Тайлгад оролцогсодод Бүх цэргийн Их Хар сүлдэндээ сүслэн, Бүх цэргийн Их Хар сүлдээ гурвантаа тойроод цагаалгын тайлгыг дуусгана. ./Энэ хэсэгт 2013 оны 14-р зарлигаар орсон нэмэлтийг тусгав/
 
 
Долоо. Бусад зүйл
 
 
7.1. Энэхүү дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцуулж, холбогдох төслийг өргөн барина.
 
7.2. Монгол Улсын иргэд, гадаадын өндөр хэмжээний цэргийн төлөөлөгчид Бүх цэргийн Их Хар сүлдийн өргөөнд орж, хүндэтгэл үзүүлж болно. Монгол Улсын иргэдийг Бүх цэргийн  Их Хар сүлдийн өргөөнд оруулах журмыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тогтооно.