Хэвлэх DOC Татаж авах
Удирдлагын академийн захирлын 2009 оны 122 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ /2-р хавсралтыг 2010 оны 311-р хүчингүй/
 
Нэг. Нийтлэг зүйл
1.1.           Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд /цаашид УУС гэх/ магистрант, докторант  элсүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.           Магистрант, докторант элсүүлэх үйл ажиллагааг Академийн захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3.           Элсэлтийн комисс нь элсэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг удирдах, зохион байгуулах, элсэгчдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, элсэлтийн дүн мэдээг гаргах үүрэгтэй.
1.4.           Элсэлтийн комиссын дарга нь УУС-ын захирал байна.
1.5.           Магистрант, докторант элсүүлэх ажлыг хичээл эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байна.
Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага
2.1.           Магистрын сургалтад бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлнэ. Магистрын сургалтад элсэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
·        Бакалаврын дипломын 3,0-аас доошгүй голч дүнтэй байх.
2.2.           Магистрын гарагийн болон улирлын сургалтад элсэгчид дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. Үүнд:
·        Их, дээд сургууль, коллеж төгссөнөөс хойш 2-оос доошгүй жил ажилласан байх.
2.3.           Тэтгэлэгт болон захиалгат сургалтад элсэгчдэд захиалагчийн саналаар тусгай шаардлага тавьж болно.
2.4.           Докторын сургалтад магистрын зэрэгтэй хүнийг элсүүлнэ. Докторын сургалтад элсэгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
·        Магистрын дипломын 3,0-аас доошгүй голч дүнтэй байх;
·        Эрдэм шинжилгээний бүтээлтэй (ном товхимол, илтгэл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн) байх.
2.5.           Магистрын зэрэгтэй, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай, эрдэм шинжилгээний бүтээлтэй, докторын диссертацын анхны хувилбарын 75-аас доошгүй хувийг бэлэн болгосон хүнийг мэргэжлийн хоёр эрдэмтний тодорхойлолт, холбогдох тэнхимийн саналыг үндэслэн докторын сургалтад экстернат хэлбэрээр суралцуулахаар элсүүлж болно.
Гурав. Элсэлтийн бүртгэл
3.1.           Магистр, докторын сургалтад элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлтийн шалгалтын товыг шалгаруулалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
3.2.           Элсэлтийн бүртгэлийг сонгон шалгаруулалт эхлэхээс 14 хоногийн өмнө эхэлж, 2 хоногийн өмнө дуусгана. Бүртгэлийг элсэлтийн комисс зохион байгуулна.
3.3.           Элсэгчдийг бүртгэх өдөр, ажлын цагийн хуваарийг элсэлтийн комисс тогтооно. Шаардлагатай бол элсэлтийн комиссын шийдвэрээр амралтын өдрүүдэд бүртгэж болно.
3.4.           Магистрын сургалтад элсэхийг хүсэгч дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ. Үүнд:

3.4.1.     Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэргийн диплом, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.4.2.     Судалгааны ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж бичсэн реферат;

3.4.3.     Ажил байдлын тодорхойлолт;

3.4.4.     Иргэний үнэмлэх;

3.4.5.     3х4 см хэмжээтэй 1 хувь фото зураг;

3.5.           Докторын сургалтад элсэгч дээрхээс гадна дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
3.5.1.     Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар, эхийн хамт,
3.5.2.     Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт бүтээлийн хамт
3.6.           Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ хураамж төлнө. Хураамжийн хэмжээг Академийн захирал жил бүр тогтооно. Хураамжийг элсэлт зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
Дөрөв. Элсэлтийн сонгон шалгаруулалт
4.1.           Магистрын сургалтад элсэгчдийг сургалтын хэлбэрээс хамааруулан дараах байдлаар сонгон шалгаруулна. Үүнд:
4.1.1.     Магистрын сургалтад өдрийн хэлбэрээр суралцахаар элсэгчдээс мэргэжлийн болон ерөнхий мэдлэгийн тест, англи хэлний шалгалт авна.
4.1.2.     Гарагийн болон улирлын магистрын сургалтын элсэлтийн шалгалт нь гадаад хэлний шалгалт, суралцах мэргэжил, магистрын судалгааны чиглэлээр хийх ярилцлагаас бүрдэнэ.
4.1.3.     Засгийн газрын тэтгэлэгээр суралцах иргэдийг холбогдох албан тушаалтны (яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын) шийдвэр, бүрдүүлж ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэглэл, төрийн албанд болон тухайн албан тушаалд ажилласан жил, бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын голч дүн зэрэг үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
4.2.           Докторын сургалтын элсэлтийн шалгалт суралцах мэргэжил, судалгааны чиглэлээр хийх ярилцлага болон гадаад хэлний шалгалтаас бүрдэнэ.
4.3.           Тэтгэлэгт сургалтад элсэгчдээс тестээр мэргэжлийн болон ерөнхий мэдлэгийн шалгалт авч болно.
4.3.1.     Шалгалтын тестийг сургалтын чиглэл тус бүрээр боловсруулах бөгөөд тестийн нууцлалыг комиссын дарга хариуцна.
4.3.2.     Шалгалтын сорилын асуултад хариулахдаа бусдын дэмжлэг авсан, вариант сольсон, тусгай бэлтгэсэн зүйл, ном, зохиол ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд өөр хүн оруулах зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдсон шалгуулагчийг шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас хасна.
4.3.3.     Шалгалтын материалыг шалгуулагчдад ил тод байдлаар засч, тухай бүрд нь дүнг нийтэд зарлана.
4.3.4.     Шалгалтад хамгийн өндөр оноо авсан шалгуулагчаас эхлэн буурах дарааллаар бүлэг тус бүрээр жагсаалт үйлдэн байр эзлүүлнэ. Шалгалтын нийт оноо тэнцсэн тохиолдолд суурь шалгалтын оноо, бакалаврын дипломын голч дүнг үндэслэн шийдвэрлэнэ.
4.4.           Шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалт авах үйл ажиллагаа, шалгагч багш болон шалгуулагчийн эрх, үүрэг, шалгалтыг дуусгах, дүгнэх ажиллагааг элсэлтийн шалгалтын заавраар зохицуулна.
4.5.           Шалгалтын дүнгийн жагсаалтыг мэргэжлийн чиглэл, сургалтын хэлбэр бүрээр тусад нь гаргана.
4.6.           Элсэлтийн комисс элсэлтийн шалгалтын дүнг комиссын шийдвэрийн хамт шалгалтын дүн гарснаас хойш 24 цагийн дотор Удирдлагын Академийн төв комисст ирүүлнэ.
4.7.           Элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн жилд сонсогч элсүүлэх хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно.
4.8.           Эрхийн бичигт элсэгчийн нэр, хичээлийн жил, суралцах чиглэл, хэлбэр, төлбөрийн нөхцөл, хичээл эхлэх болон суралцахаар бүртгүүлэх хугацаа, бүрдүүлэх материал, төлбөрийн хэмжээ, хугацаа, дансны дугаарыг зааж, олгосон албан тушаалтан гарын үсэг зурсан байна.
4.9.           Элсэгч нь суралцах эрхийн бичгийг авахдаа Удирдлагын академийн элсэлтийн төв комиссоос тогтоосон сургалтын төлбөрийн урьдчилгааг төлсөн байна.
Тав. Засгийн газрын тэтгэлэгт магистрын сургалтад элсэгчдэд тавих тусгай шаардлага, сонгон шалгаруулалт
5.1.           Засгийн газрын тэтгэлэгт магистрын сургалтад элсэгчдэд дараах тусгай шаардлага тавина. Үүнд:
5.1.1.     45 хүртэлх насны байх;
5.1.2.     Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;
5.1.3.     Элсэхийг хүссэн өргөдлийн маягтад заасан ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд ажилладаг байх.
5.2.           Сонгон шалгаруулалт 2 шаттай байна.
5.3.           Сонгон шалгаруулалтын эхний шатанд яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ нь элсэхээр бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас сонголт хийж, суралцах чиглэл бүрээр 1-2 хүнд “Элсэхийг хүссэн өргөдөл” бөглөх эрх олгоно.
5.4.           Яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ нь тогтоосон хугацаанд багтаан дараах материалыг бүрдүүлж, Удирдлагын академийн элсэлтийн комисст хүргүүлнэ. Үүнд:
5.4.1.     Элсэхийг хүссэн өргөдөл
5.4.2.     Иргэний үнэмлэхийн хуулбар
5.4.3.     Магистрын диплом, түүний хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
5.4.4.     Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
5.4.5.     Элсэгчийн мэдлэг, ур чадвар, хувийн чанарын тухай тодорхойлолт
5.4.6.     Судалгааны ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж бичсэн эссэ
5.4.7.     Элсэлтийн бүртгэлийн хураамж
5.4.8.     “Элсэхийг хүссэн өргөдөл”-д заасан бусад материал
5.5.           Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд Удирдлагын академийн элсэлтийн комисс эцсийн шалгаруулалтыг хийнэ.
5.6.           Удирдлагын академийн элсэлтийн комисс сонгон шалгаруулалт хийхдээ дараах үзүүлэлтийг ашиглана. Үүнд:
5.6.1.     Эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэглэл
5.6.2.     Тухайн албан тушаалд ажилласан жил
5.6.3.     Бакалавр, магистрын дипломын голч дүн
5.6.4.     Магистрын судалгааны ажлын чиглэл, зорилгын тухай эссэг дүгнэсэн үнэлгээ
5.6.5.     Гадаад хэлний мэдлэг
5.7.           Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд Удирдлагын академийн элсэлтийн комисс эцсийн шалгаруулалтыг хийнэ.
5.8.           Шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсээс эхлэн онооны дарааллаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрх олгоно.
5.9.           Сонгон шалгаруулалтын дүнг шалгаруулалт дууссанаас хойш 7 хоногийн дотор яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-т эргэж мэдэгдэнэ.
Зургаа. Хариуцлага
6.1.           Элсэлтийн бүртгэл, шалгалтын хариулттай холбогдох мэдээлэл, материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
6.2.           Суралцах эрхийн бичиг авсан боловч түүнд заасан шаардлагуудыг хугацаанд нь биелүүлж бүртгүүлээгүй элсэгчийг сургалтын гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж, эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.
--- о0о ---